Ч.Дэлгэрмаа: Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмааг урьж таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх, турахын тулд юуг анхаарах ёстой талаар ярилцлаа.

-Эрүүлээр турах гэдэг зүйлийг ярихаас өмнө таргалалт нь ямар шалтгаантай байна вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлэе?
-Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. Таргалалт гэдэг ойлголт нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг. Долоон тамир буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал /улаан, цагаан дусал байх бөгөөд улаан нь сарын тэмдэг, цагаан нь үрийн шингэн/, мөн гурван хир болох өтгөн, шингэн, хөлс зэрэг нь хэвийн ялгарч байх ёстой. Хэвийн хэмжээнээс арвидах, эсвэл дутуудсанаар бодисын солилцооны алдагдалд орж, таргалалт, өөр олон өвчин үүснэ. Долоон тамир дундаас өөх арвидсанаар харвин, өөх ихсэж таргалах шалтгаан болно. Ер нь дотор өвчин бүхний шалтгаан нь эс шингэх юм. Тиймээс таргалалтын гол шалтгаан нь хоол тэжээлийн буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил, сэтгэлзүйн тавгүй идэвхигүй байдал хорт зуршил зэрэг юм. Түүхий ногоо, шүүслэг жимс, амтлаг хоол хүнс, чихэр шоколад, амттанууд, кофе, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, зайр-маг зэрэг ходоодны галын илчийг дардаг хүнд чанартай хоол хүнсийг их хэрэглэх нь таргалалт үүсгэх гол нөхцөл болно. Тиймээс эдгээр хүнснээс аль болох татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.
-Турах сонирхолтой хүмүүс юун түрүүнд ус ихээр уудаг, хоолоо сойдог. Турахын тулд юунаас эхлэх вэ?
-Сүүлийн үед хүн бүр л турах хүсэлтэй болсон. Тарган байх нь муу, туранхай байх нь сайн гэсэн ойлголт тэднийг турах хүсэлд автуулж байна. Зарим хүний турах хүсэл нь даамжирсаар “Анорексия” буюу эцэс төгсгөлгүй турах хүсэлд донтох сэтгэцийн эмгэг болж байгаа нь хамгийн аюултай. 16-76 насны дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хөнгөн хэлбэрийн анорексиятай байдаг гэсэн судалгаа бий л дээ. Таргалалттай хүмүүс юун түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Эмчид хандаж таргалалт нь ямар шалтгаан нөхцөлтэй байгааг хамгийн түрүүнд оношлуулах нь чухал. Та үнэхээр турах шаардлагатай юу, танд илүүдэл жин байгаа юу, ямар шалтгааны улмаас таргалаад байна, таргалалтанд чинь юу нөлөөлөөд байна гэдгийг юун түрүүнд ойлгож мэдэх хэрэгтэй. Наад зах нь та өглөө босох цагтаа босож, унтах ёстой цагтаа унтаж амарч чадаж байна уу, дасгал хөдөлгөөн хийж байна уу, амьдралын хэвшил чинь эрүүл, зөв байж чадаж байна уу гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Түүний дараа эмчийн заавар зөвлөгөөгөөр ямар нэгэн алхам хийж, арга хэмжээ авах нь чухал. Тэгэхгүйгээр шууд хэн нэгэн мэргэжлийн бус хүний зөвлөгөөгөөр эсвэл өөрөө дур мэдэн их хэмжээгээр ус уух, эм хэрэглэх, хүнд ачаалал өгөх дасгал хийх зэрэг нь эргээд эрсдэл дагуулах уршигтай юм. Турах хүсэлтэй хүмүүс ер нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй, санаа зовомтгой, яаж турах вэ гэсэн дарамттай байдаг. Сэтгэл эрүүл байж бие эрүүл байна шүү дээ. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч, шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрэв тухайн таргалалттай хүн өвчлөлийн улмаас хоёрдогчоор таргалж байгаа бол дэглэм бариад, ус, эм уугаад ямар ч нэмэргүй, харин ч өвчлөлийг улам хүндрүүлэх аюултай. Тиймээс таргалалттай хүмүүс эмчид хандах нь маш чухал.
-Ямар өвчлөлтэй хүн таргалах магадлалтай вэ?
-Дотор өвчин бүхний шалтгаан нь эс шингэх гэсэн шүү дээ. Ходоодны шингээлт муудсанаас шалтгаалж таргалалт үүсч болно. Таргалаад байна гэсэн чинь хаван байж болох талтай. Цайвар хаван, усан хаван, суваг хаван гээд олон төрлийн хаван байдаг. Дээрээс нь зүрхнээс болсон, бөөрнөөс болсон хаван гээд дотроо олон янз. Тиймээс хаван байж магадгүй гээд хаван хөөх эм уух нь бас л эрсдэлтэй. Тиймээс эмчид хандах нь үр дүнтэй. Мөн бөөр, зүрх, дотоод шүүрлийн зарим эмгэгүүдийн үед таргалдаг. Бамбай булчирхайн эмгэгтэй бол таргалах шинж тэмдэг илэрнэ.
-Ус уугаад л байвал турчих юм шиг боддог хүмүүс байна шүү дээ. Олон нийтийн сүлжээнд үүнийг зөвлөх нь ч их байна. Их хэмжээгээр ус уух, өглөө өлөн дээрээ хоносон ус уух зэрэг нь тураах эмчилгээ болж чадах уу?
-Турах дэглэм, арга олон нийтийн сүлжээнд маш их байна. Тухайн хүний бие организмд нийцэж үр дүнтэй байсан дэглэм бусад хүмүүст ижилхэн үйлчилнэ гэсэн үг биш. Хүн бүр харилцан адилгүй шүү дээ. Турмаар байвал усыг их хэмжээгээр уу, өлөн элгэн дээрээ ус уу гэх зэргээр маш их зөвлөсөн байгаа харагддаг. Гэтэл энэ нь нэг талаараа маш буруу ойлголт. Гэхдээ ус ууж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Биеийн шингэний хэмжээг зохистой байлгахад ус чухал боловч хэтрүүлэн хэрэглэх, буруу хэрэглэх нь олон сөрөг үр дагавартай. Ус их уух нь бөөрний үйл ажиллагааг гэмтээх, зүрхний ачааллыг ихэсгэх, ходоодны галын илчийг дарах, хямраах, шээс ихээр ялгарах, тархи хавдах зэрэг олон эрсэдлийг үүсгэдэг. Таргалалтыг бадган хүйтэн өвчин гэж үзэж болно. Бадганыг тэнцвэржүүлэхийн тулд буцалсан халуун ус уух хэрэгтэй. Хүйтэн ус бадганыг дарах чадалгүй учраас хүйтэн ус уух нь тохиромжгүй. Хүмүүс буцалсан ус аягандаа хөргөж тавьчихаад хонуулаад уудаг, бүр өлөн элгэн дээрээ уудаг. Гэтэл хоносон ус нь уламжлалт анагаах ухааны онол ёсоор хорын мөн чанартай бөгөөд өлөн элгэн дээрээ ууснаар ходоодны галын илчийг дарангуйлдаг. Тиймээс турах сонирхолтой хүмүүс хүйтэн ус уух биш буцалсан халуун бүлээн усыг уух хэрэгтэй. Ширгээсэн ус уувал бүр сайн. Зөгийн бал нь бадганыг тэгшитгэдэг учраас зөгийн балтай ус ууж болно. Мөн усныхаа хэмжээг тохируулах нь чухал. Ус уух сайн гээд өдөрт 2, 3 литр ус уух нь буруу. Хүн бүрийн ходоодны хэмжээ, биеийн байдал харилцан адилгүй учраас өөрт тохирсон хэмжээгээр уух хэрэгтэй. Мөн турахыг хүсэж буй хүмүүс хоол идэхийнхээ өмнө шингэн зүйл ууж байвал жин хасагдах давуу талтай байдаг.
-Янз бүрийн тураах эм, бэлдмэл, хоолны дуршил бууруулах эм хэрэглэж байгаа нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Таргалалт бол нэг төрлийн эмгэг гэж хэлсэн шүү дээ. Тиймээс таргалалттай хүний ходоодны шингээлт муу байх нь тодорхой. Тийм байхад хичнээн тураах эм, бэлдмэл уугаад шингээж чадахгүй. Ходоодны галын илч сайн байж хоол хүнс, эмийг шингээнэ. Тиймээс хамгийн түрүүнд ходоодны шингээлтийг сайжруулах хэ-рэгтэй. Бид эмчилгээндээ энэ зарчмыг баримталдаг. Ходоод-ны шингээлт муутай хүн мянган сайн эм уугаад ч нэмэр болохгүй. Үе мөчний өвчтэй хүн ходоодны шингээлт муутай байвал эхлээд ходоодны шин-гээлтийг сайжруулах эм-чилгээ хийгээд, дараа нь үе мөчний эм өгвөл үр дүн гарна. Тураах эм, бэлдмэл ходоод, бөөрөнд нь сөргөөр нөлөөлж хавагнасан, нойргүйдэлд орсон хүмүүс манай эмнэлэгт хандаж байна. Тураах эм уухынхаа хажуугаар давхар хоол сойдог, хоолны дуршил бууруулах эм ууж байгаа нь бие организмд сөргөөр нөлөөлж, биеийн та-мир тэнхээг муутгаж, олон төрлийн өвчлөлийг давхар үүс-гэж байна. Тураах эм, хоолны дуршил бууруулах эм уугаад зүрх нь дэлсэх, даралт унах, ихсэх, толгой эргэх шинж тэмдэг илрээд, таталт өгсөн хүмүүс хүртэл байдаг. Тиймээс дур мэдэн тураах эм, бэлдмэл уухаасаа өмнө мэргэжлийн эмчид хандаж, эмчлүүлэх нь хамгийн зөв алхам шүү гэдгийг хэлж анхааруулмаар байна.
-Монголчуудын хувьд эрүүл хооллолт гэдгийг хэрхэн ойлгох ёстой вэ. Америк, эсвэл Япон, Солонгосчуудын эрүүл хооллолтын тухай ойлголт манай Мон-голчуудад тохирохгүй гэж сонсож байсан. Учир нь улс үндэстнүүдийн уур амьсгал, хүний биеийн онцлог, идэж ууж хэвшсэн зүйл нь өөр шүү дээ?
-Мэдээж уур амьсгал, өсөж төрсөн орчин, идэж ууж хэвшсэн хоол хүнс хүнд хамгийн их нөлөөтэй. Япон, Солонгосчууд хоолондоо будаа, гахай, тахианы махыг түлхүү хэрэглэдэг бол Монголчууд бэлчээрийн малын мах, цагаан идээгээ өргөн хэрэглэдэг. Эрт үеэс Монголчууд жилийн дөрвөн улиралдаа тохируулж хоол хүнсээ хэрэглэдэг байсан. Өвлийн улиралд адууны мах, хавар, намартаа үхэр, хонины мах, зуны улиралд цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг гэх мэтчилэн Монголчуудын эрүүл хооллолт бидний уламжлал, хэв маягт шингэсэн байдаг. Одоо үүнийг үгүйсгэж байгаа нь зөв хооллолтыг алдагдуулж, олон төрлийн өвчний эх үүсвэрийг тавьж байна.
-Турахыг хүссэн хүмүүс юун түрүүнд эмчид хандах хэрэгтэйг маш сайн ойлгосон байх. Тэгвэл таргалалтаас сэр-гийлэхийн тулд юуг анхаарах вэ?
-Зөв хооллолттой, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, амьдралын зөв хэвшилтэй байвал таргалалт төдийгүй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Дээр хэлсэнчлэн зөв хооллолт гээд ногоо, жимс идээд, эсвэл Монголчууд мах иддэг ард түмэн гээд өдрийн гурав хооллохдоо гурвууланд нь мах идээд байж болохгүй. Уламжлалт анагаах ухаанд улиралтай зохицуулан хооллох талаар заасан байдаг. Мөн 108 сунаж мөргөхийг дадал хэвшил болгох хэрэгтэй. Тухайн хүн өөрийн бие оргинизмдаа тохируулан, өөрийгөө хэт яд-раахгүйгээр 7, 21, 54, 108 –аар бага багаар дасгаж, тоогоо ахиулан мөргөдөг. Яваандаа хүний бодисын солилцоо сайжирч, бие хөнгөрч илүү эрч хүчтэй болоод ирэхэд 108 төвөггүй сунаж мөргөдөг болдог. Мөргөл нь нэг талаас бие, хэл, сэтгэлээр буян хураах шашны үйл, нөгөө талаар маш сайн дасгал хөдөлгөөн юм. Мөргөх үед хийн гүйдэл тэгширч, сэтгэл болон оюун санааг тайвшруулан, бодисын солилцоо, цусан хангамж сай-жирч, ходоодны галын илч нэмэгддэг. Ходоодны галын илч нэмэгдэж байгаа учир цаашлаад хоолны шингээлт сайжирч, хаван буурч, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлж чадна. Мөн хэвлийн өөх багасч, булчингийн масс ихсэх, арьс чангарч, бие галбиржих, залуужиж эрч хүчтэй болох зэрэг давуу талыг нь дурдаад барахгүй. Идэвхитэй хөдөлгөөн нь холестрин бууруулж, цусан хангамжийг сайжруулж, судасны хатуурал болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, даралтыг тогтворжуулж, гар хөл даарах зэрэг зовиурыг арилгадаг. Аливаа асуудалд эерэгээр хандаж, бухимдлаас гарч сурах нь эрүүл байх, турахын үндэс байж ч болох юм. Хүмүүс бухимдал стрессээс болж нойргүйдэж, сэтгэлзүйн хувьд гутранги болдог. Сэтгэлзүйгээ удирдаж сурах нь бүхий л өвч-нөөс сэргийлэх нөхцөл болно. Зарим хүн өөрийн ховдог сэтгэлээ дарж чадахгүйгээс болоод цадчихсан мөртлөө идээд байдаг. Энэ нь бас л ходоодны үйл ажиллагаа, бие махбодид сөргөөр нөлөөлж, өвчлөлийг үүсгэнэ. Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг, амьдралын зөв дадлыг өөртөө хэвшүүлэх, эрт босч, эрт унтаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эмчийн заавар зөвөлгөөгөөр өөрт хэрэгтэй хоол хүнсийг тохируулан идэж, стресс бухимдлаа тухай бүрт нь тайлж, сэтгэлээ хянаж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Уламжлалт анагаах ухаан сонин 2019 он №03 /57/

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *