Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, АУ-ы доктор Н.Сайнбуян ОХУ-ын Москва хотноо болсон “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Уламжлалт анагаах ухааны үүрэг оролцоо-БРИКС” сэдэвт уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалтад оролцож, “Гиперлипидемийн үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг хэл оношлогооны тусламжтайгаар үнэлэх нь” сэдэвт төслийн урьдчилсан үр дүнгээ танилцууллаа. Тус төсөл нь ШУТСан, Тайваний Шинжлэх ухаан технологийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол-Тайваний хамтарсан төсөл юм.
11 сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус чуулга уулзалтыг ОХУ-ын Эдийн засгийн бодлого төлөвлөлтийн консул, Бразил, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр Сеченовийн нэрэмжит Анагаах ухааны Москвагийн анхдугаар их сургууль, Москвагийн Анагаах ухааны улсын их сургууль, Хятадын анагаах ухааны нийгэмлэг, Аюурвед Орос-Энэтхэг нийгэмлэг, Уламжлалт Анагаах ухааны олон улсын институт, Шан Шунг Институт, Уламжлалт эм үйлдвэрлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан юм.
Чуулга уулзалтаар УАУ-ы эмч, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих, УАУ-ы эмнэлзүйн судалгааг эрчимжүүлж нотолгоонд суурилан хөгжүүлэх, эмийн ургамлын судалгаа, тарималжуулалтыг нэмэгдүүлэх, УАУ-ы ижил төстэй нэр томъёоны нэгдсэн, зөв орчуулгыг бий болгох зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд 10 гаруй орны 57 эмч, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш, судлаачид, ангаахын сэтгэл судлаач, эмзүйч, анагаахын антропологич, уламжлалт эм үйлдвэрлэгчид, нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулагчид зэрэг олон салбарын эрдэмтэд өөрсдийн судалгаа шинжилгээгээ танилцууллаа.
Дашрамд дурдахад, Манба Дацан МУЭСТ-ийн хэрэгжүүлж буй “Гиперлипидемийн үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг хэл оношлогооны тусламжтайгаар үнэлэх нь” төсөлд Манба Дацан МУЭСТ-ийн тэргүүн Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их Сургуулийн гүйцэтгэх захирал АУ-ы доктор, профессор Г. Чойжамц, Эрдэм шижилгээний албаны мэргэжилтэн, УАУ-ы их эмч Б.Батчимэг, Манба Дацан эмнэлгийн “Шинжээч-Оточ” лабораторийн мэргэжилтэн Б.Ариунзаяа нар ажиллаж байгаа юм.