Тосон бариа хийлгэх нь хөгшрөлтөөс сэргийлж, биеийг эрүүлжүүлнэ

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг

Сүүлийн үед хөгшрөлтөөс сэргийлэх олон аргуудыг дурьдаж байгаа ч хамгийн энгийн арга нь уламжлалт бариа заслын арга юм. Хөгшрөлт гэдгийг уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд шалтгаан нь бие цогцын махбодын 5 зүйл, нөхцөл нь жилийн тоогоор нас өтлөн, алжааж ядрах тэргүүтэн бие сэтгэлийн хатуу үйлээр махбод доройтож, тамир хүч шим алдагдсаныг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Хүн хөгшрөх тусам хийн мөн чанар ихсэж биеийн хэлбэр өөрчлөгдөж, амархан даарч, ядрах, нойр сэрвэлзэх тэр ч байтугай зан ааш нь хүртэл өөрчлөгдөж эхэлдэг байна. Гэхдээ насны эрхээр хүн хөгшрөх жамтай ч биед гарах хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах боломжтой. Тосон засал нь уламжлалт анагаах ухааны зөөлөн засал эмчилгээний нэг хэсэг бөгөөд хатуу засал бүрийн бэлтгэл болгон хийдэг. Тосон заслын тосыг түрхэх, уух, дусаах байдлаар хэрэглэдэг. Тосыг биеийн бүх гадаргууд түрхэж зөөлнөөр илж барих арга нь тосон бариа юм. Тосон бариаг настай хүмүүс болон мах бага хэрэглэдэг цагаан хоолтон, тамир доройтсон, ядарсан, цус алдсан, сэтгэл санаагаар хямарсан, нярайлсаны да-раа хийлгэх нь хамгийн тохиромжтой байдаг. Харин хоолны шингэц муудсан, түүнээс шалтгаалсан суулгалт, бөөлжих, хорын өвчин, хэрэх, тулай, бадганы өвчин зэрэгт тохиромжгүй.
Тосон бариаг улирал харгалзахгүйгээр хийлгэж болно. Зөвхөн бүтэн биеийн хэсгүүдэд хийлгэхээс гадна толгой, ялангуяа 4 толион /гарын алга, хөлийн ул/ -нд ойр ойрхон түрхэх, илэх нь сайн байдаг. Өвлийн улиралд шар тосоор, зуны улиралд гүнжид зэрэг үрийн тосоор, хавар, тэжээлийн улиралд чөмөг, өөхөн тосоор гэгчлэн улирлын мөн чанартай зохицуулан хийлгэх нь илүү ач тустай. Тосон бариаг хийлгэсний дараа хүнд хүчир ажил хийхгүй байх, чийгтэй нойтон, тоостой газраас хол байж, сэтгэл санаагаа тайван байлгаж амрах нь зүйтэй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *