Хамба лам Д.Нацагдорж нутгийн ард иргэдээ даатган хурал хурж, уулзан золголоо

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билгэт сайн энэ өдөр Манба Дацан хийдэд төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдийг хүлээн авч уулзан золгож, жилийнх нь засал номыг хийн, сайн сайхныг ерөөн даатгалаа.

Цагаанчулуут сумын 60 жилийн ойг угтан анх 2008 оноос эхэлж хийх болсон сар шинийн золголт энэ жил 10 дахь жилдээ өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн золголтыг өнгөрсөн жилээс эхлэн хаврын тэргүүн сарын шинийн 10-нд хийж байхаар тогтсон бөгөөд энэ өдөр Манба Дацан хийдэд эрүүл мэндийг сахин хамгаалах ам тангарагтай Шанлон, Дамжан сахиус болон арван хангал сахиус тахидаг томоохон их хуралтай өдөр тохиодгоороо онцлогтой.

Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан хийдийн лам хуврагууд сүсэгтэн олон, нутгийн ард иргэдэд зориулан арван хангал сахиус тахиснаас гадна Гүсэнтүгийн мандал өргөж, Дашчийравийн сан тавин, эдгээр номын утга учрыг тайлбарлаж өгсөн юм. Тухайлбал, Гүсэнтүгийн мандал гэдэг нь бурханы лагшин, зарлиг, таалалд /Гү буюу лагшин, сү буюу зарлиг түг буюу таалал гэсэн утгатай/ нь бие, хэл, сэтгэлийг даатгаж, өргөл болгож мандал өргөж байгаа юм.

Хамба лам Д.Нацагдорж нутгийн ард иргэдтэй хамтран сумандаа Манла бурхан, Дүнчүүр маанийн хүрд, Бодь суварга бүхий Гүсэнтүгийн цогцолборыг байгуулсан бөгөөд энэ жил тус цогцолборыг цэцэрлэгжүүлэх, сумын орон  хийдийг засч сайжруулах ажлуудыг хийнэ гэдгээ хэлж байлаа.

Тэрбээр золголтын үеэр нутгийн иргэдэд хандан “Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул ард иргэд, Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэд та бүхэнд өнөөдөр Манба Дацан хийдэд хүрэлцэн ирж, Сар шинийн золголтондоо оролцож байгаад талархаж байна. Цагаанчулуут сумын Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч, гишүүд, Нутгийн зөвлөлийнхөн 1000 гаран км-ийн цаанаас зорин ирж, нутаг орон, Монголчуудаа даатгадаг уламжлал тогтсонд баяртай байна. Бид та бүхний айлтгалыг хариуцлагатайгаар хүлээн авч, айлтгалын үр дүнг гаргахаар хичээж зүтгэж ажилладаг. Манай нутгийн зөвлөл их сайн ажиллаж байгаа. Өнөөдөр би та бүхэнтэй уулзаад харахад нутгийн олон минь их сайхан өнгөлөг, өөдрөг байж, олуулаа цугласанд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол их буян. Өглөөнөөс хойш та бүхэн минь арван хангал сахиус хурахад оролцож, даган баясаж, бурханы өмнө ирж сэтгэлээ өргөнө гэдэг их буян. Манай сум орон нутгийнхан золголтоо шинийн 5, 7-нд хийдэг байсан. Өнгөрсөн жилээс шинийн 10-нд хийдэг болсон нь их бэлгэ дэмбэрэлтэй. Энэ өдөр намайг сахиусаа тахиж байхтай зэрэгцэн нутгийн олон минь золгож ирдэг нь их сайхан буянтай үйл хэрэг юм. Би манай Завхан нутгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа З.Нарантуяа гишүүнтэй уулзаж, эмнэлгийн машин, усны хангамжийн асуудлаар ярилцаж, шийдэж өгөхийг хүссэн. Манай нутгийнхны энэхүү хүсэлтийг хүлээн авч, ажиллана гэдгээ З.Нарантуяа гишүүн хэлсэн. Өнөөдөр энэхүү золголтонд гишүүн маань ирэх байсан ч гадаадад яваа тул ирж чадсангүй. З.Нарантуяа гишүүн, сум орон нутгийнхантайгаа хамтран ажиллаж, төрөлх нутгийнхаа хөгжилд их хувь нэмэр оруулан ажиллахад та бүхний буяны хүч их хэрэгтэй шүү” гэж байлаа.

Б.Цэрэнчимэд

Жил бүрийн сар шинийн золголтонд найман настнаас наян настай буурлууд ирдэг бөгөөд жил ирэх бүр залуучууд ахмад буурлуудаа хүндэтгэн ирж золгодог болжээ. Тэдний нэг Б.Цэрэнчимэд энэ жил анх удаа ирж золголтонд оролцсондоо баяртай байгаагаа хэлж байлаа.

