Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, үндсэн шалтгааны эсрэг эмчилгээ хийх нь үр дүнтэй

Хүний бие дэх амь баригч хий, түгээгч хий, уруу арилгагч хийн үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт орсноор хийн ширүүн, хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанарууд арвидаж үүний улмаас цусны судсаар гүйх хий, цусны гүйдэлд эмгэг өөрчлөлт орж дээш хөөрөх өвчин буюу даралт ихсэх өвчнийг үүсгэдэг.
Даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болох дээрх хийнүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг нөхцлүүд нь аливаа таагүй зүйлээс хүчтэй айж цочих, хүчтэй уурлах зэрэг нөхцлөөр сэтгэлийг хямраах, ойр дотны хүний үхэл хагацал зэргээр уй гасланд автах, муу хов жив, хэрүүлээр сэтгэл хямрах, их ярих, нойргүйдэх, их дуу чимээтэй газар удаан хугацаагаар байх, ширүүн ча-далтай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, үргэлж шимгүй идээ идэх, сэрүүн чадалтай цай ихээр уух, хүйтэнд даарах, сэрүүн салхитай газар байх, өлсгөлөн байх, баас, шээсээ хүчээр шахаж гаргах, эсвэл барих, сарын тэмдэг ирэх үед даарах зэрэг хий, цусыг хям-раах нөхцлийг бүрдүүлэх нь даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болдог.
Дээрх хийнүүдийн хямралтай үед гал, нар болон хэт халуунд халууцах, архи хэтрүүлэн хэрэглэх, биеийн хүчний хүнд ажил хийх зэрэг цусны халууныг үүсгэх нөхцлүүдээр цусны халуун үүсч хийтэй хавсарч хямарснаар даралт ихсэх шалтгаан болдог. Мөн хүйтэн хийн гол эрхтэнүүд болох зүрх, бөөр, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин зэрэг хий голлон хямарсан өвчнүүдийн үед даралт ихсэх шинж хоёрдогчоор илэрч болно.
Даралт ихсэх өвчний үед үндсэн шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй бөгөөд бүхэл биеийн үндсэн таван хий болон гишүү таван хийн үйл ажиллагааг сайжруулж, хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэх эмчилгээ хийснээр даралт ихсэх өвчнийг уг үндсээр нь бүрэн эмчлэх боломжтой.

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №11 (40)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *