Д.Цахилгаан: Уламжлалт анагаах ухаан бол шалгагдаж гүйцсэн ухаан

Дэлхийн Монголчуудын чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Онц Бүрэн эрхэт Элчин сайд, Соёлын гавъяат зүтгэлтэн, Доктор, Профессор Д.Цахилгаан гуайтай ярилцлаа.

-Та Хятад улсад олон жил Элчин сайдаар ажилласан. Хятадын уламжлалт анагаах ухааны талаар мэдэх байх. Хятад улс уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлнэ гээд зарлачихсан шүү дээ. Бид Монголын уламжлалт анагаах ухааныг яаж дэлхийд гаргах вэ?

-Хятад өөрийнхөө уламжлалт анагаах ухааныг 3000-аас доошгүй жил судлагдаж, нотлогдсон, манай анагаах ухааны номлолыг дэлгэрүүлээд практик дээр хэрэглээчээ гэдгийг дэлхий дахинд тунхаглаад байна. Энэ нь нэг талаараа Дорно дахин өөрийнхөө уламжлал руу явж байгаа гэдгээрээ сайн. Нөгөө талаараа асар том өрсөлдөгч гарч ирж байна. Энэ өрсөлдөөнд тэсэхийн тулд бид бүхий л талаараа сайн байх хэрэгтэй. Би энд тэндхийн халуун рашаан, бариа заслыг ерөнхийд нь гадарлана л даа. Халуунд нь ч, хүйтэнд нь ч орж л байсан. Би Хятадад долоон жил болсон хүн. Бариа засал их хийлгэдэг байлаа. Тайландад ч хийлгэж байсан. Ингээд харьцуулаад үзэхэд Монголын уламжлалт эм, эмчилгээ, бариа засал ерөөсөө дутахгүй. Энэтхэг, Төвөд, Хятад, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдээрээ ижил төстэй. Гэхдээ Тай бариа дэлхий дахинд алдаршсан шиг Монголын бариа заслын өвөрмөц эмчилгээ, арга техникийг Монгол брэнд болгон дэлхийд гаргах хэрэгтэй. Тайландад очсон хүн Тай массаж, бариаг заавал хийлгэдэг шүү дээ. Мөн зүү эмчилгээ гэж мундаг эмчилгээ байна. Эд эсийг идэвхжүүлж, үйл ажиллагааг сайжруулдаг. Зүү эмчилгээг Европ руу манай Монгол эмч нар дэлгэрүүлсэн. Миний мэдэж байгаагаар Варшав хотод л гэхэд 300-гаад Монгол эмч ажиллаж, уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлээд явж байна. Тиймээс уламжлалт анагаах ухааныг дэлхийд гарахад төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй.

-Өнгөрсөн 2018 онд Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар чуулган хуралдаж, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлэх асуудлаар ярилцсан л даа. Тэр үеэр уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээг дотооддоо түлхүү хэрэглэж, дотооддоо брэнд болгож байж гадагшаа гаргана гэдгийг салбарын эмч мэргэжилтнүүд онцолж байсан. Гэтэл уламжлалт анагаах ухааныг харанхуй бурангуй, шашин гэх мэтээр хүлээж авдаг хүмүүс одоог хүртэл байдаг шүү дээ?

-Би Манба Дацан нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлэхэд нэлээд хүнд хүмүүс ирээд 7, 8 хоноод л бие нь сайжирч байгаа харагдсан. Явах, хөдлөх хөдөлгөөн нь хязгаарлагдсан их л зовиуртай хүмүүс ирээд маш сайн эмчлэгдээд гарч байна. Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг харахад юун түрүүнд антибиотик хэрэглээд, зүүгээр шивүүлээд байхыг голчлох биш уламжлалтын зөөлөн аргаар эмчлүүлье гэдэг болсон байна. Эмнэлэг дүүрэн хүнтэй байсан. Тэдний ярианаас хүмүүс эргээд уламжлалт эм, эмчилгээгээ хэрэглэдэг болсон юм уу даа гэж бодсон. Монголд уламжлалт анагаах ухааны төрөлжсөн ийм том эмнэлэг байгаад баярлаж, талархаж байна. Би олон орноор явж үзсэн хүн. Манба Дацан эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж дэлхийн томоохон эмнэлгүүдтэй ижил хэмжээнд байна. Манба Дацан нэгдсэн эмнэлэг нь дэргэдээ сургууль, эмийн үйлдвэр, хийдтэй. Оточ Манрамба Их Сургуулийг төгссөн хүмүүс Манба Дацан эмнэлэгтээ ажилладаг, өөрсдөө эмнэлэг байгуулаад, гадаадын олон улс оронд уламжлалт анагаах ухааныг түгээгээд ажиллаж байгаа юм байна. Энэ бол маш сайн хэрэг. Уламжлалт анагаах ухааныг Манба Дацан төв шиг цогц байдлаар хөгжүүлэх нь Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргахад дөхөм болж байна гэсэн үг. Түүнээс гадна анагаахын сургуулиудад уламжлалт анагаах ухааны талаар заадаг, эмнэлгийн практикт өргөн дэлгэр хэрэглэдэг байх хэрэгтэй. Аль ч эмнэлэгт уламжлалтын эмчилгээ, үйлчилгээг зэрэгцүүлээд явбал үр дүнтэй. Уламжлалт эмчилгээ аль ч насны хүнд тохиромжтой.

-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?

-Би Дорно дахины анагаах ухаан, зурхай, философийг их сонирхдог хүн л дээ. Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээг хэрэглэдэг. Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ их зөөлөн, хүний биед сөрөг нөлөөгүй. Ялангуяа тан, бариа засал зэрэг нь их зөөлөн эмчилгээ. Монгол хүний биед их тохирдог. Уламжлалт анагаах ухаан доод тал нь 3000 жилийн тэртээ үүссэн болохоор шалгагдаж гүйцсэн анагаах ухаан. Өрнийн анагаах ухаанд их удаан эмчилдэг өвчин, зовиурыг уламжлалт анагаах ухаанд маш хурдан, зовиургүйгээр эмчилдэг. Наад зах нь тархи хөдлөх үед бариад л зүгээр болгодог. Москвад хамт сурч байсан нэг хүн халтирч унаад тархи нь хөдлөөд, гурван сар гаран хамгийн сайн гэсэн тариа, эмчилгээ хийлгээд их зовж байж нэг юм эдгэсэн. Гэтэл өөр бас Буриад оюутан тархи нь хөдлөхөд бариалаад л эдгэчихсэн. Буриадууд бас уламжлалт анагаах ухаантай, бариа заслыг бас хийдэг юм билээ. Энэ бол уламжлалт анагаах ухааны давуу талыг харуулж байгаа энгийн жишээ. Манай Монголчууд Хөх хотын эмнэлгүүд рүү эмчилгээнд яваад байдаг. Гэтэл Монголд Манба Дацан шиг уламжлалтын маш сайн эмнэлгүүд олон байна. Миний хувьд Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт үр дүнтэй эмчлүүлээ. Би залуугаасаа бичиг цаастай зууралдсан хүн, хараа их муудсан. Эмчилгээ хийлгээд гам дэглэмээ бариад явбал эмчилгээ бүрэн төгс явагддаг юм байна.

-Уламжлалт анагаах ухааны оношилгооны талаар та юу хэлэх вэ. Судас бариад л хүний өвчин зовиурыг хэлж болдог юм уу гээд хүмүүс их гайхдаг л даа?

-Онцгой шинжлэх ухаан шүү дээ. Би Энэтхэгт явж байгаад Төвөдийн уламжлалт анагаах ухааны Дээд эх гэж ярьдаг, Дарь Эх ч гэж ярьдаг Далай ламын эмч Дулмаа гуайн охин Долгор эмчийн эмнэлэгт хоёр удаа судсаа бариулж, тан залсан юм. Би хар залуугаасаа Хоёрдугаар эмнэлэгт данстай, сайд нарыг хүчээр аваачиж шинжилгээнд оруулдаг болохоор өөрийнхөө биеийн байдлыг мэднэ л дээ. Судас барьж байхдаа нүдээ аниад л, хэлж байгаа онош нь яг нийлж байсан. Хүн сайн ч муу ч өөрийгөө мэдэрдэг шүү дээ. Хоёр гурван жилийн дараа дахиад таараад үзүүлтэл судас барьж үзчихээд “Та хоёр өдрийн өмнө архи уусан байна. Тиймээс би танд ямар нэгэн юм хэлэх боломжгүй” гэсэн юм. Уламжлалтын оношилгоо бол гайхамшигтай.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *