Айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж гуайг “Дугаарын зочин” буландаа урьж, ирж буй жилийн өнгө, сар шинийн мөн чанар хийгээд засал номоо хэрхэн хийлгэх талаар ярилцлаа.
-Улирч буй нохой жилийн үр өгөөж ямар байв. Энэ жилд сургамжтай, анхаарууштай зүйл юу байсан талаар яриагаа эхлэе?
-Өнгөрч байгаа шороон нохой жил сайхан жил боллоо. Монголчуудын хувьд болоод манай байгууллагын хувьд ч олон сайхан зүйлүүдийг хийж бүтээж, олон амьтны тусыг бүтээж, анагаах ухаан, шашныхаа үйлсэд тодорхой сайн үйлсүүдийг хийсэн он жил байлаа. Монголчууд маань өнгөрч байгаа жилдээ буян номоо хийж, зөв сэтгэл, явдал мөрөөр явж байсны үрээр байгаль, цаг уур дэлэгнэсэн сайхан жил болсон.
-Ирж буй гахай жилийн өнгө ямар байна вэ?
-Ирж байгаа шороон гахай жилийг ч мөн сайхан бэлгэ дэмбэрэлээр угтаж авч байна. Ирж буй жил өнгөрч буй жилээсээ илүү тайван амгалан байх болтугай, Монголын ард түмний бодсон санасан сайн ажил үйлс нь сэтгэгчлэн бүтэж байх болтугай хэмээн ерөөл өргөж, шинэ оныг угтаж авахаар бусдын тусад их буян үйлдэхээр хурал номынхоо үйл ажиллагааг базаагаад байж байна. Гахай жил харьцангуй гайгүй жил гэж зурхайн цагалбар, тооцоолон бодох ухаан, түүний үрийг шинждэг судар номуудад бичсэн байна. Энэ жил өөр хоорондоо эв түнжинг эрхэмлэх жил. Эд агуурс элбэг дэлбэг болох нигууртай. Хаврын саруудад салхи шуургатай, зун зарим газруудад ган гачигтайг эс тооцвол нийтээрэй гайгүй. Зундаа жаахан гандуу байх учраас малчид, тариаланчид тарианы шим ургац сайн хураах тал дээр анхаарах хэрэгтэй. Өвөл нь цасархуу байх дүр төрхтэй байна. Ер нь ихэс дээдсүүд ард иргэдийн хувьд үл ойлголцох асуудал гарахгүй, дор бүрнээ эв эеээ хичээгээд, болохгүй зүйлийг засч залруулж, хийж бүтээх зүйлдээ анхаарч, амар амгаланг буй болгох нь чухал. Бүгдээрээ ирж буй жилээ өөдрөг сэтгэлээр угтаж, өөр өөртөө тохирсон засал номоо хийлгээрэй. Мөн энэ жил ямар нэгэн сайн ажил үйлсийг бүтээх зорилго тавиад түүнийхээ төлөө хичээж шамдаад зүтгэвэл жилийн сүүлд таны болоод танай байгууллага, монголчуудын хувьд үр дүнтэй, бүтээлтэй сайхан жил байх болно.
-“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн онцлог нь юу вэ?
-17-р жарны шороон гахай жилийг “Урвуулагч” гэж нэрлэсэн байгаа. Хүн өөрийнхөө бие, сэтгэлийн үйлдлийг зөв чиглүүлж удирдах хэрэгтэй. Буруу тийш нь чиглүүлээд байвал буруу зүйлд урваж хөрвөх нь илүүтэй юм даа. Муу сэтгэл, үйл, үйлээ засахгүй бол бүр муу тийшээ урваж уруудахыг анхаарах жил. Тиймээс муу үйл явдлаа сайн сайханд урвуулах нь чухал. Сэтгэлээ цэх байлгаж, амьдралыг аз жаргалд хүргэдэг нинж асралын сэтгэлээ улам арвижуулах ёстой.
-Энэ жил ямар хүмүүс онцгойлон засал хийлгэх шаардлагатай вэ?
-Энэ жил могой жилтэй хүмүүст Дүнсэр таарч байгаа. 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай туулай жилтнүүдэд Гүймиг таарч байна. Тиймээс Дүнсэр, Гүймигийнхээ заслыг маш сайн хийлгээд, наад зах нь Нанжид, Жанаггагдаг номыг уншуулах хэрэгтэй. 13, 25, 37, 49, 61, 73, 85-ны гэх мэт жил орж байгаа хүмүүс засал номоо сайн хийлгэх нь чухал. Мөн төмөр, шороо, огторгуй суудал дээр суусан хүмүүс тусгай заслуудыг хийлгэх хэрэгтэй. Эдгээрээс гадна Нашдүрсүмийн засал таарч байгаа хүмүүс зурхайн цагалбараас харж байгаад заслаа сайн хийлгээрэй. Ер нь тэгээд гэрийнхээ ноён нуруунд Жанаггагдаг, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Нансаннанжид, Гурван гүрэм, Гүсэнтүгийн мандал зэрэг Бурхадын айлдсан олон сайхан номнуудыг уншуулах нь тустай.
-Сар шинээр л нэг засал хийлгэдэг хүмүүс байдаг. Гэтэл тухайн жилээсээ хамаараад жилийн туршид тодорхой засал номыг хийлгэх ёстойг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх шиг?
-Тухайн хүний өөрийнх нь төрсөн жилийн махбод, ургаж буй жилийн махбодиос шалтгаалаад хувь хүн болгонд өөр өөрийн гэсэн онцлог нөлөөллүүд байдаг. Хүн болгоны хурууны хээ өөр байдагтай адил хүний төрсөн цаг хугацаанаас болоод амьдралынх нь жил болгоны хэмнэл нь өөр байдаг. Энэ нь зурхайгаар тооцооллоор нарийн гардаг. Тэгэхээр энэ болгондоо тохируулаад аль улиралд ямар гэмтэй байх нь уу гэдгийг хараад урьдчилан сэргийлээд засал номоо хийлгээд, хянамгай байх нь чухал. Нэг удаагийн засал хийлгээд сайхан байх нь ч бий. Жилд хэд хэдэн удаа засал хийлгэх хүмүүс ч байна. Тиймээс тухайн жилийнхээ онцлог байдлуудыг харгалзаж байж заслуудаа давтаж хийлгэхээ шийдээд явах нь зүйтэй.
-Шинийн нэгний өглөө мөр гаргахын учир юу вэ. Зарим хүмүүс өрхийн тэргүүн л мөрөө гаргахад болно гэж ярьцгаадаг. Хүн болгон мөр гаргах хэрэгтэй юу?
-Шинийн нэгний өглөө эрт босоод нийтийн ёсыг дагаад, өөрийнхөө амьдралын нэг жилийг даатгаад, бэлгэ дэмбэрэлтэй зүгт нь гараад мөр гаргачихад болохгүй ч юм байхгүй л дээ. Энэ бол мухар сүсэг биш шүү дээ. Мөр гаргах нь хувь хүний амьдралын хэмнэлтэй холбоотой сөрөг үр дагавруудаас урьдчилан хамгаалах тогтсон таалал юм. Тухайн жилийн суудлыг дагаж хүний амьдралд олон сөрөг үр дагаврууд гардаг. Түүнийг засч, муу шалтгаан нөхцлүүдийг арилгаж, барцад саадаа үгүйсгэж, хамгаалж, муу юманд өртөхгүй, сайн юмтай уулзаж учирч байхын ерөөл буянаа бий болгосон арга засал. Эрт дээр үеэс дэлхий ертөнцийн хүмүүс зурхайн ухааныг судалсаар ирсэн. Зурхайн шинжлэх ухааныг авч судлаж чадаагүй улс үндэстэн зөндөө байна. Тэд ийм зүйл хийх ухаан ч алга. Бид энэ ухааныг өвлөж авчихаад, хэрэгжүүлээд явж байсан ард түмэн өнөөдөр үүнийг үгүйсгэх хэрэггүй. Төрөхөд цаг нараа олж төрдөг. Үхэхдээ ч гэсэн цаг нараа олоод л үхдэг шүү дээ. Дүйнхэрийн үүднээс номлосон одон зурхай болон хар зурхайн ухаан нь амьдралын бүхий л явцад хамт байдаг ухаан юм.
-Цагаан сар бол нийт монголчуудын баяр биш, баян хүмүүсийн баяр байсан, 1990 он гарснаас хойш нийтийн баяр болсон гэж ярьж байна. Мөн арван жилийн дараах цагаан сарын баяр ямар болж өөрчлөгдөх бол гэж ярьцгааж байна. Цагаан сарын баярыг ер нь өөрчлөх хэрэгтэй юу?
-Сүүлийн үед ямар ч номгүй, амьдралын ухаангүй, гадагш дотогш яваад гадаадын хагас дутуу хэлтэй болчихсон, оюун санааны хагас ялзралд орчихсон хүмүүс л олон юм яриад байх шиг. Хэдэн мянган жилийн турш энэ зан үйл үргэлжилсэн. Үүнийг өнөөдөр хэн юу гэж ярьсан ч байдгаараа байж л байна. Ард түмний зан үйл, соёлд шингэсэн зүйл хамгийн хүчтэй байдаг юм. Бидний соёл, зан заншил, итгэл, сүжиг, зүрх сэтгэлд үлдчихсэн юмыг өнөөдөр амныхаа зоргоор ярьдаг хүмүүс өөрчилчихдөг юм биш. Ард түмний соёл, зан заншилд тогтсон, таалал болтлоо уламжлагдсан цагаан сарын золголтын мөн чанар, зан үйлийг өөрчлөх гэж 100 жил хашгираад ч тэд чадахгүй биз ээ. 1990 оноос хойш цагаан сарын баярыг тэмдэглэхийн зэрэгцээ мухар сүжигээр байгалийг бохирдуулдаг буруу зан үйлийг үйлдэх болсон. Түүнийгээ харин засч залруулах хэрэгтэй.
-Шинийн нэгний анхны нар харна гээд уул овоондоо гарч идээ будаа өргөдөг. Та байгалиа бохирдуулдаг гэж үүнийг хэлж байна уу?
-Тиймээ, уул овоонд болсон болоогүй юм өргөх хэрэггүй. Хувь хүн болгон идээний дээж өргөснөөрөө лусыг баясуулахгүй. Лус савдгийг эглүүд тахиж чадахгүй. Лус савдгийг тахиж баясуулах нь чадвартай лам хуврагуудын мэргэжлийн түвшинд хийдэг номын зан үйл юм. Лус савдгийг баясуулан тахихдаа олон түмэнд хорлол хөнөөлөө үзүүлэхгүй байх ном судрыг заавар горим журмынх нь дагуу бэлтгэлийг сайтар хангаж, бодол бясалгал, уншлага тарнийг ёсчлон үйлдэж, балин тахилыг өргөдөг ном журамтай. Түүнээс биш зүгээр нэг идээ ундааны дээж өргөж цацсанаараа лус савдгийг баясуулна гэж байхгүй. Харин ч лус надруу юу цацаад байна аа гээд уур нь хүрч, догширч, эргээд хүмүүсийг хорлохоос гадна ойр орчимдоо олон гэм хорлол үүсгэх талтай. Уул овоонд гараад юу дуртайгаа өргөөд цацаад байх л юм бол гоё болно гэж сэтгэлээ хуураад хэрэггүй. Уул овоон дээр гараад сэржим өргөж байна хэмээн архи цацах нь харин ч танд гай чирнэ. Лус уурлаад хашгираад цурхираад дайрахад таныг битгий хэл удам угсааг чинь хорлоно. Тиймээс үүнээс болгоомжилж явах хэрэгтэй. Энэ бол номын үнэн үг шүү. Та нар тийм л ууланд гарах дуртай юм бол овоонд чулуу өргө. Овоо гэдэг нь “Бумдо” буюу “100 мянган чулуу” гэсэн үг. Тиймээс хоёр гурван чулуу нэмээд “Ум аа хум” гэдэг тарни, өөрийнхөө мэддэг тарнийг уншаад “Лус савдаг минь амар амгалантай байгаарай, бид эн тэнцүү хэн хэндээ хорлол хүргэхгүй явъя даа, миний уншиж байгаа дээдийн номоор төрөл чинь сайжрах болтугай” гээд ерөөгөөд явах ёстой. Бурхан “Лус савдгийг ашдын авралд битгий бариарай” гэж айлдсан юм. Яагаад гэвэл лус биднээс доод төрөлхүйтэн шүү дээ. Хавдараар маш олон хүн нас барж байна. Лустай холбогдоод хавдараар нас барж байгаа нь олон байна. Савдагийн хорлолууд байна. Савдагууд хүртэл хүний цул сав эрхтэнийг хорлохоор өөрсөддөө харъяалчихсан байдаг. Энэ талаар дээдийн номонд дүр зураг, нэр устай нь бичээд, хэрхэн хамгаалах талаар засал номыг нь хүртэл заагаад өгчихсөн. Хувь хүн тарни номтой, сахиус зүүдэг байх хэрэгтэй. Энэ л таныг хамгаална. Хүмүүс нарыг их шүтээд байдаг, гэтэл сөрөг үр дагаврууд ч гардаг.
-Битүүний орой сүм хийдүүд Цэдорлхамаа тахидаг. Шөнөжингөө хураад үүрээр гадаалдаг энэ хурлыг сүсэгтэн олон даган баясах нь ямар тус эрдэмтэй вэ?
-Лхам бурхан битүүний оройноос шинийн нэгний хугацаанд 3000 ертөнцийг эргэж, амьтдын зовлон жаргалыг болгоож адис жинлаваа хайрладаг. Бурханы шашин, тэр тусмаа их хөлгөний шарын шашинд Лхам бурханыг тахидаг уламжлалтай. Цэдорлхамын хурал нь тусгай уншлага номтой хурал юм. Битүүний шөнө Лхам бурханыг тахихын өмнө Ламын чодва, Жигжид, Гомбо, Очирваань, Лхам гээд Ядам хандо, Чойжинсрүнма нарыг баясуулан тахихын зэрэгцээ Лхам сахиусандаа бусад олон түмнийг болон зургаан зүйлийн хамаг амьтныг даатгадаг. Энэхүү хурал номд хүмүүс даган баясах, хурлыг хуруулах, эргэл мөргөл хийх нь тухайн жилээ даатгахаас гадна цаглашгүй их буянтай юм. Энэ бол их том хэмжээний даатгал, томоохон буян, жилдээ нэг удаа хурдаг тусгай хурал юм.
-Ярилцсанд баярлалаа. Та Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2019 он №01 (55)