Хамба лам Д.Нацагдорж шинийн 10-нд нутгийнхаа иргэдтэй золгоно

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж энэ сарын 25-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдтэй уулзан золгоно. Хамба лам Д.Нацагдорж нь жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан нутгийн иргэдтэй золгож, жилийнх нь заслыг хийн, сайн сайхныг ерөөн даатгадаг уламжлалтай.

Цагаанчулуут сумын иргэдийн сар шинийн золголтыг анх 2008 онд тус сумын 60 жилийн ойг тохиолдуулан хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр тогтмол зохион байгуулж байхаар болсон юм. Цагаанчулуут сумынхан тогтсон ёсоор Д.Нацагдорж хамба ламд ирж золгон, буян заяагаа даатгахын зэрэгцээ удаан уулзаагүй нутгийн олонтойгоо уулзалдан золгодгоороо онцлогтой юм.

Мөн Манба Дацан хийдэд энэхүү өдөр Шинийн 10-ны их хурал хурж, Шанлон, Дамжан сахиус тахидаг. Шанлон, Дамжан сахиус нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов харж хамгаалж, тэтгэхээр бурханаас зарлиг авч, тангараг өргөсөн сахиус юм. Шинийн аравны хуралд даган баяссанаар хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхасын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг төгс арилган, үгүйрэхийн зовлонгоос гэтэлгэж, цаг бусын аюул, цаг бусын үхлээс аварна. Мөн зориуд найруулсан хор, дээдсийн цааз, газар, лус, бүднар зэрэг хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолоос аврагдана. Улмаар энэ насанд тариа үр, мал сүрэг, эд эдлэл, үр хөвгүүн дэлгэрч, эд баялгаар элбэг дэлбэг байж, хойд насандаа дахин бурханы шашинтай учирч, улмаар төрөл дээшлэх бодь хутаг олохын шалтгааныг цогцлоодог. Хэрэв энэ насанд өвдвөл барилдлага төгс эмчтэй учирч өвчин амар хялбар эдгэрэх, ирээдүйд тохиох муу зүйл зүүдээр өнгөрөх гэх мэт ач тус, үр нь хэмжээлшгүй билээ.

Тиймээс энэхүү билэгт сайн өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэд та бүхнийг Манба Дацан хийдэд хүрэлцэн ирж, Хамба лам Д.Нацагдоржтой уулзан золгох сар шинийн золголтонд оролцохыг урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *