Шанаагаар хатгуулах, чих шуугих шинж илэрвэл хонины шөл, шар тос, бурам зэргийг хэрэглээрэй

Толгойн өвдөлт нь сүүлийн үед залуучуудад түгээмэл тохиолдох болсон бөгөөд энэ нь олон өвчний шинж тэмдэг, зовиур болж илэрдэг ч биеэ даасан өвчин гэж хэлж болно. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган, цус нь дангаараа болон хоорондоо нийлж хавсарч хямарсанаар өвчин үүсгэгч гол шалтгаан болдог. Толгойн өвдөлт нь ихэнх тохиолдолд ямар нэг өвчний шинж тэмдэг болж илэрдэг.

Өдөр унтах, шөнө нойргүй хонох, архи хэтрүүлэн хэрэглэх, удаан ярих, уйлах, малгайгүй явснаар салхинд цохигдох, их зүйл бодож стрессдэх, уурлаж бухимдах, хурц үнэр үнэрлэх, хурц үнэр, утаанд удаан хугацаагаар байх, дулаан газраас гэнэт гарч салхинд цохиулах, сэтгэл түгших, айх, гэнэтийн цочролд орох, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд орох зэрэг олон шалтгаантайгаар толгой өвддөг.

Уламжлалт анагаах ухаанд толгойн өвдөлтийг нарийн авч үздэг бөгөөд өвдөлтийн байршил, хэлбэр зэргээр нь авч үзэж, оношлон, тохирох эмчилгээг хийдэг. Байршлын хувьд эрүү, шүд орчим, нүдний ухархай, хоёр нүдний хооронд, дух, дагз, хүзүү, толгойн ар тал, толгой таллах, хамар, хацар зэрэг газруудад өвддөг. Харин хэлбэрийн хувьд хатгуулах, дүүрэх, манарах, хамраас нус гоожих, чих дүлийрэх, толгой эргэх, гэрэлд нүд гялбах, дуу чимээнд төвөгшөөх, бөөлжис цутгах, огих, нойр хулжих, толгой хүндрэх, эргэх, шилэн хүзүүгээр хөших зэрэг өвдөлтүүд байна.

Тухайлбал, шанаагаар өвдөх, хатгуулах, чих шуугих, шүд, эрүү өвдөх, магнай хөмсөгний завсар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ нь хийнээс шалтгаалсан толгойн өвдөлт юм. Энэ тохиолдолд тослог, хүнд, бүлээн шимтэй хоол хүнс буюу хонины шөл, бүлээн сүү, шар тос, бурам зэрэг хийг дарах идээ унд хэрэглэж, тайван дулаан орчинд байх хэрэгтэй. Харин хүйтэн ус, кофе, айраг, өтгөн цай зэргээс татгалзаж, уурлаж бухимдахгүй, даарахгүй, салхинд цохиулахгүй байх хэрэгтэй.

Толгой, бие, нүд халуу оргиж, аргах шинж илрэн шарын халуунаар толгой өвдсөн тохиолдолд шинэ тос, үнээ, ямааны сүү, айраг буцалган ууж, сэрүүн, тайван газар байх хэрэгтэй. Харин архи уух, хонь, үхрийн мах, халуун ногоо зэргийг хэрэглэхээс татгалзан, халуун газар удаан хугацаанд байх, хүнд ажил хийх, үд дунд унтах зэргийг тэвчих нь чухал.

Мөн толгой хүндрэх, хоолны дуршил буурах, бөөлжих, нүд хавдах зэрэг шинж илэрвэл даарч хөрөхөөс сэргийлж, өдөх унтахгүй байх шаардлагатай. Магнай, нүдний ухархай, эрүүгээр өвдөлт ихтэй, өлсөх үед илүүтэй толгой өвдөх шинж илэрвэл архи, тамхи, өтгөн цай зэргээс татгалзаж, шимтэй хоол унд түлхүү хэрэглэн, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.

Энэ мэт толгойн өвдөлтүүд нь өөр өөр шалтгаан нөхцлөөр үүсдэг тул толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өвчин намдаах эм уугаад өнгөрөөх бус уламжлалтын мэргэжлийн эмч нарт хандаж эмчлүүлэх хэрэгтэй. Толгойн аль ч төрлийн өвчин байсан хий, шар, бадганы хямралаас шалтгаалж үүсч байгаа тул эдгээрийг тэгшитгэх эмчилгээг хийх нь үр дүнтэй юм.

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, УАУ-ы их эмч Б.Болорчимэг

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *