Агата Хмелецка: Оточ Манрамба Их сургууль хоёр Агататай боллоо

Польш улсын иргэн, Монгол-Төвөд судлаач Агата Хмелецкатай ярилцлаа. Тэрбээр Польш Улсын Варшавын Их сургуулийн магистрант бөгөөд энэ жил Оточ Манрамба Их сургуулийн Эмзүйн ангид элсэн суралцахаар Монголд ирээд байгаа юм.

-Та Оточ Манрамба Их сургуулийн Эмзүйн ангид элсэн суралцахаар болжээ. Яагаад эмзүйн чиглэлээр сурах болов?

-Би Монгол-Төвөд судлаач мэргэжлээр суралцаж төгсөөд, одоо Варшавын Их сургуульд магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Миний магистрын дипломын ажлын сэдэв бол Монголын эмийн ургамал, уламжлалт анагаах ухааны эмийн жорын тухай юм. Энэ чиглэлээр судалгааны ажил хийх гэж Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Судалгаа хийх явцдаа Оточ Манрамба  Их сургуулийн талаар мэдэж, Хамба лам Д.Нацагдоржтой уулзсан. Хамба ламтай уулзсаныхаа дараа уламжлалт эмийн арвин баялаг мэдлэгийг судлая, Эмзүйгээр суралцая гэж шийдсэн.

-Та уламжлалт анагаах ухааны талаар хэр сайн мэдэх вэ?

-Польшид маш олон Монголчууд амьдардаг. Тэр дундаа Монгол эмч нар их байдаг. Зөвхөн Варшавт л гэхэд уламжлалтын 300 гаруй Монгол эмч бий. Би тэднээс анх уламжлалт анагаах ухааны талаар мэдэж авсан.

-Та Монгол-Төвөд судлаач мэргэжилтэй. Энэ чиглэлээр суралцахад юу нөлөөлсөн бэ?

-Миний мэргэжил Польшид их ховор. Зөвхөн Варшавын Их сургуульд л энэ чиглэлээр сурч болно. Тиймээс би өөр хотоос Варшав руу шилжиж ирээд сурсан. Анх Монгол ардын хөгжим сонсоход надад маш их таалагдаж, морин хуур, уртын дуу, Монголын соёл, уламжлалын талаар их судлаж, олон ном уншсан. Илүү ихийг мэдэж, судламаар санагдсан учраас Монгол судлаачаар сурсан.

-Уламжлалт анагаах ухаан бол Төвөд, Хятад гээд дорно дахинд хөгжсөн анагаах ухаан. Уламжлалт анагаах ухаанд суралцахын тулд яагаад Монголыг, Оточ Манрамба Их сургуулийг зорих болов?

-Би таван жилийн өмнөөс Монгол-Төвөд судалгаагаа эхлүүлэхэд Монголын юм бүхэн үнэхээр сонирхолтой байсан. Судалгааны маш олон чиглэл бий. Үүнээс би Монголын уламжлалт анагаах ухааныг сонгон судлаж, дэлхий дахинд энэхүү судалгааны ажлыг өрнүүлмээр байна. Оточ Манрамба Их сургуулийн хувьд дэлхий дээрх маш онцгой сургуулиудын нэг. Энд заадаг мэдлэг ер нь ховор. Бараг өөр газарт байхгүй болов уу. Тиймээс надад Оточ Манрамба Их сургуульд суралцах боломж олдсон учраас үүнийг алдахгүй.

-Эмзүйн чиглэлээр суралцвал таныг ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Уламжлалт эмзүйн салбар маш агуу, баялаг. Энэ баялаг ухаанд суралцсанаар судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна шинэ брэнд бүтээгдэхүүн гаргах болно. Уламжлалт анагаах ухааны эмзүйн салбар маш ирээдүйтэй салбар.

-Монголд удаан хугацаагаар амьдарч байсан уу. Монгол орон ямар санагддаг вэ?

-Дөрвөн жилийн өмнө Монголд нэг жил амьдарч байсан. Оточ Манрамба Их сургуульд сурах гээд зургаан сарын өмнө ирсэн. Монголд амьдрах заримдаа их хэцүү санагддаг. Эхэндээ ч ардын хөгжим, уртын дуу шигээ сайхан байгаагүй. Гэхдээ монголчууд их найрсаг учраас амархан дассан. Надад тусалдаг олон хүн бий.

-Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалтын их эмчийн ангид Польш оюутан сурдаг гэсэн?

-Тиймээ, би танилцсан. Түүнийг бас Агата гэдэг юм билээ. Ингээд Оточ Манрамба Их сургууль хоёр Агататай боллоо. /Инээв/ Польшид байхдаа би Агатагийн талаар интернэтээс уншиж байсан. Оточ Манрамба Их сургуульд Польш оюутан суралцдаг тухай мэдээ олж уншаад түүнтэй ирж уулзсан.

-Хамба лам Д.Нацагдоржтой яаж танилцсан бэ?

-Польшид амьдардаг Монгол эмч нараас түүний талаар анх сонссон. Польшид Оточ Манрамба Их сургуулийн олон төгсөгч ажилладаг юм билээ. Тэгээд би түүний талаар интернэтээс судлаж, Монголд ирээд уулзсан. Хамба ламтай уулзаж, ярилцаад уламжлалт эмийн талаар олон зүйлийг мэдэж авсан. Надад их боломж байгааг мэдрүүлсэн. Тиймээс Хамба лам Д.Нацагдоржид маш их баярладаг. Би Хамба лам болон Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудтай эмийн ургамал түүхээр явсан. Маш сонирхолтой байсан. Энэ сургуульд элссэнээр эмийн ургамлын олон төрлийн дадлага судалгаа хийж, эмийн ургамал, жорын талаар нарийн мэргэжлийн түвшинд судлах болсондоо баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

М.Ариунсувд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *