Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ямар амттай хоол хүнсийг хэрхэн хэрэглэх нь бидний эрүүл мэндэд тустай талаар ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаанд аливаа амт амтагдах төдий тус эрдмээ өгдөг гэж үздэг. Амтны талаарх ойлголт яагаад чухал байна вэ?
-Бидний идэж хэрэглэдэг хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байна, түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдаг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг.
-Тэгэхээр ямар өвчинд ямар амт чадалтай эм уух вэ гэдэг нь их нарийн ухаан байхнээ. Гэтэл уламжлалт эмийг гашуун байна, чихэрлэг амттай болгож болохгүй юу гэж хүмүүс их асуудаг шүү дээ?
-Бүх өнгө таван өнгөнөөс, бүх эгшиг аялгуу долоон нотноос салбарладаг шиг бүх юмсын амт зургаан үндсэн амтнаас үүсдэг. Эдгээр зургаан амтнаас дан ганц амт, хоёр амт хосолсон, гурван амт хосолсон, мөн аль нэг амтны хувь их, багын эрхээр тоолшгүй олон амт бий болдог. Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт нь дуршлыг бууруулж дахин амтлах хүслийг буцаадаг онцлог чанартай. Тиймээс хүмүүс бүхий л зүйлийг амтлаг болгох гэж үздэг. Гашуун эм уухгүй, заавал гадуур нь амтлаг амтаар бүрэх, эсвэл холих хэрэгтэй байна гэдэг. Энэ бол буруу юм. Гашуун амт нь сэтгэлд тааламжгүй санагдах боловч хүний биед сайн нөлөөллөө үзүүлэх нь бий. Тухайн эмийг өөрийнх нь байгалийн амтаар хэрэглэвэл хүний биед шингэлтийн дараах амтаар нөлөөлөх нөлөөлөл нь илүү байдаг. Уламжлалт эм танг байгалынх нь амтаар хэрэглэх нь илүү чухал.
-Сүүлийн үед хүмүүс чихэрлэг зүйл түлхүү хэрэглэх болсон нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
– Амтлаг амт шороо, усан махбодын хувь дийлэнх байдаг. Тиймээс амтлаг амтыг хэтрүүлэн хэрэглэвэл шороо, усан махбод хүний биед ихсэж, бадганы өвчнийг үүсгэнэ. Сүүлийн үеийн хоол хүнсний хэрэглээ хүмүүсийн амтанд тачаасан сэтгэлзүйтэй нь холбогдсон байна. Жишээ нь дэлхий нийтийн бараг л бүх улс оронд кофе шоп, түргэн хоолны сүлжээ байх болж. Түүнд зарж байгаа амтлаг нь хэтэрсэн нялуун чихэрлэг амттай кофе, цай, шейк, жимсний шүүс, бургер, тахианы мах зэрэг хоолнууд байна. Мөн дөрвөн улирал дамнуулан шороо, усанд махбод голлосон түүхий ногоо, жимс жимсгэнэ ихээр хэрэглэж байна. Ихэнх хүнсээ амтлаг, чихэрлэгээр бүрж хэрэглэж байна. Сүүлийн үед тараг, ааруулыг бас л чихэртэй, жимстэй болгочихож. Таргийг бага зэрэг исгэлэндүү яг л тэр амтаар нь амтлах нь чухал. Ааруулыг ч мөн адил. Тэгэхээр хэт туйлширч, бүх юмыг чихэрлэг амтанд урвуулах гэсний хэрэггүй. Чихэрлэг амтыг хэтрүүлсэн хэрэглэснээр бадган сальс арвидаж, ходоод, биеийн галын илч буурч, бодисын солилцоонд өөрчлөлт орно. Үүний нөлөөгөөр цагаан хорхой, ходоодны хеликобактер, ходоодны галын илч доройтох, бадган сальс ихсэх, таргалалт, хаван, чихрийн шижин, ходоод хоол боловсруулах замын эмгэгүүд ихээр нэмэгдэх хандлагатай болсон байна.
-Амт болгон тустай гэсэн шүү дээ. Амтлаг амт юунд тустай вэ?
-Амтлаг амтыг тохируулж хэрэглэвэл тустай. Хий өвчний үед, цус шарын халуун төрлийн өвчинд амтлаг амт тустай. Гэхдээ түүнийг тэнцвэртэй хэмжээнд хэрэглэхгүй бол тухайн өвчнийг эдгээх боловч дахиад өөр өвчнийг үүсгэх магадлалтай. Хүний биед үндсэн 6 амт зургуулаа хэрэгтэй. Тэдгээрийг зөв тохируулж хэрэглэх нь л чухал байна.
-Бүх амтыг зохистой хэрэглэх нь чухал гэлээ. Сүүлийн үед хүмүүс бас давсыг хүнсний хэрэглээнээсээ хасах хандлага ажиглагдаж байна. Энэ нь хэр үндэслэлтэй вэ.
-Сүүлийн үед хүмүүс давсгүй хоол идвэл турна гээд хоолондоо давс хэрэглэхгүй байна. Энэ бол маш буруу. Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй. Давслаг амт нь ус, гал махбодын хувь их байдаг учраас хүний биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлнэ. Мөн галын илчийг тэтгэж, хоол ундны шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Бид хоол ундандаа иодтой давс, жамц давс, улаан давс, хужир зэргээр давслаг зүйлүүдийг хэрэглэдэг. Харин уламжлалт эмэнд 20 гаруй төрлийн давсыг хэрэглэдэг. Эдгээр төрөл бүрийн давсанд давслаг амтны нийтлэг чанар агуулагдахаас гадна, өөр өөрийн мөн чанарын чадлууд агуулагдаж байна. Гэхдээ давслаг амтыг хэрэгтэй гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэрэв давслаг амтыг байнга хэтрүүлэн хэрэглэвэл үс унаж халцрана, үс цайж цагаан үс ургана, нүүрний арьс болон бүх арьс үрчлээтэнэ, мөн цус, шараас үүдэлтэй олон өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Яг үүнтэй адил бүх амтанд хүний биед үзүүлэх сайн чанар агуулагдах боловч хэтрүүлж хэрэглэвэл янз бүрийн өвчнийг үүсгэдэг.
-Уламжлалт анагаах ухаанд тийм төрлийн өвчинд тийм амтыг түлхүү хэрэглэнэ гэсэн онол байна уу?
-Байна аа. Хийн бэлгэ чанар хямарсан үед буюу яс, чих, зүрх, амин судас зэрэг хийн орнуудад эмгэг өөрчлөлт орсон үед амтлаг, исгэлэн, давслаг, халуун амт зонхилсон хоол унд, эмийг хэрэглэнэ. Харин шарын бэлгэ чанар хямар цус, шар, халуун язгуурын өвчний үед гашуун, амтлаг, эхүүн амт зонхилсон идээ, унд, эмийг хэрэглэнэ. Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амттанг зонхилон хэрэглэнэ. Ер нь аливаа улс үндэстэн өөрийн уламжлалт хоол, ундаа л хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг олон орны анагаах ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь тэрхүү уламжлалт хоол нь тухайн орны байгаль, цаг уурын онцлог, түүнтэй зохицон хэдэн мянган жилээр амьдарч үр, удам нь болж амьдарч байгаа хүмүүсийн бие махбодын онцлог, өвөрмөц чанартай уялдсан байдаг. Тиймээс хүмүүс аль болох байгалийн гаралтай хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр гэртээ, өөрсдөө бэлтгэсэн хоолоо түлхүү хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.
-Ярилцсанд баярлалаа.