Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд тасралтгүй хөгжиж байдаг

Оточ Манрамба Их Сургуулийг жилийн дөрвөн улирлын сургалттай гэж хэлж болно. Учир нь оюутнууд тухайн жилдээ үзсэн хичээлтэйгээ уялдаад хичээлийнхээ явцад болон зуны улиралд богино, урт хугацааны дадлага хийдэг. Тухайлбал, Уламжлалт анагаах ухааны их эмчийн ангийн оюутнууд 1, 2-р курсдээ “Эмийн ургамлын хээрийн дадлага”, 2-р курсдээ “Сувилахуйн дадлага”, 3-р курсдээ “Эмийн үйлдвэрлэлийн дадлага”-ыг бааз Манба Дацан эмийн үйлдвэртээ хийдэг. Харин 4-р курсээ төгсөөд “Дадлагажигч эмчийн сургалт-I” буюу уртын дадлагыг хийдэг бөгөөд энэ бол оюутнуудын хувьд маш чухал дадлага юм. 5-р курсээ төгсөөд “Дадлагажигч эмчийн сургалт-II” буюу ахисан түвшний дадлагыг хийдэг нь оюутнуудад онолын мэдлэгээ практикт баталгаажуулан, оношилгоо, эмчилгээний чадвараа улам сайжруулах боломжийг олгодог.
Энэхүү хариуцлагатай дадлагаа хийж, зуны туршид өөрсдийгөө мэргэжлийн болоод хувь хүн талаасаа хөгжүүлж буй 4-р курсын оюутнуудтай ярилцлаа. Тэд энэ хичээлийн жилд 5-р курсэд элсэн суралцах бөгөөд дадлагынхаа явцад эмчийн ёсзүй, хариуцлагын талаар улам ихийг ухамсарласан гэдгээ онцолж байв.

-“Дадлагажигч эмчийн сургалт-I” буюу уртын дадлага нь оюутнуудын хувьд маш чухал гэдэг. Энэхүү дадлагаар та бүхэн юуг голчлон сурч байна вэ?
Э.Түвшинжаргал: Тиймээ, их эмчийн ангийн оюутнуудын хувьд маш чухал дадлага. Бид хоёрдугаар курсдээ сувилахуйн дадлагаар гардан үйлдлийг илүүтэй сурч, хийж байсан бол эмчийн дадлагаар оношилгоо, эмчилгээний зарчмуудыг түлхүү сурч байна. Дадлага удирдаж буй эмчийнхээ хяналтан дор өглөө бүр өвчтөнөө үзэж оношилж, эмчилгээний зарчмаа хувьдаа тодорхойлон, энэ төрлийн өвчтэй хүнд ийм эмчилгээ, ийм эм тан өгөх хэрэгтэй юм байна гэдэгт суралцаж байна.
Н.Эрдэнэжаргал: Миний хувьд уртын дадлагад гарсанаар оношилгоо тал дээр илүү их суралцлаа. Мөн ямар өвчтэй хүнд ямар эм өгөх вэ гэдгийг үйлчлүүлэгч тус бүр дээр дүгнэж, эмийн сонголт хийх тал дээр эмч нараасаа суралцсан.

-Оточ Манрамба Их Сургууль дадлагын бааз эмнэлэгтэй байдаг нь давуу тал ихтэй байх. Та бүхэн бааз эмнэлэг дээрээ хэрхэн суралцдаг вэ?
Ж.Батсайхан: Манай сургуулийн бааз эмнэлэг, эмийн үйлдвэр, хийд цогц байдлаар байгуулагдсан учраас бид нэгдүгээр курсээс эхлэн бааз байгууллагуудтай танилцаж, шат дараалсан дадлагуудыг хийдэг. Богино болон урт хугацааны дадлагаас гадна зарим хичээлүүдээ бид эмнэлэгтээ явуулдаг. Тухайлбал, бариа заслын хичээл, эсвэл хануурын хичээл орлоо гэж бодоход тухайн хичээлийн дадлагаа сургуулийнхаа эмнэлзүйн лабораторид хийхээс гадна эмнэлэгтээ орж ирээд эмч нарыг дагалдаад хэрхэн яаж хийдгийг нь хардаг. Хичээл тус бүр дээр тухайн үзсэн онолоо практик дээр баталгаажуулж, нүдээр харж, мэдэрдэг нь дараа уртын дадлагад гарахад ч дөхөм болдог.
Э.Түвшинжаргал: Манба Дацан эмнэлгийн эмч нар манай сургуулийн төгсөгчид байдаг учраас тэдний заах арга барил нь манай сургалтын онцлогтой уялдаж байдаг. Энэ хүүхдүүдэд ийм юм хэлээд, заагаад өгчихвөл цаашдаа ажил дээр гарахад дөхөм болно гэдгийг эмч нар маань мэддэг учраас бид эмч нараасаа их зүйлийг сурч байна.
Н.Эрдэнэжаргал: Манай сургуулийн бааз эмнэлэг нь уламжлалтын анхны нэгдсэн эмнэлэг учраас дадлагажигч оюутнуудын сурах бүхий л боломжийг хангасан орчин нөхцөлтэй. Дадлагажигч оюутнуудын зориулалтын өрөө, уншлагын танхимтай. Уламжлалтын бүхий л төрлийн эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлдэг учраас бид хичээл, дадлагынхаа явцад уламжлалтын бүх төрлийн эмчилгээг нүдээр үзэж, сурах боломжтой.

-“Дадлагажигч эмчийн сургалт-I” дадлагыг хийснээр илүү эмчийн түвшинд суралцаж байна гэсэн. Уламжлалтын эмч мэргэжлийн онцлог, давуу тал нь юу вэ?
Н.Бямбацогт: Эмч хүн тэвчээртэй, хүлээцтэй, өвчтөндөө өөрийн үр хүүхэд мэт сэтгэлээр ханддаг их нигүүлсэнгүй мэргэжил гэж боддог. Би-дэнд эмчийн ёсзүй, хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх талаар хичээл ордог. Дадлагатаа гараад үйлчлүүлэгчидтэй харьцаад эхлэхэд энэ бүхэн ямар чухал болохыг ойлгож байна. Эмч хүн өвчтөндөө бүхий л сэтгэлээ зориулж, асрал энэрлийн сэтгэлээр хандах нь тухайн хүн өвчнөө ялан дийлэхэд хамгийн их тустай байдаг гэдгийг эмч нараасаа харлаа. Үйлчлүүлэгчид ч сэтгэл ханамжтай байхыг харах сайхан байна.
Ж.Батсайхан: Өрнийн анагаах ухааны эмч нар дотор, эмэгтэйчүүд, хүүхэд гэх мэтчилэн нарийн мэргэшиж явдаг бол уламжлалтын эмч нар бүх насны хүмүүсийн бүхий л төрлийн өвчин эмгэгийг оношлон эмчлэх чадвартай байдаг нь хамгийн том давуу тал. Тиймээс ч мэргэжилдээ улам бүр дурлаж, илүү ихийг сурах зорилго өөртөө тавьсан.
Н.Эрдэнэжаргал: Уламжлалтын эмч өвчтөнөө бие, хэл, сэтгэлийнх нь үүднээс эмчилдэг. Энэ бол уламжлалт анагаах ухааны хамгийн том давуу тал. Хүний биеийн өвчнийг эмчлээд зогсохгүй сэтгэлийг нь давхар анагаах нь хичнээн чухал болохыг дадлагад гараад улам бүр мэдэрсэн. Уламжлалтын эмч нар бол хамгийн сайн сэтгэлзүйч, сэтгэл засалчид байдаг болов уу гэж боддог.

-Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд өөрсдийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
Н.Бямбацогт: Манай сургуулийн оюутнууд цаг заваа зөв зохицуулж сурсан байдаг. Хичээл, дадлага ихтэй учраас ачаалал даах чадвартай, сэтгэлийн хаттай болдог. Энэ бол хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлж буй маш том хөгжил гэж бодож байна. Зуны дадлагаар их зүйл сурч, өөрийгөө мэргэжлийн болоод хувь хүн талаасаа хөгжүүлсэн.
Э.Түвшинжаргал: Би сургуулийнхаа Оюутны холбооны дэд тэргүүнээр ажилладаг. Оюут-нуудын урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулж, хичээлийнхээ хажуугаар оюут-нуудынхаа боловсрол, хөгжилд хувь нэмэр оруулахуйц ажил зохион байгуулах юмсан гэж хичээдэг. Манай сургуулийн оюутнууд хичээл ихтэй байдаг ч нийгмийн ажилд идэвхтэй оролцож, мэргэжлийнхээ нэр хүнд, онцлогийг олон нийтэд таниулж, өөрсдийгөө үргэлж хөгжүүлж байдаг. Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд тасралтгүй хөгжиж байдаг гэж хэлж болно. Багш нар маань бидэнд маш олон удаа судас барьж үзэх хэрэгтэй, дор хаяж 1000 удаа судас барьж үзэж байж дөртэй болно гэж хэлдэг. Тиймээс ч сайн эмч болохын тулд бид мэргэжлийн талаасаа ч хувь хүн талаасаа ч их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгээ ухамсарласан.
Н.Эрдэнэжаргал: Миний хувьд дадлагынхаа үеэр эмийн тус эрдэм, үйлчилгээний талаар цээжилж, онолын мэдлэгээ улам бататгасан. Мөн манай эмнэлгээр гадаадын хүмүүс их үйлчлүүлдэг учраас орос, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж олдсон. Ер нь манай сургуулийн гадаад харилцаа жил ирэх тусам өргөжиж, гадаадын олон улс орноос оюутнууд ирж суралцдаг болохоор хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой байдаг.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *