Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг “Уламжлалт анагаах ухаан” сониныхоо хойморт урин ярилцлаа. Тэрээр “Манба Дацан” эмнэлгийн үйлчлүүлэгч төдийгүй, хамба лам Д.Нацагдоржтой олон жил нөхөрлөн, жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр “Мөргөлийн эгшиг” Морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг Манба Дацан хийдэд тоглож, шашин, урлаг хоёрыг хослулан олон түмнийг гэгээрүүлж, баясгаж буй хамтрагчид билээ. Тиймээс бидний яриа үндэсний өв соёл, уламжлалт анагаах ухаан, бурханы шашны талаар байсан юм.
Д.НАЦАГДОРЖ ХАМБА ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ, ХАТУУ ҮЕД МАНБА ДАЦАН ХИЙДИЙГ БАЙГУУЛСАН
-Та эрүүл мэндийн асуудалдаа хэрхэн ханддаг хүн бэ?
-Социалист байгууллын үеийн хүмүүсийн сэтгэл зүйд нийгмийн талаас нөлөөлсөн нэг зүйл бий. Тэр нь “Чи ажиллаж, хөдөлмөрлөх ёстой. Чиний амьдрал ахуй, эрүүл мэндийг улс хариуцна. Чи өвдөж болно. Эмнэлэгт үнэгүй эмчилчихнэ. Сурахыг хүсвэл үнэгүй сургаад өгнө. Тиймээс чи өөрийгөө “хая”. Тэгээд л эх орныхоо төлөө зүтгэ” гэдэг үзэл санаагаар явсан хүмүүсийн төлөөлөгч нь би. Тиймээс бага залуудаа өөрийнхөө эрүүл мэндийн төлөө онцгой анхаарал тавьж байсан зүйл байхгүй. Сүүлдээ хүн 30, 40 нас хүрээд ирэхээрээ өвдөж зовж эхэлнэ. Тэгж л “Нээрээ эрүүл мэнддээ би өөрөө анхаарах ёстой юм байна” гэдгийг мэдсэн.
Миний амьдралын яг тэг дундуурх үед нийгмийн байгууламж өөрчлөгдсөн. Гэнэт л бид эмнэлэгт үзүүлэхдээ мөнгө төлж эхэлсэн. Мөнгө хаа билээ, байхгүй. Тэгээд л харамсаж эхэлсэн. “За ер нь бага залуугаасаа эрүүл мэндийнхээ талаар бодохгүй бол ийм зүйл рүү ордог юм байна аа” гэж. Ингээд л 1990-ээд оны дунд үеэс эрүүл мэндийнхээ талаар жаахан боддог боллоо. Хожигдсон байсан, гэхдээ тэгээд хаялтай биш, явж л байна.
-Та “Манба Дацан” эмнэлгээр мөн үйлчлүүлдэг. Бас Д.Нацагдорж хамбатай дотно сайхан харилцаатай байдаг. Та хоёр анх хэрхэн танилцаж байв?
-“Манба Дацан” эмнэлгээр үйлчлүүлэх хэд, хэдэн үндэслэл бий. “Манба Дацан” эмнэлгийг үүсгэн байгуулах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургууль байгуулсан эхний жилүүдэд би хуучнаар Гэгээрлийн яаманд ажиллаж байлаа. Тэр үедээ Д.Нацагдорж хамбатай танилцсан.
Д.Нацагдорж хамба үнэхээр хэцүү хатуу үед энэ чиглэлээр зүтгэж байж Манба Дацан хийдийг байгуулсан хүн. Надаас олон дүү, залуу хүн боловч бид 1990 оны төгсгөлөөс амьдрал ахуйнхаа талаар ярилцдаг, үерхэж, нөхөрлөж, зовлон жаргалаа хуваалцдаг болсон. Би хамбад судсаа бариулна, хааяа хийморь лундаагаа сэргээх ном уншуулж, засал хийлгэнэ. Ингэж явсаар байгаад л “Манба Дацан” хийдтэй олон жил хамт байна даа.
