Умай дахь хийн үүсэл, хөгжил

 

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…

Умайд ураг тогтоод, төрөх хүртэл есөн сар, арав хоног байна. Умайд орших хугацаанд ургийн биед эхлээд язгуур таван хий тогтоод, дараа нь дөрвөн сар хагастайд гишүү таван хий тогтоно. Эхний таван сард ургийн бие, судас, хий бүрэлдэнэ.

Язгуурын таван хийн үүсэл

Эхний сар. Хамгийн анх тогтох хий нь Амь баригч хий бөгөөд тэр нь ургийн хөгжлийн нэгдүгээр сард бий болно. Амь баригч хий нь дотроо нарийн, бүдүүн хоёр байна. Нарийн хий нь үр тогтох эхний агшинд тогтож, түүнд түшиглэж эхний сард бүдүүн хий тогтоно. Ургийн биеийн хэлбэр нь загас адил болно. Амь баригч хийн өнгө нь хөх, хожим бурхан болох үед язгуурын таван бурхадын нэг Мижод бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь хөх байна.
Хоёрдугаар сар. Энэ сард Амь баригч хийд түшиглэн Уруу арилгагч хий үүсч, нууцын оронд оршино. Энэ сард ургийн хэлбэр нь яст мэлхий адил болно. Уруу арилгагч хийн өнгө нь шар, хожим бурхан болоход Ринчэнжунай бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь шар байна.
Гуравдугаар сар. Энэ сард Уруу арилгагч хийд түшиглэн Гал тэгшитгэгч үүсч, хүйсэнд оршино. Энэ сард ургийн хэлбэр тоорой адил болно. Уруу арилгагч хийн өнгө нь ногоон, хожим бурхан болох үед Дондүв бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь ногоон байна.
Дөрөвдүгээр сар. Энэ сард Гал тэгшитгэгч хийд түшиглэн Дээш гүйгч хий үүсч, хоолойд оршино. Энэ сард ургийн хэлбэр нэг хэсэг арслан адил, нэг хэсэг мэлхий адил болж өөрчлөгдөнө. Дээш гүйгч хийн өнгө нь улаан, хожим бурхан болох үед Одбагмэд бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь улаан байна.
Тавдугаар сар. Энэ сард Дээш гүйгч хийд түшиглэн Түгээгч хий үүснэ. Тэрээр тодорхой хэсэг газар оршихгүй бүх биед түгэж оршино. Түгээгч хий нь цагаан өнгөтэй, хожим бурхан болоход Нанбарнанзад бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь ч цагаан байна.

Гишүүн таван хийн  үүсэл

Зургаадугаар сар. Энэ сард Түгээгч хийд түшиглэн Гүйгч хий үүсч, хоёр нүдний завсарт оршино. Энэ сард ургийн мах, арьс, яс гурав арвидан дэлгэрнэ. Хийн өнгө шар, хожим бурхан болоход Жанма бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь шар.
Долоодугаар сар. Энэ сард Гүйгч хийд түшиглэн Тийн гүйгч хий үүсч, хоёр чихний завсарт оршино. Энэ сард биеийн усан махбод, салс, шээс, дусал зэрэг усны язгуур арвидна. Хийн өнгө нь хөх, хожим бурхан болоход Мамаги бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь хөх байна.
Наймдугаар сар. Энэ сард Тийн гүйгч хийд түшиглэн Үнэхээр гүйгч хий үүсч, хамрын хөндийд оршино. Энэ үед биеийн илчний халууны хэмжээ ихсэж, цусны хүч дэлгэрнэ. Цусны хүч бага хүнд өвлийн хүйтэнд даарах мэдрэмж төрдөг, цусны хүч сайн бол өвөл даарах мэдрэмж бага байдаг нь энэ хийтэй холбоотой. Хийн өнгө нь улаан, хожим бурхан болоход Гойгармо бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь улаан байна.
Есдүгээр сар. Энэ сард Үнэхээр гүйгч хийд түшиглэн Машид гүйгч үүсч, хэлэнд оршино. Энэ үед биед хий махбод арвидаж, амьсгал авч, гаргах хүч арвидан дэлгэрнэ. Амьсгалах хүч их болоход ураг төрөх нь ойртоно. Эх нярайлахад эх, хүүхдийн хоёулангийн хийн хүч хавсрах хэрэгтэй байдаг. Хийн өнгө нь ногоон, хожим бурхан болох үед Жэвзундолма бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь ногоон байна.
Төрөхийн өмнөх 15 хоног. Энэ үед Машид гүйгч хийд түшиглэн Магад гүйгч хий үүсч, бүх биед оршино. Энэ үед хийн хүчээр биеийн нүх сүв, ам, чих, нүд, хамар зэрэг есөн сүв нээгдэж, мөн хар хөлс гарах нүх сүвүүд нээгдэнэ. Эдгээр нүх сүв нь дотор хийн хүчээр гадагш нээгдэхээс бус гадна нүхлэгдэж нээгдэхгүй. Хийн өнгө нь цагаан, хожим бурхан болох үед Чойендорж бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь цагаан байна.
Хүний биеийн судас, хийн мөн чанарыг судлаад, түүний өвөрмөц чанарт суурилан бурхан, хийг бясалгах нь нууц тарнийн арга билгүүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *