Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай.
-Цус багадалтын үед уламжлалтын зүгээс ямар арга хэмжээ авч, ямар эмчилгээ хийж болох вэ?
-Цус багадалт галын илчтэй их холбоотой. Цусыг төлжүүлэх гурван гол зүйл байдаг. Энэ нь хонины мах, тэр дундаа хонины ястай махтай шөл, үхрийн сүү, анар жимсний шүүс юм. Ходоодны галын илчийг сайжруулах хоол унд идэж, анар жимсний шүүс сайн хэрэглээрэй. Мөн Данмамайжүг гээд талхан эм байдаг. Үүнийг өдөртөө 1-2 тунгаар уух хэрэгтэй. Цусыг төлжүүлэхийн тулд цусны эргэлтийг сайжруулж, зөв зохистой хөдөлгөөн хийж хэвшвэл сайн. Цус багадсанаас хий хямардаг тул бүх биеийн тосон массажийг долоо хоногтоо нэг удаа хийлгэж, хийн цэгүүдийг төөнөвөл сайн нөлөөтэй.
-Цээж байнга гашуу оргих юмаа. Юунаас болж цээж гашуу оргидог юм бол?
-Цээж байнга гашуу оргино гэдэг ходоод, цөс зэрэг хоол боловсруулах эрхтэн системд ямар нэгэн эмгэгтэй байна гэсэн үг. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ходоодны өвчин маш удаан хугацаанд эмчлэгддэг учраас өвчнөө хөнгөн үед нь оношлуулж, эмчлүүлэх нь чухал гэдгийг анхаараарай.
-Миний найз гэр бүлийнхнийгээ алдаад сэтгэл санааны маш хүнд гутралд орсон. Энэ нь биед нь ч нөлөөлж байх шиг байна. Уламжлалт анагаах ухаанд сэтгэл заслын эмчилгээ бий юу?
-Уламжлалт анагаах ухаан өвчний эх нь сэтгэлтэй холбоотой гэж үздэг учраас сэтгэл заслын эмчилгээг хийдэг. Аливаа өвчнийг сэтгэлтэй нь холбож эмчилдэг учраас үр дүн сайтай байдаг. Манай Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байсан хүмүүсээс харахад эхнэр нөхөр, үр хүүхдээ алдсан хүмүүс маш их сэтгэлийн гутралд ордог. Тэрхүү сэтгэлийн гутрал нь хэдэн жилээр үргэлжилж, бие махбодид нь ч маш сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ийм нөхцөл байдалд орсон хүмүүс юун түрүүнд орчлонгийн мөнх бус, үхлийн талаар сайтар ойлгож, үхэл ойр орчныхонд төдийгүй өөрт нь ирэх гарцаагүй жам ёсны зүйл гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хүн үхээд төрлөөс төрөлд дамждаг тул ойр дотны хүмүүсийнхээ дараа төрлийнх нь сайн сайхны төлөө ерөөл өргөж, маани уншиж, дараа төрлийнх нь сайн сайхны төлөө залбирах нь зөв.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №08 (37)