Ц.Есөн-Эрдэнэ: Минимал, эрүүл, гаж нөлөөгүй байгалийн анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж чадна

Оточ Манрамба Их Сургуулийн 2009 оны төгсөгч, “Самандбадраа” уламжлалт эмнэлгийн захирал, “Арура органикс” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд Оточ Манрамба Их Сургуульд суралцаж байсан тухайгаа дурсахгүй юу?

-Ер нь би их даруухан талдаа оюутан байсан. Хаа явсан газраа номоо тэврээд л явдаг, байнга л номоо цээжилж, уншаад л сууж байдаг байсан. Сургууль маань биднийг зөв төлөвшүүлж зөв хүн болгож хүмүүжүүлсэн гэж боддог. Багш нар маань маш их ёс жудагтай. Дээд курсын ах эгч нараа их хүндлэнэ. Бүх зүйл эрдэм номын зэрэг зиндаатай. Тэрийг нь хараад л хүнийг хүндлэх, хайрлах, даруулгатай байх, үзсэн сурсан ном, мэдлэг чадварынхаа хэр хэмжээгээ мэддэг байх гээд л маш олон сайхан чанаруудыг оюутан байхдаа олж авсан.

-Төгсөөд сургуульдаа ажиллаж байсан гэсэн. Сургалтын алба, тэнхимээ хариуцаад явж байсан хүний хувьд, мөн төгсөгчийн хувьд Оточ Манрамба Их Сургуулийн онцлог, давуу талыг та хамгийн сайн мэднэ шүү дээ?

-Сургуульдаа ажиллаад олон зүйлийг сурч мэдсэн. Хамгийн чухал зүйл бол эмч, сувилагч, эмзүйч болохоор суралцаж байгаа оюутнуудын сэтгэлийг засч төлөвшүүлж өгдөг. Хаана ч, ямар ч нөхцөл байдалд биеэ зөв аваад явчихдаг, хүнтэй зөв боловсон харьцдаг, өөртөө болон гэр бүлийнхэндээ төдийгүй бусдад туслах чадвартай иргэн, мэргэжилтэн болж гардаг гэдгийг л онцолж хэлмээр байна. Уламжлалт анагаах ухаан хөгжиж байгаа энэ цаг үед төгсөгчид бид эрүүл мэндийн салбарт тогтвортой, эрэлттэйгээр ажиллах боломж бүрдчихлээ. Хувийн эмнэлэг байгуулаад ч ажиллах давуу тал манай салбарт илүү байна.

-Оточ Манрамба Их Сургуулийн хувийн эмнэлэгтэй төгсөгчид сургуулийнхаа төгсөгчдийг ажилд урих нь элбэг байдаг. Танай эмнэлэгт төгсөгчдөөс ажиллаж байна уу?

-Сургалтын нэг арга барилаар суралцаж төгссөн учраас сургуулийнхаа төгсөгчдийг ажилд авч, хамтран ажиллах дуртай. Манайд нэлээд хэдэн төгсөгч ажиллаж байсан, одоо ч ажиллаж байна. Үйлчлүүлэгчид маань байнга хэлдэг л дээ. Танай эмч нар үнэхээр хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ааш зан сайтай, мэргэжилдээ ч сайн гээд дандаа магтдаг. Энэ чинь л манай сургууль ямар мэргэжилтэн бэлтгэж байгааг харуулж байгаа юм.  Сургууль маань чадварлаг эмч мэргэжилтнүүд бэлтгэж байгаа нь бидний ажлаа амжилттай явуулж байгаагийн гол үндэс.

-Сүүлийн үед уламжлалтын эмнэлгүүд олширсон. Уламжлалтын бариа заслын курс төгссөн хүмүүс хүртэл эмнэлэг байгуулаад ажиллаж байна шүү дээ. Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчид шиг мэргэжлийн уламжлалтын эмч нар тэднээс ялгарах шаардлага байгаа байх?

-Курс дамжаа төгссөн хүмүүс нэг их хол явахгүй л дээ.  Хүссэн хүсээгүй үйлчлүүлэгчид маань энэ салбараас чадвартай, сэтгэлтэй, мэргэжлийн эмч, сувилагч нарыг, чанартай сайн үйлчилгээтэй эмнэлгийг л шаардана. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэхийн тулд бүх юм мэргэжлийн түвшинд хийгддэг байх ёстой. Ялгарах зүйлээ бид өөрсдөө л хийх хэрэгтэй, ер нь эмчилгээний үр дүнгээрээ ялгардаг даа.

-Энэ салбарыг ойлгодог хүмүүс одоо л гарч ирж байна гэж та хэллээ. Ер нь үйлчлүүлэгчдийн сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-2011 онд эмнэлгээ байгуулснаас хойш 8 жил болсон байна. Энэ хугацаанд маш олон зүйл өөрчлөгдөж байгааг харж байна. Ер нь хүмүүс  уламжлалт эмчилгээ гэхээр толгой барьдаг, ойр зуурын эм тан өгч аргалдаг гэсэн сэтгэлгээгээр явж ирсэн. Уламжлалт анагаахын тухай тодорхой ойлголт мэдлэггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд маш өөр хандлагатай болчихоод байгаа. Бараг л дэлхий даяараа байгалийн эмчилгээ, эрүүл органик гэсэн бүхэн рүү хошуурч байна шүү дээ. Монгол хүнд Монголын уламжлалт эм, эмчилгээ хамгийн сайн тохирно. Хүмүүст хий, шар, бадган гээд ярихаар ойлгодог болчихсон. Антибиотик ууж байхаар тан ууя гээд л ирдэг. Энэ бол маш том, зөв эргэлт.

-Танай эмнэлгийн танилцуулгаас харахад өнгөрсөн хугацаанд 10 мянга гаруй хүн үзэж оношлон, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэж байна. Үйлчлүүлэгчдийнхээ байдлаас харахад ямар өвчин зонхилж байна?

-Монголчуудын дунд амьдралын буруу хэвшлээс үүдсэн өвчлөл их байна. Юун түрүүнд буруу хооллолт, амьдралын  буруу хэвшлээс шалтгаалсан таргалалт, чихрийн шижин, хаван, хордлого, зүрх судас, ходоод, элэг цөс, нойр булчирхай, нурууны суулт, муруйлт, үе мөчний өвчлөлүүд маш их тохиолдож байна.

-Та “Арура органикс” брэндийг үүсгэн байгуулсан. Энэ брэндийнхээ талаар тодорхой танилцуулаач?

-Энэ брэнд маань маш их утга учиртай. Бодит эмнэлгийн практик дээрээс буюу үйлчлүүлэгчийн хэрэгцээн дээр тулгуурлан гарч ирсэн бренд. Хамгийн чухал зорилго маань уламжлалт анагаах ухаан бол амьдралын анагаах ухаан гэдгийг л харуулахыг зорьж бий болгосон. Уламжлалт анагаах ухааныг хүний өдөр тутмын хэрэгцээ болсон хоол хүнс, гоо сайхан, эрүүл мэндийнх нь хэрэглээнд нэвтрүүлж өгье гэж зорисон. Энэ бол өвчнөөс урьдчилан сэргийлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй арга болж байгаа. Ямар ч химийн нэмэлт орц найрлагагүй, хадгалагч бодис, өнгө, үнэр, амт оруулагч нэмээгүй, байгалийн органик бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай. Бид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч хэрэглэхэд амар хялбар болгох тал дээр нэлээд туршилт судалгаануудыг хийж байгаа. Одоогоор бид 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж байна.

-Таны энэ судалгааны чиглэл их чухал санагдлаа. Докторын судалгаагаа энэ чиглэлээр хийж байгаа юу?

-Оточ Манрамба Их Сургуулийн докторын сургалтанд хамрагдаж байгаа. Судалгааны хоёр сэдэв бий. Түүнээс багш нартайгаа зөвлөлдөж байгаад сонгоно. Уламжлалт анагаах ухааны салбарт хэрэгцээтэй, нэн яаралтай, дутагдалтай байгаа сэдвээр хамгаалъя гэж бодож байгаа. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний гол хүчин зүйл нь хоол хүнс эмчилгээ шүү дээ. Гэтэл хоол эмчилгээн дээр нарийн стандарт байдаггүй. Хичнээн сайхан оношилгоо, эмчилгээ хийгдээд зөв хооллохгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс хоол эмчилгээний тал дээр маш их судалгаа хийж байгаа.

-Таны хань Л.Баттогтох эмч мөн Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, уламжлалтын эмч хүн шүү дээ. Нэг ном үзэж, нэг үзэл бодлоор төлөвшсөн хүмүүс гэр бүл болох нь ямар давуу талтай вэ?

