Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд нь сар бүрийн билгийн тооллын шинийн 14-нд Оройн ерөөл, Ганжуур хурдаг. Энэ их хурал хурах үест магтаалууд айлдах, Ганжуурын хөлгөн судруудыг гадилж буюу салхи оруулж унших, чойрын дагсал буюу ном хаялцах, маани татах зэрэг маш онцлог зан үйлүүдийг гүйцээдэг нь эрт цагаас өдгөөг хүртэл уламжлагдсан хүрээний ёс юм.
Ганжуурын 108 боть судрыг бурханы шашны дээд тогтсон тааллуудад дурьдах утгийн судар буюу Бурхан гэгээний аман гэгээний зарлиг мөн хэмээдэг тул Ганжуурын аль нэг ботиос үгийг сонсох, унших, бичих, номлуулан сонсох, дээрхи үйлүүдийг даган баясах зэрэг нь Бурхан гэгээний нигуурыг бодитой үзсэн мэт буян хурааж, сэтгэлд нүгэл хилэнцийн хир арилан сайн буяны үр, авьяас дадал суух, улмаар энэ насанд өвчин үгүй урт нас, билгэ оюун төгөлдөр болж, юу санасан сайн хэрэг ая зөндөө бүтэх үйлс дэлгэрэх зэрэг тус эрдмийг дурьдавч хязгааргүй билээ. Мөн Оройн ерөөл хурсан, хуруулсан, даган баяссан, дагсал хаялцах, маани татахыг сонссон хүмүүн муу заяанд эс унаад улмаар энэ ба хойд төрөлдөө Бурханы дээдийн шашин номтой учирах сайн үр шалтгааныг цогцлуулна гэж үздэг.
Ерөөлийн дагсал хаялцах зан зйл буюу номын мэтгэлцээн
Ерөөлийн хуралд дагсал хаялцах нь Өндөр гэгээн Занабазар гэгээнтнээс дэглэн тогтоосон зан үйл бөгөөд дагсал хаялцахыг харсан, сонссон хүн муу заяанд унадаггүй хэмээн дээдэс таалсантай холбоотой юм.
Их зонхидоо үр сайныг билэгдэж дагсалын эхэн дээр “суурь бүтсэн мөн байхад шүтэн барилдсан байх албатай юу?” хэмээн асуудаг бөгөөд хариулагч лам “тийм” гэж хариулж эхэлдэг. Энэ нь Их Богд ламын айлдсан “Мөрийн гурван эрхэм” хэмээх зарлигт:
Ахуй ёсыг онохын билгэ билгүүн эс төгсвөөс
Магад гарах бодь сэтгэлийг бясалган үйлдсэн ч
Сансрын ёзоорыг таслаж эс чадах тул
Тиймийн тул шүтэн барилдлагыг онохын арганд хичээ хэмээхийн утгаар оройн ерөөл хурсан, хуруулсан, даган баяссан, дагсал хаялцахыг сонссон хүмүүн муу заяанд эс унаад улмаар энэ ба хойд төрөлдөө Бурханы дээдийн шашин номтой учирах сайн үр шалтгааныг цогцлуулна гэж үздэг.
Маани татах
Ерөөлийн Маанийн түнжүүр хийж маань татдаг эртний уламжлал цөөн хэдэн сүм хийдэд хадгалагдан үлдсэн юм. Энэ нь маанийн зургаан үсгийг уншихын завсар хооронд нь гүн утгыг багтаасан шад номыг унзад юмуу голч нар хүчтэй хоолойгоор уянгатай сайхнаар унших нь хурал номын нэгэн сайхан сүрлэг чимэг болдог байна. Гарал үүслийн хувьд маш эртнийх бөгөөд Төвдийн Лхасын их ерөөл хурах үед эрэгтэй эмэгтэй олон сүсэгтэн мөргөлчид сүм хийдэд Маань татдаг зан үйл байснаас Өндөр гэгээн Занабазар Монгол нутагт сүм хийд байгуулж хурал ном тогтоон ая данг нь зохиож дэглэсэн гэдэг.
Оройн ерөөл хурахад голчлон Өндөр маани тэргүүтэй Ум ум, Ум яа, Түгж дагни, Ладаар хэмээн нэрлэж заншсан таван янз маань байдгаас гадна зөвхөн их бага унзад нар л уншдаг Норовбадам, Па тамжид хэмээх хоёр маань байдаг ба өдөрт нэг л маань татдаг байна. Зөвхөн Норовбадам гэдэг маанийг их унзад лам дэлгэр татахад хоёр цаг гаруй хугацаанд уншдаг байсан гэдэг. Нэр дурдсан дээрхи хоёр маань нь Өндөр гэгээний гүн ухааны гол сургаал номлол «Маанийн дүвтав савмо» хэмээх арга билгийн гүн ухааны бэлгэдлийг илэрхийлсэн номын утгатай нягт уялдан гарсан. Монголд Манба Дацан, Гандантэгчинлэн, Зүүн хүрээ зэрэг цөөн хэдэн сүм хийдэд маани татаж байгаа нь бурханы шашинтай бусад улс оронд байдаггүй ховор сайхан уламжлал болон үлдсэн юм.
Маани унших, сонсох, үсгийг нь харах, ер хүрэлцсэн төдийгөөр Жанрайсиг бурханы лагшин, зарлиг, тааллын адистид сэтгэлд оршоод энэ насанд санасан хэрэг тотгор саадгүй номын ёсчлон бүтэх хийгээд нас нөхчисний төрөл дээшлэн, улмаар үлдсэн ураг садан, барилдлагат бүгдэд үхээрийн гэм үгүйн дээр өлзий орших сайн шалтгааныг цогцлуулах тэргүүтэн буян цаглашгүй гэдэг.
Манба Дацан хийдийн дуганч лам Б.Сүхбат
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин