Лондонгийн Эрүүл мэндийн “Orassy” төвийн захирал Константин Палвидистай ярилцлаа. Тэрбээр анагаах ухааныг квантын физиктэй хэрхэн хослуулах талаар судалдаг бөгөөд бясалгал, иог, Дорнын анагаах ухаанд мэргэшсэн хүн юм. -Та эмч, бариа засалч, физикч гээд их олон мэргэжлийг эзэмшсэн хүн. Өөрийнхөө тухай ярихгүй юу? -Би 20 гаруй улсад амьдрахдаа хүний бие махбод хэрхэн шинэ зүйлсийг сурч, хоорондоо харилцаа холбоо үүсгэдгийг судлахаас гадна олон төрлийн анагаахын шинжлэх ухааныг судалсаар ирсэн. Миний мэргэжил бол нэмэлтэт анагаах ухаан буюу комплементари анагаах ухаан юм. Би анх Сиднэйн Их Сургуульд биофизикч мэргэжлээр суралцан хүний бие махбодийн биофизикийн талаар сурч мэдсэн. Их сургуульд 5 жил суралцах хугацаандаа физик, биологи, математик, түүх, шинжлэх ухааны философийн талаар маш их судласан. Мөн Хятад, Япон улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцаж, Шиацу, бариа заслын талаар маш их зүйлийг сурсан. Миний ээж Кавказын жижигхэн тосгонд эмч хийдэг байсан. Ээж минь ясны хугарал, мултрал зэргийг маш гарамгай эмчилдэг байлаа. Тиймээс би бариа засалд 5 настайгаасаа эхлэн суралцсан. Би өөрийгөө анагаагч гэж боддог. Өөрийнхөө био энергийг өөр хэн нэгэн рүү дамжуулах чадвартайгаас гадна бусад хүмүүсийн өвчин эмгэгийг маш амархан мэдэрдэг. Мөн зүү эмчилгээ болон уламжлалт эмэн эмчилгээний талаар олон зүйлийг судлаж, тай чи, чигонг, кунг фу, иог, бясалгалын талаар бага байхаасаа л судлаж ирсэн. Тиймээс 1980-аад оноос өдийг хүртэл энэхүү сурч мэдсэн мэдлэгээ уламжлалт анагаах ухаан болон шинжлэх ухаантай хослуулах ажлыг хийж байна. Би шинжлэх ухаанд маш их дуртай, тиймээс энэхүү далдын гэмээр эмчилгээний арга барилыг шинжлэх ухааны хэлээр хэрхэн тайлбарлахыг олж мэдэхийн тулд шинжлэх ухааны чиглэлээр их сургуульд суралцсан юм. -Квантын физикт суурилсан анагаах ухааны талаар судлаж байгаа гэсэн. Энэ талаар ярьвал? -Квантын физик гэдэг нь Исаак Ньютоны буюу механикийн шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй, тайлагдашгүй ер бусын метафизик үзэгдлийг хүмүүст хэрхэн тайлбарладаг талаар танилцуулдаг. Өөрөөр хэлбэл, телепат үзэгдэл (алсын зайнаас мэдрэх), телекинесис (алсын зайнаас удирдах) гэх мэт тайлагдашгүй зүйлсэд хариулт өгдөг шинжлэх ухаан юм. Шинжлэх ухааны зүгээс тайлбарлах боломжгүй эдгээр үзэгдлүүд нь уламжлалт анагаах ухаан, сүнслэг эмчилгээ, арга барилуудын хувьд энгийн зүйл мэт бичигдсэн байдаг. Квантын физикийн онолын тусламжтайгаар энэхүү үзэгдлүүдийг тайлбарлах боломжтой. Би 1980-аад онд багшаар ажиллаж байх хугацаандаа квантын физикийн талаар сонирхож судлаж эхэлсэн. 2015 онд Амит Госвами хэмээх профессортой уулзаж танилцан түүнтэй хамт 3 жил ажиллаж байна. Профессор Амит Госвами Энэтхэгээс гаралтай ч сүүлийн 50 гаруй жил Америкт амьдарч квантын физикийг эмчилгээний чиглэлээр ашиглаж, судлаж байгаа хүн. Орегоны Их Сургуулийн физикийн тэнхимийн даргаар 20-оод жил ажиллаж, бидний эргэн тойронд оршиж буй зүйлсийн утга учир, мөн чанарыг олоход чиглэсэн олон туршилтуудыг явуулж байсан. Энэ талаар олон ном бичсэн байдаг. Тухайлбал, “Бурхан бол Ухамсар юм”. Профессор Амит Госвами квантын физикийн талаарх мэдлэгийг эдийн засаг, анагаах ухаан, сэтгэц болон ухамсар судлалын шинжлэх ухаануудтай хослуулсаар ирсэн. Би түүнтэй ажиллаж эхлэснээс хойш ухамсар судлалыг бясалгал, төсөөлөл, сунгалт дасгалуудын тусламжтайгаар практиктай хослуулан заахаар шийдсэн. Тэгээд бид “Квантын боловсрол” гэх шинэ ухагдахууныг гаргаж ирсэн. Энэ нь дан ганц зүүн тархи бус, биеийн бүхий л хэсгүүдийг оролцуулж аливаа зүйлийг сурах гэсэн үг юм. Өөрөөр хэлвэл, эд эсүүддээ шинэ мэдээллийг шингээх арга юм гэж тайлбарлаж болно. -Та Хамба лам Д.Нацагдоржтой хамтран ажилладаг. Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их сургуультай цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах бодолтой байна? -Би Оточ Манрамба Их сургуулийн багш, оюутнуудад Квантын физикийн талаар хэд хэдэн удаа лекц уншсан. Цаашид энэ сэдвийн дагуу сургалт явуулах санал тавьсан. Сургалтандаа гадаад болон монгол эмч нарыг хамруулах бөгөөд Монголын уламжлалт анагаах ухаан, Европ эмчилгээ хоёрыг квантын физикийн тусламжтайгаар хэрхэн хослуулан ойлгох талаар заах юм. Мөн энэ сургалтын явцад Төвдийн уламжлалт Трүлхор иог болон бясалгалын талаар хичээл заана. Энэ иог нь хүний оюун ухаан болон амьсгалын тогтолцоог хамтад нь идэвхижүүлдэг онцгой иог. Тиймээс миний бодлоор энэхүү төсөл түүхэнд анх удаа Өрнө, Дорнын анагаахын шинжлэх ухааныг квантын физикийн тусламжтайгаар нэгтгэх юм. -Энэ төслийг хэрэгжүүлэхэд Манба Дацан МУЭСТ-ийг яагаад сонгох болов? -Би Төвд, Хятад, Энэтхэгт маш олон сүм хийдэд очиж байсан. Лам нар нэгэн төрлийн сэтгэл зүйч, нийгэм судлаач, анагаагчийн үүргийг тарнийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Эмч хүн энэ талаар илүү ихийг сурч мэдвэл тэр мэдлэгээ өдөр тутмын эмчилгээндээ тусгах боломжтой. Манба Дацан эмнэлгийн эмч нар ийм чадварыг эзэмшсэн байгаа нь гайхалтай. Миний бодлоор дэлхийн аль ч орны эрүүл мэндийн системд гурван төрлийн бурхан байдаг. Нэгдүгээрт, эцэг эх, хоёрт, багш, гуравдугаарт, эмч юм. Тэгэхээр бид хэзээнээс өөрсдийн эрүүл мэндийн талаар хариуцлага хүлээж сурах вэ. Энэ бол маш чухал ухагдахуун. Эмчийн зүгээс боломжтой бүхий ч эмчилгээ, сувилгааг хийдэг ч өвчтөн үүнийг цааш нь бие даан үргэлжлүүлснээр өвчнөөс ангижрах болно. Бид үйлийн үрийн талаарх ойлголтыг хүмүүст өгч байх ёстой. Хэрэв хүмүүс үйлийн үрийн талаар ойлгохгүй бол өвчнөөс ангижрахад хэцүү байх болно. Квантын физикийн онолоор ямар ч зүйл учир шалтгаангүйгээр тохиолддоггүй гэдэг бөгөөд квантын физик буддизм хоёр маш олон зүйл дээр санал нийлдэг. Монголын уламжлалт анагаах ухааны Манба Дацан төв уламжлалт анагаах ухаан, буддизмын салбарт сургалт, судлагаа, эмчилгээ, үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлж байгаа. Тиймээс Манба Дацан төв, Оточ Манрамба Их сургуультай хамтран ажиллах сонирхолтой байна. -Та Хамба лам Д.Нацагдоржтой хэзээ танилцсан бэ? -Би 1996 онд анх Хамба ламтай Лондон дахь Дорнын эмнэлгийн Кайлаш төвд танилцсан. Хамба лам 1996 оноос өмнө Лондонд эмчээр ажиллаж байсан юм билээ. Би Кайлаш эмнэлэгт иог, бясалгал, чигонг заадаг байлаа. Хамба лам тэнд 2006 оныг хүртэл Зочин эмчээр ажилласан. 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Хамба лам намайг Монголд урьсан. Тэгэхэд анх удаа Монголд ирсэн. -Түүнээс хойш Монголд хэдэн удаа ирэв. Монгол орон танд ямар санагддаг вэ? -Би Монголд 5 дахь удаагаа зочилж байна. Анх 2006 онд ирэхдээ маш өндөр сэтгэгдэлтэй буцаж байснаа санадаг. Хөдөөний Монгол айлд зочлон, нүүдэлчин соёл иргэншилтэй танилцаж билээ. Монгол хүмүүс байгальтайгаа нягт уялдаатай амьдардаг нь маш сонирхолтой санагдсан. Хамгийн гол нь Монголчууд маш идэвхитэй, хүсэл эрмэлзэлтэй амьдардаг нь миний сонирхлыг татсан. Монголчууд Засгийн газрыг өөрсдийнх нь төлөө ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүлээж суудаггүй, харин бодит байдлыг гартаа авч, өөрсдөө хийхийг илүүд үздэг. Барууны ихэнх орны хүмүүст ийм зан чанар дутагддаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл Засгийн газраас маш их тусламж, мөнгөн дэмжлэгийг үзүүлдэг тул хүмүүсийнх нь үзэл бодол өөр байдаг. Миний бодлоор Монгол хүмүүс эрсдэлтэй хэдий ч боломжийг ашиглан аливаа зүйлийг өөрийн гараар хийж бүтээхийг илүүд үздэг мэт санагдсан. Үүний тод жишээ бол Хамба лам Д.Нацагдорж. Хамба лам өөрийн хүчээр энэхүү гайхалтай эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэр, хийдийг байгуулж чадсан нь Монгол хүний гайхамшигтай чанарыг харуулж байна. -Монголын уламжлалт анагаах ухааны цаашдын төлөв байдал, хөгжлийн талаар та юу хэлэх вэ? -Миний бодлоор уламжлалт анагаах ухааны онол зарчим нь механик шинжлэх ухааны өнцгөөс ойлгож, тайлбарлах боломж, аргагүй хязгаарлагдмал. Механик шинжлэх ухаан квантын физикийг ойлгож чадахгүй байхад яаж уламжлалт анагаах ухааныг тайлбарлаж чадах билээ дээ. Монголын уламжлалт анагаах ухаан, Аюурведийн анагаах ухаан, Хятад, Төвд, Африк, Өмнөд Америк гээд олон орны уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ маш үр дүнтэй байгаа ч квантын физик гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй. Тиймээс уламжлалт анагаах ухааны онол, зарчим, эмчилгээний үйл явц, үр дүн хэрхэн явагдаж байгааг тайлбарлах хэрэгтэй. Үүнийг бид “Квантын ертөнцийг үзэх үзэл” гэж нэрлэж байгаа юм. Дэлхий дахинд уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлогийг ойлгож, эмчлүүлж байгаа маш олон хүн бий. Тэр дундаа Лондонд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг маш олон хүн бий. Хамба лам Д.Нацагдорж Лондонд очих бүртээ хүн ардыг оношилж, эмчилж эдгээн, Буддын шашны талаар лекц сургалт явуулж байсныг мэдэх юм байна. Барууны орнуудад уламжлалт анагаах ухаан, Буддын шашныг маш ихэд сонирхож байгаа. -Ярилцсанд баярлалаа.