Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурал 12 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгуулагдсан. Эрүүл мэндийн сайд тэргүүтэй гадаад дотоодын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд цугласан энэхүү хурлаар уламжлалт анагаах ухааны хөгжлийн шатыг ахиулах, олон улсад брэнд болгон гаргах, уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд бодлогын түвшинд хэлэлцэж, шийдвэртэй алхмуудыг хийх талаар ярилцсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан тус хурал Төрийн ордонд нэг өдрийн турш үргэлжилсэн бөгөөд хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ илгээсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга илгээсэн мэндчилгээндээ Монголын уламжлалт анагаах ухаан нь бидэнд өвлөгдөн ирсэн олон мянган жилийн түүхтэй үнэт өв гэдгийг тэмдэглээд уламжлалт анагаах ухааны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухааныг эрүүл мэндийн шинэ бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байв.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг Уламжлалт анагаах ухааны үндэсний бодлоготой 25 орны нэг болсныг тэмдэглээд өвөрмөц онцлогоо хадгалан ирсэн уламжлалт анагаах ухаан нь Өрнийн анагаах ухаантай зэрэгцэн хөгжиж ёстой гэдгийг онцолсон. Тиймээс улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг чанаржуулж, эрдэм судлалын ажлыг дэмжих болно гэдгийг хэлсэн.
Төр засгийн зүгээс уламжлалт анагаах ухааныг Монгол Улсын тэргүүлэх салбаруудын нэг болгон хөгжүүлэх шаардлагатайг хэлээд уул уурхайгаас илүү ашиг, үр өгөөж өгөх салбар гэдгийг онцолж байлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар их хурал нь түүхэн үйл явдал болж байна. Түүхийн нэгэн үед уламжлалт анагаах ухаан тасарсан ч ард түмний дунд амьсгаа нь тасраагүй юм. Уламжлалт анагаах ухаан бол Монголчууд бидний үнэт өв. Тиймээс бид энэ анагаах ухааныг хөгжүүлж, Дэлхийн брэнд болгох боломжтой. Үүнийг бодит үйл хэрэг болгохын төлөө өнөөдөр бид бүхэн цуглаад байна. Уламжлалт анагаах ухааныг бие даасан анагаах ухаан болгон хөгжүүлэх төрийн бодлого бий. Мөн уламжлалт эмийг гадагшаа гаргах асуудлыг төрийн бодлогод тусгасан. Тиймээс үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид үнэт эмийн ургамлуудаа хамгаалах чиглэлд дэвшил гаргана. Гадаад харилцааг хөгжүүлж, Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд гаргана. Үүний тулд уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ, үйдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай. Энэ тал дээр Манба Дацан МУЭСТ нь эмнэлэг, сургууль, эм үйлдвэрлэл, хийдийн үйл ажиллагааг цогцоор нь явуулж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсэд түүчээлэн ажиллаж байгаад баяр хүргэе” гэсэн юм.
Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурлын үеэр олон сонирхолтой илтгэл тавигдсанаас Академич, АШУ-ы доктор, профессор Ш.Болдын “Монголын уламжлалт анагаах ухааны дэлхийд гарах гарц” илтгэл юм. Тэрбээр илтгэлдээ “21-р зуун архаг өвчний зуун. 7 тэрбум хүний 80 хувь нь архаг өвчтэй байна. Тиймээс уламжлалт анагаах бол 21-р зууны анагаах ухаан. Нобелийн шагнал хүртсэн бүтээлүүдийн агуулга “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д байна. Энэ нь дараагийн Нобелийн шагналтан Монголоос, Монголын уламжлалт анагаах ухааны эмч нарын дундаас төрөх бүрэн боломжтой гэсэн үг” гэлээ.
Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурлын нэг чухал хэсэг нь салбар хуралдаанууд байлаа. Салбар хуралдаанаар уламжлалт анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтыг чанаржуулах, уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэж, эмч мэргэжилтнүүд санал бодлоо солилцсон юм.
Хуралдааны үеэр Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их сургуулийн Ерөнхий захирал, Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдорж хэлэхдээ “Уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгохоос өмнө Монголын брэнд болгох хэрэгтэй. Аливаа брэнд дэлхийд гарахаасаа урьтаж, дотооддоо хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай. Тиймээс уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгаанд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий. Мөн эмч мэргэжилтнүүдийг сургах, тэднийг чадавхжуулах, эрдэм судлалын ажлыг дэмжих хэрэгтэй. Энэ тал дээр төр засгийн бодлого шийдвэр гарч, дэмжиж ажиллах болсонд баяртай байна” гэв.
Салбарын эрдэмтэн, докторууд, эмч мэргэжилтнүүд цуглаж нэг өдрийн турш уламжлалт анагаах ухааны салбарын тулгамдаж буй асуудал, ололт амжилт, хөгжлийн үзэл баримтлалаа ярилцаж, тодорхой шийдвэрт хүрэн, зөвлөмж гаргасан бөгөөд энэхүү зөвлөмжийг төр засгийн түвшинд хүргүүлэн, бодит ажил болгох чиглэлд ажилласан үр дүнтэй хурал болсоныг салбарынхан дүгнэж байлаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин