Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурхны номын чуулган” номоос
Богд Зонхов 1357-1421 онд амьдарч байсан шарын шашны тэргүүн билээ. XVI зууны сүүлч XVII зууны эхээр шарын шашин Монголд хүчтэй түрэн орж ирэхэд Зонховын намтар, түүний олон зохиолуудыг судлан орчуулж эхэлсэн байдаг. 1387-1441 онд Богд Зонховын шавь Хайдүв бээр Богдын намтрыг туурвихдаа “Миний оройн дээд Богд нь тоолшгүй галавын урьдаас илт туулсан бурхан болсон. Ялж төгс нөгчсөн бурхны ёс журмыг ариун чанд сахин, хамаг амьтны тусын тулд зарим үед Загарвардын хаан, зарим үед бурхан, зарим үед бодьсадва, зарим үед эгэл хуврагын дүрээр залран морилж байсан” хэмээн бичсэн байдаг. Манзушир Богд Зонховын талаар айлдахдаа “Богд Зонхов нь Бурхан багштай уулзсанаас одоог хүртэл Энэтхэг орноо гурван төрөлдөө Бандида дүрээр хувилсан буй. Төвөдөд энэ төрлөөс урьд гурван төрөлдөө буяны садны дүрээр заларсны нэг нь шашинд ихээр тусалсан” хэмээжээ. Энэхүү дүрийг хэн болох талаар их шидэт Намхайжалцан лам болгоож үзээд, “Лодон шэйрав лам мөн” хэмээн айлджээ. Бурхан багш Богдод эш үзүүлэхдээ “Надад цагаан шилэн эрхи өргөсөн энэ хөвгүүн нь цаг үргэлжид хамаг амьтны тусад шашныг сэргээж үйлдэнэ. Ари хэмээх газар Гандан хэмээх хийдэд Лувсандагва хэмээх нэрт болно” хэмээн айлдсан байдаг. Шидэт Намхайжалцан ламд хэдэн шавь гарахыг Очирваань бурхан айлдахдаа “Үнэн чин сүсэг олох шавь бум, үнэхээр орчлонгоос гэтлэх нь тавин тоот, шид олох найм, үлэмж их оюунаараа тэнцэшгүй нь Зонхов болой. Арван гурван эрхэм шавь гарна” хэмээсэн байдаг. Богдыг төрөхийн өмнө эцэг нь “Очирваанийн орноос гэрэл бадарсан алтан очир ирээд эхийн биед шингэж байна” гэж зүүдэлсэн байна. Энэ нь Богд Зонхов Очирваань бурхны хувилгаан мөнийн шинж тэмдгийг үзүүлжээ. Богд Зонхов нь дөрвөн насандаа цорж Дондүв Ринчэн ламын шавь болж, арван зургаан нас хүртэл түүний дэргэд шавилан сууж, дараа нь сургуульд сурахаар Үйзангийн зүгт морилжээ. Хорин настайдаа Жормолүн хийдийн хамба Логсолвагийн дэргэд ном үзэхээр шамдан суужээ. Багшийнхаа дэргэд санваарын номд суралцаж, нэгэн өдөр хурал хурж суухдаа билиг барамидын номыг дотроо бясалган сууж үзэх, сонсох тэргүүтэн гадаад бүх юмнаас тасраад хоосон чанарын агаарт нэгэн үзүүрт сэтгэлээр оршив.
38 насандаа шинийн нэгнээс арван тавныг хүртэл тахил бэлтгэн, бурхад бодьсадва нарыг урих зан үйл хүчтэй хийсэнд дорно зүгийн бурхад, бодьсадва нар цагаан өнгөт Бирозанын дүрээр, өмнө зүгийн бурхад, бодьсадва нар шар өнгөт Раднасамбодагийн дүрээр, өрнө зүгийн бурхад, бодьсадва нар Авидын дүрээр, умар зүгийн бурхад бодьсадва нар ногоон өнгөт Амгаасэдийн дүрээр, төв зүг дэх хамаг бурхад хөх өнгөт Мижод бурханы дүрээр огторгуйг дүүргэн заларсан нь сүжигтэн олонд илт харагдсан байна.
Богд Зонхов гучин таван бурхныг урлан бүтээлгэж, Майдар бурхныг сэргээн алт-даж, Манзуширын хот мандал бүтээж аравнайлах үед Очирваань бурхан болон гучин таван бурхад тэнд байсан хамаг олны биед хүрэх нь мэдрэгдэж, “Ариуслаа” гэцгээж байв. Бас зарим нэгний зүүдэнд дагинас зураг зурж байх, Очирваанийн долоон үеийн бурхан, гучин таван бурхад умард зүг рүү залрахыг зүүдэлжээ. Тэр үед дахин нэг шавь нэмэгдэн арван гурвуул болжээ. Тэр үед хоосон чанарын ном болон нууц тарнийн хураангуйг арван гурвуулаа судлан төгс төгөлдрийг олохоор Энэтхэгийг зорин Одонда бүри ба Наландарын хийдийн Лүйчингийн гэгээнтэй уулзахаар явж байх замдаа шидэт Мидразоги ламтай таарч, Брайбун хийдээд залрав.
Намхайжалцан лам Богд Зонховыг угтан тосохдоо Манзушир бурхны дүрээр харсан ба Богд Зонхов ч Намхайжалцан ламыг Очирваань бурхны дүрээр харахад түүний хэвлий нь бэндэръяа эрдэнэ мэт тунгалаг, хөх могойгоор чимсэн мэт харагдав. Богд Зонхов их шидэт ламаас Очирваанийн олон авшиг авсан бөгөөд тэр үед их шидэт Намхайжалцан ламын тэргүүн дээр Бурхан багш, баруун мөрөн дээр нь Очирваань, зүүн мөрөн дээр нь Цагаан шүхэрт залран байгаа нь харагдсан байна. Тэр цагт Богд бээр Энэтхэг орныг хоосон чанарын ухаанд төгс суралцахаар зорьж буй хэмээн их шидэт лам Очирвааньд айлтгасанд “Энэтхэгт очвол Мидра гэгээнтэй учирч, хоосон чанарт гайхамшигт болох боловч нас тань богиносож Төвөдөд буцаж үл ирнэ. Тиймээс Төвөд орондоо заларч хамаг амьтанд тусал” хэмээв. Тиймээс Энэтхэг явахаа больсон болой.
Богд 40 нас зооглоход Төвөдөд бөө тэргүүтэн ном бусын хараалч нар бий болсон байна. Тэдгээр хараалчид амьтан, хүнийг харааж, хүчит салхи дэгдээсэнд нутгийн ардууд Богд ламд айлтгал өргөв. Богд хилэнцтийг занахын чагжаа үйлдсэнд тэр салхи улам хүчтэй босож, хараалчдад буцаж ирсэнд тэд маш их айж, Богдоос аврал хүссэнд хүлээж үл авав. Богд Зонхов нь нэг бие мэт харагдах боловч Бурхан багш, Очирваань, Майдар, Манзушир тэргүүтэн хамаг бурхдын мөн чанартай тул түүнд бүх бурхдын тахил өргөсөнд боссон шороо, салхи дарагдсан байна.
Богд Зонхов 53 нас сүүдэр хүрч, шинийн нэгнээс арван тавны хооронд ном айлдаж байх үед огторгуй хамаг бурхдаар дүүрсэн бөгөөд тэр цагт Намхайжалцан лам Богдын орой дээр Манзушир, Хонсим бодьсадва, Очирваань сахиус заларч байхыг харсан байна.
Соронзонгомбо хаан Аръяабал бурханд залбиран мөргөсөнд, Аръяабал бурхны зүрхнээс гэрэл цацран Энэтхэг, Балба хоёрын завсрын ойд байх агар, зандан модонд туссанд хувилгаан шидэт нэгэн хувраг тэр модны дэргэд очиж харав. Тэр мод дөрвөн үетэй бөгөөд арван зүгт нь гэрэл цацран байх аж. Дээд үений дотроос “Намайг Монгол улсад зал” гэсэн дуу гарсан бөгөөд түүнийг хагалахад Вади нэрт Арьяабалын дүр гарсан хэмээжээ.
Хоёрдугаар үеийн дотроос Үүхан нэрт Очирваань бурхан гарсныг Ямбуяахал нэрт хотод залав. Гурав дахь үеийн дотроос Жамли нэрт Манзушир бурхан гарсныг Төвөд, Балба хоёр орны завсрын газар оронд залав. Дөрөв дэх үеийн дотроос Логшара бурхан гарсан нь “Төвөдийн хааны ядам болсугай” хэмээснийг Сорон-зон гомбо хаанд өргөсөн байна. Мөн Богд Зонхов шавь нартайгаа нэгэн газар хийд барин суухыг хүсэх болжээ.
Лхасын зуугийн гэгээний өмнө залбирал тавьсан ба Очирваань, Манзушир нар ч хийд барих аглаг газрын шинж тэмдгийг зарлиглан “Гандан хэмээн нэр хайрла, тэгвэл шавь олон гарах бөгөөд Төвөд, Хятад, Монголын шашинд тустай” хэмээсэн байна. Очирваань бурхны бошго үзүүлсэн гурван шавь нь Жалцав Дармаринчэн, Хайдүв Гэлэгбалсан, Дагважалцан нар юм.
Богд Зонхов шашин, амьтны тусад агуу их үйлсийг бүтээсний дотроос Очирваань бурхантай холбогдсон зарим хэсгийг найруулан өгүүлэв. Тэр хугацаанд олон хуврагууд ном уншиж, гүнцэгээ зооглож, хурал тарахыг огт мэдсэнгүйд гэсгүй лам хүрч ирээд “Хуврагууд тараад байхад та юу хийж байна” хэмээн Богдын жанчнаас татсанд Богдын бие хөдлөх төдийд түшсэн багана нь мурийж, тачигнах дуу гарсанд гэсгүй лам машид цочин нүглээ наманчлан мөргөжээ.
22 насанд нь нутгаас нь “Ижий тань насан өтлөв, эдүгээ олон жил ном үзсэн тул ирнэ үү” хэмээсэн бичиг ирэв. Түүнийг тунгаан бодоод, хэрэв буцаж очвол номноос холдох тул Амдо нутагт очихгүйгээр шийджээ. Тэгээд Богд лам ээждээ өөрийнхөө хамрын шунхаар захидал бичиж илгээснийг нээж үзэхэд “Ама, ама” (Ээжээ, ээжээ) гэж бичсэн байв. 24 насандаа Очирваань бурхны тахил бясалгалыг тасалснаас болж бие өвдөх боллоо хэмээж бясалгал болон тахилыг дахин үргэлжлүүлсэн гэж намтарт гардаг.
35 насандаа зүүдэндээ Очир, хонх барьсан нэгэн өвгөн лам очир завилгаагаар сууж, Богдыг гурван удаа тойрон тарнийг уншаад очир хонхоо, толгой дээр нь тавиад, Гармаабазар хэмээгч би билээ гээд сэнтийдээ сууж байна гэж зүүдэлжээ. Нойрноос сэрэхийн урьд нь Дондүв Ринчэн багшаас авшиг авах цагт нэрийг нь Амгаабазар хэмээснийг санасан ба Гармаабазар нь Амгаасэдийн язгуурын нэр мөн тул энэ хоёр нэр адил санагджээ.