Цагаанчулуут сумын уугуул Г.Нармандах, ээж Чимэдсүрэн гуайн хамт ирж, Хамба лам Д.Нацагдорж, настан буурлуудтайгаа золгож, анги хамт олноороо цуглаад сайхан уулзалдсандаа баяртай байгаагаа хэлж байв. Тэрбээр “Би гадаадад олон жил амьдарч байгаад саяхан ирсэн. Энэхүү золголтонд анх удаа оролцож байна. Миний аав, ээж хоёр хоёулаа Завхан аймгийн уугуул хүмүүс. Энэ жил нутгийнхаа сар шинийн золголтонд ирээд олон сайхан буурлуудаа хүндэтгэн золгож, ангийнхаа хүүхдүүдтэйгээ уулзаад сайхан байна. Манай нутгийнхан энэ золголтоо их хүсэн хүлээж ирдэг нь харагдаж байна” гэв.

Баруун гар талаас хоёр дахь нь Г.Нармандах
Б.Жамба

Золголтонд олон сайхан буурай ирсэний нэг нь 84 насыг зооглож буй Б.Жамба гуай юм. Тэрбээр сүүлийн таван жил тасралтгүй нутгийн золголтондоо ирж байгаа аж. Б.Жамба гуай сар шинийн золголтын талаар хэлэхдээ “Ахмад настныхаа амар мэндийг эрэн тохой өргөн мэндэлдэг Монголынхоо сайхан ёс заншлын дагуу сайхан золгож байна. Энэ өдөр сум орон нутгийнхантайгаа золгохоос гадна Хамба лам Д.Нацагдоржийн айлтгал даатгалд багтаж, жилийнхээ засал номыг хийлгэн, буян хураадаг сайхан уламжлалтай өдөр” гэж байв.

Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх, Гавъяат барилгачин Л.Цээсүрэн гуай хүрэлцэн ирж, нутгийн зон олноо даатгах хуралд даган баяссан юм. Тэрбээр энэхүү сар шинийн золголтонд дөрөв дэх удаагаа ирж байгаа бөгөөд Хамба лам Д.Нацагдоржтой уулзан золгож, нутгийнхантайгаа нэгэн өдрийг өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтсонд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Би сумынхаа сар шинийн золголтонд оролцох дуртай. Жил бүр ажлаа зохицуулаад ирж, Хамба лам Д.Нацагдорж болон нутгийнхантайгаа золгож, Манба Дацан хийдийн хурал номонд даган баясаж, буянд шамддаг. Ийм сайхан золголт уулзалтыг санаачлан зохион байгуулж, нутаг орныхоо хөгжил дэвшилд үргэлж санаа тавьж ажилладаг Хамба лам Д.Нацагдорж гуайд талархаж явдаг” гэлээ.

Цагаанчулуут суманд их сайхан жил болж өнгөрсөн тухай нутгийнхан хэлж байв. Хамба лам Д.Нацагдорж өнгөрсөн зун нутагтаа очиж, хур бороо оруулан, ган гачиг тайлсанаар Цагаанчулуут суманд өнөтэй сайхан өвөл болсон тухай Сумын Засаг дарга Ч.Болд хэлж байлаа. Ч.Болд “Манай Цагаанчулуут сумынхан өнөтэй сайхан өвөлжиж, өнгөрсөн тахиа жил ард иргэдэд ач ивээлээ хайрласан сайхан жил болж өнгөрлөө. Айлчлан ирсэн Шороон нохой жилдээ мөн адил иргэд нь эрүүл энх, нутаг орон нь ган, зудгүй сайхан байхын тухайд Хамба лам Д.Нацагдорж багшдаа нутгийнхныхаа өмнөөс айлтгал айлтгаж, хурал номд даган баясаж байна. Өнгөрсөн жил нийт нутгаар гандуу байсан ч манай сумын хувьд сайхан жил боллоо. Улаанбаатарт болон хөдөө орон нутгийн иргэд маань Хамба багшийгаа зорин ирж, засал номоо хийлгэдэг болсонд нь талархан, тэдний буянд даган баясаж байна” гэв.

Мөн Завхан аймгийн Цагаанчулуут сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Дамдинпүрэв “Хамба лам Д.Нацагдорж гуай сум орон нутагтаа Гүсэнтүгийн цогцолбор байгуулж, ард иргэдээ ган, зудгүй байхын тухайд даатгаж, нутгийнхаа ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн. Тиймээс ч Д.Нацагдорж багшийгаа зорин ирж золгодог олон хүн бий. Би энэхүү сар шинийн золголтонд дөрөв дэх жилдээ оролцож байна. Жил ирэх бүр олон хүн ирж, өргөн дэлгэр золгодог болсонд талархаж байна. Нутгийнхаа ард иргэд, нийт Монголчуудаа эрүүл энх, сайхан амьдрах болтгуай хэмээн хурал даган баяслаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *