Г.Одонцэцэг: Хүсэл тачаалын сэтгэлийг жолоогүй тавьбал бэлгийн буруу зан үйлтэй болно

Бэлгийн зөв төлөвшил, гэр бүлийн харилцааны талаар Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Ижил хүйстэн, бисексуал, трансжендер зэрэг бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг хүлээн зөвшөөрөх асуудлыг сүүлийн үед их ярих болсон. Үүнийг нэг талаас төрмөл зүйл, нөгөө талаас нийгмийн гажиг үзэгдэл зэргээр ярьдаг шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд энэ талаар хэрхэн үздэг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд хүний хүйсийг эр, эм, манин хэмээн гурав ангилж үзсэн байдаг. Манин дотроо эр, эм хоёр бэлгэтэй, эр, эм бэлгийн аль нь ч үгүй, сарын эхэнд эр бэлгэ, адагт эр бэлгэтэй, сама манин, нямба манин, прагдог манин гэх мэт олон төрөл байдаг гэж үздэг. Манин хүйстэй төрөх нь ховор бөгөөд 1500-2000 төрөлт тутамд 1 манин төрдөг гэсэн судалгаа байдаг.  Энэ нь нийт хүмүүсийн 99.96 хувь нь эр эсвэл эм хүйстэй байна гэсэн үг. Нэгэнт манин хүйстэй төрсөн хүмүүсийг хүйсийн хувьд хүлээн зөвшөөрч, тэдний бэлгийн харилцааны асуудал нь мэргэжлийн эмч, хувь хүмүүсийн хооронд эмнэлзүйн түвшинд яригдах нарийн эмзэг асуудал юм. Харин эр эсвэл эм хүйстэй болж төрчихөөд бэлгийн гаж зан үйл, сэтгэцийн буруу төлөвшлийн үр дагаварт бэлгийн гаж донтой болчихоод үүнийгээ зөвтгөж бидний эрх хэмээж байгаа нь нийгэмд ихээхэн сөрөг нөлөөтэй асуудал үүсгэж байгаа хэрэг. Тиймээс энэхүү сөрөг үзэгдлийг хувь хүн, гэр бүл, нийгэмд даамжруулалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж боддог.

-Бэлгийн гаж дон, буруу төлөвшилтэй болох шалтгаан нь юу вэ. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Бэлгийн харьцаа нь хүний бие биенээ хайрлах гээд сэтгэл, мэдрэмж дээр тулгуурлан, хүн ёсны, ёс зүйн тодорхой хэм хэмжээнд үүсдэг харилцаа. Харин үүнийг хүсэл тачаалын буруу, гаж сэтгэлд урвуулбал хүсэл тачаалын сэтгэлээ барьж чадахаа больж хүний санаанд оромгүй элдэв гаж үйлдлийг хийж, энэ нь цааш даамжирдаг. Хүсэл тачаалын сэтгэлийг жолоогүй тавьбал даавуунд тос дусаахад нилэнхүйдээ уусаад, түүнийг арилгахад бэрх байдагтай адил бэлгийн гаж дон, буруу төлөвшилтэй болох нь амархан бөгөөд үүнийг дахин засаж, зөв тийш нь эргүүлэхэд бэрх болдог. Энэхүү бэлгийн буруу үйлдлийг арван хар нүглийн нэг буюу биеэр үйлдэх нүглийн нэг гэж үздэг. Өөртөө болоод бусдад зовлон авчирдаг үйлдэл учраас энэ нь нүглийн үйл болж байгаа юм. Учир нь нүглийн үр дагаварт дандаа зовлон ирнэ. Хувь хүнд, гэр бүлд, нийгэмд бие, сэтгэцийн элдэв янзын өвчин, өнчрөл, хагацал, гай зовлон учруулдаг учраас энэ бол маш муу үр дагавартай.

-Бэлгийн төлөвшлийг зөв тогтооход бэлгийн боловсрол бас чухал байх?

-Үүнд эцэг, эхийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд тухайн хүйстэй нь зохицсон хувцас өмсүүлэх, тоглоомоор нь  тоглуулах, тохирсон урлаг спортоор нь хичээллүүлэх, гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүргийг ойлгуулж гэрийн ажилд оролцуулах, тэдний үзэж судлаж буй мэдээллийг тодорхой түвшинд хараа хяналтандаа байлгах гэх мэт тохиромжтой аргуудыг хэрэглэнэ. Эцэг, эхчүүд өөрсдийн өдөр тутмын амьдралын зөв хэв маяг, ёс зүйн зөв төлөвшлөөрөө үлгэрлэн ойлгуулна.

-Монголд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа талаарх мэдээ байна л даа. Гэрлэх нас залуу байгаа нь гэр бүл салалтын шалтгаан гэж судлаачид үзэж байсан. Энэ тал дээр таны бодол?

-Бэлгийн бойжилт нь гүйцсэн 18-с дээш насны хүн гэрлэх нь анагаах ухааны үүднээс авч үзвэл бие физиологийн хувьд тохиромжтой, нөхөн үржихүйн нас юм. Уламжлалт анагаах ухаанд судасны бүтэц, үйл ажиллагаа, хэвийн гүйдэлтэй нь харгалзан үзвэл эмэгтэй хүн 18-25 насанд төрөх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. 25 наснаас оройтвол судасны гүйдэлд гэмтэй гэж үздэг. Үүнийг ч бас бодолцох л хэрэгтэй.  Тиймээс энэ насанд гэр бүл болох нь салалтын шалтгаан болох учиргүй. Монголчууд бидэнд гэр бүл болоход сүй тавих зан үйл, гэрлэх зан үйл, мөн гэр бүл болсон эхнэр хүний баримтлах ёс жудаг, нөхөр хүний баримтлах ёс жудаг гээд олон зуун жилийн туршид бий болгосон үнэт өв уламжлал байдаг. Үүнийгээ бид дахин сэргээн авч судлах, орчин үеийн нөхцөл байдалтайгаа зохицуулан хэрэглэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ ёс зарим талаараа нэлээд алдагдаж байна. Хамтран амьдрагч нэрээр хэн хэндээ хариуцлага хүлээхгүй яваад байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрлэсэн бол биеэ даагаад амьдар гэж бас болохгүй. Дөнгөж 20 гараад гэрлэж байгаа залуус өөрсдөө амьдрах гэр, орны асуудлаа шийдэх эдийн засгийн боломжтой болж чадаагүй байдаг. Энэ асуудлыг шийдэхдээ урьд Монголчууд хүүгээ гэрлүүлээд, амьдрах гэрийг нь барьж өгөөд л гаргадаг байж. Тэд өөрсдөө боловсрол олж, ажил хийж, мөнгөн хуримтлал үүсгээд өөрсдийн хүүхдээ өсөж насанд хүрэхэд нь мөн орон байрыг нь бэлтгээд өгнө. Харин тэр гэр орноо томруулаад, сайжруулаад аваад явах нь тэдний өөрсдийн хэрэг.  Энэ уламжлалаа сэргээвэл их зүйтэй юм гэж ойлгодог. Ер нь залуу гэр бүлд амьдрах орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг. Үүнд бас төр засгийн мэргэн бодлого ч ихээхэн үүрэгтэй юм.

 Гэр бүл тогтвортой байхын үндэс юу вэ?

– Хүний амьдрал, хүний нас тоотой, хугацаатай, бас богино гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Өөрийгөө өвчин зовлонгүй, элдэв гай барцадаас сэргийлээд үнэхээр урт наслалаа гэхэд л 100 наслана шүү дээ.  0-20 насанд, бие махбод өсөж бойжино. Энэ хугацаанд бүрэн дунд боловсрол эзэмшинэ. 20-25 насанд гэрлэнэ, үр хүүхэдтэй болно, үндсэн мэргэжлээ сонгон суралцаж, төгсөнө. 25-45 насанд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана, гэр бүл нийгэмдээ тодорхой хувь нэмэр оруулна, мөнгөн хуримтлал бий болгон, үр хүүхдээ өсгөж бойжуулж, мэргэжилтэй болгоно. 45-65 насанд мэргэжлийн болон амьдралдаа хуримтлуулсан дадлага туршлагадаа тулгуурлан томоохон бүтээл, туурвилаа хийнэ. 65 дээш насанд үр хүүхэд, ач зээ нартаа туслах, өөрийн мэргэжил, чадвартаа тохирсон ажил гүйцэтгэх, ном, бясалгал бүтээл хийх гэх мэт хүний амьдралын ерөнхий тойм тодорхой, ойлгомжтой байдаг. Тиймээс элдэв гаж донд автаж, өөртөө болон бусдад гай тарьж нүгэл үйлдэхээс сайтар сэргийлж явах хэрэгтэй. Байгаагаа арчилж тордоод, насны ханиа хайрлан, харилцан бие биенээ хүндэтгэж, эхнэр, нөхрийн үүргээ ухамсарлан, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэн, нийгэмдээ тодорхой хувь нэмэр оруулан амьдрах нь гэр бүл тогтвортой байхын үндэс болно.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *