Сэтгүүлч, судлаач СГЗ Ц.Сүрэнжавтай ярилцлаа.
-Их хэлмэгдүүлэлтийн үед уламжлалт анагаах ухааны эмч, эрдэмтэн лам, хуврагуудыг хэлмэгдүүлж, Манба Дацангуудыг устгаж, хааж байсан. Тиймээс ч нэгэн үе хүмүүс уламжлалт анагаах ухааныг “Сэрэлт” кино шигээр ойлгож, уламжлалт анагаах ухааны талаар өрөөсгөл ойлголттой болсон. Энэ ойлголт одоо ч хэвээр байна уу гэж хардаг. Судлаач хүний хувьд энэ талаар та юу хэлэх вэ?
-Лам хуврагаа хэлмэгдүүлсэн, хөнөөсөн, сүм дуган, ном судраа шатаасан явдал чинь манай Монгол хүний санаа биш байсан юм. Энэ бол харийн санаа байсан. Монголчуудын уламжлалыг устгах гэсэн тэр цагийн араншин, харь орны бодлого байсан юм. Тухайн цаг төрийн араншингаас болж ардын хувьсгалын дараа их хэлмэгдүүлэлтийн үеэр 700-гаад сүм дуганаа шатаалгаж, машин машинаар нь эрдэмтэн лам хуврага, маарамбуудаа хөнөөлгөсөн. Энэ бол зөвхөн лам хуврага, сүм хийдийн эмгэнэл байгаагүй.
Энэ бол Монголын ард түмний үзэж өнгөрөөсөн, үүрч гарсан эмгэнэл юм. Дахиад бүү үзэгдээсэй гэмээр эмгэнэлтэй үйл явдал байсан. Бурханы шашин, уламжлалт анагаах ухаан бол Монголчууд бидний өв хөрөнгө. Бидний өв хөрөнгийг гадны хүний санаагаар устгасан, сүйтгэсэн, Монгол хүний оюун санаанаас авч хаях гэсэн оролдлого байв. Гэвч юм үнэнээрээ үлддэг юм болохоор олон жилийн бурангуй явдлын хойно энэ өмчтэйгөө, ардын эмнэлзүйтэйгээ, бурхан шашинтайгаа үлдэж чадсан. Ардчилсан цаг үед, 21-р зуунд бид үүнийг үүрч, дүүрээд тээж ирсэн. Одоо уламжлалт анагаах ухааныхаа үр шимийг хүртэх, ач буяныг нь эдлэх сайхан цаг ирсэн байна. Нүүр бардам, айж ичихгүйгээр уламжлалт эм, эмчилгээгээ хийлгэж, сүм хийддээ очоод засал номоо хийлгэдэг болсон. Өнөөдөр дарга руугаа нулимахыг эрх чөлөө гэхгүй, өөрийнхөө бурхан шашин, ном судар, эцэг өвөгдийнхөө уламжлалаа дээдэлдэг болж байгаа нь жинхэнэ бидний эрх чөлөө. Монгол хүмүүс энэ эрх чөлөөгөө эдлэх учиртай. Монголчуудын дунд өрөөсгөл ойлголт бий болсон, гэхдээ одоо уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ, давуу талыг ойлгож, хэрэглэх нь их болсон байна. Монголын уламжлалт анагаах ухаан Азидаа толгой цохидог. Ялангуяа элдэв төрлийн цусны өвчин, шар бадганаас үүсэлтэй өвчин, хий гал нь зөрчилдсөн өвчин эмгэгийг хамгийн бага зардлаар, хамгийн өндөр үр дүнтэйгээр богино хугацаанд эдгээдэг. Үүнийг Монголчууд маань сүүлийн үед ойлгож, ухаарч байх шиг байна.
-Та уламжлалтаар эмчлүүлж байсан байх. Уламжлалт анагаах ухааны давуу тал нь юу вэ?
-Би уламжлалтаар эмчлүүлдэг. Хамгийн сүүлд Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүллээ. Бие махбод сайхан болсоны зэрэгцээ сэтгэл санаа дахин төрсөн мэт болсон. Нас 60 гараад биеийн тамир ядрангуй болчихдог юм байна. Тэгээд Манба Дацан эмнэлгийн Хамба лам Д.Нацагдоржид судсаа бариулаад, арав хоног эмчилгээ хийлгэлээ. Өрнийн анагаах ухаан хүний бие махбодыг эмчилдэг бол уламжлалт анагаах ухаан хүнийг бие махбод, сэтгэл, оюун санаатай нь эмчилдэг. Энэ бол хамгийн давуу чанар. Үүнийг ойлгож, үр дүнг нь мэдэрсэн Европчууд Монголын уламжлалт анагаах ухааныг зорьж ирдэг болсон байна. Намайг Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж байхад Польш гэр бүл ирж эмчлүүлж байлаа. Ер нь Манба Дацан эмнэлэгт гадаадын олон орноос хүмүүс зорьж ирдэг гэнэ. Хятадад нэг ийм үг бий. Дорнын салхи Өрнийн салхийг даван салхилна гэж үг байдаг. Түүн шиг Дорнын анагаах ухаан Өрнийн салхийг даван салхилах цаг иржээ.
-Манба Дацан эмнэлгийн талаар та хэр сайн мэдэх вэ. Уламжлалтаар эмчлүүлээд ямар үр дүн гарав?
-Нэгэн үе тасрахын даваан дээр байсан уламжлалт анагаах ухааныг манай лам хуврага, дацан хийдүүд, бурханы шашин агуулж авч ирсэн. Бурханы шашныг Монгол хүний оюун ухаан, оюун тархинаас салгах аргагүйтэй адил уламжлалт анагаах ухааныг Монгол хүний бие махбодиос тусад нь авч үзэх аргагүй. 1990-ээд оноос хойш манай уламжлалт эмнэлгүүд байгуулагдаж, хүн ардынхаа төлөө явсаар ирсэн. Тэдний түүчээ нь бол Манба Дацан эмнэлэг. Манба Дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан эмийн үйлдвэр байгуулаад уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж байгаад нь талархалтай ханддаг. Манба Дацан эмнэлэгт хэвтэх үед миний даралт 170-тай байсан. Багассаар хэвийн болсон. Бөөрний үрэвсэл дарагдаж, хоолны дуршил сайжирсан. Сонингийн гарчиг, том үсгийг нь арайчүү хардаг байсан бол эмчилгээний дараа уншиж байна.
-Уламжлалт анагаах ухаанд өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх талаар маш сайн заасан байдаг. Та өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга ухааныг амьдралдаа хэрэгжүүлдэг вэ?
-Сударт ийм үг байна. “Өмнө нь идсэнээ шингээгээд араас нь идвэл эрүүл, Өнгөрсөн үзсэнээ тогтоогоод ахиулж сурвал эрдэм” гэж үг бий. Ардын ухаанд чи хоол ундаа тохируулж ид, урьд идсэнээ шингээгээгүй байж дахиад идвэл өвчин болно шүү гэдгийг хэлээд өгчихсөн байгаа юм. Сударт бичсэн сайхан сайхан үг байна л даа. Өвөл хавартаа шахагдаад зунгүй болно, өнгө мөнгөндөө хавчигдаад үнэнгүй болно, тэр цагийг цөвүүн цаг хэмээмой” гэж хуучны сударт бичсэн байдаг. Би манай залуу үе өнгөрсөнөөсөө жаахан холдоод байна уу даа, өнөөдөр судар үздэг, уншдаг залуучууд байхгүй болжээ гэж бодож явсан. Гэтэл Манба Дацан эмнэлгийн эмч нар, Оточ Манрамба Их Сургуулийн дадлага хийж байгаа оюутнууд бүгд судар, номоо үзэж судалдаг, түүнийгээ хүний эрүүл мэндийн тусын тулд хэрэглэж, хэрэгжүүлж байна. Үүнийг өөрийн нүдээр үзээд үнэхээр бахархах сэтгэл төрлөө. Эртний судар ном бол өнгөрсөн цагийн агуу хүмүүсийн бүтээсэн оюун ухаан шүү дээ. Би судар үзэмтгий хүн байгаа юм. Төвөд, Монгол, тэр байтугай Хятадын судар үздэг хүн. Манай уламжлалт анагаах ухаан бол өөрийн гэсэн гэгээрэл, боловсролын системтэй хэдэн зуун жил тогтсон анагаах ухаан. Энэ анагаах ухааныг хөгжүүлэн авч яваа эрдэмтэн Хамба, хуврага, эмч, багш нар, сувиалагч, оюутнууддаа түмэн олныхоо эрүүл энхийн төлөө нойроо хугаслаж, буян үйлдэж амьдарч байгаад талархаж байна. Хүний эрүүл энхийн төлөө явахаас илүү буян гэж үгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин