З.Батгэрэл: Ээжүүд үр хүүхдийнхээ бие, сэтгэлийг нь хамтад нь хөгжүүлж, сайхан зан чанаруудыг суулгаж өгөх хэрэгтэй

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч З.Батгэрэлтэй ярилцлаа.

-Та уламжлалт анагаах ухааны талаар хэр сайн мэдэх вэ?

Би уламжлалт анагаах ухааны талаар багаасаа мэднэ л дээ. Манай нөхөр Оточ Манрамба Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг Ж.Амарсанаа. 18 настайдаа нөхөртэйгээ танилцаж байлаа.Тэр цагаас л нөхөртөө судсаа чагнуулж эхэлсэн. Миний судсыг барьж үзээд, уламжлалт анагаах ухааны талаар их гоё гоё зүйл ярьж өгдөг байсан. Нөхөр маань 1995 онд сургуулиа төгссөн. Түүнээс хойш уламжлалтын талаар илүү их ойлголт мэдлэгтэй болж, эмчлүүлж ирсэн. Тухайн үед Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан эмнэлэг уламжлалт анагаах ухааныг дахин сэргээн хөгжүүлэхээр эмчилгээ үйлчилгээ, сургалтаа эхлээд анхны төгсөлтөө хийгээд байсан үе. Магадгүй тэр үед хүмүүс уламжлалт анагаах ухаанаар хөгшин настай хүмүүс л эмчлүүлдэг гэсэн ойлголттой байсан болов уу. Харин одоо хүмүүс уламжлалтын талаар харьцангуй ойлголт мэдлэгтэй болсон байна. Тэр дундаа залуучууд маань уламжлалтаар их эмчлүүлдэг, эрүүл мэнддээ анхаардаг болсон нь Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс харагдаж байна.

-Та Оточ Манрамба Их Сургуулийн талаар сайн мэдэх юм байна. Тус сургуулийн сургалтын онцлог, давуу талыг та юу гэж хэлэх вэ?

-Нөхөр маань төгсдөг жил бид хоёр танилцаж байлаа. Нөхөр маань эмнэлэг, сургуулийнхаа тухай их ярьдаг байсан. Одоо үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, зөвхөн монголчууд гэлтгүй олон улс орны хүмүүсийг эмчилдэг, сургадаг олон улсын эмнэлэг, сургууль болжээ. Хамба багш маань залуугаасаа энэ төвийг байгуулж, уламжлалт анагаах ухааны сургалт, эмчилгээ үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэйгээр хүргэн, олон хүнд буян болж явдагт манай гэр бүл их талархдаг юм. Нөхөр маань багшийгаа их хүндэлдэг. Ер нь Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд, төгсөгчид их хүмүүжилтэй, нигүүлсэнгүй сэтгэлтэй, сэтгэлийн хаттай, мундаг хүмүүс болж төлөвшдөг. Энэ бол Оточ Манрамба Их Сургуулийн хамгийн том давуу тал гэж бодож байна. Энэ давуу чанарыг хүмүүс ойлгож, олж харж байх шиг. Төгсөгчид ч ажил амьдралаараа батлаж байна. Тиймээс ч Оточ Манрамба Их Сургуульд суралцах хүүхдүүд олон болсон байна лээ.

-Ж.Амарсанаа доктор Японд докторын зэрэг хамгаалан Харвардад багшилж байсан залуу эрдэмтэн. Олон улсад Монголынхоо нэрийг, сургуулийнхаа нэрийг гаргаж явсан, их бартаа замыг туулсан талаар багш нар нь ярьдаг, өөрөө ч ярилцлагууддаа дурдсан байдаг. Одоо ч төрийн чухал ажил эрхэлж буй хөдөлмөрч эрдэмтэн хүн шүү дээ. Хажуунаас нь хараад түшээд явж байгаа таны хувьд нөхрийн тань амжилтанд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Манай хүний хувьд 13 настайдаа Оточ Манрамба Их Сургуульд элсэж орсон. Ид төвөвших насандаа энэ сургуульд ороод хүнийг хайрлах хүндэтгэх, багшаа дээдлэх, хүний төлөө гэсэн сэтгэлийг багаасаа олж авсан. Хүний төлөө гэсэн сэтгэлийг энэ сургуулиас өвлөж төгссөн. Одоо хэр нь энэ зан чанар, төлөвшлөө гээлгүй, ажил амьдралынхаа суурь болгоод явж байгаа гэж боддог. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд, шинэ төгссөн дадлагажигч эмч нарыг дадлага хийж байхтай таарлаа. Тэд үнэхээр хөгшин, залуу гэж ялгалгүй өвчтөнийхөө төлөө гэсэн чин сэтгэлтэй байгаа нь харагдаж байсан. Нөхөр маань хэлдэг л дээ. “Эмч хүн нигүүлсэнгүй, хүний зовлонг ойлгож чаддаг байх ёстой. Тэгж байж эмч болж, хүнийг эмчилье гэсэн сэтгэлтэй, мэргэжлээ дээшлүүлье гэсэн бодолтой сайн эмч болдог” гэж. Анагаахын оюутнуудад хүнийг ялгаж харьцахгүй байхыг их захидаг. Хүнд байх ёстой сайхан зан чанаруудыг Оточ Манрамба Их Сургууль оюутнууддаа суулгаж өгөхөөс гадна маш мундаг мэдлэг чадвартай жинхэнэ эмч нарыг төрүүлж байгаа болохоор тэд хаана ч ямар ч бэрхшээл зовлонг туулж, амжилтанд хүрч чаддаг байх.

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээний онцлог, давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Би ойрхон гурав төрсөн. Тиймээс ч хий хуй, ядаргаа ихтэй байсаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зорин байж ирж, арваад хоног эмчлүүллээ. Ясны шөлөнд орж, шар тосоор багсарсан арвайгаар үрүүллээ. Готол эмчилгээ хийлгэлээ. Би барагтаа хөлрөөд байдаггүй хүн л дээ. Гэтэл Манба Дацан эмнэлэгт хэвтээд сайн хөлөрч, хамаг л ядаргаа, өвчнөө гадагшлуулж авах шиг санагдлаа. Уламжлалт эмчилгээ ядаргаа тайлж, тамир тэнхээ тэтгэхдээ үнэхээр сайн. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, эмчилгээ, өдөр тутмын хоол хүнс, амьдралын хэвшлийн талаар их зүйлийг зааж сургадаг анагаах ухаан гэж боддог. Энэ бол маш чухал шүү.

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэж та маш зөв хэллээ. Гэхдээ ихэнх хүмүүс өвдсөн хойноо эмнэлэгт ханддаг, биеэ анхаарч эхэлдэг. Яаж энэ урьдчилан сэргийлэх арга ухааны суулгаж, ойлгуулах вэ?

-Манай гэр бүл урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол шинжилгээнд хамрагддаг. Мөн өдөр тутмынхаа хооллолт, амьдралын хэвшилдээ их анхаардаг. Зөв хооллолт гэж туйлшрахаасаа илүүтэй манай гэр бүлийн гишүүдэд ямар хоол тохиромжтой, ямар улиралд ямар хоол идвэл зохистой вэ гэдгийг мэдэж, түүнийг дагаж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх чухал. Эмнэлэгт хэвтээд 108 мөргөлийн талаар их олон зүйлийг мэдэж авлаа. Одоо мөргөлөө тууштай хийнэ. Ер нь уламжлалт анагаах ухаан бол бие, сэтгэлийг цогцоор нь эмчилдэг анагаах ухаан. Тиймээс ч урьдчилан сэргийлэх арга ухаанд ч энэ нь цогцоороо явж байдаг. Хоол унд, өдөр тутмын хэвшлээс гадна 108 мөргөж, тарни ном уншиж, сэтгэлээ ариусгаж, энэрэх нигүүлсэх сэтгэлийг өөртөө дадуулж байж бие, сэтгэлийн хувьд эрүүл байж чадна. Ээжүүд маань үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ энэ зарчмыг баримталж, хүүхдийнхээ бие бялдарыг хөгжүүлэхдээ зэрэгцүүлэн сэтгэлийг нь ч хөгжүүлж, сайхан зан чанаруудыг суулгаж өгөх хэрэгтэй болов уу. Тэгж байж бие, сэтгэлийн хувьд эрүүл хүн болж өсөж, төлөвшинө. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль бол энэ арга ухааныг ард иргэддээ зааж сургаж байгаа байгууллага. Тиймээс энэ сайхан үйлсийг эхлүүлж, өдий болтол нь хөгжүүлж авч яваа Хамба лам Д.Нацагдорж, Г.Одонцэцэг багш нартаа, эмчлэгч эмч Ч.Дэлгэрмаадаа, эмнэлэг, сургуулийн хамт олондоо талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлс нь улам бүр дэлгэрэн хөгжиж байхыг ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.

Уламжлалт анагаах ухаан сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *