Г.Одонцэцэг: 108 мөргөхөд ДАРХЛАА САЙЖИРЧ, ханиад хүрдэггүй

 

    Манба Дацан уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, “Оточ Манрамба” Их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй дархлаа болон амьдралын зөв хэвшил гэж юу болох, хэрхэн эрүүл орших боломжтой талаар ярилцлаа.


 

    -Манба Дацан Нэгдсэн эмнэлгээс дархлаа сайжруулах эмчилгээг санал болгодог. Намар цагт энэ эмчилгээг хийлгэсний  давуу тал нь юу байдаг вэ?

-Зөвхөн намрын улиралд гэлтгүй, дархлаагаа сайн байлгахын тулд хүн насан туршдаа анхаарч явах хэрэгтэй. Товчхондоо, хүний биеийн хий, шар, бадган болон таван махбод харилцан тэнцвэртэй, хэвийн хэмжээндээ байхыг дархлаа сайтай байна гэж үзнэ.

Намрын улиралд хийн бэлгэ чанар жам ёсоороо харьцангуй амирлаад шарын долоон билгэ чанар ихэсдэг. Энэ тохиолдолд цус, шарын махбодын хувь дийлэнх оршдог эрхтнүүдийн өвчлөл гарах магадлалтай гэсэн үг. Мөн архаг хууч буюу цус, шарын бэлгэ чанарын хямрал биед урьд нь үүсээд архаг хэлбэртэй болсон өвчнүүд энэ улиралд хөдлөх, илэрч гарах эрсдэлтэй байдаг. Иймд энэ улиралд цус, шарын эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, мөн нэгэнт жам ёсоороо улирлын мөн чанараас шалтгаалж ихсэж байгаа энэ тохиолдолд хэмжээнээс нь ихэсгэж, арвидуулахгүй байх арга хэмжээг авч байх ёстой.

 

    -Цус, шарын бэлгэ чанар давамгай илэрдэг ямар өвчнүүд байдаг вэ?

-Гал махбодын хувь их оршдог эрхтнүүд гэвэл долоон тамираас цусны өвчлөл ихсэх магадлалтай. Мөн таван мэдрэхүйн эрхтнээс нүд гал махбодтой учраас энэ төрлийн өвчлөл намрын улиралд ихсэх магадлалтай байдаг. Цул эрхтний хувьд авч үзвэл элэгний өвчин ихсэх магадлалтай. Яагаад гэхээр, элэг цусыг цэвэршүүлж, төлжүүлж байдаг гол том цул эрхтэн. Харин сав эрхтнээс гэвэл цөсний өвчин бий. Цөсөнд шарын хурц халуун чанар ялгарч байдаг. Мөн нарийн гэдэсний халдварт суулгууд, ялангуяа нялх хүүхдэд их тохиолддог. Мөн халдварт халуун өвчнүүд дэлгэрэх магадлал өндөр. Мөн урьд нь хийн бэлгэ чанарын архаг өөрчлөлттэй хүмүүст намар шарын бэлгэ чанартай хавсарснаар хоосон халуун дэлгэрч халуурах, мөн сэтгэцэд эмгэг илрэх, сэдрэх магадлалтай байна.   Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв нэгэнт эдгээр өвчнүүд дэлгэрчихвэл улирлынхаа мөн чанараар тухайн өвчин маш хурдан явцтай, хүндрэх эрсдэл ихтэй байдаг.

 

    -Манба Дацан эмнэлэгт дархлаа сэргээх ямар эмчилгээ хийдэг вэ?

-Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн оношлогоо, эмчилгээ тухайн хүний дархлаа, биеийн эсэргүүцлийг бүхэлд нь авч үзэх зарчмаар явдаг. Үйлчлүүлэгч маань нэг өвчин юм уу, нэг эрхтний өвчлөл зовиур хэлээд ирдэг ч, бид тухайн хүний бүтэн биеийн дархлааг сайжруулахын тулд цул, сав эрхтэнүүдийн эх, хүү, дайсан, нөхрийн холбоо буюу махбодийн хоорондын харилцан уялдаа холбоонд нь авч үздэг. Ингээд хийний эмчилгээ буюу бүлээн тослог чанарын эмчилгээ хийх ёстой байлаа гэхэд тэр нь элгэндээ ямар нөлөөтэй вэ, цус шарын халуун өвчинд нөлөө үзүүлчих вий гэх мэтээр махбодын болоод эрхтнүүдийн хоорондын харилцан уялдааг тэнцвэржүүлэх тал дээр анхаарна.  Тэрхүү эмгэг үүссэн эрхтнээ эмчлэхийн хажуугаар нөгөө эрхтнүүдийг нь хамгаалж, дархлаа сайжруулах эмчилгээ хийдэг. Нэг эрхтний өвчлөл нь нэгэн биеийн өвчлөл гэж уламжлалт анагаах ухаанд үздэг.

 

    –Эмнэлэгт эмчлүүлээд гарна гэдэг нэг хэрэг. Гарсныхаа дараа эмчилгээнийхээ үр дүн болоод эрүүл болсон биеэ тэр чигт нь хадгалж, хамгаалж үлдэх тал дээр хүмүүс учир дутагдалтай байх шиг санагддаг юм?

-Хүмүүст нийтлэг нэг ойлголт байна. Тэр нь: “Би өвчнөө эмчлүүлчихсэн юм чинь ахиж өвдөхгүй” гэдэг. Өдөр болгон цаг агаар өөр байгаатай адилхан өдөр бүр янз бүрийн өвчний шалтгаан нөхцлийн дунд та амьдарч байгаа. Тэгэхээр хэрхэн урьдчилан сэргийлж,  эрүүл байдлаа хадгалаад явах вэ гэдэгтээ ихээхэн анхаарах хэрэгтэй. Миний эрүүл мэнд, надад л хамаатай гэж ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр хүн дархлаагаа байнгын сайн байлгахын тулд байнгын зөв хэвшилтэй болох нь чухал. Хэвшил гэдэг нэг удаагийн үйлдлийг хэлэхгүй. Насан туршдаа мөрдөж байх зүйл бол хэвшил. Улирал, өдрийн био хэмнэл, нас, амьдарч буй газар орны байдал, ажил, ар гэрийн нөхцөл байдалтайгаа уялдуулан өдөр тутмын явдал мөрийг хэвшил гэнэ. Сонор сэрэмжээ нэг л алдах юм бол өвчний нөхцлүүд эргэн тойронд байж байдаг.

Хэрэв өвчин эмгэг туссан тохиолдолд түүнийг хүндрээгүй, цаашлаад илүү олон эд эрхтнийг хамарч, ужгираагүй байхад нь хурдхан арга хэмжээ авах хэрэгтэй. Нэг өвчнөө тоохгүй яваад байвал ажил, амьдралын эрч хүч, бүтээмж буурна, түүнийг эмчлэхэд зарцуулах цаг хугацаа уртасна, мөнгөн зарцуулалт ч ихэснэ. Тиймээс амьдралын зөв хэвшил бол дархлааг байнга сайн болгох боломж.

 

    -Заавал эмчид очиж, эм уухгүйгээр эрүүл амьдрах, дархлаагаа хамгаалах хамгийн энгийн, наад захын зөвлөгөөнүүдийг өгөөч?

-Сэтгэл, оюун санааны эрүүл мэнд гэж чухал зүйл бий. Эрүүл байх юу юунаач ч илүү чухал гэдгийг хүн хамгийн түрүүнд сэтгэл, оюун санаандаа ойлгож авах хэрэгтэй. Тэгвэл тухайн хүн хичээх нь байна.

Ерөөс уламжлалт анагаах ухаанд, “Өвчний уг шалтгаан нь муу, буруу сэтгэл” гэдэг. Тэгэхээр эрүүл байхын тулд эрүүл сэтгэлгээтэй, эрүүл мэндийн өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Зөв зүйлийг унших, судлах, түүнийгээ хэвшүүлэх хэрэгтэй гэдгийг эхлээд оюун санаандаа тогтоох нь чухал. Ингэсэн байхад хүн зөв явдал мөр, хэвшлийг өөрөө бий болгож чадна.

Өөрөө өөрийгөө анагаах, эрүүл байлгах тэр  чадвар, соёл, ухамсрыг хүүхдэдээ төрсөн цагаас нь эхлээд сургах хэрэгтэй байх нь. Хүүхдүүд нь шөнийн 23:00, 24:00 цаг хүртэл унтахгүй байхад тоодоггүй эцэг эх ч байна. Эцэг, эхчүүд хүүхдээ ядаж унтаж, сэрдэг тогтмол цагтай болгох ёстой.

Бас нэг чухал зүйл нь хүн өвчин эмгэгтэй болчихсон тохиолдолд өөрийгөө хэрхэн асарч, сувилах вэ гэдэг арга ухаанд суралцах нь зөв. “Би өөрөө өөрийнхөө өвчнийг анагаагч нь”, “Миний эрүүл байх эсэх нь надаас хамааралтай” гэдгийг байнга санаж, үүнийгээ ойлгосон байх.   Мөн мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг учир шалтгаанаар нь ойлгоод, түүнийгээ ягштал мөрддөг байх хэрэгтэй.

 

    -Нойр хүний бие организмд яг ямар үйлдэл үзүүлдэг учраас чухалд тооцогддог юм бол?

-Хүн амьдралынхаа бараг гуравны нэгийг унтаж өнгөрүүлж байгаа шүү дээ. Физиологийн энэ үйл явцыг зарим хүн ухамсартайгаар болон ухамсаргүйгээр хааж, боож байна. Эсвэл дэндүү их буруудуулж байна. Жишээлбэл, өдөр унтах маш буруу. Шөнө унтахгүй байх нь ч бас буруу.

Хүний бие махбод хоол тэжээлээр шимийг аваад хэрэггүй зүйлээ гадагшлуулдаг нэг ёсны үйлдвэр гэсэн үг. Хүн нарны хүч дэлгэр байх цагаар гаднаас хоол тэжээлээ авдаг. Орой 20:00 буюу бадганын цагаас хойш хүний биеийн бодисын солилцооны дотоод үйл ажиллагаа тайван орчинд явагдаад, биед хэрэгтэй шимээ авч байдаг. Шим авна гэдэг нь идэж, уусан идээ ундны шимээр цус төлжинө, түүний шим нь мах булчинг, махны шим нь ясаа, ясны шим нь чөмгөө, чөмөгний шим нь хүний зүрхэнд байдаг, шимийн дээд охь тунгалаг гэдэг зүйлийг төлжүүлж байна гэсэн үг. Ийнхүү шим тэжээлтэй сайн зүйлээ аваад биеэс шимээс ялгарсан цөв буюу бохир зүйлийг нь гадагшлуулж байдаг. Баас, шээс, хөлс, хумс, шүд, арьс, үс, нулимс, нуух, нус, цэр, шүлс гээд энэ бүхэн чинь мах, яс, чөмөг бодисын солилцооны шимээ аваад үлдсэн хаягдал байх нь. Энэхүү бодисын солилцооны дотоод үйл явц шөнө, сарны хүч дэлгэрч байгаа тайван орчинд явагддаг.

Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, зарим хүн шөнийн цагаар хоол иддэг. Энэ бол цаг бусын хооллолт. Бие организм үүнийг боловсруулж чадахгүй. Зүйрлэж хэлвэл үйлдвэрлэлийн дамжлагын хэвийн процессийг алдагдуулж байна гэсэн үг. Нэг бүтээгдэхүүнийг боловсруулж гүйцээгүй байтал гаднаас дахиад орж ирэхээр боловсруулж чадахгүй, тэр нь бүрэн боловсорч чадахгүй өвчин болдог. Бодисын солилцоо шууд алдагдалд орно.

Мөн шөнө унтаж байх үед хүний  харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтэний хүртэхүйн үйл явц хураагдаж, зүрхэнд орших бүгдийн суурь тийн мэдрэхүйд төвлөрсөн байдалтай болдог.  Өөрөөр хэлбэл, хүн шөнийн цагаар унтаж байхад таван мэдрэхүй маань ингэж амарч байгаа юм. Таван мэдрэхүй амарч, тайван, төвлөрсөн байдалтай байх энэ үед хүний сэтгэл оюун санаа бас амардаг. Ингэж эрч хүчээ нөөж, сэлбэж байдаг. Энэ нарийн үйл явц хүний биед өдөр явагдах ямар ч боломжгүй.  Шөнийн нойрыг нөхөж болдоггүй гэдэг маань ийм учиртай.

Тэгэхээр 20:00 цагаас хойш эм, тан л биш бол юм ууж ч хэрэггүй. Сарны хүч ид дэлгэрсэн үед, ялангуяа 23:40-03:40 цагийн хооронд хүн бат бөх унтаж байх ёстой. Гаднаас хоол тэжээл, таван мэдрэхүйн мэдээллийн аль алиныг нь аваад хэрэггүй гэсэн үг.

 

    -Хүн төрөлхтөн зөвхөн хооллолтоор эрүүлжих боломжтой гэдгийг тунхаглачихаад байна. Тэгээд өндөр үнэтэй төрөл бүрийн нэмэлт тэжээл, амин дэмүүдийг үйлдвэрлэж хүмүүст санал болгодог. Тэдгээр бүтээгдэхүүн үнэхээр хүний амьдралд шаардлагатай юу?

-Хүний бие таван махбодоор үүссэн. Тиймээс тэрхүү таван махбодын бүрдэл бүхий хоолыг идэх хэрэгтэй. Идэхдээ хүний нас, өвчлөл, цаг агаар, амьдарч байгаа газар орны байдалтайгаа зохицуулж байх ёстой.

Хүнд юу нэмэлт тэжээл болох вэ гэхээр, таван махбодийн бүрдлээс хоол тэжээлд байдаггүй цэвэр байгалийн ургамал, эрдэст бодисын гаралтай, мөн амьтны биед байдаг илүү хүчтэй эмт чанарыг агуулсан бүтээгдэхүүнийг нэмэлтээр уламжлалт анагаах ухаанд эм тан болгож хэрэглэдэг.

Өвдөөгүй үед ч хааяа улирал, насныхаа байдалд тохируулаад тусгай жорын дагуу найруулсан эм тангуудыг урьдчилан сэргийлэх маягаар нэмэлтээр хэрэглэж байх ёстой. Яг ийм зориулалтаар урьдын Монгол маарамбууд цагаан тан буюу “Мана-4”, “Норов-7”, “Шижид-6” гэсэн хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулах, дархлаа сайжрууулах үйлчилгээтэй эдгээр эм танг нийтийн хэрэглээнд нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглүүлж хэвшүүлсэн байдаг. Тухайлбал, “Мана-4” буюу  ард түмний дунд “Манийн уудаг Мана Шитан” хэмээн нэршсэн энэ тан гэхэд л 404 төрлийн өвчнийг анагаах чадалтай байдаг. Мөн “Норов -7” танг “Ноёдын уудаг Норов-7” хэмээн нэрэлсэн байдаг.  Яагаад ноёд уудаг гэсэн гэхээр Мана 4 тангийн дээр биеийн дархлааг дэмжих, мөн арай үнэтэй түүхий эд нэмж илүү чадалжуулсан тан юм. “Норов” гэдэг нь Монголоор “Зэндмэнэ эрдэнэ” гэсэн үг.

Тиймээс ер нь ард нийтээрээ нэмэлт тэжээл болгож,  биеийг шимжүүлж, дархлаа сайжруулах зорилгоор “Ман Ши” тан, “Норов-7”-г улирал харгалзахгүйгээр, бүх насныхан ууж байвал сайн.

    -Хүмүүс мөнгөний төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг хэрнээ, эрүүл мэндийнхээ төлөө болохоор залхуурчихдаг юм шиг санагддаг шүү?

-Мөнгө бидний өдөр тутмын ажил амьдралд байх ёстой, зайлшгүй хэрэглээ мөн үү гэвэл мөн. Хэрэглээ гэдэг утгаараа олсон мөнгөнөөсөө тодорхой хэмжээг нь эрүүл мэнддээ заавал зарцуулж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хожим олон жилийн хөдөлмөрөөр олсон мөнгөө тэр чигт нь эрүүл мэнддээ зарцуулж байгаа нь цөөнгүй байна.

Нөгөө талаар эрүүл мэнддээ анхаарал тавихаас залхуурч байна гэж та хэллээ. Залхуу чинь бас л өвчин үүсгэж байдаг. Залхуу хүмүүсийн судас чагнахад андашгүй, бадганын билгэ чанар ихэсчихсэн байдаг. Бадган ихсэхээр галын илч мууддаг.

Нойр ихтэй болно, залхууг дагалдсан олон өвчин эмгэг, ажил амьдралын гутрал доройтол бий болно. Залхуурал мөн л  сэтгэлгээтэй  холбоотой. Залхуурал хэтэрвэл ужгираад нэг төрлийн ад донгийн өвчин болдог.

 

    -Би нэг жишээг хүмүүст ярьж өгөх дуртай. Таван өвөл дараалж хатгаа авсан хүүхэд маань нэг зун Хөвсгөл далайн эрэг дагаж дөрөв хоногийн явган аялал хийсний дараагаас өвөл хатгаа авах нь битгий хэл, ханиад ч хүрэхээ больчихсон. Энэ агаар, ус, байгаль дэлхий бидэнд өөр ямар гайхамшгуудыг үзүүлж чаддаг бол?

-Байгаль дэлхий бол таван махбодийн зохицол. Үүн дээр сансар, од эрхэс, нар, сарны нөлөөллийн маш нарийн зохицлоор тэр гоё сайхан нь бүрддэг. Араатан жигүүртэн, жижиг хорхой шавжнаас авахуулаад эрдэс бодис ургамал, хүн, далд ертөнцийнхөн, лус савдгуудын зохицол, зориудын бус тэр зүйл бол байгаль. Байгаль ертөнцийн таван махбодийн энэ их зохицол дунд хүн өөрөө зохицоод амьдарч чадвал тэр нь эрүүлжих том шалтгаан болно. Эсрэгээрээ хиймлээр, байгалийг устгаж байж хийсэн, генийн өөрчлөлттэй эм бэлдмэл, хоол хүнсүүд бий болж байна. Эдгээр нь эргээд хүнд өөрт нь хор болж байдаг. Хэзээ ч байгалийн цэвэр зохилдлогоор бий болсон тэр ургамал, агаар, ус шиг нөлөө үзүүлэхгүй.

 

     – Та 108 удаа сунаж мөргөхийн ач холбогдлыг нэлээд зөвлөдөг. Энэ нь зөвхөн хөдөлгөөн, биеийн тамирт тустай гэдгээр хязгаарлагдахгүй байх шиг байна. Өвөл нь ханиад хүрдэггүй гэж хүртэл сонсож байлаа?

-108 мөргөхөд ханиад хүрдэггүйн гол учир нь хүний дархлаа сайжирчихдаг. Хий, шар бадганын тэнцвэр болон галын илч сайжирна. Бодисын солилцоо идэвхиждэг учраас өтлөлт, хөгшрөлтийн үйл явц удааширна. Сэтгэл санаа ч дагаад өргөгдөнө. Нөгөө талаар нүглээ бараад буянаа арвидуулж байгаа хэрэг юм.

108 мөргөнө гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Тодорхой хэмжээгээр зовлон мэдрүүлдэг. Ингэж тодорхой хувиар хэцүү бэрхийг туулангуут араас нь сайн зүйлүүд ирдэг. Хүн нүглийнхээ үрийг, хэцүү бэрхийг ямар нэгэн өвчнөөр даван туулах байсан бол түүнийгээ мөргөл үйлдэж хөлс гаргаснаар хаачихаж байгаа юм. Тэгэхээр зовлонгоо барж байна гэдэг жаахан зовлонгоор их зовлонгийн үүдийг хааж байгаа хэрэг. Дээр нь буянаа арвидуулна. Энэ цаагуураа бие, сэтгэл эрүүл болоод ирэхээр сайн, сайхан зүйлийн үүд хаалга нээгдэнэ гэсэн үг.

 

     -Залбирал, мөргөл, маань мэгзэм унших, зул өргөх гээд шашны зан үйлүүд бидний эрүүл мэнд, наслалтад хэрхэн нөлөөлж байдаг вэ?

-Маш их нөлөөтэй. Хэрэв учир шалтгаанаар нь тайлбарлах юм бол маш их зүйлийг ярих шаардлагатай болно. Гэхдээ номтой хүмүүс юу гэдэг вэ гэхээр, ойлгохгүй ч гэсэн баталгаа, нотолгоотойгоор, эргэлзээ байхгүйгээр хүнд тусалдаг зүйл бол тарни гэдэг. Номтой хүмүүс бол хүүхдүүддээ автоматаар цээжлүүлээд уншуулчихдаг. Тэгэхээр янз бүрийн муу муухай зүйлийн үүдийг хааж, сайн сайхны үүд хаалгыг нээж байдаг.

Тарнийн ач тус үүнээс ч их. Тэр бол баталгааатай. Гэхдээ мэдээж, тарнийн тооны хүч гэж маш чухал зүйл бий. 3, 7, 21 удаа тарни уншчихаад л “Энэ надад нөлөөлөхгүй байна” гэж болохгүй. Яагаад гэхээр, тарни өөрийн гэсэн нөлөөллийн хүчний хөрөнгө, тоотой байдаг. Тараг бүрэхэд хөрөнгө байж байж бүрдэгтэй адилхан тийм хөрөнгийг бий болгодог. Жишээлбэл, Манла бурханы тарнийг 800 мянган удаа уншиж байж тухайн хүнд хөрөнгө бий болно гэж байгаа юм. Өдөрт энэ тарнийг нэг эрхиэр буюу 108 удаа уншихад 800 мянга хүргэхийн тулд бараг 17 жил болно гэсэн үг. Харин өдөрт 108 тоотой эрхиэрээ 3, 5, 7 удаа уншаад байвал илүү түргэн хугацаанд тарнийн хүч бий болно.

Тарнийн тооны хүчнээс гадна адис тидийн хүч, бясалгалын хүч гэж бий.  Хүний нас богинохон л гээд байдаг. Тэгтэл зөв ашиглах юм бол бидэнд юм тарнийн бүтээл гээд олон сайн сайхан зүйлийг хийх цаг бас ч гэж хангалттай байгаад байдаг. Хэрэв хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг буруу, дэмий байдлаар үрж, хамаг насаа барчихаад үхэхээ болохоор хашгичиж, уйлж орилоон чарлаан болдог. Буддизмын сургаалд хүнийг үхэл болон мөнх бусын талаар байнга бодож, түүнийг хүлээн зөвшөөрч,  үхэлд бэлтгэлтэй байх талаар зааж сургадаг. Тиймээс үхэлтэй нүүр тулах үедээ тайван, уужуу, амьдралдаа харамсах зүйлгүйгээр, үхлийг сайхан тайвнаар хүлээж авах ёс зүйд хүртэл хүн суралцах л хэрэгтэй.    Мөн амьдран байх хугацаандаа амьсгалын тоо, агшин бүрийн үнэ цэнийг мэдэрч, зөв зүйтэй өнгөрөөхөд хичээх нь чухал юм.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *