Г.Одонцэцэг: Боломжоосоо давсан хүслээс болж эмэгтэй хүн зовдог

Эмэгтэй хүн гэж хэн бэ, тэр эр хүйсэнд төрсөн хүмүүсээс аль мөн чанараараа ялгаатай вэ. Бас хүн яах гэж энэ хорвоод ирсэн, хэн байх гэж ирээд хэн болж болох боломжтой вэ. Хүнийг өвчин зовлонд унах шалтгаан нь юу юм бол? Мэдээж, энэ маш өргөн сэдэв. Уламжлалт анагаах ухаан, буддын шашны тэр томоохон савнаас хутган авч тайлбарлая гэвэл сонины хуудас хэчнээнийг зориулахыг үл мэднэ. Тиймээс хүн бүрт өөрийнхөөрөө ойлгож, ухаж судлах боломж олгох үүднээс эдгээр сэдвээр өнгөцхөн яриа өрнүүллээ. “Оточ Манрамба” Их сургуулийн дэд захирал, “Манба Дацан” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй уулзаж, дараах сэдвээр ярилцсанаа толилуулъя.

 

    -Бидний ярилцлага голчлон эмэгтэй хүний талаар өрнөх болов уу. Бид эрдэнэт хүмүүний төрлийг олж төрсөн юм байна. Гэхдээ энэ төрөл дотроо эмэгтэй хүн эрэгтэй хүнээс дор төрөлд багтдаг гэж сонсч байлаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс ямар үйлийн үр, эсвэл ямар учир ерөөлөөр энэ хүйсэнд төрсөн гэж бурханы шашинд үздэг юм бол?

-Бурханы шашинд ч, анагаах ухаанд ч энэ хоёр хүйсэнд дээр, доорын ялгаатай гэсэн ойлголт байдаггүй. Би үүнийг хүний нийгэм дэх зарим хүмүүсийн бурангүй үзэл, хандлага юм болов уу гэж боддог. Харин энэ хоёр хүйсний байдлаас шалтгаалсан сэтгэлгээний өвөрмөц чанар, бие махбодын бүтэц, үйл ажиллагааны хувьд ялгаатай зүйл их байдаг.

Ер нь эмэгтэй, эрэгтэй хоёр хүйс арга, билгийн чанартай. Энэ ертөнц арга, билгийн чанар дээр тогтож байгаа шүү дээ. Хүн гэлтгүй бүхий л амьтан эр, эм төрөл гэсэн арга, билгийн чанартай. Аль алинд нь давуу тал бий, сул тал ч байгаа. Эмэгтэй хүний хамгийн том давуу тал нь эх болдог. Бурханы шашинд “Эх болсон зургаан зүйл” гэдэг шүү дээ. Яагаад тэгж байна вэ гэхээр, олон галчэн галаваар үргэлжилж буй эхлэлгүй, төгсгөлгүй энэ ертөнцийн оршин байх хугацаанд маш олон төрлийг дамжиж төрөхдөө хэн нэгний эх болж үзээгүй сүнс гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, миний эх болж байгаагүй амьтан гэж үгүй юм. Эх хүн гэдэг маш их энэрэл нигүүлсэл, асрангуй сэтгэлийг үнэн мөн чанараар нь ая зөнд нь төрүүлж чаддагаараа давуу талтай. Эмэгтэй хүн үр хүүхэд төрүүлмэгц түүнээс их хайр өөрийн эрхгүй урсан ундарч байдаг. Тэр аугаа их хайрын чанарыг эмэгтэй хүмүүс мэдэрдгээрээ давуу байдаг юм болов уу. Хүн төдийгүй адгуус амьтад хүртэл үр зулзагаа хэрхэн хайрладаг билээ. Тэгэхээр эх байх, эмэгтэй хүн байхын хамгийн том давуу чанар нь аугаа их нигүүлслийг өөрийнхөө сэтгэлийн гүнээс төрүүлж, түүнийг мэдэрч чадаж байгаад оршдог юм болов уу.

 

    -Хэн нэгний эх болж үзээгүй хүн гэж байхгүй гэдэг нь л өөрөө бүхнийг хайрлаж, энэрэх шалтгаан юм уу даа?

-Өнөөдөр миний дайсан болоод надад таагүй хандаад байгаа тэр хүнийг аль нэг төрөлдөө хэн нэгний, магадгүй миний ээж явсан гэж бодох хэрэгтэй. Амьтан болгоныг эх лугаа хайрлах ёстой, тийм мөн чанар байгаа гэж үздэг байх нь. Тэгэхээр ямар ч төрөл зүйлийн амьтанд, ямар ч язгуур угсааны хүнд хэзээ ч устаж үгүй болдоггүй энэрэл, асралын ариун уг чанар бий, тэр чанараараа хэзээ нэгэн цагт намайг энэрэн асарч байсан гэсэн үг юм л даа.

Тиймээс бид эмэгтэй хүн, ээж хүн болсоноороо эхийн сэтгэл гэдгийг бусдад мэдрүүлж байна гэдгээрээ бахархах ёстой.

 

    -Зарим эмэгтэй олон хүүхэдтэй, зарим нь цөөн хүүхэдтэй байдаг. Зарим нь хүү төрүүлж, зарим нь охинтой болдог гэх мэтээр үр хүүхдийн заяа хүнд өөр, өөрөөр ирж байна л даа. Ингэхэд хүүхэд эмэгтэй хүнд яг ямар ерөөлөөр ирдэг юм бол?

-Маш том ерөөлөөр ирдэг. Тэр битгий хэл, огт танихгүй хүнтэй харц тулгараад, дахиж хэзээ ч тааралдахгүйгээр зөрж өнгөрөх тохиолдол байдаг. Гэтэл  тэр хоёр хүн урдын зургаан төрөлдөө дотно явсан байдаг гэж бурханы шашинд үздэг. Тэгэхээр эх, үр болно гэдэг маш их үйлийн үрийн барилдлага байх нь.

Эцэг, эх, үр гэсэн гурван хүний хоорондын буян, нүглийнх нь үйлийн үр яг таг зохицсон байдаг. Хэрэв хүүхэд нь илүү буянтай, эцэг, эх буян тааруу байх юм бол тэр сүнс эхийн хэвлийд ордоггүй гэдэг юм билээ. Эцэг, эх нь маш их буянтай атал тэр орох гэж байгаа сүнс буян муутай байх юм бол тэр эхийн хэвлийд орохгүй.

Хүмүүс хүүхэд нь зовоогоод байвал, “Би урьд насандаа энэ хүүхдэд өртэй болсон юм байна” гэдэг. Тэгж муу талаас нь харах ёсгүй байх. Хүн гэдэг зэндмэнэ эрдэнэ адил төрөл гэж бурханы номонд өгүүлсэн байдаг. Тэгэхээр олон хүүхэд төрүүлсэн эх хүнд  хүн төрлийн үнэхээр их буяны үр нь л ирж гэж ойлгож болох нь.

Ертөнц дээр долоон тэрбум хүн байна гэдэг. Түүнээс агдна адгуус амьтан, бусад төрлийг тоолж барахгүй. Тэр олон, зургаан зүйлийн хамаг амьтны тоотой харьцуулбал хүний төрлийг олно гэдэг өдрийн од мэт цөөн тохиолдол, баяр бахдал.  Тэгэхээр эхдээ хаягдсан хүүхэд хүртэл тэр эхэд гомдох учиргүй, талархаж байх ёстой. Яг ном ёсоор авч үзвэл ийм байдаг.

 

    -Нүгэлт эх гэж байхгүй юм байна тийм үү?

-Харьцангуй ойлголт л доо. Үр хүүхдээ төрүүлээд орхисон эх хүнийг  хүнийг хараагаад байх хэрэг байхгүй. Хараасан, хараагаагүй үрээ хаясан эмэгтэй хүн үнэхээрийн тэсэшгүй зовлонг эдэлнэ. Гэхдээ бас тэр чигтээ нүгэл хийчихээгүй, тэр хүний хийсэн нэг том буян нь үр хүүхэд төрүүлсэн явдал.

 

    -Муу амьдарч байгаа эцэг, эхэд хүүхэд нь болж ирсэн бол хүүхэд эцэг, эхтэйгээ адил тавиланд амьдрах магадлал өндөр гэж ойлгож болох уу. “Хүний удам, судрыг хар” гэдэг ийм учиртай байх нь?

    –Эцэг, эхийн тавиланг давтах магадлалтай. Удам угсаа ярихаар бас төвөгтэй л дөө. Жишээлбэл хүний язгуур угсаа ерөнхийдөө зургаан түвшнийх байдаг гэж үздэг. Хааны төрлийн язгуур гэж бий. Энэ бол маш ховор тохиолдол. Ноёны язгуур, түшмэл, эгэл ард, харц, боол гэх мэт. Энэ түвшин, язгуур хүнд үйлийн үртэй нарийнаас нарийнд холбоотой. Гэхдээ л боолын язгууртай хүн ч байсан ямар ч адгууснаас дээгүүр төрөл гэсэн үг.

 

    -Гэхдээ л гунигтай юм. Тухайн хүн ухамсар, ухаанаараа, үйлээрээ тэр язгуураа дээшлүүлэх боломжтой юу?

-Байлгүй яахав. Хүний хаан язгуурт хүрэх нь битгий хэл, бурханы хутгийг олох боломжтой шүү дээ. Өөрийн хичээл зүтгэл, мэдлэг, чадвараараа язгуур угсаагаа дээшлүүлэх боломж бүх хүнд бий.

 

    -Төрлөө хайгаад ирсэн сүнсийг төрүүлнэ гэдэг асар том буян гэж та ярилаа л даа. Эсрэгээрээ, буцаагаад төөрүүлчихэж байгаа эмэгтэй маш олон бий?

-Энэ үнэхээр том нүгэл. Хүний амийг тасалсны төлөөсөнд өөрийн нас богиносоно. Өвчин ихтэй болно. Дараа төрөлдөө ахиад өөрөө бас хэвлийгээсээ үхэл егүүтгэнэ. Юу хийсэн, түүнийхээ үрийг л амсана шүү дээ. Тэгэхээр үүнээс л зайлсхийх хэрэгтэй. Зайлсхийж болгоомжлох, тийм нүгэл хийсэн бол төдий хэмжээгээр наминчлах хэрэгтэй. Бүр бие, хэл, сэтгэлээрээ бодитой наманчилж, эерэг сайн үйлийг хийх ёстой.

 

     -Зөвхөн эмэгтэй хүнд онцгойлон анхаарах, тэвчих ёстой үйл, гэм зэм гэж байдаг уу. Байдаг бол тэдгээр нь юу вэ?

-Эх хүн, эмэгтэй хүн өөрөө эр нөхөр, үр хүүхдээс авахуулаад бусдыг хайрлаж, энэрч, асрах өгөгдөлтэй төрсөн. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусдыг үр хүүхэд шигээ санаж аливаа нэгэн дутагдал, таагүй үйлдлийг нь уучилж, өршөөдөг байх ёстой.

Бид яг энэ  үүргээс болоод нийгэмд чөлөөтэйгөөр, их зүйлийг бүтээх боломж нь харьцангуй бага байдаг. Нөгөө л нэг үр хүүхэд, эр нөхрийгөө халамжлахад хандсан, ахуйдаа баригдсан хандлага давамгайлаад байдаг тал бий.

 

     -Уламжлалт анагаах ухааны эм тан, эмчилгээний аргаар хүний зан төлвийг өөрчлөх боломжтой юу?

-Эм тангаар өвдөлт, зовиурыг намдаахад өвдөлтөөс болж гаргаж байсан санаа зовнил, уур ундууцал зэргийг арилгаж болно. Харин сэтгэлийн эмгэг өөрчлөлт, буруу зан төлөвийг эм тангийн аргаар бус сэтгэлээ таних, судлах арга ухаан, бодол бясалгалын шаталсан аргуудаар засч өөрчлөх боломжтой. Энэ талаар уламжлалт анагаах ухааны эмч бид өвчтөндөө сэтгэлзүйн зөвлөгөөг давхар өгч явдаг. Яагаад гэхээр өвчний анхдагч шалтгаан гаднаас биш, дотоод сэтгэлийн буруу, муу хувирал байдаг. Хүн юу бодож, сэтгэж байна гэдгээсээ шалтгаалаад өвчинтэй эсвэл эрүүл байх нь хамаарна. Сэтгэл гэдэг агшин төдий ч зогсолтой ажиллаж, тэрхүү хувирал нь агшин бүрд биеийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Хүний сэтгэлийн хувирал ямар байгааг судасны лугшилтын хувиралаар нь мэдэж болдог. “Тэр хүн маш их гутралтай байна, айж цочсон байна. Ямар нэгэн юманд санааширсан байна. Их ууртай, атаа жөтөө ихтэй байна” гэх мэт. “Энэ хүн дотоодоосоо өөрийгөө идэж, илжирч байгаа юм байна” гэдэг ч юм уу.

Уламжлалт анагаах ухааны эмч нар сүүлийн үед өвчтөндөө, “Үүнийг бодох хэрэгтэй, үүнийг болохгүй” гэдгийг нь бараг л хэлж өгч байна шүү дээ. Зарим хүмүүс юу идэж, уух вэ гэдгээ битгий хэл юуг бодох вэ, юуг бодохгүй вэ гэдгээ ч мэдэхгүй байна.

Уг нь юуг идэж, уух вэ гэдэг нь хоёрдогч асуудал шүү дээ. Харин юуг бодох вэ, юуг бодохгүй байх вэ гэдэг нь анхдагч гэсэн үг. Сэтгэлийн тэвчээр, хичээнгүй чанар, өгөөмөр зан, уургүй, шуналгүй, атаагүй, гомдолгүй занг л төлөвшүүлж өгөх юм бол хүний бие эрүүл байна. Хүн дотоодоосоо муу муухай сэтгэлээр бие махбодоо хэмлэж өвчлүүлээд байна л даа. Үүнийг таниад мэдчихвэл бас дотоод зөв, сайн сэтгэлээр бие махбодоо эрүүлжүүлээд, эрүүл байлгаад байж болно гэсэн үг юм.

 

    -Уламжлалт анагаах ухааны ойлголтод байдаг хүний бие дэх хий, шар, бадганын аль нэгийнх нь давамгайллыг эмчилгээгээр тэгшитгэснээр тухайн хүний муу зан чанарыг засах боломжтой байдаг болов уу гэж бодож байлаа? 

-Эм тан, заслын эмчилгээгээр хий, шар, бадганыг тэнцвэржүүлээд байтал, дотоод шалтгаан сэтгэлийн буруу хувиралууд нь байнга л махбодын бэлгэ чанаруудын дүрийг хувиргаж, эмийн хүчийг дарангуйлаад байдаг. Тиймээс эм, заслын эмчилгээний хажуугаар сэтгэлийн хувиралыг хүн өөрөө л ухамсраараа тэгшитгэж байх ёстой юм.  Тэгэхээр уламжлалт анагаах ухааны эмч нар, урьдын маарамбууд ч тэр сэтгэл зүйн эмчилгээг цуг авч явж байсан юм билээ. Би ч мөн адил үйлчлүүлэгчиддээ, “Өдөртөө тэдэн минутаар тэр тарнийг уншаарай, сэтгэлдээ олон жил бодсон тэр зүйлээ одоо орхи, оронд нь тийм бодлыг дадуулж хэвшүүлээрэй” гэх мэтээр зөвлөдөг. Сэтгэлийн зөв зан төлөвийг хэвшүүлнэ гэдэг мэдээж хэцүү. Тэр зүйлээ “Бодохгүй, бодохгүй, бодохгүй” гэж өөртөө сануулж орхисоор байтал нэг мэдэхэд оронд нь өөр сайн зүйлүүдийг бодоод, сэтгэл зүй нь ч дээшлээд байдаг.

Орчин үеийн хүмүүс сэтгэлзүйгээ эерэгээр удирдахын тулд янз бүрийн бясалгалыг сонгож байна.  Гэтэл үүнээсээ болоод сэтгэцийн өөрчлөлтөд орчихсон хүмүүс манай эмнэлэгт ирэх нь ч бий. Өөрөө бясалгалын багш хүн ч ирж байсан. Энэ юунаас болж байна гэхээр, өөрсдөө сэтгэлээ буруу удирдаад, сэтгэлийн гаж эмгэг өөрчлөлтөд ороод өвчилчихсөн байх нь ч бий.

Биеийн өвчнөөс сэтгэлийн өвчинг эмчлэхэд илүү хэцүү байдаг. Эмгэг болоод, галзуу, солиотой болчихсон тохиолдолд түүнийг засахад биеийн өвчнөөс илүү хугацаа, эмчилгээ шаардагддаг.

 

     -Тэгэхээр буруу бясалгана гэж байдаг байх нь?

-Тийм. Яг нэг төрлийн бясалгалд яваад хөөрлийн байдалд орчихсон 5-6 хүн өнгөрсөн намар манай эмнэлэгт дараалан хандсан. Галзуурлын байдалтай орж ирсэн. Сэтгэлийг гүнзгий түвшинд удирдана гэдэг өөрөө маш болгоомжтой хандах ёстой зүйл. Өдөр тутмын сэтгэлзүй гэж зүйл байна. Яг тэр бясалгалын сэтгэл зүй гэдэг бас өөр зүйл. Хүнийг хоолыг нь хориод биеийн бэлэг чанарыг нь хямруулмагцаа огт өөр сэтгэлзүй рүү хөтөлчихөөр  галзуурлын байдалтай болчихож байгаа юм.

 

    -Сэтгэл санаагаа тайван байлгаж болох хамгийн хялбар, үр дүнтэй аргыг эмэгтэйчүүдэд зөвлөөч?

-Уучлах, уужуу л байх хэрэгтэй. Аливаа сөрөг таагүй мэдрэмжийг хүлээж авахдаа түүний дотоод мөн чанар, шүтэн барилдлагаар нь шинжиж бодох нь чухал.  “Би зовж байгаа бол энэ надтай л холбоотой. Тийм учраас би өөрөө үүнээсээ гарах ёстой” гэж бодох хэрэгтэй. Ер нь л тийм шүү дээ. Амьдралд олон бэрхшээл бий. Тэр болгонтой зууралдаад л байвал тэр хэмжээгээрээ л зовно. Хэн нэгэнтэй үүсгэсэн муу харилцаагаа хурдхан л эдгээх хэрэгтэй. Биеийн шархыг тоохгүй яваад байвал идээлээд бугладаг шиг сэтгэлд шарх үүсэх юм бол маш хурдан зөв сэтгэлээр анагааж,  цайруулж, зөв чиг рүү нь урвуулах хэрэгтэй.

 

    -Бүсгүйчүүдийн хамгийн их айж, эмзэглэдэг зүйл нь магадгүй, зүс гундалт, хөгшрөлт хоёр байх. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн жор нь юу вэ?

 

-Хөгшрөлт бол хорвоогийн жам. Нэгдүгээрт, үүнийг ойлгочих хэрэгтэй. 50 настай хүн ямар байдаг вэ гэдгээ мэддэг байх ёстой.

Мэдээж, өөртөө арчаатай явах хэрэгтэй. Сэтгэлээ л эрүүл байлгах нь чухал. Түрүүнд хэлсэнчлэн, сэтгэлээ зөв байлгах юм бол бие нь зөв л байна гэсэн үг. Би бол энэ биеэ “Их сайн зүйл хийх миний гол хэрэгсэл” гэж боддог. Бие өвдөөд байвал, эсвэл би бие махбодьдоо ямар нэгэн байдлаар сэтгэл хангалуун биш байвал миний сэтгэлзүй сайн ажиллаж чадахгүй, оюун ухаанаа хүссэн хэмжээгээрээ дайчилж чадахгүй гэсэн үг. Тиймээс биеийг байнга арчилж, тордож байх хэрэгтэй.

Би буддист хүн учир дахиад дараа төрөлдөө энэ хүний төрлийг олоо ч уу, үгүй ч үү гэж бодож энэ биеэ, энэ төрлөө зөв зүйлд зориулж, хэрэглэж байх ёстой гэж боддог. Тэгэхээр хүний төрөлдөө хийж бүтээх зүйлээ хурдхан хийж, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Орчлонгийн ажлыг хийж зууралдаад байх уу? Хэдий наснаасаа эхлээд би хүн төрлийг олсны гол гавьяагаа хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй.

 

     -Орчин үеийн эмэгтэйчүүдийг гундааж байгаа хамгийн том шалтгаан юу вэ?

-Хувь хүнтэй өөртэй нь л холбоотой. Магадгүй нэг шалтгаан нь  хүсэл маш ихтэй, эсвэл дэндүү гутранги үзэлтэй байж магадгүй юм. Өөрийнхөө боломжоос дэндүү давсан хүсэл, шунал ихтэйгээс зарим хүн дэмий зовоод байдаг. Тэгэхээр нөхцөл бололцоо, өөрийнхөө байгаа байдалтай эвлэрч, зөв явах хэрэгтэй. Дэндүү бодитой бус хүсэл тачаал их байх, яагаад ч тийм байх боломжгүй хүндээ атаархах гэх мэт аливаа муу бодлоо сайханд урвуулаад л байвал өөрөөр гундаагаад байх зүйл нэг их байхгүй шүү дээ. Ер нь их өөдрөг, аливаа зүйлийн боломжтой талыг олж харах, бүр болохгүй юм гэдгийг нь ойлгосон бол түүнийг орхих гэх мэтээр өөрийн сэтгэлтэйгээ л ажиллаад байх хэрэгтэй юм.

 

    -Орчин үеийн анагаах ухаанд байдаггүй хэрнээ, зөвхөн уламжлалт анагаах ухаанд байдаг эмэгтэйчүүдийн гоо сайханы нууц жор гэж байдаг уу?

-Маш олон бий. Би уламжлалт анагаах ухаанд суралцаад 28 жил болж байна. Эхний үед өвчнийг анагаах, оношлох тал руугаа л анхаарлаа хандуулж байсан. Гэтэл 40 нас гараад ирэхээр бас жаахан арчилгаа хэрэгтэй юм байна гэдгийг өөрийнхөө биеэр мэдэж байгаа юм. Нас явахаар хүн аргагүй гунддаг юм байна. Зүс царай, арьсанд, бие галбирт өөрчлөлт ордог юм байна. Ингээд маш олон жор үзсэн. Эхнээс нь өөрөө хэрэглэж байна. Үнэхээр сайхан жорууд байна.

Хүний биеийг тунгалаг, сайхан цайвар цагаан арьстай байлгаж болдог юм байна. Компьютерийн нөлөөгөөр, 30 настайгаас үс цайраад эхэлж байна. Үүнд хэргэлдэг жорууд ч бий.  Эмчилж байгаа хүмүүстээ болон өөрөө хэрэглээд л явж байгаа. Тэр битгий хэл, нас уртасгадаг жор ч бий. Эмэгтэй хүнд 50 нас хүрэхээр цэвэршилт явдаг. Энэ үед бодисын солилцоог арай илүү сайжруулах жорууд байна. Гэхдээ энэ болгоныг хэрэглэхийн тулд эрүүлийн үзүүлэлтийг 100 хувь биелүүлэх ёстой. Түүнээс биш, өвчтэй хүнд тэдгээр жорыг өгөх боломжгүй.

 

    -Уламжлалт анагаах ухааны энэ олон бүтээгдэхүүнийг хараад гоо сайхныг зохиож, гаднаас нь бүтээх боломжтой юм болов уу гэж боддог байлаа?

-Махбодийн тэнцвэрийг хангаж байж үүнийг хэрэглэх ёстой. Яагаад гэхээр, тэдгээр бүтээгдэхүүн маань бас л таван махбодийнх.Тэгэхээр өвчтэй хүнд зохицохгүй. Жишээлбэл, арьсан дээр гэхэд л үндсэн гурван зүйлийг харгалзах ёстой.

Эрэгтэй, эмэгтэй хүний бодисын солилцоог сайжруулдаг “Жүдлэнгийн жор” гэж бий. Түүнийг хэрэглэе гэхээр эмэгтэйчүүдийн, эсвэл өндгөвчний үрэвсэлтэй, умай савны өвчтэй, эрэгтэй хүнд түрүү булчирхайн эмгэгтэй байгаа тохиолдолд хэрэглэх боломжгүй. Тэгэхээр эхлээд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байх арга уламжлалт анагаах ухаанд л байна. Нэг эмчдээ  дагнаад 1-3 жилийн хугацаанд эмчлүүлэх хэрэгтэй. Эмч чинь “За одоо үүнийгээ засна” гээд шат дараалалтайгаар хүний биеийг эмчилж анагаадаг.  Сэтгэл санаатай нь хамт бүгдийг нь засчихаад, дараа нь гоо сайхныг засдаг. Түүнээс биш уламжлалт анагаахын гоо сайхны бүтээгдэхүүнийг нийтэд “май” гээд л тараачихаж болохгүй байна.

 

     -Судсаар оношлох талаар таны ярьсан зүйл их сонирхол татлаа. Судас ер нь юу өгүүлдэг юм бэ?

-Судас бүх зүйлийг илэрхийлнэ. Амьд махбодийн бүх зүйлийг “ярьж” өгнө. Би анх судас чагнаад энэ бүхнийг мэддэггүй  байлаа л даа. Номноос уншаад л, бага багаар мэддэг болсоор, овоо чагнадаг болсныхоо дараа “За ер нь овоо чагнадаг хүнд судсаа чагнуулах хэрэггүй юм байна” гэж бодож байх жишээний /инээв/. Гэхдээ судас сайн уншдаг байх тусмаа тэр хүн төдий хэмжээнд ухамсартай төвшинд очсон байдаг. Хүнд хэлэх битгий хэл, өөрт нь ч хэлэмгүй сонсоод өнгөрөх зүйлүүд байдаг. Ёс зүйн хувьд нэлээн өндөр түвшинд очсон хүн л өндөр түвшинд чагнаж сурсан байдаг. Тэгэхээр санаа зоволтгүй.

Хүний судас чагналаа гэхэд, миний  олон жилийн турш  амьтны тусын төлөө уншсан олон тарнийн бясалгал тухайн хүнтэй холбогдчихдог. Анхны эмчилгээ эхэлж байна л гэсэн үг. Хүнийг судсыг нь чагнангаа оношилж байдаг. Оношлонгоо эмчилгээний зарчмаа боловсруулж байна. Тэгээд “Тэр найрлага нь зохих уу, энэ найрлага нь зохих уу” гэх мэтээр судас чагнах үед бүхэл бүтэн оюун санааны том үйл ажиллагаа явж байдаг. Тэгээд анхны эмчилгээ маань тэр амьтныг энэрэх хайрлах  сэтгэлээр дамжиж хүрч байдаг.  Манай  уламжлалт анагаах ухааны үнэхээр мундаг оношлогооны арга нь энэ. Бүх зүйлийн дотоод мөн чанарыг хардаг. Хүний биед янз бүрийн худлаа зовиур, өвдөлтүүд илэрдэг. Түүний цаана ямар мөн чанар байна гэдгийг судсаар нь таньдаг.

 

    -Нүдийг сэтгэлийн толь гэдэг. Үүнийг хүмүүс зүгээр л мэдэмхийрч ярьдаг юм болов уу. Эсвэл бас нүдээр хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлж болдог юм уу?

-Тэгж хэлж болно. Ер нь нүд их сонин эрхтэн л дээ. Хүнд хамгийн эхлээд нүд үүсдэг шүү дээ. Тэгээд чих, хамар, амтлахуйн гээд таван мэдрэхүйн эрхтэн дараалж үүсдэг. Хүн гэдэг амьтны мундаг чанар нь энэ таван мэдрэхүйдээ л байдаг. Үүгээрээ өнгө хэлбэр, дүрс дуу чимээг, үнэрийг мэдэрдэг. Энэ мэдрэхүйнүүд бусад амьтан дээр яг энэ чанараараа байдаггүй.

Энэ таван мэдрэхүйг бидний сэтгэлийн гол сүнсний таван зарц гэж бас хэлдэг. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэлзүй энэ таван мэдрэхүйгээр хүлээж авсан тэр мэдрэмжээр хөлөглөн амьдарч байдаг аж. Хүслийн таван эрхтэн ч гэж хэлдэг. Юуг харж, сонсч мэдэрснээрээ хүн муу зүйл буюу хүсэл, шунал, уур, атаа жөтөө гэх мэт үйлээ хийж байгаа. Үхэхийн үед энэ таван мэдрэхүй хураагддаг. Үүний нэг жишээ нь 45 наснаас эхлээд хүний ойрын хараа мууддаг явдал. Дараа нь чих, тэгээд хамар, ам гээд энэ таван мэдрэхүй үхэх үед бүгд хураагддаг.

Тэгэхээр энэ таван мэдрэхүйг маш сайн хөгжүүлбэл бурхадын язгуурын таван мэдрэхүйд бясалгаад, бурхадын мөн чанарт урвуулах боломж бий. Нүдний намш буюу сүнс гэж байдаг. Үүгээр гол сүнсэнд мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр нүдний байдал сэтгэлтэй холбоотой. Нүдээр бас хүнийг таньж болно л доо. Ер нь бүх зүйлээр нь л хүнийг таних боломжтой.  Өвчтөн хаалгаар ороод ирэхэд л бидний оношлогоо эхэлдэг. Орж ирээд сууж байгаа байдал, бүх зүйлээр нь “Ерөнхийдөө тийм байна”  гээд оношилж байдаг.

 

    -Ярилцсанд баярлалаа.

Х.Хулан “Ардчилал таймс”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *