Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина

Сүүлийн үед олон хүний хувьд асуудал болоод байгаа нойргүйдлийн талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. Нойргүйдлийг уламжлалт анагаах ухаан хэрхэн эмчилдэг болон нойргүйдэлд өртөхгүй байхын тулд яах ёстой талаар хүргэе.

-Нойргүйдэл юунаас шалтгаалдаг талаар эхлээд яръя?

-Хийн бэлгэ чанар хямарсанаас шалтгаалж нойргүйдэл үүсдэг. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн хийн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Нойргүйдлийн гол шалтгаан болсон энэ хоёр бэлгэ чанар хямраах гол нөхцөл нь сэтгэл тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтэлтэй холбоотой. Сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэл хөдлөлд автах, найрлах, зугаацаж цэнгэх, эсвэл зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэрэг хийн үйлдлүүдийг хийж дадуулсанаар нойргүйдэлд өртдөг. Хүний бие махбод нь байгаль, од, нар, сартайгаа зохицсон биохэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн буюу оройн 23:00-05:00 цагийн хооронд унтаж байх ёстой. Энэ цагуудад унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина. Унтах ёстой цагаараа маш тайван, тухтай хэвтээд, янз бүрийн цуварсан бодол бодолгүй нойрсох нь зүйтэй. Унтаж байх үед мэдрэхүйн таван эрхтэний хүртэхүй, сэрэхүй зэрэг хийн гүйдлүүд зүрхэнд орших бүгдийн суурь тийн мэдэлд хураагдсан байдалтай байдаг. Үүнтэй уялдаад унтаж буй хүний татаж, угзчиж сэрээдэггүй уламжлалтай байсан гээд нойртой холбоотой бүхэл бүтэн онол, судлагдахуун байна.

-Нойргүйдлээс үүдэж ямар өвчлөл үүсэх вэ?

-Нойргүйдсэнээр юун түрүүнд дээр дурдсан хийн бэлгэ чанарууд хямарч, энэ нь удаж архагшсанаар шар, бадгантайгаа хавсарч хямарна. Юун түрүүнд хийн гол эрхтэнүүд болох зүрхэнд өөрчлөлт орно, амин судасны хий хямарч энэ нь сэтгэл санаанд нөлөөлж сэтгэл тогтворгүй, мартамхай болох зэрэг өөрчлөлт орно. Мөн яс, үесэд хий шунаснаар чилнэ, хатгуулна, чих шуугих, толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илэрнэ. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлнө. Ялангуяа бүдүүн гэдэсний үйл ажиллагаа хямарч, гэдэс дүүрэх, цардайх зэрэг эмгэг шинжүүд илэрнэ. Ажлын чадвар муудна, амьдралын идэвхигүй болох гээд маш олон сул талтай.

-Ямар нэг өвчнөөс шалтгаалаад нойргүйдэж болох уу?

-Болно, зарим нэг өвчний үед хоёрдогчоор нойргүйдэл үүсдэг. Тухайлбал зүрхний өвчлөлийн үед, үе мөч, ясны өвчин, бөөрний хүйтэн хийн өвчний үед, мөн хийтэй хавсарсан халуун шар өвчин, халдварт өвчний үед нойргүйддэг.

-Нойр сэрвэлзэх үед гэрийн нөхцөлд ямар арга хэрэглэж, хурдан унтаж болох вэ?

– Ер нь орой унтах цагтаа орондоо орж хэвших хэрэгтэй. Унтахаас өмнө орондоо сэтгэл хямраасан зүйл унших, үзэх, бодох, ярихыг цээрлэж сэтгэлээ аль болох тайван байлгана. Нойр хүрэхгүй тохиолдолд шөнө дунд босч ажлаа хийх, ном унших, кино үзэх, юм идэх зэрэг үйлдэл хийж болохгүй. Ямар ч байсан орондоо ороод сэтгэлээ тайван тогтуун болгоод унтах л хэрэгтэй. Унтах ёстой цагаараа аливаа зүйлийг хийснээр бие махбодод улам сөрөг нөлөө үзүүлнэ. Нойр сэрвэлзсэн үед үнээний хөөрүүлсэн сүүг бүлээнээр нь уух нь зүйтэй. Ходоодны  бадган арвидсан, галын илч муутай бол сүүндээ зөгийн бал хутгаад уувал ходоодонд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ходоод нь хэвийн эрүүл хүн бол бага зэрэг шар тос хутгаад ууснаар хийн бэлгэ чанарт нөлөөлнө. Манай Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байгаа нойргүйдэлтэй хүмүүсийн зарим нь нойргүйдсэн үедээ архи уудаг гэж хэлдэг. Архи уумагц халуун бүлээн чанараар хэсэг хугацаанд судсыг тэлж, хийн хүйтэн бэлгэ чанарыг дарж манараад нойр хүрэх мэт боловч хийн ширүүн, хөлбөрөнхий бэлгэ чанарыг нь ихэсгэж нойрыг улам сэрвэлүүлдэг. Тиймээс нойргүйдэлтэй хүмүүс архийг нэг их хэрэглэх хэрэггүй. Харин үнээний хөөрүүлсэн сүү хамгийн сайн тус болно. Мөн чих нь хий голлон гүйдэг эрхтэн учраас шар тосыг алгандаа үрээд чихний гадна, дотор омог, эрүүний ясыг сайтар тослож илж, үрнэ. Мөн ууц, ахар сүүлний хэсгээр уруу арилгагч хийн голлон гүйдэг хэсэг учраас энэ хэсгээр тослож илж, үрнэ. Ингэснээр гүн бат, сайн унтаж амарна.

-Хүний унтах ёстой цагаар бие махбод өөрийгөө цэвэрлэж байдаг, тиймээс энэ үед сэрүүн байвал муу нөлөөтэй гэсэн ойлголт байна л даа. Энэ үнэн үү?

-Шөнийн цагаар унтаж байх үед бие махбод өөрийгөө цэвэрлэдэг гэхээсээ илүү бие махбодын бодисын солилцооны дотоод үйл ажиллагаа явагдаж байдаг. Бид гол хоол тэжээлээ өдөр идэж, тэр нь тодорхой шат дамжлагаар боловсроод шөнө унтаж байх хооронд бодисын солилцооны дотоод үйл ажиллагаа нам тайван орчинд явагдаж байдаг. Тиймээс шөнийн цагаар юм идэж болохгүй. Энэ нь бодисын солилцооны алдагдалд оруулж, өвчний шалтгааныг тавина. Ер нь сүүлийн үед оройн  20:00 цагаас хойш хоол идэлгүй хэвшсэн олон хүн бий болоод байна. Энэ бол их зөв. Унтахын өмнө бүхэл юм идэх хэрэггүй. Шаардлагатай тохиолдолд сүү, тараг ууж болно. Унтахад ус хэрэггүй гэж хэлдэг шүү дээ. Тиймээс нэг их шингэн юм уугаад хэрэггүй. Бидний идсэн хоол унд боловсорч нэг хоногийн дараа идээ, ундны цөв буюу баас, шээс ялгардаг. Түүний тунгалаг буюу шим нь 1 хоногт цусаа төлжүүлж, цусны шим нь махыг, махны шим нь өөхөө, өөхний шим нь ясыг, ясны шим нь дуслаа /улаан, цагаан дусал байх бөгөөд эмэгтэй хүний сарын тэмдгийг улаан дусал, эрэгтэй хүний үрийн шингэнийг цагаан дусал гэнэ/ төлжүүлэн тунгалаг цөвийн боловсролт буюу бодисын солилцооны нэг бүтэн эргэлт 7 хоногт явагддаг. Иймээс унтах ёстой цагаараа унтаж, зөв зохистой хоолыг идэх ёстой цагаараа идэх нь зүйтэй.

Манба Дацан эмнэлэг нойргүйдлийг маш үр дүнтэй эмчилдэг. Ямар эмчилгээ хийдэг вэ?

-Манай Манба Дацан эмнэлэгт удаан хугацаанд нойргүйдсэн, гүнзгий хямарсан хүмүүс их хандаж байгаа. Эмчилгээ их үр дүнтэй байна. Бид нойргүйдэлд цогц эмчилгээг хийдэг. Нэгдүгээрт, Монгол уламжлалт эм тан уулгадаг. Мөн хий удаан хугацаанд хямарсанаас аль нэг эрхтэндээ голлоод эмгэг өөрчлөлтүүд өгсөн байдаг учраас тухайн эрхтэнг нь давхар эмчилнэ. Хийгээ маш сайн тэнцвэржүүлдэг. Төөнүүр хийж, зүү тавьж, рашаан, шөлөнд оруулж байна. Янз бүрийн хийн утлагуудыг хийж байна. Эдгээр эмчилгээ нь нойргүйдэлтэй хүмүүст маш үр дүнтэй.

-Нойргүйдэл настай хүний өвчин гэдэг шүү дээ. Гэтэл хүүхдүүд нойргүйдэлд их өртөж байна. Хүүхэд нойргүйдсэнээр ямар хор уршигтай вэ?

-Хий бол бүх хүний биед байж байдаг учраас хийн бэлгэ чанараа хямруулах шалтгаан нөхцлийг бүрдүүлээд байна. Хүүхдүүд компьютер тоглоом тоглох, шөнийн цагаар телевиз үзэх зэргээр  хийн бэлгэ чанараа хямруулсанаар нойргүйддэг. Тэгэхээр эцэг эхүүд хүүхдүүдээ 21:00-22:00 цагийн хооронд заавал унтуулсан байх ёстой. Энэ цагт унтуулж дадуулах нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болно. Үүнийг нийтээрээ мэдэх хэрэгтэй. Бид буруу бодол, хэвшлийн улмаас хүчээр нар, сартайгаа тэрсэлдээд байхаар бие махбодын биохэмнэл нь буруудаад хямраад байна шүү дээ. Бид хоолоор тэжээл авдагтай адил нойроор эрч хүчээ сэлбэж байдаг.

-Өдрийн цагаар унтах нь сайн, муу гэх зэргээр ярьдаг шүү дээ. Өдөр унтах нь хэр зохистой юм бэ?

-Өдрийн цагаар унтаж болохгүй. Өдрийн цагаар унтвал нарны хүчтэй уялдаад бие махбодод шар, бадган хямарч хавагнаж хавдах зэрэг олон өвчний суурийг тавьдаг. Гэхдээ өдөр унтах заалттай хүмүүс байна. Тухайлбал, шөнийн цагаар тогтмол нойр алддаг нялх биетэй хөхүүл эхчүүд, нярай нялх хүүхэд, 70-с дээш насны хийн бэлгэ чанар хямарсан хөгшид,  мөн тамир доройтсон хүнд өвчтэй хүмүүс өдөр унтаж болно. Мөн ээлжийн ажилтай хүмүүс, зайлшгүй шалтгаанаар шөнө ажиллаж нойр алдсан хүмүүс маргааш нь өдөр дунд  нары хүч туйлдаа хүртэл ихсэхээс өмнө 12:00 цагаас өмнө 1-2 цаг заавал нойр авч унтах хэрэгтэй. Шөнө унталгүй байчихаад маргааш нь дахиад унтахгүй байж болохгүй. Нойр бол ийм л чухал нарийн үйл ажиллагаа.

-Хичнээн их унтсан ч амарч чаддаггүй хүмүүс байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Хүн унтах ёстой цагтаа унтвал ямар ч байсан амарна. Унтсан ч гэсэн амарсан шинжгүй, байвал ямар нэг эмгэг өвчтэй байна гэсэн үг. Эрүүл хүн бол амарсан босч ирэх ёстой. Тиймээс унтсан ч амарсан шинжгүй байгаа хүмүүс мэргэжлийн эмчид хандаж, оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *