Очирваань бурханы мутар дахь очир хэр хүнд вэ?

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…

Мажэйда хаан бээр: “Очирваань бурханы мутар дахь очрын хүч нь хир бол, хэдий хэмжээний хүнд, хөнгөн бол” хэмээн бодох агшин төдийд Очирваань бурхантүүний бодлыг болгоож мэдсэнээр Мажэйда хаанд айлдсан нь: “Миний гар дахь очир уур омогтой, дээрэнгүй, хэрцгий догшинг номотгоход хүнд, уур омог байхгүй шудрага, алагчлалгүй бүхэнд хөнгөн” хэмээжээ. Тэгээд Очирваань бурхан очроороо газар шороог адислан очрыг газарт тавихад ертөнц бүхэлдээ зургаан удаа маш ихээр долгисон чичирхийлэв.
Очирваань бурхан Мажэйда хаанд: “Энэ очрыг газраас өргө” хэмээв. Мажэйда хаан хүч чадал ихтэй тул түүнийг бүхий л хүч чадлаараа өргөх гэж үзсэн боловч хялгасны төдий ч өргөж чадаагүйдээ маш их гайхаж хоёр гараа хавсран мөргөөд Бурхан багшид ийн хэмээн айлтгав:“Бурхан багшаа! Би их хүчтэний удамтай, чадал ихтэй. Тэгээд ч хуяг дуулга бүрэн хэрэгслээр чимэглэгдсэн их зааныг нэг гар дээрээ төвөггүй өргөж чаддаг. Гэвч өчүүхэн энэ очрыг хөдөлгөж чадсангүй. Учир шалтгаан нь юу вэ?”гэсэнд Бурхан багш айлдсан нь: “Энэ очир хүнд тул чи санаагаа чилээх хэрэггүй” хэмээв.
Мажэйда хаан бээр Эсрүн тэнгэрт:“ Чамайг очрыг хадгалагч хэмээдэг тул энэ очрыг өргөж үзээч” хэмээсэнд Эсрүн тэнгэр өөрийн бүх хүч чадал, рид хувилгааны хүч чадал бүхнээрээ өргөхийг завдсан боловч хөдөлгөж өргөж чадаагүйдээ машид гайхав. Эсрүн тэнгэр Бурхан багшид бишрэнгүйгээр мөргөж айлтгасан нь:“Бурхан багшаа!баруун гараараа Асурын хаан Тагсанрагийн долоон зуун багцад хэмжээтэй их морин тэргийг өргөж чадна. Гэвч энэ өчүүхэн очрыг өргөж үл чадав” хэмээсэнд, Бурхан багш: “Энэ очир нь хүнд бөгөөд харин би бээр хүнд болгон адислаагүй, хэрэв энэ очроор очрын мөн чанарт уулыг нэг хатгахад тэр уул нь атга шороо цацах мэт товрог болно. Очирын чадал энэ мэт” хэмээн айлдав.
Эсрүн тэнгэр Монголживүд хэлсэн нь: “Та бээр Бурхан багшийн шавь нарын дотроос хувилгааны хүчхамгийн ихтэй ньтул энэ очрыг өргөж үзнэ үү?” хэмээсэнд, Монголживү: “Хэрвээ би энэ очрыг өргөж үл чадвал миний хүч багасах болно” хэмээн сэтгээд бүх чадлаараа өргөхөд гурван их мянган ертөнц зургаан удаа машид хөдлөн, тэнд буй далайн ус эргэлдэн цалгисан ч очрыг хөдөлгөж үл чадав. Тэгээд машид гайхан Бурхан багшид ийн хэмээн айлдлаа. “Бурхан багшаа, Би таны хамгийн их хүчит шавь билээ. Би дөрвөн их далайг нэг удаа өргөж байсан. Гурван мянган их ертөнцийг хумсан дээрээ өргөж байсан. Наран, саран хүч ихтэй боловч надаас бага хүчтэй, уулын хаан уулыг өргөн Цанбын орон хүртэл шидэж чаддаг. Гэвч юуны учир энэ жаахан очрыг өргөж чадахгүй байна” хэмээсэнд Бурхан багш айлдсан нь: “Монголживү,таны хүч доройтоогүй, үүнийг бодьсадва, нянтой, ранжал нар ч өргөж үл чадах тул бусдыг өгүүлээд юун хэрэг” хэмээжээ. Монголживү хэлсэн нь: “Очирваань бурхан өргөж чадаж байгаа нь тэрбээр маш хүч чадалтай буюу”хэмээжээ.
Бурхан багш: “Очирвааниа, чи энэ очрыг газраас өргөнө үү” хэмээсэнд Очирваань бурхан тэрхүү очрыг зүүн гараараа авч, дээш нь шидэн, долоон удаа эргүүлж, баруун мутар дээрээ тавьсан байна. Тэр үед тэнд заларч байсан бүгд бээр Очирваанийг маш их хүчтэй хэмээн биширсэн.
Бурхан багшийг “Амьтан бүхэн энэ адил номын хүч төгөлдөр болох болтугай” хэмээн ерөөхөд Мажэйда бээр Бурхан багшид: “Ямар мэт шалтгаанаар бид энэ адил хүч төгөлдөр болох вэ?” хэмээсэнд Бурхан багш бээр:“Амиа орхисон ч дээдийн номыг үл орхи. Амьтан болгоныг энэрэн, омоггүй бол. Бага хүчтэн дор тэвчин бүү уурла. Өлссөн амьтанд сайхан идээ өг. Айсан, аюулд орсон амьтан бүхнийг аюулаас аварч, айлгахгүй тайван байлга. Өвчтэй амьтан бүхнийг эмчил. Бие, хэл, сэтгэлээр ядуу гуйлгачныг тэтгэн, зөв ухаан бодол, зөв замд хөтөлж, эд агуурсаар тэтгэ. Бурханысуваргыг сэлбэж зас. Амьтныг баясгах үгийг хэл. Амьтан бүхний зовлон, нисванисын хүнд ачааг үүр. Эдгээр бодьсадвын арван номонд төгс төгөлдөр болох аваас энэ адил хүч бүрдэнэ” хэмээн зарлиглав.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №12 /41/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *