Лхам бурхан айл бүрт залран ирнэ

Балданлхам бурханыг монголоор Цог төгс охин тэнгэр буюу Цогт охин тэнгэр гэж нэрлэдэг. Энэ бурхан нь эм хүний дүртэй тул охин тэнгэр гэж нэрлэсэн. Балданлхам бурханы ерөнхий харагдах байдал нь хонгор халзан луус хөлөглөсөн, хар бараан догшин дүртэй байх бөгөөд хонгор халзан луус нь эгэл ажнай хүлгээс ялгарах гурван зүйлийн эрдэмтэй. Үүнд, рид хувилгааны хөлтэй, хээн жигүүртэй, түргэн одохуйн эрдэмтэй. Эдгээр гурван эрдмийн хүчээр Лхам сахиусыг хаа хүрэх газарт агшин зуурт хүргэдэг төгс ид шидтэй.
Түүний унаж буй хонгор халзан луус нь илжиг, морь хоёрын эрлийз бөгөөд хазаар, хударга, олом жирэм, хэрэглэл бүрийг лусын эзэн могойгоор хийсэн нь лусыг захирдагийн бэлгэдэл болно. Луус хондлойдоо бас хоёр нүдтэй байдаг нь шашин номын эсрэг үйлстэй нэгэн хааны харвасан сум нь хонгор халзан луусны хондлойг оносонд Лхам түү-нийг сугалж авахад тэр шарх нь төд удалгүй уудам холыг харах чадвартай нүд болж хувирсан түүх бий.
Балданлхам бурхан дайсан тотгорт маш их хор хөнөөл үзүүлж дарж чаддаг. Мөн бурханы шавь болж буй сүм хийдийн лам хуврага төдийгүй сүсэгтэн олныг энэрч, хайрлаж, хамгаалдаг. Эрт цагт бурханы шашныг сахин хамгаалж, дэлгэрүүлэх, амарлиулах, эрхэндээ хураах, хатуу үйлийг буцаах ам тангараг авснаа биелүүлж одоо болон ирээдүй цаг алинд ч амьтан бүхэнд адистидаа хүргэж, шашинд тусыг үйлдэх хийгээд очироор бэлгэдсэн бэрээг баруун мутраар далайхын төдийгөөр шумнас болоод бүднэрыг хө-нөөн устгах, бурханы шашинд сүсэг бишрэлтэй хэн бүхэнд үрээ хайрлах эх мэт нинжин сэтгэлээр хандаж, тэдний номын ариун үйлс явдлыг агшин төдий ч шамшигдуулахгүй, эрхэм дээдээр туслаж чаддаг юм.

Балданлхам бурханд балин тахил өргөснөөр амьтан бүгд эрүүл энх, амар амгалан байх болно

Өвлийн сүүл сарын 30 буюу битүүний оройн 23:00 цагт битүүний хурал эхэлдэг. Балданлхам бурханы тахилга хурлын ая дан өөрийн гэсэн онцгой горимтой байх бөгөөд хуралд тэдгээр тус бүрийг гүйцээнэ. Битүүний хурал шөнөжин хурна. Үүр цайх хүртэл өглөгийн эзэд жандагуудын хөл тасрахгүй.
Битүүний шөнө Лхам бурхан залран ирэх тул дуган сүмийн гаднах асар гонхонд идээ мөс, чихэр, тос тэргүүтэнг тавьдаг. Лхам бурхан битүүнд 3000 ертөнцийг агшин дор эргэж айл бүрт зочилдог номтой. Тиймээс монголчууд тотгон дээрээ усан тахил буюу мөс тавьдаг учиртай. Тэрхүү мөс нь Лхам бурханы луусанд зориулж байгаа өглөг юм. Балданлхам бурханд балин тахил өргөх зан үйлийн хүчээр тухайн улс орон, ард түмэн төдийгүй хорвоо ертөнцийн амьтан бүгд ирж буй жилдээ эрүүл энх, амар амгалан байхын учир бэлгэдэлтэй.
Лхам бурханы тухай сонирхолтой хууч, домог яриа олон байдаг. Тухайлбал, нэгэн лам айлд хятад хүн зочилж гэнэ. Тэр үед гэрийн эзэн лам гэрийнхээ хаалганы тотгон дээр гурван мөс тавьж байхыг харсан хятад хүн гурван мөс тавьдаг нь ямар учиртайг асуухад өнөөх лам “Цагаан сараар Лхам бурхан зочилно. Хүргэж ирсэн луус энэ мөсөөр ундаалдгийм” гэжээ. “Тэр Лхам бурхан айл бүхэнд ирэх үү, ганцхан танайд ирдэг үү” гэж хятад хүн дахин асуухад лам “Огторгуйд байх нар ганц хүнд гэрэл гэгээгээ өгөх үү эсвэл амьтан бүхэнд гэрэл гэгээгээ тэгш өгөх үү? гэж сөргүүлэн асуужээ. Хятад хүн “Амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгнө” гэж хэлсэнд лам “Яг түүнтэй адил Лхам бурхан амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгч айл бүхнийг зорьж морилдог юм” гэж хариулсан гэдэг.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №02 /43/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *