Н.Баттогтох: 20 гаран жил Манба Дацан эмнэлгээс тан залж, өвчнөөс урьдчилан сэргийлж ирлээ

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр 1999 оноос хойш үйлчлүүлж буй Н.Баттогтох гуайтай ярилцлаа. Н.Баттогтох гуай 84 насыг зооглож байгаа бөгөөд тэрбээр “одоо надад өвдөх өвчин алга, энэ нь уламжлалт анагаах ухааны ач тус” гэж хэлж байлаа.

-Та анх Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байсан тухайгаа ярихгүй юу. Таны 1999 онд үзүүлж байсан карт одоог хүртэл байдаг юм байна?
-Манба Дацан эмнэлэгт анх 1999 онд ирж эмчлүүлж байлаа. Тухайн үед шөнө нойр хүрэхгүй, амьсгаа давхцаад унтаж чаддаггүй байлаа. Өрнийн анагаахын эмнэлгээр өчнөөн явсан ч намайг тоодоггүй, онош тавьж чаддаггүй байлаа. Ямар азаар Манба Дацанд ирсэн юм, энд ирж үзүүлээд л миний өвчин ор мөргүй эдгэсэн. Түүнээс хойш би 20 гаруй жил Европ эмнэлэгт үзүүлээгүй, Манба Дацан эмнэлгээс л тан залж, өвчнөөс урьдчилан сэргийлж ирлээ. Одоо надад өвдөх өвчин алга. /инээв/
-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд та нэг ч удаа өөр эмнэлэгт үзүүлээгүй гэж үү?
-Тиймээ. Сар болгон урьдчилан сэргийлэх зорилгоор Манба Дацанд үзүүлээд тан уудаг. Сүүлдээ бие данги байхад ойр ойрхон үзүүлээд яахав гээд хоёр гурван сар өнжөөд үзүүлдэг болсон. Саяхан өндөр настны хөнгөлөлтөөр эмнэлэгт үзүүлдэг юм билүү гэж бодсоноо химийн найрлагатай эм бичиж өгөх байх гэж бодоод үзүүлээгүй. Цагаан сараас өмнө Манба Дацандаа үзүүлж тан авч ууя, тамир тэнхээгээ тэтгэе гээд ирж үзүүлж байгаа нь энэ.
-Та уламжлалтын талаар нэлээд ойлголттой болсон байх. Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу тал нь юу вэ?
-Уламжлалт эм, эмчилгээний гол онцлог, давуу тал нь хүнд ямар нэгэн хордлого өгдөггүй, тамир тэнхээг тэтгэдэг. Мөн судас барьж маш гаргууд оношилдог. Тиймээс би хүмүүст зөвлөдөг юм, онош нь тодрохгүй байгаа бол Манба Дацан эмнэлэгт үзүүлж оношоо тодруул гэж. Өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр маш агуу ойлголт ухаантай. Би ер нь ихэнхдээ тан ууж, өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Энэ 20 жилийн хугацаанд тав, зургаан удаа л төөнүүр хийлгэсэн.
-Та энэ олон жил Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлэхэд юу сэтгэлд чинь илүү хүрсэн бэ?
-Манба Дацан эмнэлэг зах зээлийн хуулиар хөгжиж, найман давхар орчин үеийн сайхан эмнэлэгтэй болсон. Анх ирж байхдаа нэг эмч хүүд үзүүлж байсан. Хэн билээ дээ, нэрийг нь мартаж. Одоо Л.Энх-Амгалан эмчдээ үзүүлдэг болсон. Манба Дацан эмнэлгийн эмч нар залуу чадварлаг эмч нар байдаг. Манба Дацан эмнэлэг Оточ Манрамба Их сургуультай. Энэ сургуулийн төгсөгчид нь эмнэлэгтээ ажилладаг учраас аль ч үед ирэхэд эмч нар нь нэгэн жигд чадварлаг байсан. Би хоёр удаа л Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлж байлаа. Бусад үед нь амбулаторийн эмч нартаа үзүүлээд л тангаа авдаг. Хэнд ч үзүүлсэн бүгдээрээ чадвартай сайн эмч нар учраас би заавал Хамбад үзүүлье гэж зүтгэдэггүй. Тангийн хувьд ч чанар нь өөрчлөгдөж байгаагүй. Барилга байгууламж нь сайжирч шинэчлэгдэж, өөрчлөгдсөн ч эмчилгээ үйлчилгээний чанар хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Тиймээс л би байнга Манба Дацан эмнэлэгт үзүүлдэг юм.
-Таны бие эрүүл, сайхан байгаагийн гол нууц нь юу вэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол эмчид хандаж, эрүүл мэнддээ анхаардаг та их хариуцлагатай хүн юм?
-Би хөдөө мал маллаж өссөн. Залхуурахыг ер мэдэхгүй. Ухас гээд босвол чамаас ч хурдан босох байх шүү. /инээв/ Хүн өвдсөн хойноо эмчид хандах биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлдэг байх нь чухал гэж боддог. Үүнийг л амьдралдаа хэрэгжүүлдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа. Та зуу наслаж, зургаадай таяг тулаарай.

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин 2019 он №01 /55/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *