Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.Болорчимэгтэй тулай өвчний талаар ярилцлаа.
-Тулай өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Тулай өвчний талаар хүмүүс тэр бүр ойлголтгүй, тоохгүй явсаар нэлээд хүндэрсэн үед нь эмчид ханддаг байх. Юунаас шалтгаалж үүсдэг вэ?
-Тулай нь хоёр тохой, хоёр хөлийн эрхий хуруу өвдөж эхэлдэг бөгөөд өвдсөн газарт бор хар хаг тогтдог учраас хагийн өвчин буюу тулай өвчин хэмээн нэрлэдэг. Мөн дөрвөн тулай хэмээх нь ч бий. Тулай өвчний гол шалтгаан нь цус, хийн хямрал юм. Бүлээн шимтэй идээ буюу мах, өөх, тослог шимтэй идээ, архи зэрэг идээ унд, залуурах, хүчтэй хатуу нөхцлийг үйлдэх, өдөр унтах, өдөр шөнийн нойрыг буруудуулах, тачаалын үйлийг хэтрүүлэх, ядрах зэрэг үйлдлээр цус хямардаг. Мөн гашуун, хөнгөн ширүүн мөн чанартай идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, өлсөх, нойр алдах, өлөн дээрээ бие, хэлний хүчтэй, хатуу үйл үйлдэх, ярих, шимгүй идээ тогтмол хэрэглэх зэрэг нөхцлөөр хий аривдаж, хямардаг.
-Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Тулай өвчний үүсгэсэн гэмийн махбодоор нь хий, шар, цус, бадганаас болсон гэж дөрөв ангилдаг. Хийнээс болсон тулай өвчний үед хатгаж, таталдаж өвддөг, хавдар нь хар өнгөтэй, хөх жижиг дуслуудтай байдаг. Шараас болсон нь халуун, илч их, улаан, хүрэхэд тэсвэрлэшгүй өвддөг. Цуснаас болсон нь халуу оргиж, хатгуулна, хавдар нь улаан өнгөтэй. Бадганаас болсон тулай өвчний үед загатнадаг, ихэнхдээ хүрэхэд мэдээгүй, хавдартай байдаг. Эсвэл гуя, бэлхүүс, өвдөгний үес, булчингууд өвдөж, загатнах бөгөөд яс үесээр тасрах мэт өвддөг. Хөл, бэлхүүс ч хүчтэй өвдөнө. Өвчний эхэн үед өвчин арьс цусанд оршдог бөгөөд хавдар нь улаан өнгөтэй, халуун, хөх толботой, маш их өвдөлттэй энэ үед анагаахад хялбар. Харин ужгирвал судас, бүлх, яс үесэд түгэж, илүү их хавдаж, тэсвэрлэшгүй хүчтэй өвдөн, хавдар нь хатуу болдог. Хошногоны амсар, яс үес тасрах мэт өвддөг их хэцүү өвчин. Хүндэрсэн үед нь анагаахад бэрх.
-Гар хөл, хурууны үеүдээр өвддөг гэдэг шүү дээ. Ер нь биеийн аль хэсгийг хамардаг вэ. Хэр хүндрэлтэй өвчин бэ?
-Өвчний эхэн үед хоёр тохой, хоёр хөлийн эрхий хуруу эхлэж өвддөг. Даамжирсан тохиолдолд үе мөч, бүлх, шөрмөс бүх биеэр тархан, өвдөлт хүчтэй болж цаашдаа тахир дутуу ч болох эрсдэлтэй байдаг. Түүнчлэн яс үес идэгдэн, үе мөчний архаг үрэвсэл болох, бусад эрхтэн системд нөлөөлөн хүндрэх эрсдэлтэй өвчин юм. Тиймээс хувь хүн өөрөө гам, дэглэмийг маш сайн барьж, эрт үед нь оношлуулж, уйгагүй эмчлүүлэх хэрэгтэй. Нэгэнт тулай өвчтэй хэмээн оношлогдсон бол өвчнийг хүндрэхээс нь өмнө эмчлүүлээрэй гэж зөвлөмөөр байна.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Эрт үед нь анагаахад хялбар, өвчин даамжирсан үедээ хүндрэлтэй байдаг. Тиймээс хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх явдал. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол ундыг зүй зохистой хэрэглэх хэрэгтэй. Хоорондоо үл тохирох идээ ундыг хольж хэрэглэх нь найруулсан хор адил гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Тухайлбал, загасны махыг сүүтэй хамт идэж болохгүй, хоорондоо чадал нь тохирохгүй. Тахианы өндөг, загасны махыг хамт идэж болохгүй, шар тос идээд араас нь хүйтэн ус уух зэргээр хоорондоо үл тохирох хүнсийг нэг дор хэрэглэх нь хоол биш хор болдог гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Хоол ундны зохисгүй, замбараагүй хэрэглээ нь өвчин үүсгэнэ. Тиймээс цаг, улиралдаа хоол ундаа тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ерөнхийдөө ходоодыг дөрөв хуваасны хоёр хувьд нь идээ, нэг хувьд нь унд, үлдсэн нэг хувийг хоосон үлдээдэг. Мөн өдөр тутмын явдал мөрийн дэглэмийг сайн сахиж аливаа үйлдлийг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.
-Ямар эмчилгээ хийх вэ, уламжлалт эмчилгээний үр дүн?
-Энэ өвчнийг идээ унд, явдал мөрөөр, дараа нь эм, засал эмчилгээгээр цогцоор нь эмчилнэ. Тулай өвчний үед идээ унд, явдал мөрийн дэглэм маш чухал бөгөөд бадган өөх, хий цусыг голлон анагаах хэрэгтэй. Хий, цусны эргэлтийг сайжруулахын тулд юун түрүүнд тосон засал хийж, төөнүүр, жин дэвтээлэг зэрэг эмчилгээг хийлгэж, тохирох эмийг өгнө. Мөн хануур эмчилгээ болон гүрэм заслын аргаар илааршуулна. Эмчилгээний явцад эмчийн зөвлөсний дагуу тухайн хүн өөрөө идээ, унд, явдал мөрийн гам дэглэм сайн барих хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.