Б.Туяа: Зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэндээ 100 хувь сэтгэл хангалуун байгаа

СБД-ийн иргэн Б.Туяа зээ охин 84-р сургуулийн 10-р ангийн сурагч Ч.Гэрэлсүрэнгийн хамт Оточ Манрамба Их сургуулийн Элсэгчдэд зориулсан өдөрлөгт хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар хэдийнэ шийдсэн бөгөөд 12-р ангиа төгсөөд сургуульдаа элсэнэ гэдгээ хэлж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэн гэлээ. Яагаад Оточ Манрамба Их сургуулийг сонгосон бэ?

-10 жилийн өмнө миний өвдөгний үеэр өвдөөд Оточ Манрамба Их сургуулийн бааз эмнэлэг Манба Дацан эмнэлэгт анх удаа ирж, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлсэн юм. Хамба лам намайг үзэж оношлоод “Таны өвдөгийг эмчлэхийн тулд долоон эд эрхтэнийг чинь давхар эмчилнэ” гэж хэлсэн. Тэгэхэд би ганц өвдөг эмчлэхийн тулд бусад эрхтэнийг бас давхар эмчилдэг нь ямар учиртай юм болоо гэж их гайхаж байсан. Манба Дацан эмнэлэгт хэвтээд хоёр дахь хоног дээрээ л өвдөгний өвчин намдаж, шатаар явж чадахгүй байсан хүн чинь хөнгөн шингэн болсон. Манба Дацан эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарахдаа уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ ямар гайхамшигтай юм бэ гэдгийг зүрх сэтгэлдээ шингэтэл ойлгож авсан. Дараа нь тав, зургаан жилийн дараа толгой өвдөөд, эмч нар ямар ч онош тавьж чадахгүй, маш хүчтэй өвчин намдаах эмээр л аргалж байлаа. Тэгээд би дахиад л Хамба лам Д.Нацагдорж гуай дээр уйлаад ирж байсан. Надад тан бичиж өгөөд, төөнүүр, зүү эмчилгээ хийгээд тав хоногт л хүчтэй өвдөлт нь намдаж, эдгэсэн. Тэгж би хоёр дахь удаагаа Монголын уламжлалт анагаах ухааны гайхамшгийг мэдэрсэн. Тэр үед зээ охин маань 5 настай байлаа. Тухайн үед охиноосоо ямар мэргэжилтэй болохыг асуухад эмч болно гэж хэлсэнд нь би маш их баярлаж, ерөөсөө л охиноо уламжлалтын эмч болгоё гэж шийдсэн. Тиймээс өдийг хүртэл уламжлалт анагаах ухааны талаар маш их зүйлийг уншиж, Хамба лам Д.Нацагдорж гуайн байгуулсан Оточ Манрамба Их сургуулийн талаар судлаж ирсэн. Манба Дацан эмнэлгийн чадварлаг эмч нар Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид байсан нь надад маш сайхан санагдаж, охиноо тэр мундаг эмч нар шиг болгохын тулд Оточ Манрамба Их сургуульд сургах хэрэгтэй юм байна гэж бодсон.

-Охин чинь өөрөө уламжлалтын эмч болох сонирхолтой юу?

-Тиймээ, уламжлалтын эмч болно гээд хими, биологийн хичээлээ маш сайн давтаж байгаа. Охин маань Химийн улсын олимпиадад ороод 4-р байр эзлэж байсан. Өнөөдөр эмээтэйгээ хамт ирээдүйд сурах сургуулиа үзэж, танилцаад маш их баяртай байх шиг байна. Охиноо мундаг оточ болно гэдэгт эмээ нь эргэлзэхгүй байгаа. Манайх удамдаа нэг сайн эмчтэй болох нь гээд их баяртай явдаг.

-Оточ Манрамба Их сургуультай танилцаад ямар сэтгэгдэлтэй байна?

-Хамба лам Д.Нацагдорж гуайн Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө, залуучуудын эрдэм мэдлэг, боловсролын төлөө хийж байгаа үйлсийг юутай ч зүйрлэшгүй. Би энэ хүнээр маш их бахархдаг. Манба Дацан хийд, эмнэлэг, эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их сургуулийг цогцоор нь байгуулж, оюутнуудын сурах таатай нөхцлийг хангасан байгааг харлаа. Энэ сургуулийн төгсөгчид, багш нар нь эрдэм чадалтай мундаг хүмүүс байдгийг мэдлээ. Оточ Манрамба Их сургуульд хүүхдээ элсүүлж, Хамба лам Д.Нацагдорж болон олон сайхан багш нарт охиноо шавь оруулахаар шийдсэндээ 100 хувь сэтгэл хангалуун байна. Хоёр жилийн дараа охиноо 12-р ангиа төгсөхөөр нь эрдэм мэдлэгийн уурхай болсон Оточ Манрамба Их сургуульд оруулж, мундаг эмч болоход нь эмээгийн зүгээс хийж чадах бүхнээ зориулна аа.

-Ярилцсанд баярлаа. Та бүхэнд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *