Уламжлалт эм уух үед барих гам

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагд-сан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд буцалгана. Буцалгахдаа нийт усны 2/3-ийг ширгээж үлдсэн 1/3-ийн шүүсийг өвчний махбодоос хамааран бүлээнээр нь, эсвэл хөргөж ууна.
Шүүсийг уусны дараа тангийн шаарыг цэвэрхэн газар өргөдөг. Учир нь уламжлалт эмүүдийг тусгай эмийн аравнай өргөж адислан эмийн хүчийг нэмж, ариусгадаг. Мөн эмийн цаасыг Оточ Манла бурханы олбог хэмээн үздэг тул энд тэнд хаяхыг цээрлэн галд өргөдөг.
Эм уухдаа Манла бурхандаа залбирч “Дадята ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самүд гадэ суха” гэсэн тарнийг аль болох олон уншиж өөрийн өвчин, ад бүгд үтэр түргэн амирлана гэсэн итгэлээр хүртвэл зохилтой.
Эмийг өглөө, өдөр, орой, унтахын өмнө, идээний хойно, өмнө, завсар зэрэг цагийг тохируулан өгдөг. Энэ нь тухайн хүний биеийн онцлог, ходоодны галын илч, өвчний махбод, явц зэрэгтэй уялдуулж байгаа учир эмчийн зааврын дагуу тухайн цагт нь эмийг хэрэглэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлнө.
Мөн уламжлалт эмийг ууж байх үед цаг бүхэнд идээний хэмжээг тохируулан идэх нь чухал. Ер нь хөнгөн чанартай хоол хүнсийг цадтал, хүнд чанартай хоол хүнсийг хагас цадах төдий идэх хэрэгтэй. Хэрэв идээний хэмжээг багадуулвал биеийн хүч, өнгө аривдахгүй хий өвчин үүснэ. Харин хэмжээнээс хэтрүүлэн идвэл эс шингэж, бадган салс үүснэ. Ингэснээр ходоодны гал тэгшитгэгч хийн гүйдэл хаагдаж, ходоодны илч доройтно.

Эм тан уухад хориглох зүйлс:
• Загас
• Өндөг
• Түүхий жимс, ногоо
• Иссэн, гашилсан идээ
• Лаазалсан бүтээгдэхүүн /даршилсан ногоо, компот/
• Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /хиам, бургер, түргэн хоол/
• Тараг
• Айраг
• Архи
• Шарсан, хуурсан, халуун ногоотой хоол
• Хүнд хүчир ажил хийх
• Даарах
• Хүйтэн усанд орохыг хориглоно.
Эдгээр хоол хүнс нь ходоодны галын илчийг багасгаж, ууж буй эмийн чадлыг бууруулдаг тул аль болох хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Тан ууж дууссанаас хойш 7-15 хоног гам дэглэмийг үргэлжлүүлэн сахина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *