Улсын тэргүүний 84-р бүрэн дунд сургуулийн Сургалтын албаны дарга Е.Лхагвацэрэнтэй ярилцлаа.
-Та уламжлалт эмчилгээ, үйлчилгээг яагаад сонгох болов. Энэ талаар яриагаа эхлэе?
-Уламжлалтыг хүмүүс ганц бариа засал л гэж ойлгодог. Уламжлалтын эмнэлэг гэхээр бариа засал хийдэг газар гэж боддог. Гэхдээ сүүлийн үед энэ ойлголт харьцангуй өөрчлөгдөж, уламжлалт анагаах ухааныг жинхэнэ мөн чанар, утгаар нь ойлгож эхлэж байх шиг байна. Энэ нь Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс харагдсан. Уламжлалтын эмнэлэг нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, оношилгоо, эмчилгээ нь гайхамшигтай нарийн үйл юм гэдгийг мэдэрлээ. Хүний судсыг бариад дотор эрхтэнийг оношилж чадна гэдэг гайхамшигтай. Хоёрдугаарт, дэлхий нийтээрээ антибиотикийн хэрэглээнээс татгалзаж байна гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Хор хөнөөл ихтэй, тодорхой хугацааны дотор үр дүнгээ өгдөг, шинэ гарсан бүтээгдэхүүн бүхэн туршилтын байдлаар гарч ирдэг гэгчлэн антибиотикийн сөрөг үр дагавар их бий. Гуравдугаарт, миний хувьд Европ анагаахын эмнэлэг, шинээр орж ирж байгаа эм тарианд итгэх итгэл маань буурсан. Тиймээс уламжлалтаар эмчлүүлье гэж шийдсэн. Саяхнаас миний эрүүл мэндийн байдал доройтож, үзүүлэх сайн эмнэлэг хайж байгаад Манба Дацан эмнэлгийн фэйсбүүк хуудсаар зочилсон. Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг эмчийн ярилцлагуудыг уншаад Манба Дацан эмнэлэгт хандах хэрэгтэйгээ ойлгосон.
-Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэхээс өмнө таны биеийн байдал ямар байсан бэ?
-Нэгдүгээр сарын сүүлээр миний нүүр татаж эхэлсэн. Эхлээд би анзаараагүй. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежрүүдэд хичээл заагаад зогсож байсан чинь тэд “Багшаа таны бие зүгээр үү, таны нүүр татаад байна ш дээ” гэж байна. Би Ерөнхий боловсролын сургуульд Сургалтын албаны дарга хийдэг хүн л дээ. Манай сургууль 5 мянган хүүхэдтэй, 200 гаран багш ажилтантай. Ачаалал их, дуу шуугиантай орчинд ажилладаг. Тиймээс би жаахан ядарч дээ л гэж бодсон. Гэтэл нэг их удалгүй бүсэлхийнээс доош мэдээ алдаад эхэлсэн. Хөлийн арван хуруу бадайраад, тэнцвэрээ олохоо болилоо. Тэгээд л би уламжлалтын эмнэлгийг сонирхож эхэлсэн юм.
-Үзүүлээд ямар онош сонсов. Уламжлалтаар эмчлүүлсэн үр дүнгээсээ хуваалцаач?
-Би цагаан сарын дараа шинийн дөрвөнд Г.Одонцэцэг эмчид ирж үзүүлсэн. Г.Одонцэцэг эмчид их олон хүн үзүүлдэг юм билээ, би дугаарлаж байгаад орсон. Тэгсэн миний судсыг барьж үзчихээд бөөр, зүрх, тархи чинь битүү хаван байна, та эмчлүүлэхгүй бол болохгүйн дээ гэж хэлсэн. Хүнтэй харьцаж байгаа нь, биеэ авч яваа байдал нь надад маш их таалагдсан. Тиймээс би энэ хүнд итгэж болох юм байна гэж бодсон. Тэгээд хоёр хоногийн дараа Манба Дацан эмнэлэгт хэвтэхээр ирэхэд хүлээн авахын эмч бүсгүй намайг маш сайхан хүлээж авч, тасагт хүргэж өгсөн. Манба Дацан эмнэлэг 7 давхар эмнэлгийн байртай, хэвтэн эмчлүүлэх тасаг нь 3-6 давхартаа байрладаг юм байна. Намайг Г.Одгэрэл эмч хариуцан эмчилсэн. Би ямар азаар Г.Одонцэцэг эмчид үзүүлж, ямар азаар Г.Одгэрэл эмчийн гарт ирвээ гэж одоо баярладаг. 10 хоног хэвтэж эмчлүүлэхдээ эмчлэгч эмчээсээ маш их зүйлийг сурч, ойлгож авлаа. Г.Одгэрэл эмчдээ маш их баярлалаа. Уламжлалт эмчилгээ хийлгэснээр нүүр татанхай байсан нь эдгэж сайхан боллоо. Ерөөсөө унтаж чадахгүй байсан, одоо сайхан унтаж байна. Бүсэлхийнээс доош чимчигнээд мэдээ алдаад байсан нь зүгээр болчихсон, хөл бадайрахаа больсон. Үнэхээр гайхалтай үр дүн гарсан.
-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ танд ямар санагдав?
-Би Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд нэлээд хэдэн зүйлийг сурч авлаа. Нэгдүгээрт, хүн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө л хамгаалах ёстой юм байна, өвчилсөн тохиолдолд уламжлалт эмнэлгийг түших хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Хоёрдугаарт, эмнэлгийн тан буцалгадаг өрөөнд хүмүүс хоорондоо ярьж байхыг сонсохнээ, Манба Дацан эмнэлэг хүн бүрт өөр өөр эмчилгээ хийдэг юм байна. “Надад ийм эмчилгээ хийлээ, надад тэр эмчилгээг хийгээгүй ш дээ” гээд л ярьж байхыг сонсоод европ анагаахын эмнэлгүүд шиг хүн бүрт ижилхэн онош тавиад, адилхан эмчилгээ хийдэггүй юм байна гэдгийг мэдсэн. Манба Дацан эмнэлэг хүн хүнд нь тохирсон эмчилгээг хийдгээрээ онцлог. Гуравдугаарт, эмч, ажилчид нь хүнтэй ямар сайхан харьцдаг, зан харьцаа сайтай хүмүүс вэ. Маш их ачаалалтай ажилладаг мөртлөө өглөө болгон үйлчлүүлэгчидтэйгээ инээмсэглэж мэндлээд, санаа тавина. Дээрээс нь би нэг юмыг их гайхлаа. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд Манба Дацан эмнэлэгт дадлага хийж, жижүүрт гардаг юм байна. Амралтын өдөр надад нэг оюутан эмчилгээ хийлээ. Өрөөнд орж ирээд надтай мэндлээд, таныг эмчилгээнд урьж байна гээд үнэхээр соёлтой, зөв хандлагатай хүүхэд байсан. Тэгээд бариа хийхээсээ өмнө танд бэртэлтэй, барихад эмзэг газар байдаг уу гэж асуугаад, эмч нараасаа дутахгүй сайн барьсан. Тэр оюутныг Г.Хурцбилэг гэдэг юм билээ. Тэр сайн эмч болно. Би хэвтэж эмчлүүлэх хугацаандаа 4 оюутнаар бариулж, эмчилгээ хийлгэхэд бүгдээрээ маш сайн байсан. Бүгдээрээ нэг гарын хүчтэй, ижил төвшинд бариаг сайн хийж байгаагаас харахад Оточ Манрамба Их сургууль оюутнуудаа маш мундаг сургадаг юм байна. Тэгээд би миний ач, гуч, ойр төрлийн хүмүүсээс эмч болгох ямар хүн байдаг билээ гэж бодож эхэлсэн. /инээв/. Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид хаана ч очсон гологдохооргүй чадвартай, ёс суртахуунтай хүмүүс байна. Манба Дацан эмнэлгийн эмч нар, миний эмчлэгч эмч Г.Одгэрэл эмч маань бас Оточ Манрамба Их сургуулийг төгссөн юм билээ. Ийм мундаг эмч нарыг төрүүлж байгаад талархаж байна. 21-р зууны хамгийн гол эмгүй эмчилгээ бол харилцаа шүү дээ. Сайхан харилцаа өрнөсөн, халуун дулаан уур амьсгалтай, бие биедээ итгэсэн, хүндэтгэсэн газар амжилтын оргил байдаг гэж үздэг. Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургууль үнэхээр ийм байгууллага. Энэ байгууллагыг удирддаг Хамба лам Д.Нацагдорж, Зөвлөх эмч Г.Одонцэцэг нартаа баяр хүргэе. Манба Дацан эмнэлгийн хамт олонд маш их талархаж байна.
-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг та юу гэж харав?
-Уламжлалт эмчилгээнүүд маш гайхалтай. Хаяа нэг идчих юмсан гэж боддог арвайн гурил хүний эд эрхтэнд нөлөөлдөг юм байна. Хаяа нэг зул өргөдөг шар тос эмчилгээний чухал хэрэгсэл юм. Эм болдог хүнснүүдээ бид хэрэглэдэггүй учраас өвдөөд байна. Одооны залуучууд шар тостой цай уугаад, шар тостой арвайн гурил идэхгүй шүү дээ. Шар тосыг бараг хэрэглэж ч мэдэхгүй. Гэтэл шар тосыг ашиглаад эрүүл байж болохоор байна. Манба Дацан эмнэлгээс эрхлэн гаргадаг “Уламжлалт анагаах ухаан” сонинг уйгагүй уншиж, уламжлалт анагаах ухааны талаар маш их ойлголттой болсон. Хүмүүс уламжлалтын талаар ямар ч мэдлэггүй учраас уламжлалт эмнэлгийг зорихгүй байна.
-Та ямар хэвшилтэй вэ. Уламжлалт анагаах ухаанд идээ унд, явдал мөр гэж маш том ойлголт бий?
-Би өглөө босоод заавал хоол идэж байж ажилдаа явдаг. Өдрийн хоолондоо заавал шөлтэй хоол иднэ. Орой бол их олон цагаар ажиллаад ядарсан үедээ хоол идчихээд л унтаад өгдөг хүн байлаа. Гэтэл өнгөрсөн аравдугаар сард Сахарный диабит гэж оношлогдоод нэгдүгээр эмнэлгийн сахарын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Тэнд 38 настай хөөрхөн бүсгүй сохорчихсон, 22 настай залуу хөлөө тайруулах гээд хагалгааны өрөө рүү орж байхыг хараад би ийм буруу хэвшилтэй байж болохгүй юм байна гэдгийг ойлгож, давс, сахар чихрийн хэрэглээгээ тэглэсэн. Би “Уламжлалт анагаах ухаан” сониноос хоол бол эрүүл мэндийн суурь гэдгийг уншчихаад буруу хооллолт бол өвчлөлийн нэгдүгээр шат гэдгийг ойлголоо. Олдож байгаа зүйлийг олдсоных нь хэмжээгээр идэж хэрэглэх нь эрүүл мэнддээ хор учруулж байна гэсэн үг. Хүн хоёр гараа нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ходоодтой, түүнийхээ дөрөвний нэгийг хоосон үлдээх ёстой. Хүнд хоолыг бага цадаж, шингэц сайтай хоолыг цадатлаа идэх ёстой юм билээ. Гэтэл бид эсрэгээрээ хүнд хоолыг цадатлаа идчихээд, дараа нь олон цаг хоолгүй явдаг. Ийм л буруу хэвшил нь өвчний эх үүсвэр болдог юм байна. Манба Дацан эмнэлэгт эмчлүүлсэнээр би маш их зүйлийг сурч авлаа. Энэ эмнэлэг, сургуулиас суралцах зүйл их байна. Тиймээс би сургуулийнхаа багш нарт, хүүхдүүдэд, ойр дотныхондоо уламжлалтын талаар ярьж зөвлөнө гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.