2019.03.05
Сайн байна уу та
Засгийн газрын мэдээ сонины 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Пүрэв гарагийн “Хүмүүс” буланд таны тухай сурвалжлагыг уншиж сонирхоод танд энэхүү захидлыг бичиж сууна. Энэхүү нийтлэлийг олж уншсандаа би баяртай байна. захидлынхаа өмнө хаанахын хэн гэгч хүн юун захидал бичив гэж сонирхож магад. Намайг Мөнөбазар гэдэг /1957/ төвийн тогтмол хэвлэл захиалан уншдаг. Шүлэг найраг бичиж нийтлэх ажил хийж байсан, Цэргийн улс төр судлаачийн мэргэжилтэй зэвсэгт хүчний Армийн бэлтгэл ахмад /одоо өндөр настны тэтгэвэртэй/
Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчүүд болон ээжүүдийн баярын мэндийг хүргэе. Тиймээ таны хэлсэнчлэн хүн тэтгэвэрт гарангуутаа нийгэмд үнэ цэнэгүй болох ёсгүй гэсэн энэ өгүүлбэртэй санал нэг байна. Нас хөгшин боллоо тэтгэвэрт гарчихлаа гэж өөртөө чөлөө өгөлгүйгээр сурахын төлөө, мэдэхийн төлөө, бүтээхийн төлөө идэвхтэй хөдөлмөрлөж, ажил хэрэгч үйл бүтээж үр хүүхдүүдээ, ач зээ нараа, ахан дүүсээ, Монголынхоо ард түмэн, ахмад буурлуудыгаа манлайлан сурч хөдөлмөрлөж яваад чинь үе тэнгийн настны хувьд талархаж байна.
Өөдрөг сайхан зөв сэтгэл өвөрлөж, зорилготой мөрөөдөлтэй явахад Бурхан багш өвчин хэлэх ч зав өгдөггүй, харин ч аз жаргалтай явах эрх чөлөөг хангалттай хайрладаг юм билээ. Таны ингэж өтөл насандаа сурч боловсорч хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл зорилго бол өвөг дээдсийн маань уламжлалт сайхан ёс заншил төрүүлсэн эцэг эхийн олгож өгсөн ухаан, тэгш суурь хүмүүжлийн ач тус ийнхүү өгөөж буянаа өгчээ гэж өчүүхэн би бодном. Монгол түмний минь мянга мянган сайхан сэтгэлт эхчүүд, тулгат гэрийнхээ голомтыг сахигч эрийн сайн хань, үр хүүхэд, ач зээ нар тань шиг сурч боловсорч хөдөлмөрлөөсэй гэж хүсмээр байна. Таны сурч боловсрох хийж бүтээх нас оройтоогүй байна. Харин ч амьдралын хатуу хөтүүг туулж асар их туршлага хуримтлуулж, ухаан суусан энэхэн насандаа ард түмнийхээ эрүүл энхийн үйлсэд алтан гараа сунгаж яваа үйлс хэмээн бодохоор Та минь:
Сурах хөдөлмөрлөх дүүрэн мөрөөдөлтэй
Сурсан эрдмээрээ ард түмэндээ гайхагдаж
Асарч сувилах ач буяныг эзэмшиж
Алдар цуугаа мандуулж яваарай!
Өгөөмөр сайхан сэтгэл чинь буян болж дэвжиг
Өөдрөг сайхан үзэл бодол чинь жаргал болон дэлгэрэх болтугай
Танд болон танай гэр бүл үр хүүхэд, ач зээ нарт чинь аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Талархал илгээгч Бэсүдмаань овогтой өндөр настан Я.Мөнөбазар