Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, хуульч Ч.Гүнждагватай ярилцлаа.
-Та Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж, хагалгааны заалттай байсан өвчнөө илааршуулсан гэсэн. Энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Тиймээ, би 2004 онд гаймориттай болоод, хүндэрч архагшсан байсан. 2007 оноос хойш олон эмнэлэгт үзүүлж, угаалгаж, эмчлүүлсэн ч сайжрахгүй явсаар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон. Тэр үед ээж маань Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн захирал Д.Нацагдорж маарамба дээр очиж үзүүл гэж зөвлөсний дагуу би 2009 онд Хамба лам дээр нэлээд хүнд байдалтай ирж байлаа. Д.Нацагдорж маарамба надад тан бичиж өгөхөөс гадна дусаадаг эм, хамрын тамхи шиг татдаг эм өгсөн. Дусаадаг эмийг нь гурав хоног хэрэглээд, хамрын тамхи шиг эмийг нь 7 хоног татлаа. Анх татахад юу ч мэдэгдэхгүй, хамраас маш их идээ бээр гардаг байсан. Найм дахь хоногоос идээ бээр нь багасаж, эмээ хамартаа татах үед хорсоод шархираад цэвэршиж байгаа нь мэдрэгдсэн. Сүүлдээ нөгөө идээ бээр гарахаа больж, 14 хоноход бүрэн эдгэсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэж байсан би ингэж 14 хоногийн дотор гайморитнаас бүрэн ангижирсан. Тийм болохоор би Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар, Хамба лам, маарамба Д.Нацагдорж гуайд маш их талархаж явдаг. Уламжлалт анагаах ухаан бол үнэхээр гайхалтай гэж хэлэхээс аргагүй.
-Өөр эмчилгээ хийсэн үү. Өнөөдрийг хүртэл гайморит дахин сэдрээгүй юу?
-Дахин сэдрээгүй. Түүнээс хойш ул мөргүй эдгэсэн. Улаанбаатарын утаан дунд өчнөөн ханиад хүрэхэд дахивал дахина шүү дээ, гэтэл дахиж өвдөөгүй.
-Түүнээс хойш уламжлалтаар эмчлүүлдэг болсон уу?
-Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, тан ууж, Манба Дацан хийдээр эргэл мөргөл хийдэг. Хэвтэн эмчлүүлж буй нь анх удаа юм. Би хуулийн ажил эрхэлдэг, их стресстэй ажил л даа. Сүүлийн дөрөв, таван сар нойр муутай явсан. Мөн эхнэр маань мэдрэлийн архаг ядаргаатай гэсэн оноштойгоор олон эмнэлгээр явсан. Тиймээс үр дүнтэй сайн эмчлүүлье гээд Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эхнэртэйгээ хамт хэвтсэн. Намайг зүрхний голын хий хямарсан байна гэж оношлоод маш сайхан эмчилгээ хийлээ.
-Энэ удаад уламжлалт эмчилгээг хийлгэж, уламжлалт анагаах ухааны онцлог давуу талыг улам бүр ойлгосон байх?
-Уламжлалт анагаах ухаан бол эрт дээр үеэс хүн ардыг эмчлээд эдгээгээд өдийг хүртэл уламжлаад ирсэн. Өнөөдрийг хүртэл байна гэдэг чинь үр дүнтэй шалгарсан, цаашид ч байсаар байх анагаах ухаан шүү дээ. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүс бүгд л хоёр, гурав дахь удаагаа хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Өрнийн анагаах ухаанд нэг өвчинд л бараг 7 хоноод л шинэ эм тариа, улам хүчтэй антибиотикууд гарсаар байна. Энэ нь нэг эрхтэнийг эмчилсэн ч алсдаа нөгөө эд эрхтэнд сөрөг нөлөөтэй гэж боддог. Уламжлалт анагаах ухаанаар оношоо тодруулаад эмчилгээгээ тууштай хийгээд, гам дэглэмээ сайн баривал өвчнийг ор үндсээр нь эмчилдэг гэдгийг маш сайн ойлгож, мэдэрсэн. Манай эмээ, ээж бас тэгж ярьдаг байсан. Тиймээс уламжлалт анагаах ухаанаа шүтэж явдаг даа.
-Уламжлалт анагаах ухааны талаар мэдлэгтэй болсон уу?
-Завханд манай ээжийн талын удамд эм тан барьдаг хүн байсан гэдэг. Тиймээс ээж маань уламжлалтаар эмчлүүлдэг, бидний нагац эмээ Ц.Пунцаг /нутаг орондоо Нойж гэж авгайлдаг/, Ц.Ившинхорол нар тархи толгой барьдаг хүмүүс байсан, биднийг өвдөхөөр “Судсаа бариулаад тан буцалгаад уучихад яадаг юм бэ дээ, тан уугаад гам сайн барьвал өвчин ор мөргүй эдгэдэг” гэж хэлдэг байсан. Миний өвөө Т.Дарьбазар /дайдаа/ нь эм тан барьдаг лам хүн байсан, тиймээс би уламжлалт анагаах ухаан, эм тан, түүний ач тусын талаар нэлээд мэднэ. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт уламжлалт эмчилгээ хийлгээд уламжлалт эмчилгээний талаар илүү их мэдлэг, мэдээлэл олж авлаа. Бариа, төөнүүр, зүү, ясны шөл, битүү шөл, рашаанд орох гээд олон төрлийн уламжлалт эмчилгээ хийлгээд эдгээр эмчилгээ нь ямар ач тустайг, хий гэдэг нь ямар учиртайг мэдэж авлаа. Хий өвчин нь өрнийн шинжлэх ухааны оношилгоо, шинжилгээнд гардаггүй. Тиймээс үүнийг уламжлалт анагаах ухааны судас оношилгоогоор илрүүлээд эмчилдэг юм байна. Хий бол бүх өвчний үндэс суурь учраас байнга тэнцвэртэй байлгах хэрэгтэй юм байна. Энэ мэт мэдлэгтэй болоод гарлаа. Мөн цаашдаа найз нөхөддөө уламжлалт анагаах ухааны ач холбогдлын талаар ярьж, үр хүүхэддээ энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болгоно. Цаашдаа аливаа өвчинг уламжлалт анагаах ухаан тэр дундаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр оношлуулж эмчлүүлэх нь зүйтэй гэж хэлмээр байна.
-Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар та юу хэлэх вэ?
-Эмчилгээ, үйлчилгээний хувьд үнэхээр сайн байна. Хажуудаа Оточ Манрамба Их Сургуультай. Миний эмчлэгч эмч Г.Оргил энэ сургуулийг төгссөн, их төлөв төвшин сайн эмч байна. Эмчилгээ хийхдээ эмчилгээний үр дүн, ач холбогдлыг нь тухай бүрт нь тайлбарлаж өгдөг. Үүгээрээ бас бусад эмнэлгүүдээс ялгагдаж байна. Өөрийнхөө бие махбодын өвчин эмгэгийг мэдэж таниад, түүнийг эмчлэн эдгээж байгаа эмчилгээний мөн чанар, зарчмыг мэдсэнээр илүү их итгэл үнэмшилтэй болдог юм байна. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Надад хамгийн сайхан санагдсан зүйл гэвэл энд дадлага хийж байгаа Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд жаахан жаахан охид, хөвгүүд эмчилгээ хийгээд гүйгээд байдаг юм, гэтэл тэд орой нь цуглаад өвчнөөс илаарших, хийморь тэтгэх зэрэг бурхны номыг дуржигнатал сайхан уншиж байгаа нь үнэхээр бахархалтай байлаа. Хамба лам Д.Нацагдорж гуай энэ сайхан эмнэлэг, сургуулийг байгуулж, мэдлэг чадвартай эмч нарыг бэлтгэж байгаад талархаж байна. Манай Завхан аймаг хутагт хувилгаадын нутаг, олон сайхан эрдэм номтой хүмүүс, хамба лам нартай. Улаанбаатар хотод байгаа 40 гаран сүм хийдийн ихэнхид нь манай Завханы лам, хамба лам нар байдаг юм билээ. Д.Нацагдорж маарамба нутаг ус, улс орондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй хүн. Д.Нацагдорж гуайд үзүүлж, Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр эмчлүүлж эдгэсэн олон хүний тухай сонсож байсан. Энэ хүн бурхны шашныг хөгжүүлж явахаасаа гадна уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, үнэхээр буянтай сайхан үйл хийж байгаа оточ, маарамба гэдэг нэрэндээ дүйцхүйц хүн гэж боддог. Эцэст нь Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Манба Дацан Эмийн үйлдвэр, Манба дацан хийдийн хамт олонд үйлс буян тань үргэлж түгэн дэлгэрч өнө мөнхөд оршиг ээ гэсэн ерөөл өргөн барья.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Уламжлалт анагаах ухаан сонин