Үл зохицох идээ хэрэглэх нь урвасан хорын эмгэг үүсгэнэ

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь гэдэг бөгөөд өвчилсөн хойно ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралдаа тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно.
Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө сайн идэхгүй бол урд өдөр нь амраад хоолоо шингээсэн ходоод хоосон ажиллаж, таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч хамгийн их бадардаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оройн цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр, шингэхэд амархан хоол идвэл зохино. Нэг удаагийнхаа хоолны хэмжээг сайтар тохируулж идэх хэрэгтэй. Ингэж тохируулахдаа өөрийнхөө ходоодны багтаамжийг 4 хэсэг хуваалаа гэж үзвэл түүнийхээ 2 хувьд нь хоол, 1 хувьд шингэн уух зүйл буюу ундаа, 1 хувийг нь хоосон үлдээлээ гэж бодон идэхэд маш тохиромжтой. Ингэж идвэл таны бие хөнгөн, сэтгэл санаа ч сайхан байх болно. Гэвч шингэхдээ бэрх хүнд чанартай хоолыг хагас цадатлаа, хөнгөн чанартай шингэхдээ хялбарыг цадатлаа ид гэж тэмдэглэсэн байдаг. Нэг удаа идэхдээ хэтэртлээ цадатлаа идэх, өлссөн үедээ хэтрүүлэн идэх, цангасан үедээ хэтэрхий ихийг уух зэрэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс тогтмол цагаар тохируулан хооллох хэрэгтэй.
Зарим тохиолдолд хоорондоо зохицохгүй идээг хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэний эмгэгийг үүсгэдэг төдийгүй энэ нь найруулсан хор адил гэж үздэг.

Үүнд:  Тараг – Архи
Загасны мах – Сүү
Жимс – сүү
Буурцаг – Тараг
Мөөг – гичийн тосонд шарах
Зөгийн бал ургамлын тос
Тос – хүйтэн ус
Мах – цагаан идээ
Мөн байнга идэж дадуулаагүй идээг ихээр идэж болохгүй.
Суудлын ажилтай хүмүүс, оюутан сурагчид, багш нар завсарлагаанаараа аль болох нийтээрээ дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн цатгалан байх үедээ хэвтэхгүй байх, хоол идээд хөлөрсөн үедээ салхинд гарахгүй байх, хоол идсэнийхээ дараа аль болох хөдөлгөөнтэй байх, нойроо алдаж ядраагүй бол өдрийн цагаар унтахгүй байх, улиралдаа зөв тохируулж хувцаслах зэрэг нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгэн гол нөхцөл болдог.
Ходоодны бадгантай хүн түүхий сүү, сарлаг болон үнээний сүү, шарсан хайрсан, хүнд тослог хоол, халуун ногоо, архи, түүхий жимс, ногоо, хуучирсан, илжирсэн ногоо, хэт хүйтэн, хэт халуун хоол хүнс, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, пиво, ямааны мах зэргийг идэж хэрэглэхээс татгалзаж, хэт даарч хөрч, хөлрөлгүй, өдөр унтахгүй байж, аль болох хөдөлгөөн их хийвэл зохино. Харин хөнгөн, бүлээн чанартай, шингэхдээ амархан хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Хонь, гөрөөсний мах, чонын мах, тараг, айраг, зөгийн балтай ус, буцалсан ус, сонгино, мөөг, лууван, арвайн гурил зэргийг хэрэглэвэл зохино.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №12 /41/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *