Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч, Манла бурханы хүүхдүүд нийгэмлэгийн тэргүүн Д.Нацагдорж өнөөдөр “Хүүхдийн элч”-ээр батламжлагдан, хүүхдийн эрхийг хамгаалан, тэдний ирээдүйн сайн сайхны төлөө өөрийнхөө үйл хэргээ зориулан ажиллахаа андгайллаа.
1924 онд анх удаа “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг Женевт баталжээ. Үүнээс 25 жилийн дараа буюу 1959 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталснаар энэ өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү тунхаглалыг үндэслэн 1989 онд хүүхдийн эрхийн конвенцийг баталсан бөгөөд тус конвенцид манай улс 1990 онд элссэн юм.
Нийслэлийн “Хүүхдийн элч”-ийг тодруулж, батламжлах үйл ажиллагааг Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас санаачилсан бөгөөд 9 дүүргийн “Хүүхдийн элч”-ийг тодруулж, өнөөдөр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан батламжаа гардууллаа.
Хүүхдийн эрхийг хамгаалж, тэдний ирээдүйн төлөө хүч хөдөлмөр, үйл хэргээ зориулан ажиллах “Хүүхдийн элч”-үүдийг тодруулж байгаа үйл хэрэг нь Монгол анх удаа бөгөөд цаашид “Хүүхдийн элч”-үүд нэгдэн нийлж, олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөжээ.
Хамба лам Д.Нацагдорж нь Баянзүрх дүүргийн “Хүүхдийн элч”-ээр тодорсон бөгөөд тэрбээр Баянзүрх дүүргийн төдийгүй нийслэлийн хүүхэд багачуудын төлөө олон чухал үйл ажиллагааг өрнүүлж, олон мянган хүүхдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан гавъяатай эмч, соён гэгээрүүлэгч юм.
Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч, Манла бурханы хүүхдүүд нийгэмлэгийн тэргүүн Д.Нацагдорж:
-Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд туслах “Хүүхдийн элч” хэмээх эрхэм хүндтэй үүргийг хүлээж, андгай тангараг өргөлөө. Төр засаг, Баянзүрх дүүрэг, олон нийтийн итгэлийг хүлээж, “Хүүхдийн элч” болж байгаадаа талархаж, үүний цаана маш том хариуцлага бий гэдгийг ойлгож байна. Бид Монголын ирээдүй болсон үр хүүхдээ хэрхэн өв тэгш хүмүүжилтэй, зөв ёс суртахуунтай болгох вэ гэдгийг анхаарч, тэдний эрхийг хамгаалах асуудал тулгарч байна. Нөгөө талаар хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг анхааран ажиллах шаардлага бий.
Сүүлийн үед хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, адгууснаас ч гарамгүй нүгэл хилэнцэт хүчирхийллийг үйлдэж байгаа тохиолдлууд их гарлаа. Үүнд маш их эмзэглэж, хүүхдийг хамгаалахын зэрэгцээ Монголын ард түмний ухамсар, ёсзүйд хандсан зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүсийн ухамсар их дорой болсон байна, бусдыг хайрлах, хүндлэх ёсзүй алдагдсаар байна. Тиймээс зөвхөн хүүхдийн төлөө ажиллах бус эцэг эхчүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг бол нэлээд өргөн хэмжээний асуудал. “Хүүхдийн элч”-ээр сонгогдон ажиллах болсон бидний хүчин чармайлтаас гадна төр засаг хууль эрхзүйн талаас анхаарч, дэмжих асуудал чухал байна. “Хүүхдийн элч”-ийг батламжлаад өнгөрөх бус, тодорхой ажлуудыг жил улиралд нь дүгнээд ямар үр дүн гарав, ямар арга барилаар ажиллах хэрэгтэй вэ гэдгийг тухай бүрт нь дүгнээд явах хэрэгтэй.
Монголчууд бид үр хүүхдээ өөрсдөө дагуулан ухааруулж, зөв хүн болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Цэцэг цэврүү шиг гэгээлэг оюун санаатай байгаа хүүхэд насанд нь зөв ухамсар, ёсзүйг бий болгож, зөв хүн болгон төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэвэл Монгол улс маань улам сайхан хөгжинө, Монголын үр сад маань илүү сайхан, аюулгүй орчинд өсч хүмүүжинэ.