Манба Дацан эмнэлэгт шамбрам өвчнийг эмийн болон засал эмчилгээгээр үр дүнтэй эмчилж байна


Сүүлийн жилүүдэд хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын буруу хэв зуршлаас шалтгаалан хүм амын дунд ихээхэн тохиолдож байгаа өвчний нэг бол яах аргагүй шамбрам юм. Уламжлалт анагаах ухаанд шамбрамыг хошногоны гөвдрүү өвчин гэж үздэг. Хошногоны гөвдрүү буюу шамбрам өвчин нь бүх насны хүнд тохиолдох боловч туулга эмчилгээг хэтрүүлсэн, удаан хугацаагаар сууж ажилладаг, өтгөн шингэнээ удаан хорьж эсвэл хүчээр шахдаг, хөдөлгөөний дутагдалтай, биеийн дархлаа сул хүмүүст тохиолдох нь элбэг. Эдгээр нөхцөлүүдээр шулуун гэдэсний амсарт гөвдрүү үүсч, уруу арилгагч хийг улам хямраах бөгөөд галын илч буурах, үе мөч өвдөх, хэвлий хөөх, хоолны дуршил буурах, толгой өвдөх, тамир буурах, ядрах, шээсний гарц элбэгших эсвэл хаагдах, өтгөн хатах буюу суулгах, муухай үнэртэй, цустай суулгах, сүүж, шулуун гэдэсний амсараар хатгуулах зэрэг ерөнхий шинж илэрдэг зовиур, хүндрэл ихтэй өвчин юм.
Шамбрам нь зовиур, дахилт ихтэй, эмчилгээ удаантай өвчин бөгөөд энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байна. Шамбрам өвчтэй хүмүүс голчлон үнэтэй мэс заслын эмчилгээг хийлгэх боловч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Шамбрамыг ганцхан мэс засал, эсвэл эмээр эмчилж болно гэсэн өрөөсгөл ойлголт бий. Тэгвэл уламжлалт анагаах ухаанд шамбрам буюу хошногоны гөвдрүү өвчинд тусгай цогц эмчилгээг хийдэг. Өвчнийг үүсгэж буй нөхцөл, илэрч буй шинж тэмдэг зэргээс нь шалгаалж бадганы, хийн, цусны, шарын, хуурай, нойтон, мөн дотор гарсан, завсарт гарсан, гадагш гарсан гэж байрлалаар нь ангилж үздэг. Шамбрамыг эмчлэхдээ эдгээр ангиллын дагуу өвчтөний нас, өвчин эхэлсэн цаг үе, өвчний үе шат, хавсарсан шинж зэргийг харгалзан эмчилгээний зарчмыг тогтоодог. Тиймээс шамбрамтай хүн бүрт нэг төрлийн эмчилгээ хийгээд бүрэн эдгээнэ гэдэг нь учир дутагдалтай тул та шамбрам өвчнөөр өвчилсөн тохиолдолд нэн даруй уламжлалт анагаахын мэргэжлийн эмчид хандаж үр дүнтэй тусламж эмчилгээг цаг алдалгүй авах нь зүйтэй.
Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэг нь шамбрам өвчнийг үүсгэгч шалтгаан нөхцлөөс нь хамааран эмийн болон засал эмчилгээг хавсруулан үр дүнтэйгээр эмчилж байна. Тухайлбал, шамбрам өвчний үед туулга, бөөлжүүлэг, төөнүүр, хануур, зүү эмчилгээ зэргийг хийхээс гадна уруу арилгагч хийн хямралыг тэгшитгэдэг, шулуун гэдэсний амсарыг баригч булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг, бие махбодын тамирыг тэтгэдэг уламжлалт эм танг өгдөг.
Ер нь аливаа өвчнийг архагшуулж хүндрүүлэлгүй зөв тусламж үйлчилгээг авч, эмчлүүлвэл эмчилгээний үр дүн өндөр байхаас гадна өвчин дахих магадлалыг бууруулдаг. Гэвч шамбрам өвчтэй хүмүүс эмчид үзүүлэлгүй гэрийн нөхцөлд дур мэдэн олон төрлийн арга хэрэглэж, улам бүр хүндрүүлэн цаг алддагаас хүндрэл гарах нь олонтаа. Тиймээс та уламжлалтын эмчид хандаж, шаардлагатай эмчилгээг хийлгээрэй.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар

ЭХ СУРВАЛЖ: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН №03 (45)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *