Монголын Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн, Аялгуут тарнийг түгээн дэлгэрүүлэгч, бурханы шашны номыг магтан дуулагч Ч.Гүнзээтэй ярилцлаа. Тэрбээр мөн буддын шашныг үнэн зөвөөр түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож, тэр дундаа Монголын буддист эмэгтэйчүүд, хандмаа нарын боловсрол, хөгжилд анхаарч, тэдний талаарх судалгаа шинжилгээ хийх зэрэг олон талт үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг шашны зүтгэлтэн юм.
-Монголын Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооноос “Буддист эмэгтэйчүүдийн боловсрол ба хөгжил” сэдэвт хоёр жилийн төслийн сургалтыг эхлүүлсэн. Энэ төслийнхөө талаар тодорхой ярихгүй юу?
-Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбоо маань үүсгэн байгуулагдаад жил гаран болж байна. Энэ хугацаанд олон нийтэд зориулсан сургалт, үйл ажиллагаа явуулж ирсэн бол ирэх 2 жилд буддын шашны гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор эмэгтэйчүүд, залуу буддистууддаа зориулан үнэ төлбөргүй сургалт явуулах төслийг эхлүүлээд байна. Буддын номонд суралцмаар байна гэж олон залуус хандсан. Ер нь манайх буддын сургалтуудаа үнэ төлбөргүй явуулдаг, тиймээс ямар ч хүн суралцах боломжтой. Гадаадад энэ төрлийн сургалтууд төлбөртэй байдаг юм билээ. Монголчуудын хувьд шашины сургалтад төлбөр төлж суралцах дархлаа хараахан тогтоогүй байгаа учир холбоонд элссэн нийт гишүүдээ сургалтандаа төлбөргүй хамруулж байгаа юм. Би энэ зун хэд хэдэн оронд олон улсын хуралд яваад ирлээ. Олон зүйлийг жишиж, харьцуулаад, дүгнээд үзэхэд манайд буддын гүн ухаанд суралцахад боловсон хүчин болон бусад боломжууд өндөр байгааг харсан. Гагцхүү залуус өөрсдөө суралцахад анхаарах хэрэгтэй юм.
-Танай холбоо номт хандмаа нарын талаар судалдаг шүү дээ. Судалгаа мэдээж хязгааргүй үргэлжлэх байх. Судалгааны үр дүнгээс танилцуулаач. Монголын буддын шашины түүхэнд хандмаа нарын гүйцэтгэж байсан үүрэг оролцоо ямар байв?
-Би бага наснаасаа бурханы ном үзсээр 25 жил болж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд “Ханднинжүд” төв, “Буман ханд” холбоо гээд хоёр байгууллагыг байгуулаад Монголын хандмаа болон ани сахилт эмэгтэйчүүдээс ном эрдэмтэй эмэгтэйчүүд болон бурханы ном үзэж байгаа хүмүүсийг насны ангиллынх нь дагуу судалж, тэдэнтэй ярилцаж үзлээ. Буддизм доторх үүрэг гэвэл хандмаа нар маань буддын зан үйл, лүйжин ном тавих гэх мэтээр ард түмэнд ойр тустай үйлийг хийсээр иржээ. Эрдэм чадалтай, шидтэй хандмаа нар хөдөө орон нутагт нэлээд байсан ч нас өндөр болж, зарим нь нас эцэслээд цөөрчээ. Би тэдгээр хандмаа нартай уулзаж, заримтай нь уулзаж амжсангүй. Эрдэм чадалтай мундаг хандмаа нарын талаар бид багагүй мэдээлэлтэй болсон. Гэхдээ буддын шашинд гүйцэтгэж байсан үүрэг оролцоо талаасаа аль ч цаг үед бага байсан юм болов уу даа гэж боддог. Монголын бурханы шашинд эрчүүд давамгай үүрэгтэй, эмэгтэйчүүдийг чухалчилж авч үздэггүй. Чухал шийдвэрүүдийг эрчүүд л гаргаж, гүйцэтгэсээр ирсэн. Харин эмэгтэйчүүд зөвхөн хандмаа нэртэй л явж иржээ. Би 7 сард Америкийн Коларода муж дах Тара Мандала хэмээх шашны төвд олон улсын Зод лүйжин судлаач нарын анхдугаар хуралд оролцоод ирлээ. Тэр хуралд эмэгтэйчүүд их голлож байна. Америкт ер нь нийгэмд эзлэх байр суурь төдийгүй эмэгтэй лама нар, хувилгаад, нэлээд дээгүүр сэнтий эрхшээсэн эрх ихтэй хүмүүс юм байна. Тэд байр сууриа буддын шашин судалгаа, боловсрол, шашины дүрэм журмыг ёсоор нь дагадаг тул тэдний дуу хоолойг ард түмэн сонссоор байдаг юм байна. Мөн өөрийн дагах шашиндаа их үүрэгтэй, шашины олон асуудлыг шийдэж батлах, олон нийтэд лекц унших, академик сургалт талаасаа нэлээд хөгжсөн байгааг харж өөрийн орны ани, хандмаа нартайгаа жишиж дүгнэв. Уг нь монгол эмэгтэйчүүд маань чадалтай, эрдэм мэдлэгтэй боловч ард түмэндээ ном номлох нь хомс, их ичимхий, өөрсдийгөө ном өндөртэй гэж цоллодоггүй. Харин дэлхийн олон орны буддист эмэгтэйчүүд маш идэвхтэй, үүрэг оролцоотой байдгийг Хонконгд болсон Сакьяадита Олон улсын эмэгтэйчүүдийн хурлаас ч харлаа. Манай монгол эмэгтэйчүүд хэтэрхий даруухан. Тэгэхээр Монголын буддист эмэгтэйчүүдийн маань буддын шашинд гүйцэтгэж байгаа үүрэг оролцооны талаар яг одоо хэлэхэд хэцүү байна.
-Таны тухай яръя. Таныг Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн, Аялгуут тарнийг түгээн дэлгэрүүлэгч, бурханы шашны номыг магтан дуулагч гэдгээр чинь мэднэ. Таныг “Шинэ үеийн номт хандмаа” гэж хэлж болох уу?
-/Инээв/ “Шинэ үеийн номт хандмаа” гэж энэ их сонирхолтой үг байна. Би багаасаа ном үзсэн. Надтай адил ном үзсэн олон эмэгтэй бий. Миний онцлог гэвэл би бурханы номыг ая дантай уншдаг юм. Түүнийгээ CD хэлбэрээр гаргаж, түгээж, бурханы шашины үүрэг оролцоо, өөрийнхөө талаар бичдэг учраас хүмүүс намайг мэдэж байж магадгүй. Дэлхий нийтээр дуунд дургүй хүн гэж үгүй. Тэр дундаа уламжлалт бурханы дуулал бол хүний сэтгэл зүрхэнд хүрдэг. Хүн болгонд зовлон гуниг, бэрхшээл байдаг. Тэр зовлонгийн шалтгааныг арилгахад бурханы ном тусална. Миний CD-г сонссон хүмүүс ээж аавыгаа саналаа, уярлаа, тайвширлаа гээд сэтгэгдлээ хэлдэг. Буддын сургаал номын утга гүн, мөн чанар ариун тул номын ая дан нь утга мөн чанарыг харуулдаг. Аливаа дууны үг зохиоход түүнд зориулсан ая эгшиг, хөгжмийн төрөл ордогтой адил юм. Бурханы ном бол энгийн хүний зохиол биш учраас олон зуун жилийн тэртээгээс дээдэс багш нарын бүтээлийн шимээр дамжиж ирдэг. Бурханы ном зохиолыг бичихийн тулд олон жилийн турш аглаг газарт бүтээл нямба бясалгалд бүх насаараа дадаж анхааран явсны үрээр бурхан идам шүтээнтэйгээ уулзах эсвэл зүүд совинд нь ая дан нь орж ирж буулгадаг хэмээн багшаасаа анх ая дангуудаа сурахдаа сонсож байж билээ. Ая дан нь бас тусгай ноттой. Яг хөгжмийн нот шиг биш, номын нот бичиг бий. Чихнээс чихэнд дамжигдаж ирсэн тэр ая данг буруу аялж болохгүй тул буруу сурваас алдас гэм их. Бурхан номын ая дангийн төрөл нь шашин урсгал дахь магтаал уншлага нь харилцан адилгүй цаглашгүй их тул тус бүрт нь тайлбар өгөхөд цаг их зарцуулагдана. Багшаар хөтлүүлсэн дамжлага номуудаа л нийтэд хүргэхээр зорьж байгаа. Тиймээс олон түмэнд тустай гэдэг үүднээс, олон орны хүн сонсох боломжтой гээд CD-гээ интернэтэд байршуулсан. Одоогоор 5 дахь CD-гээ гаргасан.
-Сонгодог аялгуут лүйжин гэхээр их сонирхолтой байна л даа. Лүйжинг хүмүүс үхээрийн бузар, аливаа сөрөг зүйлд уншдаг ном гэж ойлгодог байх. Сонгодог аялгуут лүйжин гэхээр ямар учиртай юм бол?
-Сонгодог хөгжмийг бурханы номтой, ялангуяа лүйжинтэй нийцүүлэн аялгуулан уншина гэдэг хүний санаанд багтамгүй зүйл л дээ. Хүмүүс анх сонсоод хэр хүлээж авах бол гэж бодож байсан. Хамгийн түрүүнд лам нарт сонсгоход тэд маань нэг их шүүмжлээгүй. Тэд буруу зөрүүг сайн таних тул энэ бүтээл маань муугүй болжээ гэж бодож билээ. Лүйжин бол очирт хөлгөний ёсны нууцын ном. Нууц тарнийн номыг нийтийн ном биш гэдэг. Гэхдээ Монгол оронд хэдэн зуун жилийн тэртээгээс ард түмний дунд зан үйлийн чиглэлтэй дэлгэрсэн болохоор лүйжингийн ая аялгууг нийтэд хүртээл болгож байгаа анхдагч хүн бишээ. Энэ лүйжин уншлагын уламжлал дамжлагыг 9-р Богд гэгээн маань бидэнд анх 1995 оноос зааж өгсөн. Сонгодог хөгжмийн аялгуунд оруулсан лүйжин номыг Энэтхэгийн Дарамсала хот дахь Богд гэгээний лавранд орой бүр уншсаар байгаад цээжлэн зүүдэндээ хүртэл унших болсон. Богд багш маань ая дангийн их мастер байсан. Богд гэгээнээс номын уламжлал, ая данг нь Монголын олон лам, хандмаа нар сурч номын үйлсийг эдүгээ дэлгэрүүлж байна. 2012 онд таалал барьж, нирваан дүрийг үзүүлсний дараахан багшийнхаа дурсгалд зориулж олон түмний хүртээл болсон бүтээл заавал хийнэ гэж шийдсэн юм. Тэгж явсаар 2 жилийн дараа Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Алтангэрэлд санал тавьж, “Та үүнийг сонсож үзээч, арван янзын аятай лүйжин байгаа юм. Хөгжмийн аялгуу болон нот бичүүлж буй нь учиртай юмаа, үүнийг хөгжмийн аялгуунд оруулмаар байна” гэж хэлсэн. Үүнийг хийхдээ би зөвхөн өөрийн бүтээл гэх зэрэг нэр хүндийн талаас нь ерөөсөө бодоогүй. Үүнийг тив дэлхийн олон мянган хүн сонсож, зовлонгоосоо ангижирч, баяр баясгаланг олоосой, бурханы ном ийм байдгийг мэдрээсэй гэж бодож хийсэн. Сонгодог аялгуут лүйжин маань цаг хорин минут үргэлжилнэ. Сонгодог хөгжмийг төгөлдөр хуурын аялгуугүйгээр төсөөлшгүй. Тиймээс төгөлдөр хуур, морин хуур хоёрыг хамтад нь тоглуулж хийсэн юм. Миний сонгодог аялгуут лүйжинг гадаадын хүн сонссон байна лээ. Лүйжингийн урсгал бүр өөр өөрөөр уншдаг. Би Гэлүгба ёсны уншлагаар уншдаг. Баруунд миний CD-г сонсчихоод Гэлүгба ёсны лүйжин бас байдаг юмуу гээд олон хүн гайхаж байсан. Богд багш маань лүйжинг дэлгэрүүлээд 20 гаруй жил болжээ. Энэ үеэс лүйжинг зөвхөн үхээрийн бузар, бурхан болоочдын зан үйлд уншдаг гэдгээс гадна сэтгэл заслын зүгээс нь хүлээж авдаг болсон. Ерөөсөө бурханы ном, засал ном чинь сэтгэлийн засал. Бие өвдөх нь сэтгэлтэй холбоотой, ажил үйлс бүтэх эсэх нь бас л сэтгэлтэй холбоотой. Сэтгэлээс ангид зүйл гэж үгүй учраас хамгийн түрүүнд сэтгэл засал байдаг. Лүйжинг CD хэлбэрээр түгээж байгаа нь ямар ч үед сонсож, сэтгэлээ засах боломжтой болж байгаа юм.
-Бурханы тарни номыг хэзээнээс дуулах болсон бэ. Таны CD-г сонссон хүмүүсээс ямар сэтгэгдлүүд ирж байна?
-Би 2003 онд Цагаан Дарь эхийг магтан дуулсан клип хийлгэснээр анх CD-гээ гаргах шалтгаан болсон юм. Цагаан Дарь эхийн ая нь монгол лам багш нар бидэнд уламжлуулан заасан тэр сайхан эгшиглэнт номын ая данг орчин үеийн хөгжмийн хэмнэлд оруулсан тул залуучууд их сонсдог. Орчин үеийн залуусын сонсдог хөгжмийн аялгуунд оруулахаар залуучууд их сонирхож, ажил дээрээ хүртэл сонсдог гэж байсан. Нэгэн жишээг дурдвал, номын аялгууг эхийн хэвлийд байх цагаас одоо 7 нас хүртлээ сонсож өссөн орос хүүтэй хэдэн жилийн өмнө Москвад таарч билээ. Аялгуут номд бүүвэйлэгдэж өссөн, сэтгэлийг нь амар амгаланд хөтөлсөн гээд олон хүн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Ингээд бодоход номын аялгууг тасралтгүй хийж бүтээж явбал олонд тустай юм хэмээн өөртөө баясах болсон.
-Аялгуут тарни номыг сонсох нь сэтгэлзүйн эмчилгээ болохоос гадна номын хүч, тус эрдэм нь хүнд яаж нөлөөлөх вэ?
-Номын тус эрдэм талаас нь авч үзвэл энэ нь сүсэг бишрэлтэй хүнд хамааралтай болно. Би голдуу Дарь эх уншдаг хүн л дээ. Би цөөхөн уншлагатай хүн. Хэрэгтэй үед лүйжингээ уншина, хуралдаа суучихна. Хүнд хамгийн хэцүү үед туслах тус бол бурхан болоочдынх нь хойдын зан үйлийг хийж туслах байдаг. Хүмүүст тэр бүгдийг нь уншаад өгөхөд их тус боллоо гэж хэлдэг. Лүйжин нь зөвхөн ил ертөнцийн хүмүүст уншдаг ном биш, далд ертөнцийн элдэв амьтанд ч уншдаг ном. Зургаан зүйлийн амьтан хэдийгээр тэнгэрийн төрөл олоод биднээс дээд төрөлд байгаа ч гэсэн өөрсдийн гэсэн зовлонтой. Тэдгээр далд ертөнцийн амьтад бидэн шиг жаргахын тулд хүний бие, нохой шувуунд оршоод, энд тэнд айлын байранд шүглэн санаатай санаандгүй хүмүүсийг айлгаж хорлодог. Тиймээс хүмүүс гүйдэлтэй газар чөтгөр шуламтай таарлаа, муу юм шүгэллээ гэж ярьдаг нь тийм учиртай. Тиймээс завсрын төрлийн амьтдад зориулаад уншвал мөн тус эрдэмтэй юмаа.
-Аялгуут тарнийг сонссоноор аливаа зүйлээс хамгаалж болох нь ээ?
-Хамгаалж болно. Энэ бол зөвхөн айдаст автуулах ном биш. Тийм учраас хүний сэтгэлийг аргадахын тулд улам зөөлрүүлэн сонгодог хөгжимтэй хослуулсан. Цагаан Дарь эх маань найман их аюулаас аварна, хорвоогийн зовлонгоос гэтэлгэнэ гэсэн тангарагтай. Гал усны аюул, хүмүүн хийгээд хүмүүн бусын аюул гэх мэтчилэн аюулаас гэтэлгэнэ. Хүмүүс бие биенийгээ их хорлодог болсон цаг үе ирсэн байна шүү дээ. Цагаан Дарь эх, Ногоон Дарь эхийн уншлагатай байхад бусдад хорлогдохгүй. Тийм л тус эрдэмтэй ном. Ногоон Дарь эх бол сайн үйлсийг бүтээхэд их түргэн, ялангуяа номын үйл, гэгээрэлд хүрэхийн тулд янз бүрийн барцад саадыг дарж өгөхөд тусалдаг.
-Танай холбооноос гадна хандмаа нарын хийд Монголд хичнээн байдаг вэ. Хэр харилцаа холбоотой ажилладаг бол?
-Эмэгтэйчүүдийн томоохон 3 сүм хийд байдаг. Төгсбаясгалант 1989 онд байгуулагдсан. Нархажид 1991 онд, Дарь-Эхийн сүм 1992 оны үед байгуулагдсан. Бусад цөөхөн хэдэн сүм хийд бий. Хоорондоо хэр холбоотой байдгийг би сайн мэдэхгүй ч хамтарч хийсэн үйлс сонсогдоогүй л байна. Манай буддист эмэгтэйчүүд нийлээд юм хийвэл илүү хүчтэй байх болов уу. Гэвч янз янзын нөлөөллөөс шалтгаалж нэгдэж нийлэх нь ховор байна. Би өнөөгийн шашны асуудалд их эмзэглэж явдаг. Буддын шашны зорилго зорилт нэг л баймаар. Гэтэл сүүлийн үед шүтдэг сахиусны хоорондын нийцэл, улс төрийн оролцоо, хувь хүний амбиц зэргээс шалтгаалж хуваагдаж байгаад эмзэглэж явдаг. Шашины дотоод үзэл санааны зөрчилдөөн эмэгтэйчүүдийн дунд хүртэл нөлөөлсөөр байгаа. Буман Ханд холбоо нь хандмаа нарын сүм хийд, буддист эмэгтэйчүүдийг хооронд нь нэгтгэж байгаа. Шашины үйл хэргээс эхлэн нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтэд чиглэгдсэн буянтай, үр өгөөжтэй ажлыг хамтдаа хийхийг зорьж байна. Монгол оронд эмэгтэйчүүдэд зориулсан буддизмын цогц сургалттай сургууль, хийд бараг байхгүй гэж хэлэхэд болно. Учир нь хийд оронд суулаа ч ихэвчлэн хуралд суун, хурлын уншлага, зан үйл, засал, мэргэ төлгө төдийхнөөр сурч буй мэтээр ард түмэнд харагдаж байна. Тийм болохоор холбооны үйл ажиллагааны чиглэлээ хандмаа, ани нар болон бурханы ном үзэх сонирхолтой хүмүүст сургалт явуулахыг зорьж байгаа. Сургалтын агуулгаа буддын сургаал дээр тулгуурлан сэтгэл зүйн чиглэл, хувь хүний хөгжил, ёс суртахууны талаарх цуврал лекц хичээлээр орж байна. Цаашид академик боловсролд хамрагдаад дэлхийн буддист эмэгтэйчүүдтэй нэгдэх талаар бодож байгаа. Тиймээс хандмаа нар одоо “сэрэх” цаг болсон.
-Буддын шашин 50 жилийн хугацаанд хөгжсөн барууны орнуудад буддист эмэгтэйчүүд цол авч, ширээнд заларсаар байхад хэдэн зуун жилийн өмнөөс Буддын шашин дэлгэрсэн манай оронд буддист эмэгтэйчүүдийн байр суурь бага байна гэж та цахим хуудастаа бичсэн байсан. Буддист эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Олон улсын Буддист эмэгтэйчүүдийн хуралд яваад ажиглахад гадны буддист эмэгтэйчүүд биесээ хүндэтгэсэн ,соёл боловсролыг хүлээн зөвшөөрсөн, нэг нэгэндээ түшиг тулгуур болж нэгдмэл байдалтай байгаа нь харагдсан. Барууныхан маш өндөр түвшинд номын судалгаа хийдэг. Их сургуулийн түвшинд оюутнаас нь эхэлж суралцаад доктор, профессор болж, буддын гүн ухаанд нэвтрээд, судалгаа шинжилгээнийхээ дагуу ном бичдэг. Тэд академик тал руугаа илүү хөгжсөн байна. Мөн бясалгал номонд сууж, эмэгтэй лам гэсэн арга барилаа тодорхойлсон байдаг. Гадныхныг шүтээд байгаа юм биш ээ, тэд дэлхийн буддистуудын дунд үнэлгээ өндөртэй байна. Манай Монгол ани, хандмаа нарын онцлог гэвэл сүм хийдэд шавилан сууж засал ном тал руугаа анхаардаг. Бясалгал нямбанд хаяа чимээгүйхэн суучихдаг, би ийм эрдэмтэй, номтой гээд рекламдаад байдаггүй, эрдмээ их нуудаг, очир хөлгөн дэх нууц тарнийн анхааран авлагыг ёсоор нь хийдэг боловуу хэмээн боддог. Тиймээс хандмаа нарын судалгаа нууцлагдмал байдаг. Энэ нь нэг талаараа давуу тал боловч нөгөө талаараа их хаалттай болчихдог юм билээ. Манайд олон зууны туршид эрдмийн оргилд гараад гэгээрсэн эмэгтэйчүүд байдаг боловч тэр талаар түүхэнд дурдаагүй, лам нарын дунд аман яриа хэлбэрээр л явдаг. Тэр байтугай сэнтий түшсэн хатдын тухай ч түүхэн домогт бага дурдагдсан байдаг. Сүүлийн үед л домогт хатдын талаарх ном бүтээл гарч байна. Эмэгтэй хүн бурханы шашинд орвол шашин доройтно гэдэг ч юмуу, эсвэл маани аялвал шашин доройтно гэдэг үзэл эрт үед байсан гэдэг. Энэ мэт янз янзын үзэл бодол нөлөөлж, дээрээс нь эмэгтэйчүүд өөрсдөө даруухныг ч хэлэх үү мундаг хандмаа нар даруухан явсаар ирсэн. Жинхэнэ эх хүний үүргээр үр хүүхдээ мундаг дээдэс болгон өсгөж байсан. Хутагт хувилгаад, лам нар, бурхад хүртэл эхээс төрдөг шүү дээ. Бурханы ном хүртэл эхтэй. Бурхан багшийн айлдвар сургаал болох Ганжуур хөлгөн судруудад язгуурын хөвгүүд, язгуурын охид хэмээх эшлэлүүд их бий. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүнийг бурханы шашинд адил зиндаанд авч үздэггүй. Тиймээс эмэгтэйчүүд бид өөрсдөө эвтэй найртай, бие биенийхээ үйлсийг дэмждэг, хүндэлдэг баймаар байна. Миний хувьд Монгол хандмаа нарын өмнөөс олон улсын хуралд идэвхтэй оролцоод ирсэний хувьд олон улсад Монгол хандмаа нарын үйлс цадигийг таниулах гүүрээ тавьсан гэж бодож байгаа. Энэ гүүрийг тавьсан учир Монголын буддист эмэгтэйчүүд манай холбоогоор дамжуулан гадаадад сурч мэдлэг чадвараа сайжруулах бүрэн бололцоотой. Энэ гүүрээр дэвшилттэй залуу хүмүүс орж гарах нь чухал. Саяхан би хэдэн хандмаа нарт манай байгууллагаар дамжуулан ном үзэх боломж санал болгоход хүсэл байвч цаг завгүй байна гэцгээсэн. Хүн бүр хөгжиж дэвжихийн төлөө цагаа боловсролд зориулж байхад бурхан шашины эмэгтэйчүүд ийм байгаад би үнэхээр гайхдаг.
-Хандмаа, ани нарын эрдэм чадлын ялгааг тайлбарлаж өгөөч. Монголд хичнээн хандмаа, ани нар байгаа бол. Настай хандмаа нар үр хүүхдээ сургаад шинэ үеийн хандмаа нар төрөн гарч байгаа болов уу?
-Нарийн тоо хэлэхэд үнэхээр хэцүү байдаг. Яагаад гэвэл бид тархай бутархай байна. Сүүлийн гурван жилд болсон буддист эмэгтэйчүүдийн хуралд нийт 600-гаад эмэгтэй хамрагдсан. Настай ч бай, залуу ч бай, буддын ном үздэг ч бай, үгүй ч бай 600-гаад хүмүүс бүртгүүлж оролцсон. Тэдгээр 600 гаруй хүмүүсийн дунд судалгаа явуулахад тэд голцуу гэрээрээ ном үздэг, зарим нь шашины их сургууль төгссөн, хувьдаа жижиг хийдтэй гээд олон янзын хүмүүс байсан. Би олон хийдээр явж, настай хандуудтай уулзахад тэдний бэлдэж байгаа хүмүүс ихэвчлэн өөрсдийнх нь үр хүүхдүүд, гарын цөөн шавь нар байдаг. Хандмаа нарын гол уншлага нь очир хөлгөний ном буюу ихэвчлэн лүйжин байдаг. Ном уншиж засал хийж мэргэлэх нь энгийн үзэгдэл. Ани нарын уламжлал нь 1990 оноос Элчин багш Бакула ринбүүчи бээр анхны 10 гаруй эмэгтэйчүүдэд гэцэл сахил хүртээсэн. Анигийн ёс нь дотроо гэнэн, гэнэнмаа, гэлэв, гэцэл, гэцэлмаа, гэлэнмаа гэсэн ангилалд хамаарагддаг. Энэ нь сахилынх нь хэмжээ юм. Их хөлгөний гэцэлмаа сахилын уламжлал тасраагүй, 36 зүйл сахидаг. Их хөлгөний гэлэнмаа сахилын өв уламжлал нь тасарсан юм гэнэлээ. Одоо бага хөлгөнийх нь байдаг. Ихэнх гэлэнмаа бага хөлгөний сахилыг уламжилж авсан. 256 сахил сахидаг. Гэнэнмаа сахил 5 зүйл сахидаг. Үр хүүхэд гаргаж болно, нөхөртэй байхыг зөвшөөрнө. Үүний дараа гэлэв болж байж гэцэл сахил хүртдэг. Гэцэл сахил Монголд дэлгэрээд 20 гаран жил өнгөрч байгаа болов уу. Өмнө нь гэцэл сахил авч байсан эмэгтэйчүүдийн талаар сонсоогүй. Тиймээс хуучин цагт гэцэл сахилын уламжлал байгаагүй болов уу гэж боддог. Анхны ани гэцэлмаа сахилыг дөрвөн хүн авч байсны нэг нь би. Түүний дараагаас маш олон монгол эмэгтэйчүүд Энэтхэгт сураад сахил хүртсэн байдаг. Одоогоор 50 орчим ани байдаг. Ани байж байгаад сахилаа буцаасан нь ч бий. Манай ёсонд 60 хүрээд чавганц сахил авна гэж ярьдаг. Үсээ хусаад 5 сахилаа сахиад, буянаа хийгээд мааниа уншихыг чавганц сахил гэдэг. Гэцэл сахил бол чавганц сахилаас өөр. 36 зүйл сахидаг, бясалгал нямбанд суудаг, ихэвчлэн Гэлүгба ёсоор бодь мөрийн зэрэг, чойрын ном гээд судрын ёсыг үздэгээрээ ялгаатай. Ер нь буддын шашинд орсон хэн ч бай арван хар нүглийг тэвчих ёстой. Энэ нь арван зүйлийг сахиж байна гэсэн үг. Үүнийг сахихгүй хүнийг лам, хандмаа гэж хэлэхгүй. Их хөлгөнд орохын тулд бодьсадын санваар авч өдөр бүр аврал итгэл, бодь сэтгэлийг төрүүлж байх зан үйл, ном уншдаг. Очир хөлгөний тарнийн санваарт дотроо тус тусын бурхад, Ядам шүтээнийхээ ван жанангаас шалтгаалаад тангарагаа алдахгүйн тулд уншлага номоо өдөр болгон унших ёстой гэх мэт зүйлүүд байдаг.
-Есдүгээр Богд авшиг хүртээснээр хандмаа нар ихэссэн, 14-р Далай лам Буддист эмэгтэйчүүдийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Харин Монголын буддын шашны тэргүүнүүд энэ талаар ямар байр суурьтай байдаг юм бол. Буддист эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмждэг үү?
-Есдүгээр Богд гэгээний ихэнх шавь нар нь эмэгтэйчүүд зонхилдог. Багшийг амьд ахуй үед Монгол, Орос, Буриад, Америк гээд олон орны эмэгтэйчүүд ламаас очир хөлгөнийн бурхадын авшиг, лүйжин сурахаар Дарамсала дахь лавранд нь зорин очдог байсан. Богд ламыг өнөө цагийн очир хөлгөний хаан нь байсан хэмээн Түвдийн бясалгаачдын дунд яриа бий. Далай лам бээр: Судрын ёсоор Лочой ринбүүчий бодьсатва, тарнийн ёсоор бол 9-р Богд гэгээн бодитой бодьсатва юм хэмээн нийтийн ном айлдаж байхдаа хэлж байсан юм. Богд багш маань тарнийн ёсны тангаргыг дээд зэргийн сахидаг байсан гэдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийг их хүндэлдэг, эмэгтэй шавь нарын боловсролыг их дэмждэг, санаа тавьдаг хүн байсан. Багшийн лүйжингийн номыг эмэгтэйчүүд одоо ч тасралтгүй уншсаар яваа. Очир хөлгөнд эх бурхадыг их шүтдэг. Жишээлбэл, Нархажид, Дарь-Эх, Янжинлхам гээд эрхэм дээд шүтээнүүд дандаа эмэгтэй бурхад зонхилдог. Тиймээс очир хөлгөнийг үзэж байгаа лам нар эмэгтэй хүмүүсийг хүндлэх ёстой гэсэн тангарагтай байдаг. Биднийг хүндлэх ёстой гэсэн утгаар хэлээгүй юм шүү, угаасаа тийм номтой. Ер нь Монголын үе үеийн дээдсүүд Ханд дагинасыг шүтдэг байсан. Эх бурхадыг шүтдэггүй лам гэж бараг байхгүй. Мэдээж эх бурхад жирийн эмэгтэйчүүд байсан, тэгээд гэгээрэлд хүрээд бурханы хутагийг олсон байгаа. Тиймээс бид ч гэсэн гэгээрч бурханы хутагийг олох боломжтой. Далай багш “Би хойд насандаа эмэгтэй хүн болж төрнө” гэж айлдаж байсан удаатай. Эмэгтэй хүн байгалиас заяасан нинжин сэтгэлтэй, мөн чанар нь зөөлөн байдаг учраас бурханы хутгийг олоход дөхөм, гэгээрэхэд түргэн гэж үздэг. Энэтхэг дэх Түвдийн түр засгийн газар болон Далай лам ани нарынхаа боловсролыг дэмжээд гуч гаруй жилийн их хөдөлмөрөөр сая 20 сахилтай эмэгтэйчүүд чойрын 5 ботийг дүүргээд гэвш цолыг авсан. Энэ нь түвд төдийгүй олон орны сахилтай эмэгтэйчүүдийн хувьд ирээдүй нь гэрэлтээд ирж байгаа юм. Ани болсон гээд амьдрал өнгөрсөн гэх манай монголчуудын өрөөсгөл бодлыг энэ гэвш цолонд хүрэхийн тул ном үзэх хэрэгтэй гэдгийг ч бодолцох хэрэгтэй. Монгол орны хувьд хандмаа, ани нартаа анхаарал тавьдаг газар бол Их Хөлгөний төв юм болов уу гэж дотроо боддог. Бусад эмэгтэйчүүдийн хийдэд эмэгтэйчүүд шавилан суудаг ч боловсрол гэхээс илүү засал номыг голлон сурдаг. Монголын буддын бурханы шашины тэргүүнүүд лам нараа яая гэж байхад эмэгтэйчүүдээ анхаарна гэх зүйлс байхгүй ээ. Үнэнийг хэлэхэд шашины асуудал, хоорондын тэмцэл зөрчил их байхад юун эмэгтэйчүүдийг анхаарах манатай. Та нар үр хүүхдээ л сайн өсгөж хүмүүжүүл гэж хэлдэг. Буддын шашинтай бүх орон эмэгтэйчүүдтэй хамтарч олон үйлсийг бүтээдэг юм билээ. Монголын хувьд лам нар шашины дотоод асуудал, хурал зөвлөгөөнд эмэгтэйчүүдээ ер оролцуулдаггүй, “муу сайн авгайчууд” гэх үгийг тэдний амнаас сонсож байсан болохоор яалт ч үгүй бие даан өөр өөрсдөө сурч боловсрох нь чухал гэж бодож байна. Монголын бурханы шашиныг хөгжүүлье гэвэл зайлшгүй эмэгтэйчүүд байж түшиг болох учиртай. Эмэгтэйчүүд үгүй бол заавал нэг зүйл дутна.
-Төслийн сургалтанд яаж хамрагдах вэ?
-Манай Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбоонд хандаж, гишүүнээр элссэнээр хамрагдах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа. Таны номын үйлс арван зүгтээ дэлгэрэх болтугай.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №11 (40)
Захиалгын индекс-101227