АРВАН ХАНГАЛ САХИУС

АРВАН ХАНГАЛ

Бурхадыг амирлангуй, догшин гэж хоёр хуваадаг. Амирлангуй бурхадын өлмий нь аливаа нүгэл, бузаргүй ариуссан тул бадамлянхуа цэцгийн хучлагатай байдаг. Догшин бурхадын омог хилэн бадарсан нүүр нь энэ хорвоо ертөнцийн хуурамч самуунд илт дургүйцэн, эдийг эрхэмлэх сувьдаг сэтгэл, нүглийг даран наманчлах эрмэлзлэлийн шууд илэрхийлэл байдаг.

Арван хангал бурхад нь шашныг хамгаалагч догшин бурхад бөгөөд нэг эм бурхан багтдаг. Хангал бурхадын тэргүүнд нь буй титэмд 5 гавлын яс байдаг бөгөөд энэ нь хүний 5 муу хор (Уурын мунхаг, Шунал, Атаа жөтөө, Муу санаа, Хүсэл тачаал)-ыг илэрхийлж байдаг.

Арван хангал бурхдад Очирваань, Жамсран, Жигжид, Гомбо, Лхам, Шалш, Намсрай, Чойжоо, Гонгор, Цамба эдгээр сахиусууд ордог бөгөөд Очирваань, Жигжид бурхадыг Ядам бурхан гэдэг. Харин бусад найман бурхадыг Чойжин буюу номыг тэтгэгч сахиусууд хэмээнэ. Ядам бурхадуудын зарлигийг Чойжин сахиусууд гүйцэтгэдэг гэж ойлгож болно.

  1. Очирваань

Очирваань гэдэг нь монголоор “Мутартаан очирт” гэсэн үг. Очирваань нь амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, 3 мэлмийтэй, баруун мутартаа 5 үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутраа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмссөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар оршино.

  1. Жамсран

Монголоор Улаан сахиус гэж алдаршсан. Жамсран бурхны дөрвөн соёо нь ярзайж, гурван мэлмий нь улаанаар эргэлдэн хөмсөгнөөс нь оч бадран хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн байдаг. Баруун мутартаа зэс илд огторгуйд далайж байдаг нь тангараг доройтсон амийг таслахыг бэлгэдэж, зүүн мутартаа нум сум өлгөж дайсан тотгор бологчийн уушиг зүрхийг барьсан, амаа нээж шүд соёг сэрийлгэн, адууны үхдэл дээр гишгэн баруун хөлөөрөө хүмүүний үхдэл дээр гишгэн заларна. Жамсран бурхан нь Богд хаан болон Далай ламын хамгаалагч бурхан билээ. Богд хааны зарилигаар 1911 оны Буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран бурхныг цэргийн яамны шүтээн болгон залсан байна. Энэ сахиус нь бурхны шашны Чойжин сахиуснууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр гартаа илд нум сум зэрэг зэр зэвсэг агсан биедээ хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “цэргийн баатар жанжин”-ны дүртэй, эрт цагаас Монголын богд ихэс дээдсүүдийн шүтээн болж байсан учир түүнийг ийнхүү цэргийн яамы шүтээн болгон залжээ.

  1. Жигжид

Ямандаг бурханыг оюун билэгийн бурхан Манзуширын догшин дүр нь гэдэг. Шарын шашинд тахилга үйлдэхдээ эхэнд нь залж тахидаг ёс заншилтай. Хөмсөг сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий эрих хийж өлгөсөн, хар могой, хүний ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр өөрийн дагина Доржсолонма хэмээх цэнхэр өнгөтэй баруун мутартаа гавал барьсан нүцгэн эмийг барьж зогсоно. Арван хангалын дотор хамгийн хүч чадалтай бурхан. 9 тэргүүн, 34 мутар, 16 хөлтэй байдаг.

  1. Гомбо

Махгал бурханыг Монголоор Зургаан мутарт итгэл гэнэ. Гэлүгвагийн шашныг хамгаалагч гол Чойжин бурхан бөгөөд Жанрайсаг бурханы догшин дүр юм. Зургаан мутарт Гомбо нь дөрвөн соёог сэрийлгэсэн, гурван улаан мэлмийтэй, сахал үс нь гал мэт бадарч, баруун мутартаа хүний гавлан эрих, дигүг, дамар барьсан. Зүүн гурван мутартаа гавал, сэрээ, цалам барьсан, хөх могойгоор үсээ зангидсан, барын арьс нөмөрсөн, ходоод нь цүдгэр, улан доороо заан гишгэсэн байдалтай. Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл гүйцэтгэдэг болно.

  1. Лхам

Шашныг хамгаалагч арван хангалд байх цорын ганц эм догшин бурхан. Урлагийн бурхан Янжинлхам бурханы догшин дүрийн бурхан. Төвөдийн ард түмнийг зовоож байсан мангасыг даруулахын тулд Бурхан багшийн бүтээсэн эм бурхан бөгөөд мангасыг дарахын тулд түүнтэй ханилдаг. Тэд хоёр хүү төрүүлсэн бөгөөд нэг хүү нь эцгээ дуурайсан муу хүн болжээ. Балданлхам бурхан тэр хүүгээ идэж хөнөөсний дараа мангасыг дарж устгасан гэдэг. Баруун мутартаа сэрээ далайсан, зүүн мутартаа гавал барьсан, амаа ихэд ангайлгасан, дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун сонороо арслан, зүүн сонороо могойгоор тус тус чимсэн, барын арьсан хормогч өмссөн байдлаар дүрслэгдэнэ. Лхам бурхан нь хонгор халзан луус унаж, их цусан далайг галт хар шуурган дундуур гатлаж буй байдлаар заларчээ.

Лхам бурхан оны эцсийн сарын битүүнд өрх бүрээр айлчлан ирдэг. Мянган бурханыг номоо номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангаргтай Лхамын хөлөг нь нэгэн эгшинд л 3000 ертөнцийг эргэх шидтэй. Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд нь элс асгаж өглөө гэгээ орох үед үзэхэд луусны мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг. Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж замбуу тивийг битүүний шөнө эргэж амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг нь хонгор халзан луусны унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож буян хурааж буй үйл болно. Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар луу харж Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн барцад саад арилж, нас буян нэмэгдэнэ гэж үздэг. Лхам бурханы зүрхэн тарни: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум

  1. Шалши

Догшин дөрвөн тэргүүнтэй, тэргүүн бүр нь улаан, цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам тус бүрээс нь дөрвөн соёо нь харагдсан, хөмсөг сахлаас нь оч бадарсан, тэргүүнийх нь үс дээшээ боссон, тус бүрдээ таван хохимойн толгойн чимэгтэй, хохимойгоор хэлхсэн эрихэн зүүлт хүзүүндээ өлгөсөн, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барын аоьсан хормогч өмсөн, зах хязгааргүй хоосон агаарын дунд хар бараан гурвалжин хүрээн дотор дайсны цусан далайн дунд бадам цэцэгт наран мандалт дэвсгэр дээр хэвтсэн тэрсүүт дээр зогсон заларна.

  1. Намсрай

Хоёр мутартай, баруун мутартаа эрдэнийн жанцан барьсан, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана барьсан. Хэвтэж байгаа арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрдэнийн хур бууж элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн. Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан.

  1. Чойжоо

Монголоор Эрлэг номун хаан гэдэг. Богд Зонховын гол шүтээн бөгөөд Жигжид бурхны зарлигийг биелүүлэгч юм. Лагшингийн өнгө нь хар бараан, гурван ертөнцийг цоо ширтэх чадал бүхий хурц мэлмийтэй. Амаа ихэд ангайн Дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуйларсан, хөмёөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн үхэр тэргүүнтэй, цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуан дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн дүрээр оршино. Чойжоо бурханы гадаад, дотоод, нууц гэсэн гурван дүр бий. Үнэн худлыг шүүдэг тамын хаан бөгөөд толь барьж суугаад хүний сайн муу бүх юмыг харж суудаг. Түүний гаргасан зарлигийг биелүүлэгч зарц нар нь хар өнгийн адгууснууд юм. Арван цагаан буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж өргөл хүндлэл үзүүлдэг уламжлалтай.

  1. Гонгор

Элдэв саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Зургаан мутартай бөгөөд баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гох дэгээг тус тус барьсан байна. Хөл доороо 2 толгойт заан буюу Ганэшя хэмээх эд хөрөнгийн бурхныг гишгэсэн байна.

  1. Цамба

Биеийн зүс саран мэт цагаан, 3 мэлмийтэй, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга барьсан, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршино. Цамба бурханыг шүтсэнээр үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үздэг. Хүмүүст эд баялаг өгдөг бурхан. Баруун гартаа мунхагийг арилгагч сэлэм, зүүн гартаа эрдэнийн зүйлээр дүүрэн таваг барьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *