Өвөрмонголын сурагчид Оточ Манрамба Их сургуульд суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Оточ Манрамба Их сургуулийн багш нар Өвөрмонголын Өөртөө засах орны Шилийн гол аймаг, Хишигтэн, Байрин, Хорчин, Зарууд, Баруун Үзэмчин зэрэг 7 хошууны дунд сургуулиудаар тойрон үйл ажиллагаагаа танилцуулж, сурагчидтай уулзлаа.
Өвөрмонголын 7 сургуулийн төгсөх ангийн нийт 2000 гаруй сурагчидтай уулзаж, тэдэнд Монголын уламжлалт анагаах ухааны талаар болон их эмч, сувилагч, эмзүйч, буддын судлаач зэрэг мэргэжлийн онцлог, давуу талыг таниулж, сургуулийн материаллаг бааз, нөөц боломжийг танилцууллаа. Мөн тэдний санал бодлыг сонсч, мэргэжил сонголтонд нь тусласанд багш, сурагчдын зүгээс талархалтай хандаж, жил бүр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах саналыг тавьсан юм.
Энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Оточ Манрамба Их сургуулийн бакалаврын сургалтаас гадна магистр, докторын сургалтанд хамрагдах хүсэлтэй оюутан залуусд мэдээлэл өгсөн чухал ажил боллоо.
Оточ Манрамба Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан олон эмч Өвөрмонголын болон Хятадын томоохон эмнэлгүүдэд ажиллаж байгааг Өвөрмонголын багш, сурагчид сайшааж байсан юм.
Өвөрмонголын дунд сургуулиуд төдийгүй эмнэлгүүд Оточ Манрамба Их сургуультай хамтран ажиллаж, эмч нарыг солилцон сургах асуудлыг ярьж байлаа. Тухайлбал, Баруун үзэмчин хошууны Монгол эмнэлгийн захирал Чишан Оточ Манрамба Их сургуулийн багш нарыг хүлээн авч уулзан, эмнэлгийн үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Өвөрмонголын Өөртөө Засах орны ард иргэд уламжлалт анагаах ухааныг өргөн хэрэглэдэг бөгөөд энэ ч утгаараа уламжлалтын их эмч болох сонирхолтой хүүхдүүд их байсан юм. Анагаах ухааны чиг хандлагад уламжлалт анагаах ухаан давамгайлж, цаашид улам бүр хөгжиж байгаа тул дан ганц уламжлалтын их эмчээс гадна уламжлалтын сувилагч, уламжлалт анагаах ухааны эмзүйч зэрэг мэргэжлээр сурах сонирхолтой хүүхдүүд ч байлаа. Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг хэрэглэж, сургалт, судалгаа явуулдаг олон улс орон байдаг ч Монголын уламжлалт анагаах ухааны онол шүн, сургалт нь өөрийн гэсэн онцлог давуу талтай, эмчилгээний үр дүн өндөртэй байгаа. Тиймээс ч Өвөрмонголчууд төдийгүй олон улсын оюутан залуус Монголд суралцах сонирхолтой байдаг.
Оточ Манрамба Их сургуульд Польш, ОХУ, Франц, Тува, Өвөрмонголын Өөртөө Засах орон зэрэг олон улс орноос оюутнууд ирж суралцаж байгаа бөгөөд цаашид Өвөрмонголоос суралцах хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *