Б.Баяржавхлан: Монгол эм уугаад С вирус устаж, В вирус идэвхжилгүй болсон гайхмаар үр дүн сонссон хүн дээ би

Амгалан сайхан өвөлжиж байна уу? Та бүхэндээ сайхан Монгол ёсны Сар шинийн мэндийг уламжлая.
Монголын Уламжлалт анагаах ухааныг өвлөн дэлгэрүүлж яваа Манба дацан эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэр, Манба Дацан хийд, Оточ Манрамба Их сургуулийн анагаан тэтгэх эрдэм чадалт эмч, сувилагч, эрдэм билигт багш нарт Цаст Очирваань хайрханыхаа өврөөс чин сэтгэлийн халуун мэндийг өргөж байна.
Намайг Андиа гэгээн овогт Батдоржийн Баяржавхлан гэдэг. Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн. Одоо Улиастай хотноо ажиллаж амьдарч байна.
Ийн хүмүүний алтан заяанд хорвоогийн хосгүй тоос хөдөлгөн эрүүл саруул аж төрж байгаа минь уламжлалт анагаах ухааны ач тус, увидас чадалт эрдэмтэн эмч нарын цэлмэг сэтгэл, хайр ивээл билээ.
Би 2002 онд 17 настайдаа маш хүндээр шарлаж, комын байдалтай ХӨСҮТ-д эмчлүүлсэн юм. Элэг маань хатуурч, жижгэрсэн, В, С хавсарсан вирустай, биеийн байдал тун тааруу байлаа. Эмнэлгээс гарах гээд шинжилгээ өгөхөд элэгний үзүүлэлт муу гарна, трас /бүхэл/ огт буурахгүй. Шинжилгээний хариу муу гарвал өвчтөнг эмнэлгээс гаргадаггүй, эмчилгээг үргэлжлүүлдэг байв. Ингээд нэг мэдэхэд гурван сар гаран эмнэлэгт хэвтсэний эцэст “Амь насанд аюул учирвал өөрсдөө хариуцна” гэж гарын үсгээ зураад эмнэлгээс гараад шууд МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж маарамбыг зорьсон доо. Модод навчисаа гөвөөгүй байхад ХӨСҮТ-ийн хаалгаар орсон хүн нэвсийсэн цаснаар гараад Манба Дацан хийдийг зорин ирж, гайхамшигт уламжлалт анагаах ухаан хэмээх увидаст шинжлэх ухаантай танилцсан юм. Маарамба маань судас бариад яг л миний дотор буй бүхнийг нэг нэгээр нь чагнах мэт өвчин зовиурыг яг таг хэлж, таван төрлийн Монгол эм залж өгсөн. Тэр үед энэ л миний цорын ганц найдвар гэсэн итгэл, сүслэл байсан учраас эмээ таслалгүй 14 хоног уухад биеийн байдал сэргэв. ХӨСҮТ-д очиж шинжилгээ өгтөл үзүүлэлтүүд маш сайн гарлаа. Эмээ ч үргэлжлүүлэн уулаа. Сарын дараа үзүүлтэл бүр эрс сайжирсан, өндөр байсан бүхэл буураад тэглэсэн байв. Юу хэрэглээд ийм хурдан сайжрав аа гэж эмч нар гайхаж байсан. Би Монгол эм ууж буйгаа хэлэхэд итгэхгүй байх шиг нүдээр харж билээ. Аргагүй шүү дээ, би өөрөө ч итгэж ядаж байсан юм.
Тухайн үед хүнд өвчтөний тоонд орж байсан тул диспансерийн хяналтанд байлаа. Эхлээд сар бүр шинжилгээ өгдөг байснаа улиралд нэг болж багассаар, сүүлдээ жилд нэг удаа шинжилгээ өгдөг болсон нь миний бие улам л сайжирч байсныг илтгэнэ шүү дээ. Ийнхүү Д.Нацагдорж маарамбынхаа хяналтанд 1 жил Монгол эм уугаад дахин шинжилгээнд ортол С вирус устсан, В вирус идэвхжилгүй болсон гайхмаар үр дүн сонсож, олон хүнд уламжлалт анагаах ухааны гайхамшигт ач тусыг биеэр үзүүлсэн явдал болсон доо. Энэ тухай сонин сэтгүүлүүдээр гарч, бүр огт танихгүй эмэгтэй хүртэл “Хүүд минь чи өөрийн биеэр очоод эдгэрсэн тухайгаа яриад, Монгол эм уу” гэж хэлээд өгөөч гээд ярилцлага минь хэвлэгдсэн сонинг барьчихсан ирж байлаа.
Харин эмнэлгийн зүгээс хоол, хөдөлгөөний маш чанга дэглэмтэй байхыг захисан юм. Ингээд Монгол эмээ уух явцдаа хоол, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал хүртэл элэг хэмээх эмзэг, дүлий эрхтэний бас нэгэн эм болдгийг ойлгосон. Элэг нь үрэвссэн, өвчилсөн хүмүүс хамгийн түрүүнд сэтгэл санаагаа төлөв байлгах, хэт баярлах, хэт гомдох, уйлахыг хүртэл хориглох, хоол ундны гам дэмийг маш сайн барих, зөв эрүүл хооллох, хүнд зүйл өргөх, үсэрч харайхаас эхлээд хөдөлгөөний хорио цээрийг хүртэл мөрдөх хэрэгтэй болдог. Дуртай бүхнээ хорино гэдэг маш их тэвчээрийн асуудал байсан ч амьд үлдэхийн төлөө, өвчин зовлонд дахин шаналахгүйн төлөө, зогсоо зайгүй зүү тариураар нүдүүдэхгүйн төлөө, намайг босгох гэж зүтгэн залбирч байсан хүмүүсийн төлөө гамаа ч сайн барьсан, Монгол эмээ ч сүсэглэж хүртсэн. Маарамба маань надад хэт ядарч болохгүй, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэж захисныг нь одоо ч марталгүй дагаж явдаг.
Дөрвөн жил Монгол эмээ таслахгүй ууж, эрүүл болсон учраас эрүүл биеэ хайрлаж явах миний тэргүүн зарчим болсон юм. Хэрэв би Монгол эм уугаагүй бол, монгол эм гэдэг зүйл байгаагүй бол, үүнийг дэлгэрүүлж хөгжүүлээгүй бол өнөөдөр би ямар байх байсныг төсөөлөхөд бэрх юм. Хэн нэгнийг хоосон магтах гэсэнгүй, худал ярьж олны анхаарал татахыг ч хүссэнгүй, нэг газар үхэл отож байхад өөр нэг газар амьдрал хүлээж байдгийг л өөрийн биеэр харуулж яваагийнхаа хувьд хэн нэгэнд хэрэг болоосой гэдэг үүднээс энэхүү талархсан сэтгэлээ олон жил тээн явсаар задлаж буй хэрэг юм.
Эрүүл саруул болсоны баяр хөөр, айдас хүйдэсгүй амгалан байхын аз жаргалыг мэдэрсэн тэр цаг мөч миний амьдралын цоо шинэ эхлэл болон үлджээ. Ингэж надад цоо шинэ амьдрал, цоо шинээр амьдрах хувь заяаг бэлэглэсэн Монгол Улсын хүний гавъяат эмч, Уламжлалт анагаах ухаан, шашин соёлын нэрт зүтгэлтэн, Буддын гүн ухаан судлаач, Манба Дацан хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж болон түүний хамт олонд халуун сэтгэлийнхээ гүнээс үл хувирах баяр талархлаа тээж явдагаа илэрхийлж, буянтай үйлс нь буман жилээр, ач тус нь арван зуунаар дэлгэрэн батжиж, амьтай бүхний амьдрал, амьдрал жаргалын хоймор байхыг хүсэн ерөөе.

Та бүхнийг хүндэтгэсэн:
МЗЭ-ийн гишүүн,
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч
Б.Баяржавхлан 2018.02.08

ЭХ СУРВАЛЖ: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №02 /43/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *