Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж, уламжлалт анагаах ухааны ач тусыг хүртсэн олон хүн бий. Тэдний нэг БГД-ийн 18-р хорооны иргэн А.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Манба Дацан эмнэлэгт ямар оноштойгоор эмчлүүлсэн бэ. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов?
-Би энэ эмнэлгийг интернэтээр судалж, мэдэж ирсэн. Уламжлалт эмчилгээ дагнан хийдэг маш сайн эмнэлэг гэсэн мэдээлэл уншаад ирж эмчлүүлсэн. 3 долоо хоногийн өмнө далны доогуур хатгаж, чилж өвдөхөөр нь цөс өвдсөн юм болов уу даа гэтэл нуруун дээр жижигхэн бэлцгэр юм гарчихсан. Дараа нь дахиад суганд гарсан. Өрхийн эмчдээ үзүүлтэл хавдарын эмнэлэгт очиж үзүүл гэлээ. Би багадаа хөхөө хагалуулж байсан болохоор хавдар юм болов уу гэж их айсан л даа. Харин эгч маань үзчихээд могойн яр байна гэж хэлсэн. Тэгээд л могойн яр өвчний тухай судалж үзэхэд лус савдагтай холбоотой, биеийн дархлаа суларсанаас үүдэлтэй өвчин, уламжлалтын Манба Дацан эмнэлэг сайн эмчилдэг гэсэн байсан. Манба Дацан эмнэлэг дээр ирж үзүүлэхэд могойн яр өвчний эхлэл байна, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Манба Дацанд 10 хоног хэвтэж эмчлүүлээд, одоо ул мөргүй арилж, эдгэрсэн. Олон сайхан эмчилгээ хийлгэлээ. Үнэхээр сайн эмнэлэг байна.
-Ямар эмчилгээ хийлгэсэн бэ. Манба Дацан эмнэлгийн онцлог нь юу вэ?
-Манба Дацан эмнэлгийн онцлог нь тухайн хүний бие махбод, сэтгэлийг хамтад нь цогцоор нь эмчлээд эрүүлжүүлдэг юм байна. Могойн яр эмчлэх үү гээд ирсэн миний бүхий л өвчин зовиурт тохирсон эмчилгээг хийсэн. Миний үе мөч, цөс, ходоод өвддөг, толгой өвдөж, хөөрдөг, өтгөн хатдаг байсан. Энэ бүх өвчин зовиурыг дарах эмчилгээг хийснээр толгой өвдөхөө болилоо, өтгөн хатах зовлонгүй боллоо. Төөнүүр, бумба, рашаан эмчилгээ, шар тостой бариа, цагаан гаатай бариа гээд үнэхээр гайхалтай эмчилгээнүүдийг хийлгэсэн. Тан уусан. Тан, уламжлалт эм надад их таалагдсан. Энэ бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Манба Дацан эмнэлэг хажуудаа эмийн үйлдвэртэй, тэндээ монгол орныхоо хөрсөнд ургасан эмийн ургамлуудыг өөрсдөө түүж, үйлдвэрлэдэг нь үнэхээр бахархмаар санагдсан. Хийдийнхээ дээвэр дээр эмийн ургамлаа хатаасан байхыг хараад өөрийн эрхгүй итгэл үнэмшил төрдөг юм байна. Үнэхээр магтмаар эмнэлэг. Жинхэнэ Монголын уламжлалт анагаах ухаан энд л байна. Манба Дацан эмнэлэгт л жинхэнэ уламжлалт эмчилгээ, уламжлалт танг хэрэглэж, мэдрэх боломжтой юм байна. Тиймээс би ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө Манба Дацан эмнэлгийн тухай хэлсэн. Хүнд мөнгө бол олдоно, эрүүл мэнд олдохгүй шүү дээ. Тэр утгаараа эрүүл мэнддээ анхаарч, Манба Дацан шиг сайн эмнэлэгт л эрүүл мэндээ даатгах хэрэгтэй гэж бодогдлоо.
-Лусын гаралтай өвчин учраас гүрэм засал бас хийлгэсэн үү?
-Тиймээ, Манба Дацан эмнэлэг Манба Дацан хийдийнхээ хажууд байдаг. Манба Дацан хийдийн лам хуврагууд надад лусын ном уншиж өгч, лус аргадан, тусгай найрлагатай рашаанд оруулах эмчилгээг ч хийсэн. Миний засал номыг уншиж өгч, орой бүр зул өргүүлж, бие махбодыг маань эмчлэхээс гадна сэтгэл санааг сайхан заслаа. Бид гэртээ ч зул өргөж чадахгүй л яваа шүү дээ. Гэтэл эмнэлэгт хэвтээд ийм сайхан үйлчилгээг давхар авч байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Гаднаасаа эм тан уухаас гадна сэтгэл санаагаараа ариусна гэдэг өвчний эдгэрэлтэнд их нөлөөтэй байдаг юм байна. Би энэ эмнэлэгт хэвтээд 3, 4 хоноод л бие хөнгөрсөн. Орой бүр эмнэлгийн эмч сувилагч, дадлагын оюутнууд тарни ном уншиж, өвчтөнүүдээ даатган залбирдаг. Эм тангаа уухын өмнө Манла бурханы тарни уншдаг. Ийм сайхан цогц үйлчилгээтэй эмнэлгийг байгуулсан Хамба лам Д.Нацагдорж гуайд баярлаж талархаж байна. Тиймээс ч би эмнэлгээс гарахдаа Хамба лам Д.Нацагдорж гуайтай уулзаж талархлаа хэлсэн. Мөн эмчлэгч эмч Ч.Дэлгэрмаа болон Манба Дацан эмнэлэг, хийдийн хамт олонд маш их баярлалаа. Манба Дацан эмнэлгийн эмч нар чадварлаг сайхан залуучууд байна. Өвчнийг оношилж байгаа нь, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа нь үнэхээр чадварлаг, мундаг байна.
-Уламжлалт анагаах ухаанаар анх удаа эмчлүүлж байна уу?
-Анх удаа эмчлүүлж байна. Уламжлалт анагаах ухааны талаар сайн мэддэггүй байжээ. Монголд маань уламжлалтын ийм сайн эмнэлэг байгааг ч мэддэггүй байж. Энд хэвтэж байгаа хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй байдаг юм байна. Эмнэлэг, хийд, эмийн үйлдвэр, их сургууль гээд уламжлалт анагаах ухааныг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа газар байна. Манба Дацан эмнэлэг хажуудаа Оточ Манрамба Их сургуультай, тэндээ уламжлалтын эмч, сувилагчдыг бэлддэг юм байна. Эмнэлэгт дадлага хийж байгаа оюутнууд бас л чадварлаг байгааг хараад бахадлаа. Өглөө, оройн ээлжинд гарч байгаа оюутнууд шууд өвчтөнүүдтэйгээ харьцаад, эмчилгээг нь хийгээд, практик дээр суралцаад явж байгаа нь сайшаалтай байлаа. Оточ Манрамба Их сургууль Монголынхоо ард түмэнд үйлчлэх сайн эмч нарыг бэлдэж байгаа юм байна. Сайн эмч нарыг бэлдэж байж хүн ард эрүүлжинэ. Зан ааш сайтай, хүнд сэтгэлээсээ үйлчилж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа.
-Анх удаа уламжлалт эмчилгээ хийлгэсэн ч давуу талыг нь сайн мэдэрсэн бололтой?
-Үнэхээр давуу тал, онцлогтой анагаах ухаан юмаа. Би өмнө нь эмнэлэгт хэвтээд дусал хийлгэхээр наад зах нь хавагнаад, эмээ цагаар нь ууж чаддаггүй байсан. Гэтэл уламжлалт эмчилгээ хийлгэхээр хүн өөрийн эрхгүй биедээ анхаардаг болдог юм байна. Рашаан эмчилгээ, ба-риа, төөнүүр хийлгээд өөрийн эрхгүй бие амарч, ядаргаа тайлагдаж, сэтгэл санаа өөдрөг болоод ирэхээр одоо гам сайн бариад эрүүл болно гэж итгэлтэй болдог юм байна. Бумба тавиад массаж хийлгээд, шар тостой, цагаан гаатай тосон бариа хийлгэхэд ямар гоё гээч. Бас нэг давуу тал гэвэл ургамлын гаралтай тан. Бид дандаа химийн найрлагатай европ эм ууж байна. Гадны ургамлын гаралтай эм гэхээр хошуурцгаадаг мөртлөө эх орондоо үйлдвэрлэсэн жинхэнэ байгалийн гаралтай тан, уламжлалт эмийг хэрэглэж заншаагүй нь харамсалтай. Тиймээс би хүмүүсийг тан сайн хэрэглээрэй гэж хэлмээр байна.
-Танд баярлалаа, эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №10 (39)