“Ультрасоник” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Манба Дацан эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг бөгөөд уламжлалт анагаах ухаан, эрүүл зөв амьдралын хэвшлийг эрхэмлэдэг нэгэн юм.
-Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг гэсэн. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов?
-Дорно дахины анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг явуулдаг хамгийн сайн эмнэлэг бол Манба Дацан эмнэлэг. Би энэ эмнэлгийг байгуулагдсан цагаас нь мэднэ. Эмчилгээ үйлчилгээ сайтай учраас би Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг. Тэр дундаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ эмнэлэгтэй байнга холбоотой байж, уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн дэглэмд суралцаж явна. Уламжлалт анагаах ухаан бол манай Монгол оронд эртнээс дэлгэрсэн анагаах ухаан. Бидний өвөг дээдэс энэ анагаах ухааны эм, эмчилгээг хэрэглэж, эрүүл амьдарсаар ирсэн шүү дээ. Тиймээс хүн бүр уламжлалт анагаах ухааны талаар мэдлэгтэй байгаасай, өвдсөн хойно нь биш, өвдөхөөсөө өмнө урьчилан сэргийлдэг байгаасай гэж би боддог. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг. Манба Дацан эмнэлгийнхэн ард иргэдэд энэ талаарх мэдлэг мэдээллийг өгөхөөр ажиллаж байгаад нь би талархдаг.
-Та уламжлалт эм, эмчилгээг хэрэглэдэг, уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн дэглэмд суралцаж байгаа хүний хувьд уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлогийн талаар юу хэлэх вэ?
-Хүний биед хий, шар, бадган оршин байдаг. Энэ нь тэнцвэртэй байх ёстой юм билээ. Энэ тэнцвэрт байдал нь алдагдаад, хий аривдаад ирэхээр хүний биед эмгэг илэрдэг юм байна. Манай Монгол орон эх газрын хуурай бүс, өндөрлөг газарт байрладаг, жилийн дөрвөн улиралтай онцлог цаг агаартай улс. Хавар, зун, намар, өвөл гээд улирлаас шалтгаалаад бидний бие организмд өөрчлөлт гардаг. Тиймээс улиралдаа тохируулан хооллох, хувцаслах, явдал суудлаа зохицуулах шаардлагатай. Уламжлалт анагаах ухаанд улиралдаа зохицуулан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг эмчилгээ ч бий. Би эдгээр эмчилгээг улирал бүрт хийлгэдэг. Тухайлбал, хавар бөөлжүүлэг, зун зөөлөн шимт, намар туулга эмчилгээг хийлгэдэг. Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ, арга хэрэгсэл үнэхээр гайхалтай. Энэ бол уламжлалт анагаах ухааны хамгийн том онцлог гэж хэлж болно.
-Энэ удаад та ямар эмчилгээ хийлгэв?
-Миний хувьд хий ядаргаа ихтэй байсан тул хэвтэж эмчлүүлээд ясны шөл, рашаанд орлоо. Рашаанд ороод гарч ирэхээр арвайтай шар тосоор барьж байна. Жинхэнэ эртний уламжлалт эмчилгээнүүдийг Манба Дацан эмнэлэгт хийдэг. Шар эсгий төөнүүр, утаат төөнүүр гэх мэт олон төрлийн төөнүүр эмчилгээ үнэхээр гайхалтай. Өнөөдөр Европт ч гэсэн уламжлалт анагаах ухааныг биширч байна. Яагаад гэвэл хорыг хороор биш, хорыг хоргүйжүүлэх байгалийн гаралтай эм, эмчилгээг хүмүүс шүтэх болсон. Манба Дацан эмнэлэг энэ бүгдийг цогцлоосон нь үнэхээр талархууштай. Энэ хамт олны буяны үйл, Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн хийсэн бүтээсэн зүйлийг хараад бахархахгүй байхын аргагүй. Энэ хүний мэдлэг чадварыг Монголчууд төдийгүй дэлхийн ард түмэн үнэлж, гайхан биширч байна. Би Манба Дацан эмнэлэгт гадаадын олон улс орноос хүмүүс ирж эмчлүүлж байгаатай таарсан. Энэ удаад Орос, Францаас ирж эмчлүүлж байгаа хүмүүстэй уулзлаа. Тэд Монголын уламж-лалт эм, эмчилгээний үр дүн өндөр байгааг хэлж байсан.
-Та урьдчилан сэргийлэх уламжлалт эмчилгээг хийлгэдэг гэсэн. Үүнээс гадна ямар аргаар биеэ тэтгэдэг вэ?
-Улс үндэстэн болгон өөр өөрийн амьдралын хэв маяг, цаг ууртай тохируулан идээ унд, явдал мөрөө зохицуулж ирсэн. Европийн орнуудад аялахдаа кофе уугаад бургер идээд явдаг бол Азийн оронд очоод халуун шөл голчлон иддэг. Эсвэл зарим улс оронд далайн гаралтай хоол голчлон иддэг гээд улс үндэстний хоол, хооллох ёс өөр байдаг. Монголчууд бидний хувьд намар нь жимс ногоогоо идчихнэ, өвөл нь үүцээ бэлдээд уураг тэжээлээ авчихна, хавар нь махныхаа шимийг алдахгүйгээр хатааж хэрэглэдэг. Зуны дэлгэр цагт малын дэлэн дэлэгнээд эхлэхээр сүү сааль, цагаан идээгээ иддэг гээд эртнээс хэрэглэж заншсан, бидний биемахбодид зохицсон хоол ундаа хэрэглэж байвал бараг өвдөхгүй гэж боддог. Би энэ журмаар л хооллодог доо.
-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу?
-Манба Дацан эмнэлгийг байгуулагдсан цагаас нь хойш мэдэхийн хувьд энэ хамт олонд талархаж явдаг. Уламжлалт анагаах ухааны аюулгүй, чанартай, хүртээмжтэй эмчилгээ үйлчилгээг орчин үеийн чанар стандартын дагуу үзүүлэхээр бүх талаараа хөгжиж байгаа эмнэлэг. 20 гаран жил үйл ажиллагаа явуулахдаа эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг бууруулж байгаагүй, харин ч улам бүр сайжруулан, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулдаг. Тиймээс Манба Дацан эмнэлгийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №08 (37)