– Бид нэг нэгнийхээ ажил мэргэжлийг ойлгож, дэмжинэ, бүх ажлаа ярилцаад, шийдээд, хамтарч ажилладаг. Нэг ижил зүйлд зорьж, нэг ижил үзэл бодлоор хүчээ нэгтгэн ажиллаж, амьдарна гэдэг маш том давуу тал.  Бид хамтдаа эмнэлэг байгуулан салбарынхаа хөгжлийн төлөө ажиллахын зэрэгцээ, нийгэмдээ өөрсдийнхөө мэдлэг, чадвар, үйл бүтээлээрээ нөлөөлөл үзүүлэхийг зорьдог. Залуу хүмүүс учраас үе тэнгийнхэндээ, мэргэжил нэгтнүүддээ эерэг хандлагыг төрүүлье, уриалъя гэсэн үзэл бодлоор сайн дурын буяны үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, “Бодь зул” ТББ-тай хамтарч орон гэргүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн эмзэг давхаргын айл өрхүүдэд 7 хоногийн нэг өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Өвдсөн хүмүүст эм тан өгч, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хувцас хоол хүнс хандивлах гэх мэт олон талт үйл ажиллагаагаар биет болон биет бус дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол хийдэг.

-Оточ Манрамба Их Сургуульд сурсанаар, уламжлалт анагаах ухаанд суралцсанаар юуг олж авсан бэ?

-Би Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар өөрийн болон бусдын өвчин зовлонг анагаах маш олон увдис, шүнд суралцаж уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй болсон. Мөн сургууль маань бидэнд ертөнцийг үзэх үзэл, амьдралын үзэл баримтлалыг тогтоож, сэтгэл оюунаа удирдан чиглүүлэх гээд маш олон үнэт зүйлийг өгч чаддаг. Мөн багш нараасаа, ялангуяа хамба лам Д.Нацагдорж багшаасаа хичээл шамдал, тэвчээр, хатуужлыг суралцаж, өөртөө суулгаж авч чадсан.

-Уламжлалт анагаах ухааны ирээдүйг та хэрхэн харж байна?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дорно дахины анагаах ухааны үр дүнтэй байдлыг хүлээн зөвшөөрчихсөн. Өнөөдөр уламжлалт анагаах ухаанаар дөнгөж төрсөн нярайгаас авахуулаад 80 настай буурлууд ирж эмчлүүлж байна. Уламжлалт анагаах ухаан бүхэл бүтэн гэр бүлийн эрүүл мэндийн хэрэгцээг цогцоор нь нэг дор хангаж чадаж байна. Ийм минимал, эрүүл, гаж нөлөөгүй, байгалийн анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж чадна. Уламжлалт анагаах ухааны хөгжил нь аль хэдийн эрчээ авчихсан, ирээдүйд анагаах ухааны салбарт манлайлах болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудад хандаж юу хэлэх вэ?

-Би Оточ Манрамба Их Сургуулийг 2009 онд төгссөн. Манай сургуулийн сургалтын хөтөлбөрт суралцахын сайхан талыг ч, хэцүү бэрхшээлтэй талыг өөрөө суралцаж даван туулсан учир сайн мэднэ. Уламжлалт анагаах ухаанд уламжлалт ёс жаягийн дагуу, сургалтын өвөрмөц аргаар заалгаж  суралцсандаа маш их бахархах сэтгэл төрдөг. Тиймээс уламжлалт анагаах ухааны нэр хүндийг авч явах, түүнийгээ хамгаалах, хүмүүст зөвөөр ойлгуулах, таниулах нь чухал үүрэгтэй гэдгээ алхам тутамдаа мэдэрдэг. Тиймээс та бүхэн минь хичээл номоо сайн үзээд өөрсдийн мэдлэг боловсролыг цаг ямагт тэлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэдээллээс хоцрохгүй маш их хичээж суралцаарай. Бид мэргэжлийнхээ дагуу маш гоё мэдээллийг авч, их юм сурч байгаа. Мөн хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь дэлхийн хэмжээний эмч мэргэжилтэн болох боломжийг бүрдүүлнэ. Би Оточ Манрамба Их Сургуулийн оюутан, төгсөгчдөөр үргэлж бахархаж явдаг. Манай сургуулийн төгсөгчид мэргэжлийн өндөр ур чадвартайн дээр бусдын тусад гэсэн хүнлэг сэтгэлтэй, ёсзүйтэй эмч нар болж төлөвшсөн байдаг. Та бүхэндээ амжилт ерөөе.

 

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *