Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа гол шүтээн нь эрүүл мэндийн Оточ Манла бурхан юм. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа билгийн тооллын 23-ны их хурал болох Лхоготой гүнрэг хурлын талаар товч танилцуулъя.
“Гүнрэг” гэдэг нь “Ялж төгс нөгчсөн муу заяаг судлагч бүхнийг ухаарагч Машид гэрэлтүүлэн зохиогчийн зан үйл” хэмээх нэрийг товчилсон үг юм. Энэхүү ном нь их хөлгөний Тарнийн аймгийн ай савд багтдаг. Бурхан багшийн амьтанд туслах олон гайхамшигт арга замыг боловсруулсны нэг нь энэ юм. Бурханы шашны сургаалыг ойлгож ухаарч төгс эзэмшихийн тулд бодгаль өөрөө номын утгыг судлан ухаарч оюунаа гэгээрүүлснээр орчлонгийн зовлонгоос аврагдах юм. Гэвч тийм бололцоо бүрдэж чадаагүй, эгэл амьдралыг туулсан нэгний хувьд насны эцэст буян нүглийн дэнсийг хэмжүүлэх цаг ирэх үед энэхүү Гүнрэг хэмээх номыг айлдуулан бясалгуулснаар талийгчийн буян нь нэн ихээр арвижиж, нүгэл хилэнц арилаад, тэнгэр хүмүүний сайн заяа, тэнгэр бурхадын оронд ч хүртэл төрөх боломж бүрддэг гэдэг. Тиймээс Гүнрэг хэмээх энэ ном нийтэд маш ихээр түгэн дэлгэрчээ. Хурах жаяг дэг, зорилгоосоо хамааран Гүнрэг буюу гүнрэгийн чого хэмээх хурал нь Вантай гүнрэг, Амьдын гүнрэг, Нөгчсөний буюу Лхоготой гүнрэг гэж ангилагддаг.
Амьдын гүнрэг гэдэг нь аливаа хүн амьд байгаа дээрээ нүглээ наминчилж, насаа уртасгая, дараа төрлөө ч сайжруулая гэсэн зорилгоор уншуулах бөгөөд ийм үед “Лхого” хэмээх бүлгийг уншдаггүй. Вантай гүнрэг гэдэг нь уншигч лам хуврага нар Бурханаас энэ номын увдисыг хүлээн авч буй утгатай ёслол нэмэгдэнэ. “Ван” гэж “эрх мэдэл” гэсэн утга бүхий төвөд үг бөгөөд Самгарди буюу Санскрит хэлээр “Авшиг” гэдэг. Үгчлэн орчуулбал “Илтээр эрх хүртээх” гэсэн үг болно. Харин “Лхоготой гүнрэг” гэдэг нь нэгэнт таалал төгссөн бодгальд ард үлдсэн төрөл төрөгсөд нь зориулан уншуулдаг бөгөөд үүнд “Лхого” гэдэг бүлгийг заавал уншдаг.
Дандарын дөрвөн аймгийн доторх “Иогачара тантра” буюу Бясалгалын тарнийн аймгаас хамааралтай энэ ном нь алив нэгэн бодгалийг там, бирд, адгуус зэрэг муу заяаны төрөлд төрүүлэхгүй, тэнгэр хүний сайн заяат төрөлд шууд татах хүчин чадалтай тул наснаас нөгчсөн нэгэнд уншуулдаг хурал юм.
“Лхого” гэдэг нь “Өмнө үүд” гэсэн төвөд үг юм. Наснаас нөгчсөн бодгалын буюу өөрөөр хэлбэл нас барагчийн сүнсийн санаа сэтгэлийг тайтгаруулан, амьд ахуйдаа эдэлж хэвшиж дадсан бүхий л зүйлийг нь “Лхого” хэмээх тусгай зай, тарни уншлагын дагуу өөрт нь хүртээн мэдрүүлж, сэтгэлийг нь бүрэн дүүргээд, энэ амьдралд хоргодон шунаж харамсах сэтгэлийг нь арилгаж, дээд бурханы орон ертөнц рүү хөөн явуулж буй гэж үздэг.
Сүсэгтэн өглөгийн эзэд тахиж буй бурханыхаа лагшин дүрийг мэддэг байх ёстой бөгөөд Гүнрэг бурханы лагшингийн өнгө цагаан, дөрвөн тэргүүнтэй, хоёр мутартай дияаны чагжатайн дээр найман хэрээст хорол эрдэнэ барьж, зүйл зүйлийн чимэг зүүсгэлээр чимэглэгдсэн, лагшингийн дээд, доод хэсэгт хив торгоор баринтаг хувцас эрхшээсэн байдаг. Гүнрэг бурханыг шүтэж, хуралд даган баяссаны ачаар нас нөгчигчийн амьд байх үеэс, нас нөгчсөн, нас нөгчөөд зуурдын төрөлд оршсон, нас нөгчөөд хаа оршин буй тэр хүртэл, бие авах, орчлонгоос оюун санаагаар гэтлэх, зуурдаас гэтлэхэд саад болж буй зэтгэрийг арилгана. Мөн хуралд нас нөгчигсдийн хувийг барьж, түүний ойр оршин хууран хорлодог ягчис, үнэр идэшт, бүдхи нарт дээрх тахилыг өргөн цэнгүүлэн баясгаад, нас нөгчигсдийг хорлох сэтгэл, муу сэтгэлийг тэвчүүлдэг учиртай билээ.
Ийнхүү билгийн тооллын 23-ны Лхоготой гүнрэг хурал номонд даган баясах буюу хуруулах аваас нас нөгчигсдийг дараагийн өндөр дээд төрөлд хөтлөн, зуурд, адгуус, бэрд, там тэргүүтний аймшигт зовлонгоос аврах нь дамжиггүй билээ.
Манба Дацан хийдийн хурлын лам Б.Сүхбат
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан