БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?

Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд эцгийн цагаан дусал /үрийн шингэн/, эхийн улаан дусал /сарын тэмдэг/, намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ гурав урьдын үйлийн эрхээр нэгэн агшинд учирч дусал, цус, намш тус бүрийн таван махбод нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж нэгдсэнээр хүний бие бүтнэ. Намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ нь эхийн хэвлийд орсон агшинаас эхлэн илч, амьсгал, хөдөлгөөн үүсч амь орж эхэлдэг бөгөөд 4 дэх долоо хоногт хүйс тогтдог. Энэ үед усан судас буюу мэдрэлийн жанма судас, цусан судас буюу рома судас, хийн судас буюу ум судас гэсэн үндсэн 3 судас үүсдэг. Ум, Рома, Жанма судас зүрхэнд хурж Амин хий тэргүүтэй хийнүүдтэй нийлж сэтгэл гүйснээр зүрх лугшдаг. Түүнээс салаалсан судаснууд нь биеийн эд эрхтнүүдэд салаалан хий, шар, бадган, долоон тамир, хирнүүдийн үйл ажиллагааг амьдралын туршид зогсолтгүй ханган гүйцэтгэж байдаг. Эхийн хэвлийд бүрэлдэж тогт-сон ургийн биед эхлээд амь баригч хий тэргүүтэй таван язгуур хий тогтож дараа нь гишүү таван хий тогтдог. Энэ үеэс бодисын солилцоо явагдаж эхэлнэ. Ургийн бие өсөж томроход хийн үйлдэл маш чухал үүрэгтэй. 38 долоо хоногийн турш амь баригч тэргүүтэй хийн үйлдлээр ур-гийн эд эрхтэн өсөж төлждөг бөгөөд мөн хийн үйлдлээр төрөлт явагддаг. Иймээс хий нь амьдралын туршид бидний бие, хэл, сэтгэлийн үйл хувирлыг зохицуулдаг, амийг тэтгэдэг гол хүч юм. Сэтгэлийн үйл хөд-лөл нь зүрхэнд орших долоон тамирын эцсийн шим болох охь тунгалгаар тэтгэгддэг. Энэхүү эцсийн тунгалаг охь шим нь бидний идсэн хоол унднаас тунгалаг цөвийн боловсролтын үр дүнд үүсч амь насыг баттай байлгаж, цог золбоо, өнгө зүс, тамир хүчийг үүсгэдэг юм.
УАУ-д эрүүл биеийн зүй тогт-лыг гурван гэм буюу хий, шар, бадган, биеийн долоон тамир буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал, биеийн гурван хир буюу өтгөн /баас/, шингэн /шээс/, хөлс /биеэс ялгардаг биологийн шингэн/ эдгээр бүгдийн тэнцвэрт байдал ба харилцан нэг нэгнээ түшиглэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах процессыг авч үздэг.
Хий, шар, бадганы үйлдлээр бидний бие хэрхэн оршин тогтдог тухай сонирхуулвал: Амьсгал авах, гаргах, бие, хэл, сэтгэлийн бүхий л үйлийг үйлдэх, баас, шээс, нус, цэр зэргийг биеэс гадагшлуулж гаргах, биеийн долоон тамирын боловсролтыг хэвийн явуулах, нүд, чих, хамар, хэл, хүрэлцэхүй зэрэг 5 эрхтэний үйл ажиллагааг тодруулах үйлдлүүд нь хийн үйлээр зохицуулагддаг. Амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч гэсэн ялгавартай таван хий байдаг. Эдгээр нь тус бүрдээ өөрсдийн гэсэн үйлийг үйлддэг. Шарын үйлдэл нь галын илчийг үүсгэж, өлсөж цангах мэдрэмжийг үүсгэнэ, хоолны дуршлыг үүсгэнэ, идээ ундааг түргэн шингээнэ, биеийн илч, өнгө зүсийг тодруулна, зүрх зоригтой болгоно, оюун ухааныг хурц болгоно. Шингээгч, өнгө урвуулагч, бүтээгч, үзүүлэгч, өнгө тодруулагч гэсэн ялгавартай таван шар байдаг. Харин бадганы үйлдэл нь бие болон ухааныг батжуулна, нойрыг үүсгэнэ, яс үесийг барилдуулна, өвчин болон зовлонг тэсвэрлэх тэвчээрийг үүсгэнэ, биеийг зөөлрүүлж, тослогжуулдаг. Шүтүүлэгч, ялзлагч, амсуулагч, цэнгүүлэгч, барилдуулагч гэсэн ялгавартай таван бадган байдаг. Өвчинг үүсгэх нөхцөл буюу идээ унд, явдал мөр, цаг улирал, ад зэрэг хүчин зүйлээс хамааран хий, шар, бадганы тэнцвэрт байдал алдагдаж аль нэг нь ихэсч багасч, хямарснаар бие махбодид төрөл бүрийн өвчин үүсдэг. Бие махбодийн тэнцвэрт байдал /хий, шар, бадган/ алдагдсанаас хүний биеийн бодисын солилцоо алдагдаж өтгөн хатах, гүйлгэх, хоолны дуршил буурах, ихсэх, таргалах, турах, ходоод гэдэсний хямрал зэрэг олон төрлийн өвчин үүсч, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны систем хямралд ордог.
Хүн эрүүл байх гол суурь бол ходоодны галын илч буюу хоол шингээх хүч юм. Ходоодны галын илч гэдэг нь ялзлагч бадган, шингээгч шар, гал тэгшитгэгч хий гурвын нэгдмэл үйлдэл юм. Бидний өдөр тутам идсэн уусан зүйл ходоодонд орж ашигтай ашиггүй 2 хэсэг болж ангилагдан цааш нарийн боловсордог. Үүнд галын илч болон хий, шар, бадганы үйлдэл гол үүрэгтэй. Хүний өдөр тутам идсэн хоол унд амны хөндийгөөр дамжин зажлагдан жижиглэгдэж амь баригч хийн үйлдлээр залгигдан ходоодонд ордог. Ходоодонд ороод ялзлагч бадганы үйлдлээр ялзлагдан бутарч, шингээгч шарын үйлдлээр задарч хайлаад гал тэгшитгэгч хийн үйлдлээр тунгалаг /хоол тэжээлийн шимт бодис/ цөв /хоол тэжээлээс ялгаж авсан илүүдэл бодис/ гэсэн 2 хэсэгт шимэгдэж цааш биеийн долоон тамирыг нарийвчлан үүсгэдэг.

Тунгалаг боловсрох үйл явц

Идсэн идээ унднаас шингээлтийн гурван хүчээр боловсрогдон гарсан хоол ундны шимт хэсэг болох тунгалаг нь ходоодноос элэг рүү дамжин орж элгэнд төлжилт явагдана. Мөн элгэнд шимэгдсэн тунгалгаас дахин тунгалаг цөвийг боловсруулан тунгалаг нь цусанд очиж цусыг төлжүүлж, цөв нь ходоодны ялзлагч бадганыг үүсгэнэ. Цусанд дахин тунгалаг цөвийн боловсролт явагдаж цусны тунгалаг нь мах болж махыг төлжүүлнэ, цөв нь цөс болж ялгарна. Маханд дахин тунгалаг цөвийн боловсролт явагдаж махны тунгалаг нь өөх болж өөхийг төлжүүлнэ, цөв нь нүд чих тэргүүтэй биеийн 9 сүвээр ялгаран гарна / нус, цэр, хулхи, нуух, баас, шээс гэх мэт/ Өөхөнд дахин тунгалаг цөвийн боловсролт явагдаж өөхний тунгалаг нь яс болж ясыг шимжүүлнэ, цөв нь биеэс тос, хөлс болж ялгарч гадагшилна.
Ясанд дахин тунгалаг цөвийн боловсролт явагдаж ясны тунгалаг нь чөмөг болж чөмгийг төлжүүлнэ, цөв нь үс, хумс болж үс хумсны ургалтыг явуулна. Чөмгөнд дахин тунгалаг цөвийн боловсролт явагдаж чөмөгний тунгалаг нь дусал болж шимийн тунгалгийг шимжүүлж улаан, цагаан дусал болгон хувиргах бол цөв нь арьс болон өтгөнийг тослогжуулан биеэс гадагшилдаг.
Дуслын тунгалаг нь идээ ундны эцсийн тунгалаг буюу дээд охь тунгалаг болж зүрхэнд оршиж бүх биеэр түгдэг. Энэ нь насыг батжуулж, биеийг тэтгэн өнгө зүсийг сайжруулж цог жавхланг үүсгэдэг.
Идээ унд ходоодонд орж галын илчээр боловсрогдон тунгалгаас дусал болох хүртэл дунджаар 6 хоног болдог. Идсэн өдрөө идээний тунгалаг нь цус болно, 2 дахь хоногт цуснаас мах руу, 3 дахь хоногт махнаас өөх рүү, 4 дэхь хоногт өөхнөөс яс руу, 5 дахь хоногт яснаас чөмөг рүү, 6 дахь хоногт чөмөгнөөс дусал болон хувирдаг.

Цөв боловсрох үйл явц

Идсэн хоол унднаас шингээлтийн гурван хүчээр боловсрогдон ялгарсан хоол тэжээлийн илүүдэл шимгүй хэсэг нь хуваагдан нарийн бүдүүн гэдсээр дамжин ялгарсан бүхэл зүйл нь баас болж гадагшилна, шингэн хэсэг нь бөөр давсгаар дамжин шээс болж гадагшилж, үлдсэн хэсэг нь шар үсний нүх сүвээр хөлс болон биеэс гадагшилдаг.
Өвчингүй эрүүл оршин тогтнох үндэс бол хий, шар, бадганы тэнцвэрт байдал болон долоон тамир, гурван хирийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Өвчнийг үүсгэх нөхцөл тоолшгүй олон боловч ерөнхийд нь идээ унд, явдал мөр, цаг улирал, ад гэсэн дөрвөн зүйлд багтаадаг. Тэгэхээр бидний сэтгэлийн буруу хандлага, буруу үйл хөдлөлөөс шалтгаалан хий, шар, бадганы бэлгэ чанар хямарч, бие махбодын тамир болох идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал, цөв болох баас, шээс, хөлс зэрэгт өөрчлөлт орж, бие махбодийг хямраан өвчин үүсэх шалтгаан болдог. Иймд цаг улиралдаа зохицуулан хоол унд, явдал мөрөө тохируулж, ходоодны галын илчээ үргэлж тэтгэж байвал бодисын солилцооны хямралаас шалтгаалсан олон төрлийн өвчин тусахгүй байх бүрэн боломжтой.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №08 (37)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *