Б.Болорчимэг: Ходоодны өвчнийг зөвхөн улайлт, шарх, хеликобактер төдийхнөөр ойлгож болохгүй

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, АУ-ы магистр Б.Болорчимэгийг урьж ходоодны өвчлөлийн талаар ярилцлаа.

-Ходоодны өвчний гол шалтгаан нь юу вэ. Ходоодны өвчлөлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн ангилдаг вэ?

-Ходоодны өвчний уг шалтгаан нь шороо, усан махбодын хувь дийлэнх оршдог бадган юм. Учир нь ходоод нь бадганы голлох орон. Энэхүү шалтгаан дээр маш олон нөхцлүүд учирснаар ходоодны өвчнийг үүсгэдэг. Тухайлбал сэтгэл, оюуны идэвхигүй залхуу, хойрог байх,  гуниг, гутрал зэрэг сэтгэлийн байдлууд нь ходоодны бадган хямрахад нөлөөлнө. Мөн ходоод нь идээ, ундыг шингээх хоол боловсруулах эрхтэний хамгийн чухал эрхтэн учраас хоол, ундны хэмжээг хэт ихдүүлэх, багадуулах, буруудуулах нь ходоодны өвчнийг үүсгэх үндсэн нөхцөл болно. Ходоодны бадганы хямралаас  аюулхайн бадган, галын илч доройтох, төмөр хагт бадган, шингээгч хатах, цагаан хэрэх, хоолой хаагдах (үүнийг Монголчууд нарийнтах гэж хэлдэг) гэсэн үндсэн зургаан өвчин үүсдэг. Мөн ходоодны бадган шартай хавсарснаар ходоодны халуун чанартай үндсэн долоон өвчин, хийтэй хавсарснаар үүсэх хүйтэн чанартай есөн өвчин үүсдэг. Ходоодны өвчин архагшиж хүндэрснээр бадган бор өвчин үүсэх гэх мэт ходоодны өвчнөөс улбаалсан маш олон өвчин үүсдэг. Тэгэхээр ходоодны өвчнийг зөвхөн улайлт, шарх, хеликобактер төдийхнөөр ойлгож болохгүй.

-Ямар шинж тэмдэг, зовиур илэрдэг вэ. Ялангуяа өвчний эхэн үе шатанд ямар шинж илрэх вэ. Ходоод өвдөөд байна гээд тоохгүй явсаар хеликобактертай, ходоодны шархтай болсон үедээ л эмчид ханддаг хүмүүс олон бий. Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах вэ?

-Эмчид хандахаас өмнө юун түрүүнд хүн бүр ходоодоо гамнаж байх хэрэгтэй гэдгийг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Учир нь ходоод эрүүл байвал хоол боловсруулах замын олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ходоодны бадган хямарснаар юун түрүүнд хоолны шингэлт муудах, олон удаа хэхрэх, шүлс цэр ихсэх,  хатуулдаж цанхайх, ходоод хэвлийгээр дүүрч хөөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, хоол идсэний дараа аюулхай дээр цанхайх, гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Ер нь ходоод нь бадганы орон учраас шороо, усан махбодын бэлгэ чанарын эрхээр айхтар хурц өвдөлт, зовиурууд байнга илрээд байх нь ховор. Үүнээс болоод хүмүүс бага зэргийн шинж тэмдэг, зовиурыг оошоолгүй явж байгаад өвчнөө хүндрүүлж, архагшуулж, бүр хавдрын эцсийн шатанд хүртлээ ч явж байгаад эмчид хандах тохиолдол их ажиглагддаг. Үүнийг анхаарах хэрэгтэй.

-Ходоодны ямар өвчин зонхилон тохиолдож байна?

-Дэлхий дахинд ялангуяа Азид ходоодны өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам л нэмэгдэж байна. Манай эмнэлэгт хандаж байгаа ходоодны өвчтэй хүмүүсээс харахад ходоодны аюулхайн бадган, галын илч доройтсон, цагаан хэрэх, ходоодны бадган хорхой өвчтэй хүмүүс их хандаж байна.

-Ходоодны өвчний үед ямар хүндрэл гарч болох вэ. Ер нь хэдий хугацаанд бүрэн эмчлэгддэг өвчин бэ?

-Уламжлалт анагаах ухаанд ходоодыг тариалангийн талбайтай зүйрлэсэн байдаг. Энэ нь хүн юу тарина, тэр нь бүх биед чинь боловсорно гэсэн үг. Хүний идэж, ууж байгаа хоол, ундны шингээлт нь долоон тамир, гурван хир болж тунгалаг, цөвд боловсордог. Дотор өвчин бүгдийн суурь нь эс шингэх өвчин. Ходоодны галын илчийг сайн тэтгэхгүй бол өөр олон архаг өвчин үүсэх шалтгаан болдог. Ходоод нь бадганы орон гэж хэлсэн. Бадган нь тослог, сэрүүн, батлаг, хүнд, мохдог, зөөлөн, наалдамхай гэсэн долоон бэлгэ чанартай байдаг тул ходоодонд өвчин үүссэнээс хойш өвчний явц нь удаан хугацаанд алгуур явагдаж, аажмаар архагшиж, хүндэрдэг. Үүнтэй уялдаад эмчилгээ хийхэд эдгэрэлтийн хугацаа нь ч мөн удаан байдаг учраас уйгагүй, тэвчээртэйгээр эмчилгээгээ хийлгэж, гам дэглэмээ сайн сахих нь зүйтэй.

-Хеликобактерийг үүсгэх шалтгаан нь юу вэ?

-Хеликобактер буюу ходоодны бадган хорхой өвчин нь үл зохицох идээ, амтлаг амттай идээ голлон хэрэглэх, түүхий сүү, хүйтэн сүү, тараг, ундаа, сэрүүн чанартай жимс жимсгэнэ, түүхий ногоо зэргийг тогтмол хэрэглэх зэрэг нөхцлөөс шалтгаалж үүсдэг. Мөн амнаас ам, өтгөнөөс ам зэргээр халдвар дамжих замуудаар халдах тохиолдол байдаг учраас нийтийн хоолны аяга тавгаа сайтар угааж цэвэрлэх, найдвартай аяга тавганд хооллож хэвших нь зүйтэй.

-Хеликобактерийн үед гурвалсан эм уудаг шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Гурвалсан эмэнд нянгийн эсрэг антибиотик, ходоодны шарх эмчлэх эм, ходоодны шүүрэл дарангуйлах эм багтдаг. Заавал энэ гурвыг ууж байж эмчилгээ үр дүнгээ өгнө. Сүүлийн үед хеликобактер нянгийн эсрэг эмэнд дасал болчихсон, антибиотик эмэндээ дарагдахаа больчихсон учраас эмчилгээний илүү үр дүнтэй аргыг эрэлхийлж, эмчлүүлэх нь чухал. Уламжлалт анагаахын арилгах, амарлиулах үйлдэлтэй байгалийн гаралтай эмийн эмчилгээ нь ходоодны бадган хорхой буюу хеликобактер өвчинд үр дүнтэй байна. Тиймээс уламжлалт анагаахын эмчийн хяналтанд энэхүү үр дүнтэй эмчилгээг тууштай хийлгэвэл энэхүү өвчнийг эдгээх бүрэн боломжтой.

-Ходоодны өвчний үед хийгдэх уламжлалт эмчилгээний онцлог нь юу вэ?

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээний зарчим нь тухайн хүн болгонд тохирсон байхаас гадна, тухайн эрхтэний орон, өвчин үүссэн нөхцөл зэрэгтэй нь уялдсан байдгаараа их онцлогтой. Жишээ нь, ходоодыг  уламжлалт анагаах ухаанд эс шингэсэн орон буюу бадганы орон гэж үзэх боловч тухайн хүн шарын өвөрчлөлтэй хүн байвал бидний эмчилгээний  зарчим, сонгох эм маань өөр байна гэсэн үг. Барагшун маш сайн гээд хүн болгон уухад бүх хүнд адилхан үйлчилдэггүй шүү дээ. Тэгэхээр өвчний ангилал тус бүрт, хувь хүн бүрт тохирсон өөр өөр эмчилгээ хийдгээрээ уламжлалт эмчилгээ онцлогтой.

-Ходоодны өвчтэй хүмүүс гэрийн нөхцөлд янз бүрийн арга хэрэглээд байдаг шүү дээ. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Ходоодны олон төрлийн өвчин байдаг гэдгийг хэлсэн. Ходоодонд яг эмгэг өвчин үүссэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харин ходоодонд бадганы бэлгэ чанарт өөрчлөлт орсон боловч дурангийн шинжилгээ болон бактерийн шинжилгээгээр өвчин эмгэг илрэхгүй байх тохиолдол байдаг. Харин судас оношилгоо болон бусад илрэх шинжээр нь ходоодны өвчнийг эрт үед нь илрүүлэх аргууд уламжлалт анагаах ухаанд байдаг. Тиймээс эх сурвалж нь нотолгоогүй мэдээ мэдээллээр юмуу эсвэл хэн нэгэн мэргэжлийн бус хүний заавар зөвлөгөө дагаж, таамгаар өөрийгөө оношилж, эмчилж болохгүй. Учир нь нэг хүнд тохирсон эмчилгээ нь нөгөө хүнд яг тохирно гэж үгүй, өвчний илрэх байдал нь ч хувь хүний онцлог, нас, ажил амьдралын орчин нөхцөл, амьдарч буй газар орноосоо шалтгаалаад өөр өөрөөр илэрдэг.

-Ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сэтгэлээ санаагаа өөдрөг идэвхитэй байлгах, зохистой хоол хэрэглэх, мөн хоол, ундныхаа хэмжээг тохируулж хэрэглэх хэрэгтэй. Ходоодыг дөрөв хуваагаад дөрөвний хоёрт нь идэх юм, дөрөвний нэгд нь шингэн зүйл ууж, нэг хувийг нь хоосон үлдээх хэрэгтэй гэдэг. Энэ зарчмыг баримтлан хоолны хэмжээгээ тохируулж хэвших нь зүйтэй. Дотор өвчин бүгдийг эмчлэхэд ходоодыг эрхэмд бариарай гэж уламжлалт анагаах ухааны онолд үздэг. Тиймээс ходоодоо хайрлаж, хамгаалж байх нь ходоод, хоол боловсруулан замын эрхтэний олон төрлийн өвчнөөс сэргийлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *