Өвлийн сүүл сарын Шинийн 8-ны билэгт сайн энэ өдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн багш ажилчид, 2-12 насны 70 гаруй хүүхдүүд Манба Дацан хийдэд хүрэлцэн ирж, хурал даган баяслаа. “Өнөр бүл” хүүхдийн төв нь 1974 онд байгуулагдсан улсын асрамжийн газар бөгөөд Манба Дацан хийдтэй олон жилийн хамтын ажиллагаатай билээ.
Манба Дацан хийдийн лам хуврагууд “Өнөр бүл” төвийн хүүхдүүд, багш ажилчдыг даатган Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурж, хүүхэд багачуудыг өвчин зовлонгүй, эрүүл энх байхын тухайд Манла бурхандаа даатгалаа.
Хурлын үеэр Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж хүүхэд, багш, ажилчдад лекц уншсан бөгөөд цаашид олон талаар хамтран ажиллаж, “Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудынхаа боловсрол, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана гэсэн юм.
Хамба лам Д.Нацагдорж “Шинийн наймны билэгт сайн өдөр та бүхэн манай хийдэд хүрэлцэн ирж хурал даган баясаж, хүүхдүүдээ даатгаж байгаад талархаж байна. Монгол Улсын ирээдүй хойч болсон та бүхнийгээ даатган, цаашдаа та бүхний төлөө олон үйлсийг хамтран хийх хүсэлтэй байна. Энд сууж байгаа та бүхний дундаас ирээдүйн эрдэмтэн мэргэд төрнө. Үүнд энэ хүүхдүүдийн аав ээжийнх нь оронд аав ээж болж их буян үйлдэж байгаа багш, ажилчдын үүрэг хариуцлага их. Тиймээс та бүхэнд талархаж, та бүхнийгээ үргэлжид Бурхан Гончигсүмдээ даатгаж явах болно” гэсэн юм.
Манба Дацан хийд, Манба Дацан эмнэлгийн зүгээс “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, сургалт лекц зохион байгуулах зэргээр олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөж буйгаа өнөөдөр хэлж байлаа.
Хүүхдүүдийн зүгээс Манба Дацан хийдэд хүрэлцэн ирж, шашин соёл, танин мэдэхүйн мэдлэгийн хүрээгээ тэлж, хурал даган баясах нь ямар ач холбогдолтой талаар мэдэж, өөрсдийгөө болон найзууд, багш нарыгаа даатган залбирч, нэгэн өдрийг дурсгалтай өнгөрүүллээ гэж байлаа.
“Өнөр бүл” төвийн багш, ажилчид, хүүхэд багачууддаа эрүүл энх байж, ажил хөдөлмөр, сурлагад нь амжилт хүсье