Шинийн 17-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Манба Дацан МУЭСТ-ийн хамт олон үйл ажиллагаанд нь ихээхэн чухал хэрэгцээтэй нэгэн бэлгийг гардаж авсан нь нийт 25 хүний суудал бүхий дунд оврын автобус байлаа.
МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдоржийн төрсөн ах Д.Лхагважавын гэр бүлээс тус автобусыг бэлэглэсэн юм. Тэрээр, “Би өмнө нь Манба Дацан төвийнхнийг эмийн ургамлаа түүхэд нь хамт явж байлаа. Тэр үед унаа тэрэгийн хүрэлцээ тааруу юм байна гэдгийг мэдэрч ойлгосон. Миний дүү Д.Нацагдорж ард түмнийхээ тусын тулд их үйлийг бүтээж яваа хүн, би дүүгээрээ үргэлж бахархаж явдаг” хэмээсэн юм. Хамба лам Д.Нацагдорж бэлгийг гардан авч талархлаа илэрхийлээд, “Та бүхний энэ ачийг бид буянаар хариулна. Оточ Манрамба Их Сургуулийн маань оюутнууд жилийн хугацаанд цөөнгүй удаа ургамлын дадлагад гардаг. Түүнчлэн Манба Дацан эмийн үйлдвэрийн хэрэгцээний ургамлыг түүх гэх мэтээр зөвхөн 2019 он гэхэд бид нийтдээ 6000 км-ыг туулсан байна. Эдгээр ажилд олон хүнийг нэг дор хамруулахад тустай, багтаамжтай унаагаар манай төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн та бүхэндээ, түүнчлэн олон түмний тусын тулд хамтдаа хүчин зүтгэж буй Манба Дацан төвийн хамт олондоо гүнээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.