-Эмчилгээний үр дүн ямар байдаг вэ?
-Үр дүн нь одоо би л байна. Үхчихээгүй, ингээд нэг юм хум хийгээд байж байгаа нь л үр дүн байх даа. /Инээв.сурв/
-“Манба Дацан” төвийг байгуулсны 30 жилийн ой ирэх онд тохиох гэж байна. Энэ салбарын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-1990 он гарснаар монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг албан ёсны, эмчилгээний чиглэлээр хөгжүүлэх боломж бий болсон. Энэ боломжийн анхдагч нь “Манба Дацан”. “Манба Дацан”-гийнхан бол монголд уламжлалт анагаах ухаан эмчилгээний үйл ажиллагааг бүрэн утгаар нь хөгжүүлэх эрх чөлөөтэй болсон тэр үеийн хошуучлагчдын нэг гэж ойлгох хэрэгтэй байх.
Түүнээс өмнө уламжлалт анагаах ухааныг сэргээх оролдлого 1950, 1960-аад оноос Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд эхэлсэн. Монгол эмийг судлах, боловсруулах үйл явц энэ үеэс жаахан сэргэсэн гэж болно.
МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИН ЦААШИД ТЭРГҮҮЛЭХ ХАНДЛАГА РУУ ЯВАХ БАЙХ
-Уламжлалт анагаах ухаан бурханы шашинтай холбогддог. Ардчиллын нэг том үнэ цэнэ нь бидэнд шашин шүтэх эрхийг маань эргүүлэн олгосон явдал. Ингэхэд шашин шүтэх, шүтэхгүй, итгэх, итгэхгүйн хоорондхи ялгаа заагийг та юу гэж хэлэх вэ?
-Шүтэх, хүндэтгэхийн хооронд асар том ялгаа бий. Бид атиэст буюу шашингүйн үзлээр хүмүүжсэн. Марксизм, ленинизм, түүхэн материализм гэх мэтчилэн нийгмийн ухаанаар өөрсдийгөө цэнэглүүлж, “Шашин бол нийгмийн хар тамхи” гэсэн үзэл суртлаар хүмүүжсэн үеийнхэн. Тиймээс миний хувьд бурханы шашныг шүтэх гэхээсээ илүүтэй ухаарах, мэдрэх, хүндэтгэх тал нь илүү.
Орчин цагийн монголын бурханы шашин бусад орны бурханы шашнаас өөр гэж би хэлнэ. Шинжлэх ухаанжсан, хийсвэрлэхээсээ илүүтэй бодитой хандлага өндөртэй шашин гэж боддог. Тиймээс монголын бурханы шашин нэлээд тэргүүлэх хандлага руу цаашдаа явж магадгүй.
Яагаад гэхээр өнгөрсөн зууны 30-аад оноос монголчуудын бурханы шашныг тас хорьсон. Хүн төрөлхтний шинжлэх ухаан, оюун мэдлэгийн сангаас монголчууд өнгөрсөн зуунд сурч боловсроод гэгээрлийн зам мөрийг, бурханы шашныхаа мөн чанарыг ухаараад ирэхээр манай лам нар, эмч маарамбууд их шинжлэх ухаанчаар бурханы шашныг хөгжүүлж байгаа улс гэж би боддог. Тэр ч утгаараа би энэ шашинд итгэх итгэл өндөртэй.
Нөгөө талаас бурханы шашны нэг бодитой асуудал нь зовлон болоод түүний шалтгааны тухай л ярьдаг. Эцсийн эцэст, хоёр л зовлон байдаг. Нэгдүгээрт, бие махбодийн зовлон буюу өвчин үүсэх, түүнд баригдах. Нөгөө талаас сэтгэлийн зовлон гэж байна. Европын анагаах ухаан энэ хоёрыг үндсэндээ салангид авч үзээд сэтгэлийн зовлонг нь жаахан орхидог. Хэрэв сэтгэлийн зовлон учрах юм бол “Шар хад” руу явуулдаг, тусгаарладаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн зовлон, биеийн зовлон хоёрыг хооронд нь салгаад тусгаарладаг. Энэ талаасаа манай бурханы шашны үзэл санаанаас түвшин доогуур гэж би боддог.
Бурханы шашин энэ хоёрыг салгаж үздэггүй. Биеийн зовлон сэтгэлээс үүдэлтэй, сэтгэлийн зовлон биеэс үүдэлтэй гэж үздэг. “Манба Дацан”-гийнхан энэ шийдэл рүү зөв явсан байна. Сэтгэлийн болон биеийн зовлон хоёрыг яг нэг зүйл гэж үзээд, шашин, анагаах ухаанаа нэгэн зэрэг авч явж байгаагаараа “Манба Дацан” үндсэндээ яг оюуны, бараг шинжлэх ухаан талаасаа тэргүүлэх, хошуучлах талдаа байгаа.
–Д.Нацагдорж хамба эмч, багшийн ажлаасаа гадна хүмүүст ном, тарни их уншиж тусалдаг хүн. Та тарни, маанийн хүч гэх үү, шид гэх үү, энэ зүйлийн талаар юу гэж боддог вэ?
-Би тарнийг хэмжүүрийн хувьд тэдэн герцийн хүчтэй юм байна гэж мэдэхгүй, ярьж чадах ч үгүй. Надад тийм ухаан байхгүй. Арай өөр талаас нь тарнийн хүчний тухай ярьж болно. Өөрийнхөө хэмжээнд. Юу ярьж болох вэ?
Тоорой модоор хүнийг чандарлахад хоёр бөөрөнхий хар метал шиг зүйл л үлддэг юм гэсэн. Тэр нь 21 грамм л байдаг, хүний бүх зүйлийг тээж байгаа зүйл. Сэтгэл, бие, сүнс гэдэг юм уу, Н.Жанцанноров гэдэг хүн бүхлэгээрээ байж байгаа нь тэр. Нөгөөх хүнийг бүтээдэг гал, ус, шороо, хий, огторгуй гэсэн таванмахбодийг ялгаад авчихаар үлдэж байгаа зүйл нь тэр.
Хүнээс үлдэж байгаа энэ зүйлд шинжлэх ухаанчаар хандаж, үүнийг задалдаг юм руу очиж болох ёстой. Миний тэр 21 граммыг задлаад Н.Жанцанноровыг дахиж босгоно гэсэн үг. Нөгөө ус, гал, хий, , шороо, огторгуйгаа хэрхэн оруулах юм гэдэг асуудал л байна.
Ертөнцөд тэнгэрээс бусад нь мөнх бус гэж бид ярьдаг. Гэхдээ мөнх бус гэж ярьж байгаа тэр зүйл өөрөө алга болчихдог гэсэн үг биш. Орчлонгийн бүх юмс зүгээр л хатуу, шингэн, хийн хэлбэрт хувирч байгаа л хэрэг.
Тэгэхээр, бид байна гэдэг ганцхан зүйлтэй холбоотой. Энэ бол хөдөлгөөн. Ямар нэгэн зүйл хөдөлгөөнтэй байж л оршино. Хөдөлгөөн байгаа нөхцөлд энерги байна. Энерги байгаа нөхцөлд дуу, шуугиан байна. Бидний нүд хязгаарлагдмал учраас та бид хоёрын дунд юу ч байхгүй мэт. Хэрэв юу ч байхгүй байсан бол миний ярьж байгаа нь таньд сонсогдохгүй.
Тиймээс харахгүйгээ байхгүй байна, сонсохгүйгээ чимээгүй байна гэж ойлгож болохгүй байна л даа. Энерги гэж зүйл байгаа. Энергийг юу ч болгож болохоор л байна шүү дээ.
-Та бид хоёр тарнийн тухай ярьж байгаа?
-Тарни бол тэрхүү энергийн хүчээр явж байгаа эд гэж би шинжлэх ухаанчаар бодож байгаа юм. Энерги сэтгэхүйд ч байна, махбодод ч байна. Бүгдэд байна. Тиймээс жишээлбэл Сандуйнжүдийн тарни гэдэг нь Сандуйнжүд гэдэг нэг судрын бүх оюун энергийг базаж, мушгиж, шавхаж авсан хэсэг нь байхгүй юу. Ингээд тэр тарни, Сандуйнжүд судар хоёр хэмжээгээрээ жигтэйхэн бага, том хоёр боловч яг энергийнхээ түвшинд ижил байгаад байна. Түрүүнд ярьсанчлан, хүнийг чандарлахад хоёр бөөрөнхий зүйл үлддэгтэй яг адилхан.
Тийм хүчтэй тарнийг тийм хүчтэй гэж ухаарсан Д.Нацагдорж хамба. Ухаарч, бүр гэгээрч мэдэрсэн тархи, “Хүчтэй болгож байна” гэж давтан, давтан таны төлөө уншсан нь асар том хүчийг агуулж очиж байна. Тийм учраас тарниар сэтгэлийн болоод биеийн заслыг хийх боломжтой гэж ойлгож байгаа.
Маанийг хэчнээн бум, түм уншихад тийм хүчтэй болдог, тэгдэг ингэдэг гэдгийг одоо цагт далдын хүчтэй холбож яриад байх ямар ч хэрэггүй. Зургаа дахь мэдрэхүй гэж ярьдаг энэ зүйл чинь өөрөө байдаг зүйл. Ч.Найдандорж найруулагч, “Сэтгэл гэдэг эрхтэн байна. Энэ эрхтэн өвдөхөөрөө л бусад нь өвдөж байгаа юм” гэж хэлсэн. Сэтгэл гэдэг хоосон зүйл биш, хамар, ам шиг бодитой эрхтэн байна гэж Ч.Найдандорж ойлгож. Тэр бүү хэл, бидний бодитой гэж ойлгодог тэр эрхтэнүүдээсээ ч хүчтэй байх нь.
Тиймээс оюун ухааныг хийсвэр гэж ойлгох хэрэггүй. Энэ чинь материаллаг, бодитой зүйл. Хэрэв материаллаг зүйл юм бол тарни хүчтэй байх ёстой шүү дээ. Өөр ямар ч гарц байхгүй. Шинжлэх ухаанчид үүнийг үзэх ёстой.
-Хамба лам таны охинд нэг удаа ном уншиж өгч байсан гэдэг. Нууц биш бол та энэ тухай ярих уу?
-Юуг нь нуух билээ. Том охин амаржсаныхаа дараа савны хий нь хөөрөөд бүр галзуу юм шиг болчихсон. Тэр чинь 1998 он. Бид ч охиноо “Одоо ингээд галзуу боллоо” гэж бодсон. Хөгийн, хөгийн юм яриад л дөнгөж төрсөн хүүхдээ авч гарч гүйчих гээд байлаа. Тэгээд Д.Нацагдорж хамба дээр очоод л гүрэм хийлгэсэн. Ямар ч эм уугаагүй, ямар ч чагнуур хэрэглээгүй. Маргаашаас нь зөв зүгээр болчихсон. Д.Нацагдорж хамбын хийсэн гүрэм засал, өгсөн рашаанаар л эдгэсэн. Өөр ерөөсөө бууз, хуушуурыг ч солиогүй /Сурв.инээв/. Нэг ёсондоо мэсгүй мэс засал хийж байна шүү дээ.
Ийм зүйлийг цаашид нэлээн шинжлэх ухаанч болгох ёстой. Шинжлэх ухаанч болгохгүй бол дахиад мухар сүсэг рүү явна. Одоо бурханы шашин шинжлэх ухаан руу явахаасаа гадна шинжлэх ухаан нь бурханы шашин руугаа явмаар байгаа юм. Тэгж байж энэ төгс төгөлдөр рүү очино.
-Гоц авъяас, эрдэм билгийг урд насны амьдралтай холбоотой гэдэгт та итгэдэг үү. Яагаад ингэж асуув гэхээр, таныг бас нэгэн хувилгааны хойд дүр гэлцэх юм билээ?
-Түүнийг би баталгаатай хэлж чадахгүй. Би урд насандаа тийм хүн байсан гэж хэзээ ч зүүдэлж үзээгүй, бодохыг ч хүсдэггүй. Тэгж манай нутаг хошууныхан болоод эцэг, эх маань ярьдаг л юм. Хувилгаан, ноён, их эрдэмтэй хүний хойд дүр байлаа гэж үзэхэд надад өөрөөр харагдах, бодогдох зүйл нэгээхэн ч байхгүй. Үүнийг тэгж яригддаг хүн өөрөө ярьдаг ч эд биш байх. Энэ бол шашин, шинжлэх ухаан хоёрын дундхи том асуудал.
-Тэгвэл энэ гоц авъяас, энэ эрдэм мэдлэг хаанаас ирсэн гэж та боддог вэ?
-Одоо ийм асуулт нэг талаасаа их тэнэг, нөгөө талаасаа их ухаалаг л даа. Энгийн түвшинд наадахад чинь хариулахад амархан шүү дээ. “Эцэг, эх минь сайн хүн байсан. Ардын сургуульд сурсан, багш нар сайн хүн байсан. Гайгүй хэдэн ном уншсан. Тэрийгээ цээжилсэн, тэгээд би ийм болчихлоо” гээд л хэлчихнэ.
Гэхдээ хэрэв намайг хүнээс өөр байна гэж хэлж байгаа бол асуудал өөр. Жишээлбэл, хүмүүс надад, “Чи яагаад юм ярихдаа ийм цэгцтэй байна вэ. Үүнийг хаанаас олж авсан бэ?” гэдэг. Би үүнд нь хариулж чаддаггүй. Эсвэл аль нэг хэлэлцүүлэгт үг хэллээ гэхэд, “Энэ хэлэлцэж байгаа сэдэвт огт байхгүй хэрнээ байх ёстой зүйлийг чи хаанаас олж ярив?” гэдэг ч юм уу. “Үгүй, тэгж л мэдрэгдэж байна, тэгж л надад бодогдсон” гэхээс өөр хариулт байхгүй. Хүмүүс энэ талаар их сонирхдог. Тэгэхээр нь би онгироод, “Би их мундаг юм байна” гэж бодолтой биш. Би чинь ялгаагүй л мартаж, санана.
Яахав, практик талаас нь аваад үзвэл би аливаа зүйлийг ажиглаад харах, аливаа зүйлийг сонсох хандлагатай. Өнгөрсөн цаг дээр аливаа зүйлийг, “Тийм байсан” гэж дүрсэлж, хийсвэрлэн бодох, эсвэл “Тийм байгаасай, байх болно” гэж боддог. Энгийн үгээр хэлбэл үүнийг ажигч чанар л гэх юм байна. Цаад утгаараа өгөгдөл гээд хэлчихвэл биеэ магтсан болчихно. Ажиглах өгөгдөл гэх юм уу. Уран бүтээл, шинжлэх ухаан хийхэд тэр нь нэмэр болж байна.
Нэг удаа намайг “Биеэ магтлаа” л гэсэн. “Та хөгжим зохиож байхдаа яг ямар байдалтай байдаг вэ” гэх асуухад нь, “Миний хөгжмийн тухай бүх мэдлэг төгөлдөр хуурын нот дээр харагдаж, мэдрэгддэг” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, би хөгжим бичлээ гэхэд, гэнэт л “За байз энэ чинь Моцартад бий дээ” гэж шууд л бодогдоно. Моцарт тэндээс надад шууд л хэлнэ. “Энэ надад бий, чи үүгээр оролдоод хэрэггүй ээ” гэж. “Гочигсумлаа ингэсэн дээ, Хангал ч ингэсэн дээ. За, за үүнийг Шарав тэгчихсэн байсан шүү дээ” гээд бодонгуут Шарав надад сонсогдоно шүү дээ.
Хөгжим хийж байхад надад яг номын санд сууж байгаа юм шиг л байдаг гэсэн үг. Бүх хүн дэргэд л байгаад байна. Тэгэхээр энэ миний давуу чанар уу, дутуу чанар уу гэдгийг хэн ч мэдэхгүй.
-Та өөрөө л даруухан байхыг хүсээд байгаа болохоос өгөгдөл гэдгийг хүлээн зөвшөөрч л байгаа юм байна?
-Өөр биш бол би яаж байх юм? Эцсийн эцэст тийм биз дээ. Би өөр байгаагүй бол хүн юу гэж намайг сонирхох юм. Байдаг л зүйлийг юу гэж сонсох юм. Байхгүй юм хийчихээр сонсч байгаа биз. Зарим хүн, “Н.Жанцанноровын хөгжмийг сонсоод сэтгэл хөглөгдлөө” гэж байгаа юм. Огт худлаа. Сэтгэл нь хөглөгдөж байгаа биш, хөг нь алдарч байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, мань хүний сэтгэлд байгаа зүйлсийг байрнаас нь хөдөлгөж байгаа юм. Тэгэхээр хөгжим ч гэсэн өөрөө материаллаг, бодитой зүйл. Тийм ч учраас шинжлэх ухааны өндөр түвшинд хүрсэн газруудад хөгжмийн эмчилгээ хүртэл гарчихсан байна. Миний муу “Цагаан суварга”-аар хүртэл япончууд галзуугийн болницдоо эмчилгээ хийж байгаа юм байна лээ шүү дээ.
ШАШИН, ХӨГЖИМ ХОЁР НЭГ ЗҮЙЛ
-Морин хуурын чуулгын Ц.Батчулуун гуай, Д.Лувсаншарав гуай, хамба лам Д.Нацагдорж та нар их ойр дотно байдаг. Хөгжим аялгууг шашин номтой хамтатган хүн ардын сэтгэлийг ариусгах зан үйлийг олон удаа хийсэн гэдэг. Ингэхэд хөгжим, шашин хоёрт ямар, ямар адил чанар байгаа гэж та хэлэх вэ?
-Нийт 19 жил хийчихлээ. Нэг нь эгшгээр, нөгөө нь ам, хэлээр л илэрхийлж байгаа болохоос хөгжим, шашин хоёр чинь нэг зүйл байхгүй юу. Уран зураг мөн ялгаа байхгүй. Одоо тэр бурхадын зургийг хар даа. “Манба Дацан” хийдэд баримал, шуумал бурхад байгаа биз? Тэдгээрийг д.Нацагдорж хамба яах гэж тэнд тавиад байдаг юм? Гайхуулах гэж тавьж байгаа юм уу, үгүй шүү дээ. Ялгаа байхгүй, сэтгэл зүйд нөлөө үзүүлэх гэж байгаа биз дээ.
Би өөрөө дуулдаггүй, хөгжимддөггүй. Тэгээд дуу хөгжим хийгээд байдаг. Хэн нэгэн эмэгтэй дуучныг хоолтой болгох гэж хийж байгаа юм уу? Үгүй шүү дээ. Энэ хорвоо дээр төгс юм гэж байдаггүй, “Мона Лиза” ч төгс биш юм гэнэ лээ. Гэхдээ би чадлынхаа хэрээр төгс хийх гэж оролдож байгаа. Өөрөөр хэлбэл, миний боловсруулсан тэр логикоор хүн оршихуйн амгаланд байх ёстой. Түүний төлөө л би явж байгаа юм.
Тэгэхээр шашин, уран бүтээл гэдэг хүний оршихуйн амгаланг зорьж байгаагаараа ижил зүйл. Хүн өөрөө мөнхийн амар амгалангийн л төлөө явдаг төрөл.
-Та улсынхаа урлаг, өв соёлыг нуруундаа үүрэлцэж яваа томоохон зүтгэлтэн, нэг том төлөөлөгч нь. “Цаашид энэ салбар яах бол, хэрхэн авч явж хөгжүүлэх вэ” гэж боддог л байх. Ер нь энэ үнэт зүйлийг зөв чиглүүлж авч явахын тулд урлагийнхан хийгээд төр, ард түмэн ямар байгаасай, юу хийгээсэй гэж та хүсдэг вэ?
-Урлагийг тээж явсаар байгаад ирсэн, тээж яваа, тээж явна. Тэр бол ойлгомжтой. Яаж тодорхой цаг хугацаанд, уламжлалыг шингээж авч явах вэ л гэдэг асуудал чухал. Уламжлалыг яг тэр чигээр нь давтаж зуун зуунд авч явна гэвэл тийм зүйл байдаг ч үгүй, байх ч ёсгүй. Байлгах юм бол хоцрогдлын туйлд хүрнэ.
Манжийн дарлалд 220 жил байсан юм гэсэн, Монгол. Муухай дарлалд байсан гэсэн. Нийгэм талаасаа, тусгаар улс талаасаа тэгсэн л юм байж. Соёл талаасаа бол манж гэдэг жигтэйхэн том эзэнт гүрний хаягдмал хязгаар байсан.
Тэгэхээр гадны соёлын нөлөө бараг ороогүй. Европын соёлын нөлөө ороогүй, орох боломж байхгүй. Моцарт 200 жил дэлхийд ноёлчихсон байхад огт мэдэхгүй, Шекспирийн нэг ч жүжгийг мэдэхгүйгээр монголчууд 20 дугаар зууныг давчихгүй юу. Юун драм, хятадын соёлыг ч манжууд оруулж ирэхгүй.
Тэгээд 200 жил зөвхөн өөрийнхөө дуулдаг дууг дуулж, өөрийнхөө шашныг шүтээд л, өөрийнхөө эмнэлгийг явуулаад л, өөрийнхөө хувцсыг өмсөөд л, өөрийнхөө найрыг хийгээд л. Ерөөсөө л өөрийнхөөрөө байсан. Өөрөөр хэлбэл, 200 жил даршилчихсан “консерв” болохгүй юу. Ингээд 19 дүгээр зууны сүүлчээс хятадын соёл, 20 дугаар зуунаас Оросын соёл, 21 дүгээр зуунаас америкийн соёл ороод ирчихлээ. Ингэж бид монголчуудын төдийгүй ерөөсөө дэлхийн гурван зууны соёл сэтгэлгээний үнэт зүйлийг “консерв” хийгээд дарчихсан.
Тэгэхээр монголын соёл дэлхийд Оюутолгойгоос илүү үнэтэй. Тийм ч учраас өнөөдөр “The Hu” хамтлаг дэлхийг цочоогоод байгаа хэрэг. Орчлонт ертөнцийг 300 жилийн өмнө хүн хэрхэн ухаарч, хэрхэн эгшгээр илэрхийлж байсныг өнөөдөр яг тэр чигээр нь музей шиг тавьж байгаа юм. Тэгэхээр энэ замбараагүй үнэ цэнэтэй.
Таны асуугаад байгаа тэр урлагийнхан, монголын төр, иргэн хүн ийм үнэтэй зүйлийг бид тээж яваа гэдгээ ухаарах ёстой. Яахав, англи, хятад, орос хэлийг сурах хэрэгтэй. Хятад, оросын барааг хэрэглэх нь зөв. Гэвч бид түүнээс ч үнэтэй зүйл тээж яваа гэдгээ ухаарах ёстой.
-Дэлхий даяаршчихсан ийм үед уламжлалыг, энэ соёлыг дахиад 200 жил “консервлох” арга байхгүй шүү дээ?
-Тийм учраас бүгдийг нь дэлхийд өгөх ёстой. Гэхдээ үнэд хүргэж. Мөнгөн дүнгээр биш, ерөөсөө соёлын үнэд хүргэх ёстой. Нүүрсийг шуудайлж зөөгөөд үнэд хүрэхгүй. Боловсруулах хэрэгтэй. “The Hu” хамтлаг шуудайлж аваачаагүй, боловсруулсан. Дэлхийн рок гэдэг том үйлдвэрийн бүх технологийг ашиглаад, монгол хөөмий, монгол хөгжмийн зэмсгийг авааччихсан. Яг өөрийнх нь үйлдвэрт хйичихсэн юм чинь авна шүү дээ. Жигтэйхэн шинэ. Яагаад шинэ гэхээр нөгөө 300-400 жил “консервлочихсон” эд.
Уртын дуучдыг зүгээр аваачаад л “Манайх дэлхийн соёлыг 300 жил хадгалсан. Та нар үүнийг авах ёстой” гэвэл яагаад ч авахгүй. “Сонин л юм байна”. Тэгээд л дуусаа.
-Тэгэхээр бид хэдийд соёлдоо ханамжтай үлдэх вэ?
-Парисын консерватурт морин хуурын анги нээгдэхэд. Италичуудын зохиосон хийлийн ангийг монголд нээчихсэн байгаа биз дээ. Италичууд үйлдвэрлээд наашаа явуулчихсан байна. Испаниуд, “Миний гитарийг тоглож байна” гэж хэзээ хэлж байсан юм. Дэлхий л тоглож байгаа биз дээ. Ингээд дэлхийн хүн төрөлхтний оюуны нэг салшгүй хэсэг нь монголчууд болж чадсан цагт л бид сэтгэл ханаж болно. Монголын урлаг, уран бүтээл, шашин, байгалийг үзэх үзлээс ямар ч орос, хятад, америк хол байх боломжгүй болгосон цагт л бид бахархлын тухай, үндэстнийхээ чадварын тухай цээж дэлдэж болно.
20 дугаар зуун бол нуудаг зуун байхгүй юу. “Манай юмыг авчихна” гэдэг. Одоо тийм биш. Түүнчлэн дэлхийн хүн төрөлхтний өнөөдрийн шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлд гаргаж байгаа чадвараас монголчууд эзэмших ёстой. Алхам ч хоцорч болохгүй. Хоцорлоо л бол бидний юм хүнийх. Мал аж ахуй ч, алт ч, уртын дуу ч, морин хуур ч хүнийх, тэр “Норов-7”, “Агар-8” ч хүнийх.
Хоцрохгүй бол “The Hu” шиг дэлхийг чирнэ. “Агар-8” ч чирнэ, “Норов-7” ч чирнэ. Монголчуудын үндсэн асуудал энэ. Тэгэхээр одоо төр засаг зориг гаргах хэрэгтэй. Би энэ талаар төр засгийнханд бүгдэд нь ярьдаг, хэлдэг. Төр юу гэдэг вэ гэхээр, “Төр бизнест оролцоод хэрэггүй, ард түмнийхээ сайн сайхан амьдрах нөхцлийг л бүрдүүлэх ёстой” гэдэг. “Үгүй тэгээд, тэгээч дээ л” гэмээр байгаа юм.
Х.Хулан
Уламжлалт анагаах ухаан сонин