“Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй” сэдэвт багц цагийн сургалт зохион байгууллаа

Оточ Манрамба Их Сургууль Эрүүл Мэндийн Хөгжлийн төвтэй хамтран “Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй” сэдэвт багц цагийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч С.Энхтуяа, Манба Дацан нэгдсэн эмнэлгийн дарга, УАУ-ы их эмч Б.Болорчимэг нар явуулсан бөгөөд энэ удаагийн сургалтад 20 гаруй эмч оролцлоо.

УАУ-ы эмч нар онолын мэдлэгээ бататган, туулга эмчилгээний талаарх практик мэдлэг, чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой багц цагийн сургалтанд хамрагдах сонирхолтой байдаг бөгөөд Оточ Манрамба Их Сургууль нь цуврал сургалтуудыг явуулдагт талархалтай хандаж байлаа. Туулга эмчилгээний талаарх багц цагийн сургалтыг өнгөрсөн жил мөн зохион байгуулж байсан бөгөөд тус сургуулийн дараагийн сургалт ирэх сарын буюу 10-р сарын 06-нд “Хануур эмчилгээ, түүний онол, аргазүй” сэдвээр болох юм.

УАУ-ы их эмч Б.Мөнгөнсаран:

Оточ Манрамба Их Сургуулиас зохион байгуулсан туулга эмчилгээний талаарх багц цагийн сургалтад хамрагдсандаа баяртай байна. Миний хувьд оюутан байхдаа туулга эмчилгээний онол, дадлагыг эзэмшсэн ч төгссөний дараагаар туулга эмчилгээг хийгээгүй удсан учраас өнөөдрийн сургалтанд сууж, мэдлэгээ бататгаж авсандаа баяртай байна. Оточ Манрамба Их Сургуулиас зохион байгуулдаг багц цагийн сургалтуудыг  хүлээж, аль болох хамрагдахыг эрмэлздэг.

УАУ-ы их эмч Н.Энхзолбоо: 

Багц цагийн кредиттэй сургалтад хамрагдаж, туулга эмчилгээний талаар онолын мэдлэгээ бататган, Манба Дацан эмнэлэг дээр дадлага хичээл хийлээ. Оточ Манрамба Их Сургуулийн төгсөлтийн дараах сургалтуудын давуу тал нь тухайн сэдвийнхээ хүрээнд үзсэн мэдлэгээ эмнэлгийн практик дээр баталгаажуулдагаараа давуу талтай. Тиймээс Оточ Манрамба Их Сургуулийн багц цагийн сургалтуудад хамрагдах хүсэлтэй байдаг. Ер нь уламжлалтын эмч нарт зориулсан сургалтууд цөөхөн явагддаг учраас цаашид шат дараатай сургалтуудыг явуулаасай гэж хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *